Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2016/01226

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
     Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:  Р.Г-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Д.С-т холбогдох
        
            Зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч Р.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С- нь 2016 оны 02 сарын 02-ны өдөр нэг сарын хугацаатай, хүүгүй, 14,000,000 төгрөг зээлийн гэрээ байгуулан зээлж аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 7,000,000 төгрөг нийт 21,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.С- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа; Д.С- нь Р.Г-ад 14,000,000 төгрөгийн төлбөр тооцоо мөнгө өгөх ётой байтал 21,000,000 төгрөг нэхэмжлээд байна. 14,000,000 төгрөг дээр нь хүү болох 7,000,000 төгрөг төлж чадахгүй. Үндсэн 14,000,0000 төгрөгийг төлөх нь үнэн гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
 
ҮНДЭСЛЭХ НЬ:
     Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ. 
  
            Нэхэмжлэгч Р.Г- хариуцагч Д.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг, алданги 7,000,000 төгрөг нийт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагч Д.С- нэхэмжлэлийн шаардлагаас 14,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги төлөх боломжгүй гэж маргажээ.
     Талууд 2016 оны 02 сарын 02-ны өдөр 14,000,000 төгрөгийг, нэг сарын  хугацаатай, хүүгүй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан /хх-ийн 3 талд/ байна.

Хариуцагч Д.С- үндсэн зээлийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги 7,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байна
Хариуцагч Д.С- зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлсөн гэж маргахгүй зээлийн гэрээтэй холбогдуулан нотлох баримт ирүүлээгүй нь хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүргээ хэрэгжүүлээгүй  гэж үзнэ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан боловч хариуцагч Д.С- алдангиас чөлөөлүүлэх хүсэлт гаргаагүй. Энэ талаарх баримтаа ирүүлээгүй, нэхэмжлэгч  алданги багасгахгүй гэж мэтгэлцэж байна.
Хариуцагч Д.С-ийг 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 182/ШЗ2016/04610 дугаартай шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 14-ний өдөр гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгөх ажиллагаа явуулж, 2016 оны 12 сарын 02-ны өдөр хэлэлцүүлэхээр шүүгчийн захирамж гаргаж, шүүх хуралдааны товыг 2016 оны 11 сарын 28-ны өдөр өөрт нь “Мэдэгдэх хуудас”-аар, 2016 оны 11 сарын 28-ны өдөр шуудангаар “Мэдэгдэх хуудас”-ыг боломжит хугацааны өмнө хүргүүлсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шаалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.    
    
 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ НЬ:    
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,  232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.С-ээс 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Г-ад олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.С-ээс 263,000 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Р.Г-ад олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НАРАНГЭРЭЛ