Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01059

 

Ж.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00058 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 201/МА2018/00005 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ж.Б

          Хариуцагч: Н.Эод холбогдох

          Гэм хорын хохиролд 28.380.125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Ж.Бы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Э, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1998 оноос эхлэн Баянтүмэн сумын 4-р багийн нутаг Энх зуслангийн баруун талд голын тохойд жил бүр төмс, хүнсний ногоо тариалж түүнийгээ зориулалтын зооринд хадгалан зах зээлд худалдан борлуулж олсон орлогоороо гэр бүлийнхээ амьжиргааг авч явж ирсэн. Энэхүү төмс, хүнсний ногоо тариалсан ажил маань миний гэр бүлийн  жилийн санхүүгийн болон амьжиргааны эх үүсвэр хэрэгцээ болж байдаг. 2016 онд өөрийн эзэмшлийн талбайдаа нийт 2 га газарт төмс, хүнсний ногоо тариалсан. Гэтэл 2016-09-15-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Н.Эын үхэр ногооны талбайд орж бөөрөнхий байцааг идэж төмс, бусад ногоог  ашиглах боломжгүй болгосон. Миний тарьсан 5000 орчим бөөрөнхий байцааг 100 хувь гэмтээж сүйтгэсэн. Энэ талаар сумын цагдаагийн газарт мэдэгдэн хэсгийн төлөөлөгч, сумын цагдаа нар ирж, шалган танилцаж зураг авсан байгаа. Энэ үед Энхболдын үхэр ногооны талбайн хашааг эвдэн орж, ногоог идэж байсан бөгөөд үхэрийг хөөгөөд  дийлдэхгүй байсан. Миний хувьд хаврын тариалалтанд 2.360.860 төгрөгийн зардал гаргасан. Миний гол орлогын эх үүсвэр болсон төмс, хүнсний ногооны ургац байхгүй болсон учир надад дараах бодит хохирол учирсан. Миний хувьд хохирол учраагүй бол 26.400.000 төгрөгийн ашиг олох байсан. Энэ ашгаасаа Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөр 580.125 төгрөг, хүү Б.Пүрэвдалайн сургалтын төлбөрт зээлсэн хоёр сая төгрөгийн хүү 1.400.000 төгрөгийг тус тус төлөх байсан, төлж чадаагүй учир надад хохирол учруулсан Н.Эоос нэхэмжилж байгаа. Ингээд нийт 28.380.125 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч гаргасан хариу тайлбартаа: Би нэг га газарт ногоо тарьдаг. Ногоо тарих ажлын талаар мэднэ. Баярсайханы ногооны талбай нь зүүн хойд хэсэгтээ хашаагүй, шон хоорондын зай нь 6 метр байдаг. Тухайн үед эзэнгүй байсан. Ингэж хашаагаа хол зайтай барьснаас үхэр мал орсон. 7 сарын 20-нд Баярсайхан надтай ирж уулзаад ногоо ашиггүй байна, Таны хадлангийн хэрэгслийг аваад таны өвсийг бэлтгээд өгье гэж хэлээд хадуур, тармуур аваад явсан. Би өмнө нь Баярсайханы ахтай хамт зуны цагт өвс хадаад, намар болохоор ногоо тарьдаг байсан. Манай суманд ногоо тарьж байгаа иргэдийг өөрсдийнхөө талбайг хамгаалах тухай сумын Засаг даргаас захирамж хүртэл гаргасан байгаа. Энэ нь өөрсдийн тариалалтын талбайг хамгаалах талаар гарсан. 2016 онд их гантай, ургац муу байсан. Би Баярсайханд ийм их хэмжээний мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Ийм талбайд ногоо тариалж ийм хэмжээний ашиг олохгүй. Харин тухайн үед манай үхэр ногооны талбайд орсон учир ногоо тарихад гарсан зардлыг өөрөө тооцож нэг шүдлэн үхэр өгье гэж хэлж байсан. Түүнээс хойш уулзаагүй. Би шүдлэн үхрээ 700.000 төгрөгөөс 800.000 мянган төгрөгөөр үнэлнэ гэжээ.

        Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00058 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан Н.Эоос  2.848.000 төгрөг гаргуулж   Ж.Бд олгож, нэхэмжлэлээс 25.532.125 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 299.851 төгрөгийг төсвийн орлогод үлдээж,  Н.Эоос 60.518 төгрөгийг гаргуулан  Ж.Бд олгож шийдвэрлэсэн байна.

        Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 201/МА2018/00005 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

       Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Аливаа шийдвэр хуульд нийцсэн, хууль ёсны байх зарчимд тулгуурлан гарах ёстой байдаг. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж үндэслэлгүй багасгасан. ИХШХШТхуулийн 40.1, 40.2-г илт зөрчин нэхэмжлэгч миний эрх ашгийг хөндөж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч миний бие Сумын мэргэжилтний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээ багасгасан. Хариуцагч ч өөрийн буруугаас болж гэм хор учруулснаа хүлээн зөвшөөрч үгүйсгээгүй. Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хариуцагч Н.Эоос 14.240.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Ж.Б 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Н.Эод холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 28,380,125 төгрөг шаардаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...2016-09-15, 16-ны өдрүүдэд хариуцагчийн үхэрүүд ногооны талбайд орж ирэн 5.000 орчим бөөрөнхий байцааг идэж  гэмтээсэн тул  нэг жилийн ургацын орлого 26,400,000 төгрөг, Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн хүү 525,000 төгрөг, алданги 55,125 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрт зээлсэн мөнгөний хүү 1,400,000 төгрөг...” гэжээ. /хх 1-4/

       Хариуцагч маргахдаа “...хашаа нь зарим хэсэгтээ тор байхгүй бөгөөд тэр хэсгээр нь мал орсон байсан...2016 онд ургац тааруу байсан ... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэсэн байна. /хх 31-33/

       Анхан шатны шүүх “... гэм хорын хохирлыг Н.Э хариуцан арилгах үүрэгтэй... шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч 14.240.000 төгрөгийн орлого олох боломжтой байсан байна... талбайн харуул хамгаалалт хангалтгүй байсан нь хохиролд нөлөөлсөн тул 14.240.000 төгрөгийн 20 хувийг гаргуулна...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс 2,848,000 төгрөгийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

      Хяналын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

      Ж.Бы эзэмшлийн ногооны талбайд 2016 оны 9 сарын 15, 16-ны өдөр  Н.Эын өмчлөлийн үхэр орж, тарьсан ногоог гэмтээж хохирол учруулсан нь тогтоогдсон, зохигчид маргаагүй байна.  

       Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. Харин гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.

       Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 497, 510, 514 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтад нийцжээ. 

       Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэлд заасан үнийн дүн тогтоогдоогүйгээс гадна хохирлын хэмжээ нэмэгдэхэд Ж.Бы болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн  байх тул гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй байна. 

        Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг  зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 138/ШШ2018/00058 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 201/МА2018/00005 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШЗ2018/00847 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ