| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2016/00557/и |
| Дугаар | 541 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1961 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг Бор толгойн 3-12 тоотод оршин суух Цорс овогт Даваасүрэнгийн Сэнгиймаа /РД:АЖ61050406/-ийн хүсэлттэй,
Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн Дойт бригадад 1985 оны 3-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг нээлттэй хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Сэнгиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Сэнгиймаа шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Архангай аймгийн Өгийнуур суманд 8-р анги төгсөөд Хөдөө аж ахуйн ТМС-д 2 жил суралцаж төгссөн. Би 1985 оны 3-р сарын 1-ний өдрөөс 1985 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл Өгийнуур сумын Дойт бригадын мал төллүүлэх базад малын санитарчнаар ажиллаж байсан. Эцэг, эхийн хамт тусдаа гарах хүртлээ мал маллаж байсан. Тусдаа гараад өвсний фондын сахиул болсон. Өвсний фондын сахиул байхдаа хувийн мал маллаж байсан. Мөн өвсний фондын сахиулаар 1990 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 9-р сарын 23-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа, үйлдвэрчний эвлэлийн батлах, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт бригадад 1985 оны 3-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Сэнгиймаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Гэрч Б.Пагамсүрэнгийн өгсөн ... Би 1971 оноос 1992 оныг хүртэл хугацаанд Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Сэнгиймаа нь 1985 оны 5-р сараас 1992 оныг дуустал Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн Өвсний фондод манаачаар ажиллаж байсан. Манайх Өгийнуур сумын Дойт бригадад нутагладаг байсан. Уг өвсний фонд нь манай зуслангийн газартай саахалтын зайтай байсан. Тэр үед Д.Сэнгиймааг Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн Өвсний фондод манаачаар ажилладаг байсан. Бид нар өвөл, хавар нь өвс авдаг байсан болохоор ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна ... гэх,
гэрч Ж.Наранчимэг өгсөн ... Би 1985 оноос 1990 оныг хүртэл Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд ГА-53 тэргийн жолоочоор ажиллаж байсан. Д.Сэнгиймаа нь 1985 оны 5-р сараас 1990 оныг уустал Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн өвсний фондод манаачаар ажиллаж байсан. Би жил болгон тус өвсний фондод намар өвс ачиж аваачиж өгч, өвөл, хавар нь тус фондоос өвс авч, малчдад тарааж өгдөг байхад Д.Сэнгиймаа нь өвсний фондын хашаанд гэртэйгээ байдаг байсан. Иймд Д.Сэнгиймааг Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн өвсний фондод манаачаар ажиллаж байсныг сайн мэдэж байна... гэх мэдүүлгүүд.
Хүсэлт гаргагч Д.Сэнгиймаа нь Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд 1985 оны 3-р сарын 1-ний өдрөөс 1985 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малын санитарчаар, 1985 оны 5-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 7-р сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, 1990 оны 7-р сарын 31-ний өдрөөс 1992 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өвсний фондын манаачаар тус тус ажиллаж байсан болох нь Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн даргын 1985 оны 3-р сарын 21-ний өдрийн 15 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 9-р сарын 30-ны өдрийн 62 тоот “Өр хөнгөлөх тухай” тогтоол, Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн даргын 1990 оны 7-р сарын 31-ний өдрийн 41 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн даргын 1992 оны 4-р сарын 30-ны өдрийн 09 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Өгийнуур сумын “Туяа” нэгдлийн өмч хувьчлалын материал, гэрч Б.Пагамсүрэн, Ж.Наранчимэг нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд 1985 оны 3-р сарын 1-ний өдрөөс 1985 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малын санитарчаар, 1985 оны 5-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 7-р сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, 1990 оны 7-р сарын 31-ний өдрөөс 1992 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өвсний фондын манаачаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Д.Сэнгиймаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Сэнгиймаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цорс овогт Даваасүрэнгийн Сэнгиймаа /РД:АЖ61050406/-ийн Архангай аймгийн Өгийнуур сумын “Туяа” нэгдэлд 1985 оны 3-р сарын 1-ний өдрөөс 1985 оны 5-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малын санитарчаар, 1985 оны 5-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 7-р сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, 1990 оны 7-р сарын 31-ний өдрөөс 1992 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өвсний фондын манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Сэнгиймаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН