| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2016/05982/И |
| Дугаар | 182/ШШ2016/01195 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2016/01195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Г-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 80,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагч Ц.Г-, хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 4 сард найз М.Уртнасангаар дамжуулан Ц.Г-тэй танилцаж ** тоот хашаандаа хоёр давхар хувийн цэцэрлэгийн барилга ашиглалтанд ороход хөрөнгө дутаад байна гэхээр нь 2014 оны 04 сарын 23-ны өдөр Ц.Г-ийн охин болох Н.У-ы Хаан банкны харилцах ** тоот дансанд 3,000,000 төгрөг, 05 сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 06 сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 06 сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 08 сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг нийт 30,700,000 төгрөгийг зээлүүлсэн. Дээрх зээлүүлсэн мөнгөнөөс Ц.Г-ийн төлсөн 8,800,000 төгрөгийг хасч үлдэх 21,900,000 төгрөгийг гаргуулна. 2014 оны 12 сард Ц.Г- цэцэрлэгийн барилгыг 100 хувь дуусгаж, ашиглалтанд оруулах хэрэгтэй байна мөнгө нэмж зээлээч, би хүүтэй зээл авна гэхээр нь 2014 оны 12 сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай өдрийн 0,4 хувь буюу сарын 12 хувийн хүүтэйгээр зээлүүлж хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй мөнгийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул 2014 оны 12 сарын 17-ны өдөр зээлүүлсэн 20,000,000 төгрөгийг, түүний хүү 19,200,000 төгрөг, алданги 19,600,000 төгрөгийг Ц.Г-ээс гаргуулж авна гэв.
Хариуцагч Ц.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; 2014 оны 05 сарын 05-ны өдөр Ц.С-той танилцаж, тэр өдрөө 10,000,000 төгрөг, 2014 оны 06 сарын 23-нд 2,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 7,500,000 төгрөг дээрээ нэмж 10,000,000 төгрөгийг 2014 оны 06 сарын 27-ны өдөр зээлж бэлнээр 28,400,000 төгрөгийг буцаан төлсөн. 2014 оны 05 сарын 05-ны 10,000,000 төгрөг, 06 сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийг балгаажуулж байна гээд 20,000,000 төгрөгийг хүү, алданги төлөхөөр гэрээг бичгээр хийж гарын үсэг зурсан. Энэ өдөр ямар нэгэн мөнгө надад өгөөгүй. Миний насанд хүрээгүй охин Н.У-ы Хаан банкны ** тоот дансаар шилжин ирсэн 3,000,000 төгрөг, 2,700,000, 5,000,000 төгрөгийг би аваагүй түүний найз М.Уртнасан авсан. Ц.С- нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст Г- У- нарт 2014 оны 05 сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 сарын 27-ны өдрийн хооронд 22,700,000 төгрөг зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй залилан мэхэлсэн гэж гомдол гаргасан. Би 50,700,000 төгрөгийг зээлж аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Ц.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.С-оос Ц.Г- надад 2014 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг зээлүүлээгүй атлаа түүндээ хүү, алданги тооцож, 58,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн гэрээг байгуулахдаа 2014 оны 05 сарын 05-ны өдрийн 10,000,000 төгрөг, 2014 оны 06 сарын 27-ны өдрийн 10,000,000 төгрөгийг нийлүүлээд 20,000,000 төгрөгөөр бичиж баталгаажуулж авна гээд надаар гарын үсэг зуруулсан. 2014 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ц.С- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Ц.Г- өөрөө бичсэн гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.С- нь хариуцагч Ц.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,900,000 төгрөг, 2014 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг, түүний хүү 19,200,000 төгрөг, алданги 19,600,000 төгрөг нийт 80,700,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.Г- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2014 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.
Нэхэмжлэгч Ц.С- хариуцагч Ц.Г-т 2014 оны 04 сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 05 сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 06 сарын 25-ны өдөр 2,700,000 төгрөг, 2014 оны 06 сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 08 сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь дипозит дансны хуулга /хх-ийн 8-24 талд/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Ц.С- дээрх 30,700,000 төгрөгөөс зээлдэгчийн төлсөн 8,800,000 төгрөгийг хасч үлдэх 21,900,000 төгрөгийг шаардаж, хүү алданги тооцоогүй гэж мэтгэлцэж байгаа боловч хариуцагч Ц.Г- зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 05 сарын 23-ны өдөр 550,000 төгрөг, 2014 оны 05 сарын 23-ны өдөр 550,000 төгрөг, 2014 оны 06 сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2014 оны 08 сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 10 сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2014 оны 11 сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөг, 2014 оны 12 сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 01 сарын 10-ны өдөр 300,000 төгрөг, 2015 оны 01 сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2015 оны 04 сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 2015 оны 07 сарын 09-ний өдөр 150,000 төгрөг, 2015 оны 08 сарын 05-ны өдөр 50,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 2015 оны 04 сарын 03-ны өдөр бэлнээр 2,820,000 төгрөг, 2014 оны 12 сарын 25-ны өдөр бэлнээр 200,000 төгрөг нийт 11,770,000 төгрөг төлсөн болох нь дипозит дансны хуулга, нэхэмжлэгч Ц.С-ын “Ц.Г-ээс 2,820,000 төгрөг бэлнээр аваад Д.Эрдэнэтуяад өгсөн. М.Уртнасангаас 200,000 төгрөг бэлнээр авсан” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд зээлийн гэрээний үүрэг 30,700,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 11,770,000 төгрөгийг хасч тооцож үлдэх 18,930,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д олгох үндэстэй.
Хариуцагч Ц.Г- нэхэмжлэгчид 12,170,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх боловч энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Ц.С-ын 2014 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, зээлийн хүү 19,200,000 төгрөг, алданги 19,600,000 төгрөг нийт 58,800,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Зээлдүүлэгч зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, зээлийн хүү 19,200,000 төгрөг, алданги 19,600,000 төгрөгийг шаардаж хариуцагч Ц.Г- дансаар шилжүүлэн авсан 2014 оны 05 сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 06 сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг баталгаажуулан хүү, алданги төлөхөөр гэрээ байгуулсан мөнгө бодитойгоор шилжүүлэн аваагүй гэж мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад талууд 2014 оны 05 сарын 05-ны өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөг, 2014 оны 06 сарын 27-ны өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг, сарын 12 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, зээлдэгч зээлсэн мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлүүлнэ гэж тохирч 2014 оны 12 сарын 17-ны өдөр нөхөн зээлийн гэрээг байгуулж, мөнгөө бодитойгоор шилжүүлэн өгөөгүй болох нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокуорын газрын 2016 оны 03 сарын 07-ны өдрийн 1058 дугаартай тогтоолд “Ц.С- нь 2014 оны 05 сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 сарын 27-ны хооронд Ц.Г-, Н.У- нарт нийт 22,700,000 төгрөгийг зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна гэх гомдол мэдээлийг шалгасныг хянахад гомдол гаргагч Ц.С- тайлбартаа: Дээрх 22,700,000 төгрөгийг Ц.Г-, Н.У- нар анх авахдаа Цэцэрлэг барьж байгаа, үл хөдлөх хөрөнгийнхөө бичиг баримтыг гарахаар зээл аваад таньд мөнгийг нугалж 45,000,000 төгрөг болгож өгнө гэж хэлж авсан” гэх гомдол /хх-ийн 36 талд/, Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан гомдол, мөрдөн байцаагчид өгсөн тайлбар /хх-ийн 60,61 талд/ зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан зохицуулалтанд нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ц.С-ын 2014 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, зээлийн хүү 19,200,000 төгрөг, алданги 19,600,000 төгрөг нийт 58,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Хариуцагч Ц.Г- 2014 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэгч Ц.С-ын 2014 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, зээлийн хүү 19,200,000 төгрөг, алданги 19,600,000 төгрөг нийт 58,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагатай сөрөг нэхэмжлэлийн шаардлага давхардсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150,000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Г-ээс 18,930,000 /арван найман сая есөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 61,770,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар Ц.Г-ийн 2014 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561,450 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас Ц.Г-ээс 86,398 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д, Ц.Г-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 150,000 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж Ц.Г-т тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ