Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 0001

 

           

 

 

                             

 

 

 

 

 

 

                    

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

С-д холбогдох эрүүгийн 1905042131234 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.С нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Парадоксын автобусны буудлын орчим Ч-49 чиглэлийн автобус дотор иргэн Э.Агийн эзэмшлийн Самсунг галакси А-6 маркийн гар утсыг хүч  хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлсэн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Гэмшиж байна гэв.

 

         Xавтаст хэргээс:

Хохирогч Э.А мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20 цаг 30 минутын үед 1 дүгээр хороололын хойд талын автобусны буудлаас Ч-49 дугаартай автобусанд сууж яваад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах парадоксын автобусны буудал дээр буух үед өмсөж явсан куртикныхаа халааснаас Самсунг Галакси А-6 загварын гар утсаа хулгайд алдсан. Тухайн үед надад сэжиглэж байсан хүн байхгүй байсан. Би парадоксын автобусны буудал дээр буухад миний гар утас байхгүй болсон байсан. Мобикомын урамшууллаар 830.000 төгрөгөөр Самсунг галакси А-6 загварын гар утсаа авч байсан. Тухайн үед ханш нь 1.000.000 төгрөгийн орчим үнэтэй байсан. Одоо би 750.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн үед автобуснаас буугаад холбогдох боломжгүй байхаар нь за гар утас олдохгүй юм байна даа гэж бодсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй. Одоо алдсан гар утсаа эргүүлж авсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Гэхдээ миний гар утсыг авсан хүнд хуулийн дагуу хариуцлага ноогдуулж өгнө үү. /хх-ийн 6/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Ганбаяр мөрдөн байцаалтанд: Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр парадоксын автобусны буудлын орчим 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ч-49 номерын 1 дүгээр хороолол Дүнжингарав чиглэлийн автобусанд иргэн Э.А нь зорчин явах үедээ куртикнийхээ халааснаас Самсунг А-6 загварын гар утсаа хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл Баянгол дүүрэг дэх цагдаагийн газраас ирсний дагуу хэрэг үйлдэгдсэн гэх газрын ойр орчимд мэдээ, мэдээлэл цуглуулж үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ажиллахад урьд өмнө тус хэлтэст халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан С гэх этгээд халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилготой явж байсан талаар мэдээлэл авагдаж шалган уг этгээдийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эрэн сурвалжлан олж тогтоож, эд мөрийн баримтаар иргэн Э.Агийн Самсунг галакси А-6 загварын гар утсыг хураан авч эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар шилжүүлсэн. Тухайн гэмт хэргийг С ганцаараа үйлдсэн гэж ярьж байсан. Б.С хэзээнээс Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн бүртгэл судалгаанд бүртгэгдсэн байсан. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Б.Сэс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Самсунг галакси А-6 маркийн гар утас хураан авч 10 дугаар сарын 22-ны өдөр Э.Ад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17-18/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Самсунг галакси А-6 маркийн гар утасны үнэлгээгээр тогтоогдсон дүн 671.200 төгрөг байна.  /хх-ийн 19-20/,

 

Б.С мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүрэгт байрлах парадоксын автобусны буудлаас 25-30 гаруй насны урт хар куртиктэй эмэгтэйн куртикны баруун талын халааснаас Самсунг галакси А-6 загварын гар утсыг авчихсан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Гар утас ил харагдаад байхаар нь авчихсан. /хх-ийн 10/ гэсэн мэдүүлэг болон Б.Сод-Эрдэнийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.С 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт парадоксын автобусны буудлын орчим Ч-49 чиглэлийн автобусанд  зорчиж байсан Э.Агийн эзэмшлийн Самсунг галакси А-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь:

хохирогч Э.Агийн “...куртикныхээ халааснаас Самсунг галакси А-6 загварын гар утсаа хулгайд алдсан...алдсан гар утсаа эргүүлж авсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй байна...” /хх-ийн 6/ гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Ганбаярын”...Сэс...Э.Агийн Самсунг галакси А-6 загварын гар утсыг хураан авч эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар шилжүүлсэн...”/хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг болон  Б.Сэс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Самсунг галакси А-6 маркийн гар утас хураан авч 10 дугаар сарын 22-ны өдөр Э.Ад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17-18/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19-20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Б.Сод-Эрдэнийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох үйлдэл байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

        

         Иймд шүүгдэгч Б.С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Б.С-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирогч Э.Агийн эзэмшлийн Самсунг галакси А-6 маркийн гар утас шүүгдэгч Б.Сэс биет байдлаар хураагдаж буцаан олгогдсон нь гэмт хэргийн улмаас  зөрчигдсөн хохирогчийн эрх сэргээгдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн Шударга ёсны болон Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо биет байдлаар буцаан өгсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч Б.С хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохиролын хэр хэмжээ,  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо  биет байдлаар буцаан өгсөн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад “..тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

        Иймд шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэв.

 

        Эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч Б.Сд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй.

 

 Б.С өмнөх шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж  6  хоног цагдан хоригдсоныг дурдаж  байна.

 

          Шүүхээс Б.Сд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул  түүнд урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Б-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

        3.Б.С-г тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.5-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Сд анхааруулж мэдэгдсүгэй.

 

         5.Б.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

          6. Б.С энэ хэрэгт 6 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

 7. Б.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ