Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 216

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Г.Энхгэрэл

улсын яллагч: С.Чимэдцэеэ

хохирогч: Г.Х

шүүгдэгчийн  өмгөөлөгч  : С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч: Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Г.Шт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2006002500191 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Ш,

           Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Г.Ш нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 17 дугаар гудамжны 378 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Г.Хын толгой руу тогоо шидэж, нүүр рүү нь гараараа цохиж биед нь тархи доргилт, зулайн хуйхны шарх, духны зөөлөн эдийн няцрал,цус хуралт,баруун,зүүн нүдний дотор тбулангийн цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Г.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

        Хохирогч Г.Х  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

          Хохирогч Г.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ .. Би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр Өмнөговь аймгийн цагаан хад луу ажилд явдаг. Одоогоор ажилгүй байгаа. 2019 оны 12 дугаар сарын 11-ний орйо ажлаа тараад гэр лүүгээ явж байхад нөхөр гудамжинд согтуу гудамжны нэг хүнтэй явж байхаар нь би таньдаг хүний машинд суулгаад гэр лүүгээ авч яваад гэрийн гадна ирж буулгах гэхэд буухгүй тухайн машинтайгаа буцаад явсан. Тэгээд удаж байгаад ирэхэд маш их согтолттой байсан ирж бид хоёр мөнгөн дэээрээс болж маргалдахад халуун тогоо авч шидэхэд толгойн зүүн талыг онож хагарсан мөн хоёр нүд лүү гараараа цохиж нүүр лүү алгадаж байсан. Би тухайн үед хэрүүл хийгээд байсан болохоор хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Толгойн зүүн талдаа нэг хагарч, нэг оёдол тавиулсан мөн зүүн газар нэлэнхүйдээ хавдсан, хар хөхөрсөн. Хоёр нүд хөхөрсөн гэх мэдүүлэг / хх-н 10-11/,

          Шүүгдэгч Г.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би эхнэр Г.Хтай гэр бүлийн баталгаа байхгүй. Хамт амьдраад 13 жил болж байна. Дундаасаа 2012 онд Эгшиглэн гэх охинтой болсон ба манай эхнэр 2 дагавар хүүхэдтэй. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гадуур найз нартайгаа архи ууж байгаад гэртээ орой 21 цагийн орчимд харьсан. Тэгээд мөнгөнөөс болж маргалдаж байгаад халуун тогоо авч шидсэн. Тэгэхэд эхнэрийн толгойн зүүн хэсэг хагарсан. Тэгээд дахиж нүүр лүү цохиж байгаад гараад явж байгаад цагдаа нарт баригдаж саатуулагдсан. Эхнэр Г.Хын толгойн хэсэг хагарч нэг оёдол тавиулсан. Нүүр нь хавдсан толгойгоо боосон байсан. Толгойн зүүн талын гэмтлийг халуун тогоо авч шидэж хагалсан. Нүүр лүү хэд хэдэн удаа цохьсон болохоор хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх 12/,

 

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 13/

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 209 тоот шинжээчийн дүгнэлт : 

  1. Г.Хын биед тархи доргилт, зулайн хуйхны шарх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтооглоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн зүйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэнгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-н 14-15/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 16-17/

        Г.Шын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 24/,

         Г.Шт  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 18/, прокурорын тогтоол /хх-н 19-20/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21/

          Г.Шт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22-23/, зэрэг болно.

            Шүүгдэгч Г.Ш нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 17 дугаар гудамжны 378 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Г.Хын толгой руу тогоо шидэж, нүүр рүү нь гараараа цохиж биед нь тархи доргилт, зулайн хуйхны шарх, духны зөөлөн эдийн няцрал,цус хуралт,баруун,зүүн нүдний дотор тбулангийн цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

     

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 209 тоот шинжээчийн дүгнэлтээр Г.Хын биед тархи доргилт, зулайн хуйхны шарх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтооглоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн зүйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэнгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэж тогтоогджээ.

 

          Хохирогч Г.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Бид хоёр мөнгөн дэээрээс болж маргалдахад халуун тогоо авч шидэхэд толгойн зүүн талыг онож хагарсан мөн хоёр нүд лүү гараараа цохиж нүүр лүү алгадаж байсан. Би тухайн үед хэрүүл хийгээд байсан болохоор хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Толгойн зүүн талдаа нэг хагарч, нэг оёдол тавиулсан мөн зүүн газар нэлэнхүйдээ хавдсан, хар хөхөрсөн. Хоёр нүд хөхөрсөн гэх мэдүүлэг эрэг болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Ш нь хамтран амьдрагч Г.Хтай мөнгөний асуудлаас болж маргалдан түүний  толгой руу тогоо шидэж, нүүр рүү нь гараараа цохиж биед нь тархи доргилт, зулайн хуйхны шарх, духны зөөлөн эдийн няцрал,цус хуралт,баруун,зүүн нүдний дотор булангийн цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг буёдад төлөх төлбөргүй гэж үзэв.        

         Энэ хэргийн улмаас  нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Г.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар           Г.Шыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ш нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай..

4.Эрүүгийн хуурийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Г.Ш нь торгох  ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торох ялын 15 нэгжийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Г.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Ш нь хохирол төлөөгүй  болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Г.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.