Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 130

 

“Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/06332 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК,

Хариуцагч “Ану сервис” ХХК-д холбогдох,

 

2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 449 182.12 ам.доллар гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Инжиннашийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган, Г.Чинбат, А.Эрдэнэцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган, Г.Чинбат, А.Эрдэнэцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Ану сервис” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус банктай 08/135 тоот зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ, мөн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот барьцааны гэрээ, 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ тус тус байгуулж, 475 000 ам.долларын төслийн зээлийг, жилийн 7.71 хувь /6 сар тутам хувьсах/-ийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан.

Зээлийг халаалтын зуух шинэчлэх хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд “Мфикс капитал” ХХК-ийн өмч болох Ү-2206014160, Ү-2206044286, Ү-2206014285, Ү-2206014159 дугааруудтай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 1,2,3,4 тоот орон сууц буюу үл хөдлөх хөрөнгө, “Ану сервис” ХХК-ийн өмч, зээлээр санхүүжүүлэн авах карборобот халаалтын зуух 7ш, насосны иж бүрдэл 3ш, цэвэр усны насос 3ш, яндан 7ш, усны сав 6ш, тэлэлтийн сав /180л/ 7ш, тэлэлтийн сав /500 л/ 3ш, генератор 3ш, зуухны холболтын материал, цахилгааны холболтын материал, бусад дагалдах хэрэгсэл, борлуулалтын орлогын хамт тус тус барьцаалсан бөгөөд зохих журмын дагуу гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно.

Гэтэл зээлдэгч “Ану сервис” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй, зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч “Ану сервис” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж, албан шаардлагыг бичгээр хүргүүлж байсан ч зохих үр дүнд хүрэхгүй байна. Иймд зээлдэгч “Ану сервис” ХХК-тай байгуулсан 08/135 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 379 166.72 ам.доллар, зээлийн хүү 55 278.44 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 864.48 ам.доллар, нийт 437 309.64 ам.доллар буюу 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны албан ханшаар 895 575 158.00 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 449 182.12 ам.доллар буюу 920 824 824.81 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Тус банкны зүгээс хариуцагч “Ану сервис” ХХК-иас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө зээл олгосон валютаар буюу ам.доллараар нэхэмжилж байгаа бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 379 166.72 ам.доллар, хүү 65 868.07 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4 147.33 ам.доллар, нийт 449 182.12 ам.долларыг нэхэмжилж байна. “Капитрон банк” ХХК нь нэхэмжлэлдээ ам.долларыг төгрөгт тооцож шилжүүлсэн нь зөвхөн улсын тэмдэгтийн хураамж төлөхтэй холбоотой байсан болно. Иймд “Ану сервис” ХХК-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 449 182.12 ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч болох “Ану сервис” ХХК-ийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь дор дурдсан байдлаар үндэслэлгүй, хууль бус шаардлага байх тул тэдгээр шаардлагуудыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

 Хариуцагчийн зүгээс 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх гэсэн заалт нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэсэн нь байдлаар үндэслэлгүй. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт “...хуульд өөрөөр заагаагүй бол....” хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж болох талаар хуулиар тусгайлан зохицуулсан байдгийг хариуцагч этгээд анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцаалагч нь өөрийн шаардлагадаа тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шууд авахыг зовшөөрсөн агуулгатай зүйл, заалт алга байна гэж тайлбарласан байна. Гэтэл Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдврийн үндсэн дээр авч болох бөгөөд ...” гэж зааснаар банк гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, зөрчил гаргасан зээлдэгчийн барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авахыг зөвшөөрсөн байдаг.

Ийнхүү шилжүүлэн авснаар банк хөрөнгийг өмчлөх бусад хөрөнгөд бүртгэж авдаг бөгөөд энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн яамны сайдын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн A3 5/20 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Банкны нягтлан бодох бүртгэлийн зааврын 4.5.6 буюу тодорхойлолт хэсэгт өмчлөх бусад хөрөнгө гэж зээл, хүүгийн төлбөрийн тооцоогоор бусдаас авсан санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгийг ойлгоно. Үүнд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө багтахаас гадна үнэт цаас гэх мэт санхүүгийн хөрөнгө мөн багтана. Өмчлөх бусад хөрөнгөд худалдан борлуулах зориулалттай, банкны үйл ажиллагаанд ашиглагдахгүй хөрөнгө багтана гэж зааснаар зөвшөөрөгдсөн байдаг тул барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан банкны үйлдэл хуульд нийцсэн юм.

Мөн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4-т гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх гэж заасан нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсгийн агуулга бүхий зүйл заалт бус юм. Өөрөөр хэлбэл энэхүү заалтаар зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэх үүрэг үүсэж байгаа буюу нөгөө талаас банкны шаардах эрх үүсэж байгаа болохоос бус тухайн хөрөнгө нь шууд банкны өмчлөлд шилжиж байгаа зохицуулалт биш юм. 

Хариуцагч нь дээрх шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж заасны дагуу зээлдэгч “Ану сервис” ХХК-ийн зээлийг хэсэгчлэн төлүүлэх зорилгоор “Капитрон банк” ХХК, “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус гэж тайлбарлажээ. Энэхүү хариу тайлбарын нэг дэх хэсгээр 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт нь хууль зөрчөөгүй буюу хуульд нийцсэн хүчин төгөлдөр зүйл заалт болохыг тайлбарласан билээ. Иймд 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ гэж үзэх боломжгүй тул уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл юм.

Мөн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулахад 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалтыг үндэслээгүй болох нь гэрээнээс тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал, зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээний эхэн хэсэгт “...Иргэний хуулийн 236 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заапт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ...” гэж гэрээ байгуулах үндэслэлийг тодорхой тусгасан юм. Иймд хариуцагчийн гаргасан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 

Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48B-1 тоот байр нь “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байсан бөгөөд банкны зүгээс хууль ёсны өмчлөгчтэй нь хуульд заасан журмын дагуу зээлийн барьцааны гэрээг байгуулсан болно. Харин “Мфикс капитал” ХХК, “Ану сервис” ХХК, “Монлотус” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК-иудын хүсэлт, мэдэгдэлүүдийг тус тус үндэслэж 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулсан юм. Өөрөөр хэлбэл “Мфикс капитал” ХХК нь “Капитрон банк” ХХК-д хандаж 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13/016 тоот тус компани нь Жайка төслийн зээл авсан “Ану сервис” ХХК, “Юу Си Ай Жи” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК-иудын зээл, хүүгийн төлбөрийн графикийн зөрчлийг ойрын хугацаанд арилгах болно гэсэн албан тоотыг ирүүлж байсан юм. Мөн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/045 тоот албан бичгээр ХУД, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48B-1 тоот байрыг банкны өмчлөлд шилжүүлж “Ану сервис” ХХК, “Монлотус” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК-иудын зээлийн гэрээний зарим төлбөрүүдийг хасах хүсэлтийг гаргасан. Энэ талаар “Ану сервис” ХХК, “Монлотус” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК-иуд нь мэдэж байсан бөгөөд тус компаниудын зүгээс “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-д хандаж ийнхүү зээлийн зарим хэсгийг хасахад татгалзах зүйлгүй талаар мэдэгдэлийг ирүүлсэн байдаг. Тухайлбал, “Ану сервис” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/130 тоот албан бичгээр дараах агуулга бүхий мэдэгдлийг тус банкинд ирүүлсэн байдаг. Мэдэгдэлд “Мфикс капитал” ХХК-ийн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн баръцааны гэрээгээр танай банкинд барьцаалуулсан зарим барьцаа хөрөнгөөр 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №08/135 тоот зээлийн гэрээний зээл, зээлийн хүүний төлбөрөөс 76 394 523.76 төгрөгийг барагдуулахад татгалзах зүйлгүй болно гэсэн байдаг. 

Иймд хариуцагчийн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулагдсаныг мэдээгүй, зээлдэгчид мэдэгдээгүй, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээг цуцлалгүйгээр тодорхой хугацааны төлбөрийг хаах талаар талууд харилцан тохиролцоогүй гэсэн тайлбарууд нь үндэслэлгүй юм. Мөн нөгөөтэйгүүр 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээ нь “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-иудын хооронд байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах, барьцаа хөрөнгийг чөлөөлөх, өмчлөлдөө тооцож авах, гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр ямар гэрээний үүргийг гүйцэтгэх зэрэг нь зөвхөн барьцаа хөрөнгийн өмчлөгч болон барьцаалагч талуудын хоорондын тохиролцоогоор хийгдэх асуудал юм.

Харин барьцааны гэрээний оролцогч бус, хөрөнгийн өмчлөгч бус этгээд болох “Ану сервис” ХХК-ийн зүгээс барьцаа хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн эрх эдлэхгүй юм. Гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хууль бус тухайд энэхүү хариу тайлбарын нэг, хоёр, гуравдахь хэсгүүдээр 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт хүчин төгөлдөр болохыг, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр болохыг тус тус тайлбарласан бөгөөд эдгээр гэрээ хэлцлүүд нь хүчин төгөлдөр учраас хариуцагчийн гаргасан дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй болох юм. 

Улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Сөрөг нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийг ердийн нэхэмжлэлийн адил хэмжээгээр тогтоосон журмын дагуу урьдчилан төлсөн байна” гэж заасан. Мөн Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь улсын тэмдэгтийн хураамжийн зарим асуудлыг зохицуулсан зөвлөмжийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно. Гэрээ хэлцлийг бүхэлд нь бус зарим хэсгийг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлагын үнийн дүнг тэр хэсгээр нь тооцох боломжтой” гэж заасан байдаг. Харин хариуцагч болох “Ану сервис” ХХК-ийн зүгээс 2008 оны 10 дугаар сарын 21-ний 18/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, уг гэрээний үр дагаварыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.

Ингэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 140 200 төгрөг төлсөн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18/135 тоот зээлийн гэрээ нь 475 000 ам.долларын үнийн дүнтэй, мөн 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ 1 242 629 880.00 төгрөгийн үнийн дүнтэй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын Дээд Шүүхийн зөвлөмжийн дагуу гэрээний үнийн дүнгээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан хэмжээгээр бодож төлөх ёстой. Гэтэл хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан хэмжээгээр төлсөн байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй байна. Хариуцагч “Ану сервис” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд нь дээрх байдлаар хууль бус, үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: “Ану сервис” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Капитрон банк” ХХК-тай 08/135 тоот зээлийн гэрээг байгуулсан ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээгээр нийт 641 200 000 төгрөгийн үнэ бүхий манай компанийн эд хөрөнгийг, мөн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээгээр нийт 680 000 000 төгрөгийн үнэ бүхий “Мфикс капитал” ХХК-ийн 5 ширхэг орон сууцыг тус тус барьцаалж, уг гэрээнүүдийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлсэн байдаг.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болох ёстой боловч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр гаргаж байгаа нь тодорхойгүй байна. “Капитрон банк” ХХК-аас “Ану сервис” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 922 тоот албан мэдэгдлийг хүргүүлсэн ба уг албан мэдэгдэлд дурдсанаар 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 198 333 ам.доллар, хүү 54 588 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 792 ам.доллар, нийт 255 713 ам.долларын өртэй байх ба уг зээлийг төлөхийг анхааруулсан байсан. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээл 379 166.72 ам.доллар, үндсэн хүү 55 278.44 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 864.48 ам.доллар, нийт 437 309.64 ам.долларыг зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг үүссэн гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн “Капитрон банк” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн 5 ширхэг орон сууцны нэг болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 1 тоот байрыг манай компанид мэдэгдэлгүйгээр 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг “Мфикс капитал” ХХК-тай байгуулан, уг байрыг 1 242 629 880 төгрөгөөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байх ба ингэхдээ “Ану сервис” ХХК-ийн зээлийг бүхэлд нь хаалгүй, үндсэн зээлийн төлбөрт 40 832.32 ам.доллар, хүүгийн төлбөрт 13 655.80 ам.доллар, нийт 54 488.12 ам.доллар буюу 76 394,523 төгрөгийг зээл, зээлийн хүүгээс хассан байдаг ба үлдэх 1 тэрбум гаруй төгрөгөөр тухайн үл хөдлөх хөрөнгийн барьцаалуулагч биш этгээд болох 5 байгууллагын зээлийг хаасан байдаг. Үүнд: “Капитрон банк” ХХК-ийн зээлдэгчид болох “Параскай” ХХК-ийн 65 112.93 ам.доллар буюу 91 290 932.38 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр, “Чинтулга Эрдэнэ” ХХК-ийн 92 949 127.53 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр, “Вайтстар” ХХК-ийн 689 754 763.23 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр, “Монлотус” ХХК-ийн 292 240 533.10 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр. Энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалуулсан барьцаа хөрөнгийг бидэнд мэдэгдэлгүйгээр “Капитрон банк” ХХК өөрийн өмчлөлд авсан атлаа манай компанийн зээлийг бүрэн хаагаагүй байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд “Ану сервис” ХХК, “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалт нь Иргэний хуулийн 171.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж заасны дагуу зээлдэгч “Ану сервис” ХХК-ийн зээлийг хэсэгчлэн төлүүлэх зорилгоор “Капитрон банк” ХХК, “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус байна.

“Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний зорилго нь зээлдэгч “Ану сервис” ХХК-ийн зээлийн гэрээний дагуу үүсэх үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэж байгаа нь ойлгомжтой. Гэтэл үүрэг гүйцэтгэгч “Ану сервис” ХХК-ийн үүргийг хэсэгчлэн буюу 76 394 523 төгрөгийн зээлийг барагдуулахын тулд нэг тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах замаар уг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд барьцааны эрх, үүргийг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй байна. “Капитрон банк” ХХК өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд “Ану сервис” ХХК нь дангаараа барьцаалуулагчийн буюу уг эд хөрөнгөөр дангаараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байсан. Гэтэл барьцаалуулагч бус этгээдүүдийн өр төлбөрийг хаасан. Зүй нь, барьцаа хөрөнгөөр зээлийг бүхэлд нь хаах ёстой байсан. Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээг цуцлалгүйгээр тодорхой хугацааны төлбөрийг хаах талаар талууд харилцан тохиролцоогүй байна.

2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар “...хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх” үр дагавар үүсэхээр байна. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд “Ану сервис” ХХК-ийн барьцааны эрх хэвээр үлдэх тул уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг нэн тэргүүнд хангуулах эрхтэй ба хэрвээ банк уг үл хөдлөх эд хөрөнгийг иргэний гүйлгээнд нэгэнт оруулж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 1 242 629 880 төгрөгийг “Мфикс капитал” ХХК-д буцаан өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд ч барьцааны эрх хэвээр үлдэх тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасны дагуу үүргийг харилцан тооцуулах боломжтой байна. Мөн нөгөө талаар Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасан тул Капитрон банк ХХК хууль бусаар өмчлөлдөө авсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үүрэг гүйцэтгэгч бус этгээд болох барьцаалуулагчийн хүсэл зоригт нийцэхээр байна.

“Ану сервис” ХХК, “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдсаныг мэдснээс хойш буюу 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээл болон түүний хүүг огт төлөөгүй болно. Учир нь, банк “Ану сервис” ХХК-ийн 475 000 ам.долларын зээл, түүнд ногдох хүүг нэн тэргүүнд барьцаа хөрөнгөөр бүрэн хаах ёстой байсан, барьцааны гэрээг дуусгавар болгосон бол үндсэн үүргийг мөн дуусгавар болгох ёстой байтал барьцаалуулагч биш 5 байгууллагын зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг тооцон авсан ба уг үйлдэлдээ банк буруутай гэж үзсэн учир зээл, түүний хүүг төлөөгүй болно.

Энэ талаараа “Капитрон банк” ХХК-ийн ажилтантай уулзаж байсан. Банкнаас зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэн үндсэн үүргээс илүү үнэтэй барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авсан атлаа үүргийг бүхэлд нь дуусгавар болгоогүй нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнд тооцогдох тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 224.2.3-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзсэн болно.

Гэвч зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдвол уг гэрээ хүчин төгөлдөр байх тохиолдолд хүртэж болох боломжийг шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй боловч бид уг үндэслэлээр биш уг хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсаны улмаас өдийг хүртэл зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүйн хариуцлага буюу үр дагаврыг хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай этгээд болох “Капитрон банк” ХХК өөрөө хариуцах ёстой гэж шаардах эрхээ тодорхойлж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасны дагуу дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2008 оны 10 дугаар сарын 21-ний 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ану сервис” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 920 824 824.81 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож, хариуцагч “Ану сервис” ХХК-ийн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 762 075 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 289 095 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д буцаан олгож, хариуцагч “Ану сервис” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4 762 075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгох, хариуцагч “Ану сервис” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 6 230 699 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Инжиннаш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 449 182.12 ам.доллар гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан гаргасан боловч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлагыг хэрхэн дүгнэж, шийдвэрлэсэн болохыг шийдвэртээ тусгаагүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болох ба нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь уг зээлийн гэрээний дагуу олгосон 475 000 ам.долларын үндсэн зээлээс төлөгдөөгүй байгаа 379 166.72 ам.долларыг гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө хүүгийн хамт зээлдэгч буюу хариуцагчаас буцаан шаардах эрхтэй эсэхийг шүүх шийдвэрлэхгүйгээр үндсэн зээлд 379 166.72 ам.долларыг, хүүгийн хамт хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Шүүх хуралдаанд, хариуцагчийн зүгээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргаж буй нь үндэслэлгүй гэж, нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан уг шаардлагыг гаргасан гэж марган мэтгэлцсэн байтал шүүхийн шийдвэрт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай үндэслэл, шаардлагын талаар нэг ч дүгнэлт байхгүй байгаа нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгэзр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, алдаатай шийдвэр гаргасанд тооцогдохоор байна. Мөн зээлдүүлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, түүний хүүг нэхэмжилж байгаа буюу үүргийг хугацаанаас нь өмнө шаардаж байгаа тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулсан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ам.долларын ханшийг баримтлах ёстой гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Тодруулбал, хариуцагч “Ану сервис” ХХК-ийн зүгээс “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан байдал, хүчин төгөлдөр эсэх талаар огт маргаагүй байхад уг барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр болох, барьцаа хөрөнгийг нэг бүрчлэн дурдах, одоо эдгээр хөрөнгө банкны барьцаанд хэвээр байгаа эсэх зэргээр хэрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, жинхэнэ ёсоор шийдвэрлэвэл зохих сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад оновчтой дүгнэлт хийгээгүй болох нь шийдвэрээс бүрэн харагдаж байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт өгвөл зохих гол асуудал нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу дараах асуудал байсан юм. Үүнд, барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шууд өөрийн өмчлөлд шилжүүлэн авч болох уу, энэ талаар хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр байх уу, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 1 242 629 880 төгрөгөөр барьцаалагч “Капитрон банк” ХХК өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан атлаа үүрэг гүйцэтгэгчийн зээлээс 76 394 523 төгрөгийн зээл, зээлийн хүүг хасаж, үлдэх нэг тэрбум гаруй төгрөгөөр өөрийн банкнаас зээл авсан тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй этгээд болох 5 байгууллагын зээлийг хаасан нь хуульд нийцэх үү. Хууль зөрчсөн үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр бус байхад гэрээний талуудын мэдэгдэл, зөвшөөрөл нь гэрээг хүчинтэй байлгах үндэслэл болох эсэх талаар байсан.

Гэвч анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, “Ану сервис” ХХК, “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалт нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсгийн зохицуулалтад хамааралгүй гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй. “Капитрон банк” ХХК, “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан, “Ану сервис” ХХК-ийн захирал Б.Инжиннаш нь “Мфикс капитал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрөөс 76 394 523 төгрөгийг хасахыг “Ану сервис” ХХК зөвшөөрсөн байна гэх үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр гэж шүүх дүгнэсэн. Энэ нь аливаа гэрээнд гарын үсэг зурсан, зураагүй гэдэг шалгуураар л гэрээ хүчин төгөлдөр эсэхийг дүгнэнэ, гэрээний агуулга, хуульд нийцсэн эсэх нь хамаагүй гэж байгаатай адил болж байгаа юм.

Барьцаалагч нь барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн шаардлагаа хангуулахаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авах тухай тохиролцох, хэлцэл хийх нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус байх талаар маш тодорхой заасан, мөн хуулийн 174 дүгээр зүйлд “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж заасан байхад, “Ану сервис” ХХК-ийн үүргийг хэсэгчлэн буюу 76 394 523 төгрөгийн зээлийг барагдуулахын тулд 1 тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах замаар барьцааны эрх, үүргийг дуусгавар болгож байгаа нь үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж зөвшөөрөх боломжгүй байна.

Зээлийг хэсэгчлэн болон бүрэн хаасан эсэхээс үл хамааран банк барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шууд өмчлөлдөө авах эрхтэй болохыг шүүх нотлох ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт тодорхой заасан байхад зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь дуусгавар болгохгүйгээр, зээлийн үүргийг хэсэгчлэн хангуулсан гэх тайлбар гаргаж, барьцаа хөрөнгийг барьцаалуулагч бус этгээдүүдээс авах зээлийн өр төлбөртөө тооцон авсан нь хууль бус юм. 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үр дагавар үүсэхээр байна.

Уг гэрээ хүчин төгөлдөр бус учир барьцаа үл хөдлөх зд хөрөнгийн хувьд “Ану сервис” ХХК-ийн барьцааны эрх хэвээр үлдэх тул уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг нэн тэргүүнд хангуулах эрхтэй ба Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар “Капитрон банк” ХХК уг үл хөдлөх эд хөрөнгийг иргэний гүйлгээнд нэгэнт оруулж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байх тул уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасны дагуу “Ану сервис” ХХК зээлийн гэрээний үүргийг харилцан тооцуулах боломжтой байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнээс “Капитрон банк” ХХК шаардлагаа хангаад илүү гарсан хэсгийг барьцаалуулагч “Мфикс капитал” ХХК-д буцаан өгөх үр дагавар үүсэхээр байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Мөн нөгөө талаар Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт заасантай сөрөг нэхэмжлэлийн шаардлага уялдаж байгаа юм. Банкнаас, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэн үндсэн үүргээс илүү үнэтэй барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авсан атлаа үүргийг бүхэлд нь дуусгавар болгоогүй нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнд тооцогдох тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 224.2.3-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзсэн болно.

Иймд 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах гэсэн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан болно. Гэтэл сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хангах тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэсэн боловч зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргасныг шийдвэрлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч “Ану сервис” ХХК-д холбогдуулан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт үндсэн зээл 379 166,72 ам.доллар, хүү 65 868,07 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4 147,33 ам.доллар, нийт 449 182,12 ам.долларыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 дугаар зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 дугаар “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч “Ану сервис” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 дугаар зээлийн гэрээгээр “Капитрон банк” ХХК-аас 475 000 ам.долларыг төслийн зориулалтаар 120 сарын хугацаатай зээлж, талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэрээг байгуулсан талаар талууд маргаагүй.

            Зээлдэгч “Ану сервис” ХХК нь зээлийн гэрээний 4.2, 4.9 дэх заалтаар тогтоосон хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлөх гэрээнд заасан үүргээ зөрчсөнийг зээлдүүлэгч нь энэ тухай зээлдэгчид 2016 оны 01 дүгээр сарын 26-ны 334, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 601, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 922 дугаар албан бичгүүдээр тус тус удаа дараа мэдэгдэл хүргүүлж зээлийн төлбөрөө барагдуулахыг шаардсан ч үр дүн гараагүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасан болон зээлийн гэрээний 10.2, 10.2.2-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зээлдэгчээс шаардах эрхтэй байна.  

            Иймд зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаснаар зээлийн гэрээг зээлдүүлэгч талын санаачилгаар цуцлагдсан гэж үзэх ба шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээл 379 166,72 ам.доллар, зээлийн хүү 55 278,44 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 864,48 ам. доллар, нийт 437 309,64 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны албан ханш 2 047,92 төгрөгөөр тооцон 895 575 158,00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Зээлдүүлэгчийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг хариуцагч татгалзаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан тухайн нөхцөлд урт хугацаатай гэрээг цуцлагдсан гэж үзэх нөхцөл байдлыг зөв дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй анхан шатны шүүхийн алдааг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг баримтлан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 895 575 158,00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж гэрээ цуцалагдсан учраас хүү тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 25 249 666 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            Зээлдүүлэгч “Капитрон банк” ХХК зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах барьцааны хөрөнгийг тогтоож, түүнтэй холбоотойгоор талуудын эдлэх эрх, үүргийг тодорхойлсон Зээлийн барьцааны 08/135 дугаартай гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Мфикс капитал” ХХК-тай байгуулж, тус компанийн өмчлөх эрхийн Ү-2206014159, Ү-2206014160, Ү-2206014286, Ү-2206014285, Ү-2206014284 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолборын 48Б байрны 1, 2, 3, 4 тоот, 48В байрны 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 680 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж,  уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-20-22/

            Мөн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 дугаар зээлийн барьцааны гэрээгээр “Ану сервис” ХХК-ийн борлуулалтын орлого, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 641 200 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан     гэрээг “Ану сервис” ХХК-тай байгуулсан байна. /хх-16-17/

            Дээрх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин хариуцагч “Ану сервис” ХХК зохигчдын хооронд  2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 08/135 дугаар зээлийн гэрээний 6.2.4-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Банкны өмчлөлд шилжүүлэх” гэсэн Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсгийн “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохиролцсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна” гэснийг зөрчсөн заалтыг үндэслэн “Капитрон банк” ХХК, “Мфикс капитал” ХХК-ийн хооронд 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 дугаар “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулагдсан тул дээрх 6.2.4 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх “хууль зөрчсөн” гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна, улмаар уг заалтыг үндэслэн хийгдсэн 2013 оны 13/85 тоот гэрээг хуулийн 56.1.10 дахь “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэсэн үндэслэлээр мөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн  08/135 дугаар зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт нь “зээлдүүлэгчид шаардах эрх үүссэний үндсэн дээр барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Банкны өмчлөлд шилжүүлэх” тухай агуулгатай байх тул Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүйгээс гадна “Капитрон банк” ХХК, “Мфикс капитал” ХХК-ийн хооронд 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 дугаар “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулахдаа тус 6.2.4 дэх заалтыг үндэслээгүй байна. Иймд зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 13/85 дугаар гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            “Капитрон банк” ХХК, “Мфикс капитал” ХХК-ийн хооронд 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 дугаар “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр Ү-2206014284 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолборын 48В байрны 1 тоот 60 хувийн гүйцэтгэлтэй барилга буюу үл хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч банкны өмчлөлд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон /хх-176-179/ ба ийнхүү ипотекийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу барьцаалагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээ хийх эрхийг өмчлөгч “Мфикс капитал” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хурлаас эрх олгосны дагуу /хх-173, 174/ тус компанийн захирал Б.Батхүү гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

            Ипотекийн зүйлийн өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч банкны өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж, “Ану сервис” ХХК-ийн 76 394 523,76, “Параскай” ХХК-ийн 91 290 932,38 “Чинтулга-Эрдэнэ” ХХК-ийн 92 949 127,53, “Вайтстар” ХХК-ийн 689 754 763,23, “Монлотус” ХХК-ийн 292 240 533,10 төгрөг, нийт 1 242 629 880,00 /нэг тэр бум хоёр зуун дөчин хоёр сая зургаан зуун хорин есөн мянга найман зуун наян/ төгрөгийг банканд төлөх зээлийн гэрээний төлбөрт тооцуулахаар тохиролцсоныг “Мфикс капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батхүү “Капитрон банк”-нд 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/045 дугаар албан бичгээр, мөн өдрийн 13/043 тоот албан бичгээр “Анусервис” ХХК-д, 13/047 дугаар албан бичгээр “Параскай” ХХК-д 13/049 дугаар албан бичгээр “Вайтстар” ХХК-д, “Чинтулга-Эрдэнэ” ХХК-д 13/044 дугаар албан бичгээр, “Монлотус” ХХК-д 13/046 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэнд зөвшөөрсөн хариуг тухай бүр ирүүлсэн, мөн ийнхүү шийдвэрлэхэд “Ану сервис” ХХК-ийн захирал Б.Инжинаш оролцож гарын үсэг зурсан тухай баримт хэрэгт авагдсанаас үзвэл  /хх-131-149/ үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч /өмчлөгч/ нь ипотекийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх болон гуравдагч этгээдтэй хэлцэл хийхдээ Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.1.2-т заасан  барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах журмыг зөрчөөгүй байна.

            Иймд  “Капитрон банк” ХХК, “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 дугаар “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г хуулиар тогтоосон журмын дагуу Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т зааснаар байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх ба гэрээгээр ийнхүү тохиролцсон тул Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасан дуудлага худалдаагаар ипотекийн зүйлийг худалдахыг шаардахгүй. Тодруулбал, талууд гэрээнд өөрөөр заасан ба ийнхүү тохиролцох нь өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг хязгаарлахгүй байх Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэх сөрөг нэхэмжлэл болон давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ байгуулах үеийн үүргийн зөрчил болох 76 394 523 төгрөгийн төлбөрийг тооцон барагдуулсан гэж зохигчид тайлбарласан ба тухайн үед үүрэг гүйцэтгэгч “Ану сервис” ХХК 76 394 523,76 төгрөгийг банкны өмчлөлд шилжсэн хөрөнгөөр барагдуулахыг хүлээн зөвшөөрснөө бичгээр илэрхийлсэн, түүнчлэн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдээгүй байсан тул /хх132-133/ банк өмчлөлд шилжүүлэн авсан барьцааны хөрөнгөөр “Ану сервис” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хаагаагүй үүрэг гүйцэтгэгчийн эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Дээрхээс үзвэл гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Харин шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо баримталбал зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулгатай 2 дахь заалтыг өөрчлөн найруулж оруулна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад хуульд зааснаар тооцон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/06332 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг баримтлан “Капитрон банк” ХХК, “Ану сервис” ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 дугаар зээлийн гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Ану сервис” ХХК-иас 895 575 158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгосугай”

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “Ану сервис” ХХК-ийн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тугаар зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 дугаар “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1 242 629 880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарын “2” гэснийг “3” гэж, уг заалтын “урьдчилан төлсөн 4 762 075 төгрөг” гэснийг “урьдчилан төлсөн 4 867 211 төгрөг” гэж, “илүү төлсөн 289 095 төгрөгийг” гэснийг “илүү төлсөн 105 137 төгрөгийг” гэж, “4 762 075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгох” гэснийг “4 635 825,79 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож” гэж тус тус өөрчлөн,

 тогтоох хэсгийн дугаарын “3” гэснийг “4”, “4” гэснийг “5”  гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 230 699 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ