Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0185

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Б.Пүрэвжаввын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгч Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, В.Э нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 788 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.П-ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 788 дугаар шийдвэрээр: Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 6 дахь хэсэг, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өргөдөлд татгалзсан хариу өгсөн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Шүүхээс Б.П-ыг Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.1, 3.2, 3.3-т заалтыг тус тус үндэслэн шийдвэр гаргажээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж хуульчилсан.

Хэдийгээр Б.П-ыг Прокурорын байгууллагад 25 жил ажилласан нөхцөлөөр Прокурорын тухай хуулийн дагаа тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэж үзэж байгаа боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тухайн иргэн нь тэтгэвэрт гарах насны хязгаарт хүрээгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иас доошгүй жил тэтгэврийн даатгалын шитгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, бөгөөд 4.3, 4.3.1, 4.3.2, 4.3.3, 4.4, 4.5, 4.6, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан заалтуудыг хангасан даатгуулагчдад тэтгэвэр тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг 6 дахь хэсгийг тус тус үндэслэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл иргэн Б.П нь нийт 35 жил ажиллах хугацаандаа газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөл, мэргэжлийн урлагын байгууллага, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын алба болон малчнаар тус тус ажиллаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоон олгох үндэслэлгүй.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу иргэн Б.П нь 60 нас хүрсэн, өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлтэй юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Б.П нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өргөдөлд татгалзсан хариу өгсөн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.П нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурорын 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/213 дугаар тушаалаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророор, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурорын 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/312 дугаар тушаалаар Эрдэнэт хотын Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт эрхэлсэн туслах прокуророор, Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2001 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 51 дүгээр тушаалаар Ховд аймгийн прокуророор, Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 327 дугаар тушаалаар Багануур дүүргийн прокуророор, Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/383 дугаар тушаалаар Нийслэлийн Прокурорын газрын Өргөдөл, гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн даргаар, Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/100 дугаар Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн хяналтын прокуророор тус тус ажиллаж, нэхэмжлэгчээс Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/282 тоот тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын шадар зөвлөхийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна. 

Хариуцагчаас “...Б.П нь улсад нийт 35 жил ажиллах хугацаандаа газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөл, мэргэжлийн урлагын байгууллага, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын алба болон малчнаар тус тус ажиллаж байгаагүй тул нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоох үндэслэлгүй, 60 нас хүрч, өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлтэй...” гэж давж заалдах гомдлыг гаргаж маргаж байна.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын шадар зөвлөх ажилтай байсан Б.П нь Төрийн албан тухай хуульд зааснаар төрийн тусгай албан хаагчийн үүргийг гүйцэтгэж байжээ. Үүнээс үзвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж тус тус хуульчилсан байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, эрэгтэй даатгуулагч 60 нас хүрсэн бол шууд тэтгэвэрт гаргахаар хуульчилсан биш, харин өөрөө хүссэн тохиолдолд дээрх насанд хүрсэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх олгосон зохицуулалт гэж үзнэ. 

Өөрөөр хэлбэл, Прокурорын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтуудад тэтгэврийн /эрэгтэй/ насыг 55, 60 гэж зөрүүтэй заасан ч эдгээр нь хуулийн шаардлагаар /25 жил ажилласан прокурор/ тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй нас бөгөөд харин 58 нас хүрсэн даатгуулагч Б.Пүрэвжав өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нь нээлттэй байна. Тиймээс дээрхийг хуулийн шаардлага хангаснаар тэтгэвэр авах насанд хүрмэгц гэж тайлбарлан хэрэглэх учир энэ талаарх гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Нөгөөтэйгүүр Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино” гэж, 60 дугаар зүйлд зүйлд “Прокурор”-ын нийгмийн баталгааг тодорхойлж, 60.3-д “...55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж прокурорын нийгмийн хамгааллын асуудлыг тухайлан зохицуулсан бөгөөд анхан шатны шүүхийн “...хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн нас нь Прокурорын тухай хуульд зааснаас өөрөөр буюу хуулийн эдгээр зохицуулалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Прокурорын тухай хуулийг хэрэглэхээр байна...” гэх дүгнэлт үндэслэлтэй тул хариуцагчийн “...шүүх хуулийг буруу хэрэглэсэн...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өргөдөлд татгалзсан хариу өгсөн үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН