Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 215

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Э

улсын яллагч: Б.Ганзориг

хохирогч: Ч.Б

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов :

шүүгдэгч: Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Ц.Дт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006000500052 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Д,

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 44-2225 тоотод Ч.Бтэй хог нүхэнд хаясан, хаалга хүчтэй цохисон гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хамар хэсэгт нь мөргөж түүнд хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт цус хуралт,зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

        Хохирогч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 03-ны шөнө би найз охинтойгоо гэртээ байсан. Ц.Д манай найз охиныг дарамтлаад байна гэж манай найз охин надад хэлсэн. Тэгээд би Ц.Дын гэр рүү нь орж яагаад манай найз охиныг дарамтлаад байгаа юм бэ? гэсэн чинь босож ирээд намайг 2 удаа мөргөсөн. Би цагдаа дуудах гээд 102 руу залгахаар шугам чөлөөгүй байна гэсэн. Тэр орой тохиролцоод надад 100.000 төгрөг өгөөд хамрыг эмчлүүлж өгнө гэсэн. Би өглөө нь яваад орсон чинь чиний найз охиноос болж ийм зүйл болсон хохино гэж хэлсэн. Хамрыг эмчлүүлэхгүй удахаар өөрөө бороолоод эдгэчихсэн. Тэгээд одоо хамрандаа хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Ц.Д миний хамрыг эмчлүүлж өгнө гэж хугацаа нь уртассаар байгаад одоо ийм байдалтай байна. Би хамраа л эмчлүүлэх хүсэлтэй байна” гэв.

        Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 45 дугаар гудамж 2225 тоот нийтийн байранд байхад найз охинтойгоо байж байхад манай хажуу талын айлын ах  Дарханбаяр угаадсаа асгасан гээд манай найз охиныг хэл амаар доромжилсон байсан.  Тэгээд манай найз охин а.Саранчимэг манай ажил дээр хүрээд ирсэн. Бид хоёр хамтдаа гэртээ очоод орой 23 цагийн орчим орчимд Дарханбаярын гэр лүү ороод манай найз охиныг яагаад дарамтлаад байгаа юм вэ гэхэд та нараас болсон гээд маргалдсан.Тэгээд намайг шууд хамар луу мөргөсөн. Би байрнаас гараад цагдаа руу залгахад шугам чөлөөгүй гээд ярьж болохгүй байсан. Тэр хооронд Дарханбаяр унтаад өгсөн. Намайг мөргөх үедээ согтуу байсан юм.Би тэгээд хамраа яах вэ? Эхнэр Алтансанаагаас нь асуухад би чамд 100.000 төгрөг өгөөд хамрыг чинь эмчлүүлж өгье гэж хэлсэн. Тэгээд би унтаад өглөө сэрэхэд Дарханбаяр эрүүл болсон байсан. Би тэгээд хамраа эмчлүүлмээр байна гэхэд эхнэртээ хэл гэсэн. Тэгэхээр би сансрын цагдаагийн постон дээр цагдаа дуудаад хамт Дарханбаяр дээр очсон. Тэгээд хамрыг чинь янзлуулж өгнө гэсэн. Түүнээс хойш би хамраа эмчлүүлэх талаар асуухад хавдар нь буухаар үзүүлье гэсэн. Тэгээд миний хамрын хавдар буугаад дахиад асуухад мөнгөгүй боллоо гээд одоог хүртэл явж байгаа тул цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-н 5-9/,

          Гэрч Ц.Саранчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Найз залуу Бишрэлт бид хоёр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45-2225 тоот байрны 1 давхарт 5 тоотод 2 сар амьдарч байна. Манай найз залуу Бишрэлтийг ажилдаа явсан хойгуур нь манай нийтийн байрны өөдөөс харсан хаалгатай айлд амьдардаг Дарханбаяр гэх залуу намайг удаа дараа ам хэлээр доромжлоод, хаалга үүд хүчтэй чангаар тогшоод дарамталдаг байсан. Энэ талаар Бишрэлт бид хоёр 12 дугаар сарын 03-ны өглөө Бишрэлтийн ажил дээр очоод энэ талаар дахиад хэлсэн. Тэгээд Бишрэлт бид хоёр 12 дугаар сарын 03-ны орой 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Тэгээд бид хоёр гэртээ нэлээн сууж байснаа Бишрэлт хажуу айл руу орж хэлнэ гээд гарсан. Тэднийх хаалгаа нээхгүй болохоор чанга тогшиж хаалгын нээгээд Бишрэлт гэрт нь орсон. Харин би өрөөндөө үлдсэн учир юу болсон, юу ярьсан талаар сайн мэдэхгүй байна. Нилээн удсаны дараа Бишрэлт хамраа барьчихсан байсан ба толгой өвдөөд байна, хамраа хугалуулчих шиг боллоо гэж хэлж байсан. Тухайн үедээ ил харагдахаар гэмтэл шарх, цус харагдаагүй гэхдээ удалгүй Бишрэлтийн хамар нь хөхрөөд, хавдаад эхэлсэн. Одоог хүртэл Бишрэлтэд ямар нэгэн хохирол төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

          Гэрч Б.Алтансанаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь-эхийн 2225 тоот нийтийн байрны хашаанд манай нөхөр Ц.Д нь найз Отгонбаяртайгаа хамт жорлонгийн нүх ухаж байсан. Маргааш өглөө нь босоход тухайн ухсан нүхэнд нь угаадас асгаж, хог хаясан байсан. Тэгээд манай нөхөр өөдөөс харсан хаалгатай айлын эхнэрт нь яагаад угаадас, хогоо нүх рүү асгаад байгаа юм вэ гэж хэлсэн чинь асгаагүй юу яриад байгаа юм вэ? гээд байсан. тухайн үед Дарханбаяр нь эхнэртэй хэрэлдээд өнгөрсөн. Тэгтэл 23 цаг өнгөрч байхад түүний нөхөр Бишрэлт нь манай хаалгыг эвдэх гэж байгаа юм шиг нүдээд орж ирсэн. Гэрт орж ирчихээд Дархаа ах давраад байгаарай та би зүгээр өнгөрөөгүй шүү гэж хэлсэн. Тэгээд Бишрэлт Дархаатай хэрэлдээд байхаар нь Дархаа нь чи юу гээд хуцаад байгаа юм вэ гэж хэлсэн. Тэгсэн чинь Бишрэлт нь таныг зүгээр өнгөрөөхгүй гээд Дархаатай заамдалцаад авсан. Дархаа Бишрэлтийг цохих гэж байхад нь хажуунаас нь Отгонбаяр болиулах гээд Дархааг татахад Дархаа Бишрэлтийг цохиогүй, хальт мөргөчихсөн. Тэгээд Бишрэлт өөрөө гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

          Яллагдагч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ч.Бийг мөргөх гэж байхад найз намайг татахад Ч.Бийг дух, хамар хэсгээр шүргэсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

            Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 665 тоот шинжээчийн дүгнэлт:

  1. Ч.Бийн биед хамар ясны далд, хугарал, таславч муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй,
  5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болох гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх-н 19/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 17/

            Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 20-21/,         Ц.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 22/, шийтгэх тогтоолын хуулбар / хх-н 23-33/, Ц.Дт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 45/, прокурорын тогтоол /хх-н 46-47/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 48-49/, Ц.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 51-52/ зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

              Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 44-2225 тоотод Ч.Бтэй хог нүхэнд хаясан, хаалга хүчтэй цохисон гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хамар хэсэгт нь мөргөж түүнд хамар ясны  далд хугарал, таславч мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

         Хохирогч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Дарханбаярын гэр лүү ороод манай найз охиныг яагаад дарамтлаад байгаа юм вэ гэхэд та нараас болсон гээд маргалдсан.Тэгээд намайг шууд хамар луу мөргөсөн гэсэн мэдүүлэг,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 665 тоот шинжээчийн дүгнэлтээр Ч.Бийн биед хамар ясны далд, хугарал, таславч муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,гэмтэл нь шүүх эмнэлэийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, гэмтлүүд нь хэрэг болох гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэж тогтоогджээ.

          Гэрч Ц.Саранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  Нилээн удсаны дараа Бишрэлт хамраа барьчихсан байсан ба толгой өвдөөд байна, хамраа хугалуулчих шиг боллоо гэж хэлж байсан. Тухайн үедээ ил харагдахаар гэмтэл шарх, цус харагдаагүй гэхдээ удалгүй Бишрэлтийн хамар нь хөхрөөд, хавдаад эхэлсэн гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Алтансанаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...түүний нөхөр Бишрэлт нь манай хаалгыг эвдэх гэж байгаа юм шиг нүдээд орж ирсэн. Гэрт орж ирчихээд Дархаа ах давраад байгаарай та би зүгээр өнгөрөөгүй шүү гэж хэлсэн. Тэгээд Бишрэлт Дархаатай хэрэлдээд байхаар нь Дархаа нь чи юу гээд хуцаад байгаа юм вэ гэж хэлсэн. Тэгсэн чинь Бишрэлт нь таныг зүгээр өнгөрөөхгүй гээд Дархаатай заамдалцаад авсан. Дархаа Бишрэлтийг цохих гэж байхад нь хажуунаас нь Отгонбаяр болиулах гээд Дархааг татахад Дархаа Бишрэлтийг цохиогүй, хальт мөргөчихсөн гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Ц.Д нь өөрийн амьдарч байсан газарт жорлонгийн нүх ухаж байхад нь Ч.Бийн найз охих Саранчимэг хогоо уг нүхэнд хаясан гэсэн асуудлаас болж найз охин дарамталлаа гэж хэлсэнээс болж Ц.Д түүний хамар орчимд нь нэг удаа мөргөсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ч.Б нь хамраа эмчлүүлмээр байна, одоо эмчлүүлж чадаагүй байгаа, мөнгөний боломжгүй учир гэсэн тул хамраа эмчлүүлэхэд гарах зардлыг нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 Шүүгдэгч Ц.Дт ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Ц.Дыг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Дт энэ тогтоолоор оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 284 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 644 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуурийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Ц.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Д нь хохирол төлөөгүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Хохирогч Ч.Б нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

       8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН