Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2016/01138

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б-д холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 12,234,778 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Насантогтох, Б.Батжаргал, хариуцагчийн төлөөлөгч С.Жавхлан,  өмгөөлөгч Б.Нандинчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч А ББСБ ХХК болон түүний төлөөлөгч Л.Насантогтох, Б.Батжаргал нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б-тэй 2015 оны 09 сарын 11-ний өдөр ЗГ-2015174 тоот зээлийн гэрээ, БГ-2015174 фидуцийн гэрээ байгуулан ** улсын бүртгэлийн дугаартай, GWS1915004444 тоот арлын дугаартай мөнгөлөг өнгөтэй, 2006 онд үйлдвэрлэгдсэн Lexus GS450H маркийн автомашиныг барьцаалан 10,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Авто машин мөргөлдүүлсний улмаас 2015 оны 12 сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл засуулах зорилгоор НГ-2015031 гэрээ байгуулан нэмэлтээр 5,100,000 төгрөгийн зээл авсан.
Зээлдэгч Н.Б- зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн төлбөр огт хийгээгүй тул 2016 оны 07 сарын 22-ны өдөр барьцаанд тавьсан машиныг 13,000,000 төгрөгөөр худалдаж, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1,397,760 төгрөг, үндсэн хүү 7,987,680 төгрөг, үндсэн зээл 4,514,560 төгрөг төлсөн. Н.Б-тэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 09 сарын 11-ний өдөр дууссан. Фидуцийн гэрэээд зааснаар ** улсын бүртгэлийн дугаартай автомашиныг үүрэг хүлээгч Н.Б- эзэмшиж байх хугацаандаа осол гаргаж даатгалаас нөхөн төлбөр  авсан байтлаа дутуу засуулсан гэрэл, гуфер зэрэг эд анги худалдан авч тавьсан үнийг ч төлөөгүй. Иймд Н.Б-ий байгуулсан ЗГ-2015174 тоот зээлийн гэрээний биелүүлээгүй үүргийг хангуулж нэмэгдүүлсэн хүү 191,556 төгрөг, хуримтлагдсан хүү 957,782 төгрөг, зээлийн үлдэгдэл 11,085,440 төгрөг нийт 12,234,778 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Б- шүүхэд гаргасан тайлбартаа болон төлөөлөгч С.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ББСБ ХХК-тай 2015 оны 09 сарын 11-ний өдөр ЗГ-2015174 тоот зээлийн гэрээ байгуулан 10,500,000 төгрөг зээлсэн. Тухайн үед зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор  ** улсын бүртгэлийн дугаартай LEXUS GS450H маркийн автомашинаа БГ-2015174 тоот фидуцийн гэрээгээр А ЕБСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Фидуцийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг тус хөрөнгөөр хангахаар тохиролцсон. Тодорхой шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийг хийх боломжгүй байсан тул 2016 оны 02 сард ** улсын бүртгэлийн дугаартай LEXUS GS450H маркийн автомашинаа А ББСБ ХХК-д хүлээлгэн өгч үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болгосон. А ББСБ ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусгавар болсоор байтал 2016 оны 09 сарын 14-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хүүг тооцож, нэмэгдүүлсэн хүүгийн хамтаар нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 135, 236 дугаар зүйл, талуудын хооронд байгуулагдсан ЗГ-2015174 тоот Зээлийн гэрээ, ЗГ-2015174 тоот фидуцийн гэрээгээ ноцтой зөрчсөн. Иргэний хуулийн 235.4.Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно”, Иргэний хуулийн 236.1.2. “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно”, БГ-2015174 тоот фидуцийн гэрээний 5.1 “ББСБ нь хөрөнгийн өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, биет байдлаар шилжүүлэн авч худалдан борлуулан, зээлийн гэрээний үүргийг хангуулна” зэрэг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна. А ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээний үүргийн гэрээ дуусгавар болсон. Гэрээний дагуу шилжүүлэн авсан автомашиныг өөрсдийн санаачлагаар зах зээлийн үнээс доогуур худалдан борлуулсан. Талууд LEXUS GS450H маркийн автомашиныг тохиролцсоны үндсэн дээр 20,000,000 төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл тус үнэлгээнд дүйхүйц үүргийг гүйцэтгэлийг хангуулах боломжтой тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 
ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Н.Б-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 12,234,778 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Н.Б- зээлийн гэрээ дуусгавар болсон гэж маргажээ.

Талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар А ББСБ ХХК-нь зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг түүний хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож 2015 оны 09 сарын 11-ний өдөр 10,500,000 төгрөгийг, 2015 оны 12 сарын 18-ны өдөр 5,100,000 төгрөгийн нэмэлт зээлийг 12 сарын хугацаатай, сарын 4,8 хувийн хүүтэй, БГ-2015174 дугаартай фидуцийн гэрээ байгуулан ** улсын бүртгэлийн дугаартай, GWS1915004444 тоот арлын дугаартай мөнгөлөг өнгөтэй, 2006 онд үйлдвэрлэгдсэн Lexus GS450H маркийн автомашиныг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, мөнгө хүлээлгэж өгсөн баримт зэргээр тогтоогдож байна.
    
Зээлдэгч зээлийн гэрээний 2.2-д заасны дагуу зээлийг хугацаа, график, хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй байх ба зээлийн төлбөр огт хийгээгүй талаар маргахгүй байна.

Зээлдэгч 2015 оны 09 сарын 11-ний өдөр зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 10,500,000  төгрөг, 2015 оны 09 сарын 11-ний өдрөөс 2016 оны 12 сарын 18-ны өдөр хүртэлх 3 сар 07 хоногийн зээлийн хүүгийн төлбөрт 1,629,600 төгрөгийг, 2015 оны 12 сарын 18-ны өдөр 5,100,000 төгрөгийн  нэмэлт зээл, 2015 оны 12 сарын 18-ны өдрөөс 2016 оны 02 сарын 03-ны өдөр хүртэлх 1 сар 15 хоногийн зээлийн хүүгийн төлбөрт 1,123,200 төгрөг, нийт үндсэн зээл 15,600,000 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 2,752,800 төгрөг бүгд 18,352,800 төгрөгийг  төлөх үүрэгтэй байжээ.  

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч Н.Б- нар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болох Lexus GS450H маркийн автомашиныг 2016 оны 02 сарын 03-ны өдөр бодитойгоор хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар маргахгүй /хх-ийн17 талд/ байна.  

Иймд Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 12,234,778 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.   

Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.2-т “Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтанд байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана” гэж тохиролсон байх ба үүрэг гүйцэтгэгч Н.Б-ий эзэмшилд байх хугацаанд буюу 2015 оны 09 сарын 30-ны өдөр осол гаргаж автомашинд хохирол учруулсны улмаас зээлдүүлэгч сэлбэг худалдан авсан болон даатгалын нөхөн төлбөртэй холбоотой хохирлоо жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1., 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг баримтлан хариуцагч Н.Б-ээс 12,234,778 төгрөг гаргуулах тухай А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,710 төгрөгийг Улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

3.Нэхэмжлэгч А ББСБ ХХК-нь автомашинд сэлбэг худалдан авсан болон даатгалын нөхөн төлбөртэй холбоотой хохирлоо жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.НАРАНГЭРЭЛ