| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/0697/З |
| Дугаар | 887 |
| Огноо | 2017-11-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 887
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,
Нэхэмжлэгч: “Ш” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Нийслэлийн Газрын алба
Нэхэмжлэлийн шаардлага: “Ш” ХХК-ийн ********* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахыг хүссэн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн В/109 дүгээр хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш” ХХК нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 401 дүгээр шийдвэрийн дагуу нэгж талбарын 2/0065 дугаартай, 452 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай, эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг. Бид Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тухайн үеийн нэршлээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт гаргасан. Гэвч гэрчилгээний хугацааг сунгахгүй байсан ба учир шалтгааныг асуухад ажилчид амарсан, сонгуулийн ажилтай, сонгууль болж өнгөрсний дараа нийслэлийн өмчийн харилцааны газрын бүтэц өөрчлөгдөж байгаа учраас газар эзэмших эрхтэй холбоотой аливаа хүсэлт, өргөдөл шийдвэрлэхгүй байгаа, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хариуцах мэргэжилтэн байхгүй гэх шалтгаанаар бичгээр бус үргэлж амаар тайлбарлаж ирсэн.
Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулагч н.Т******* гэх мэргэжилтэн дээр дурдсан газар эзэмших эрхийг сунгах асуудлыг хариуцаж байх ба тэрээр гэрчилгээний хугацааг яагаад сунгахгүй байгаа үндэслэл, шалтгааныг тодорхой тайлбарлаж хэлээгүй, Нийслэлийн газрын албанаас бичгээр өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.
Энэхүү газар эзэмших эрхийг “Ш” ХХК-ийн охин компани хөрөнгө оруулалтын зорилгоор гуравдагч этгээдэд барьцаалуулсан ба барьцаалагч талаас газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, эрхийн зөрчилгүй болгохыг удаа дараа шаардаж байгаа бөгөөд хэрэв сунгалгүй удааширсан нөхцөлд зээлийг буцаан татах, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Энэ нь бидний бизнесийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулж байгаа бөгөөд Нийслэлийн газрын албаны буруутай үйл ажиллагаа нь нэхэмжлэгч талын хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна гэж үзэх үндэстэй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу “Ш” ХХК-ийн эзэмшлийн ********* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахыг хүссэн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн в/109 хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн газрын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн газрын албанд даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 401 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 452 м.кв контор, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар “Ш” ХХК-д эзэмшүүлсэн газар нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 185 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2140 м.кв үйлчилгээний зориулалтаар “Ө******* ******* *******" ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцаж байгаа талаар мэдэгдэж байсан. Орц гарцын асуудал болон газрын давхцалын асуудлыг шийдвэрлэсний дараагаар нь газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжтой юм.
Манай албанаас “Ш" ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/136 дугаар албан бичгээр барилгын сууриар кадастрын зургийг дахин хийлгэж ирүүлэх талаар мэдэгдсэн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Ш” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдуулан гаргасан ““Ш” ХХК-ийн ********* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахыг хүссэн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн В/109 дүгээр хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгох;”, 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ.” гэж заасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга , Нийслэлийн Газрын албыг энэ хэрэгт хариуцагчаар оролцуулж, шийдвэрлэсэн болно.
Төрийн өмчийн хорооны 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 255.72 м.кв талбай бүхий Төрийн өмчийн 23 дугаар байрны үнийг бүрэн төлсөн тул “М ******* *******” ХХК-д өмчлөгчийн эрхийг шилжүүлж, 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2/534 дүгээр албан бичгээр дээрх барилгын газар эзэмших эрхийг “М ******* *******” ХХК-д шилжүүлж өгөхийг хүсжээ.
Улмаар “М ******* *******” ХХК нь 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/11 дүгээр албан бичгээр тус газрыг “Ш” ХХК-д шилжүүлэх, “Ш” ХХК нь газрын хэмжээг хашааны хэмжээгээр 452 м.кв газар болгон эзэмшил талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд гаргаж шийдвэрлүүлсний дагуу “Ш” ХХК Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 452 м.кв газрыг эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, газар эзэмших эрхийн ********* дугаар гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд хэргийн оролцогчид “Ш” ХХК-ийн газар эзэмших эрхийн талаар маргаагүй байна.
Тус газар эзэмших эрхийн гэрчилгээний 5 жилийн хугацаа дуусахад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;” гэж заасан эрхийнхээ хүрээнд “Ш” ХХК 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн В/109 дүгээр албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар өргөдөл гаргажээ.
Нийслэлийн Газрын албаны 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/136 дугаар албан бичгээр “...танай компанийн эзэмшиж буй нэгж талбар нь Улаанбаатар хотын газрын мэдээллийн санд алдаатай бүртгэгдсэн байх тул уг зөрчлийг арилгаж барилгын сууриар кадастрын зургийг дахин хийлгэж ирүүлсэн шаардлагатай байгааг мэдэгдэж байна.” гэсэн хариуг нэхэмжлэгч компанид өгсөн байна.
Төрийн өмчийн хорооны 0******* дүгээр гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 288 м.кв, нэгж талбарын 1******* дүгээр газрын кадастрын зураг болон “Ш” ХХК-ийн кадастрын зургийг харьцуулан үзвэл “Ш” ХХК-ийн эзэмших эрх бүхий газрын баруун хойд цэг буюу 2 дугаар эргэлтийн цэг Төрийн өмчийн хорооны эзэмшиж байсан газрын баруун хойд цэг буюу 3 дугаар эргэлтийн цэгтэй тохирч байна. Мөн Төрийн өмчийн хорооны эзэмшиж байсан 288 м.кв газрын хойд эргэлтийн цэгийг байшингийн эргэлтийн цэгээс тусад нь тэмдэглэсэн байсан боловч “Ш” ХХК-ийн нэр дээр бүртгэхдээ байшин болон газрын талбайг нэгтгэсэн байдлаар тэмдэглэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Дээрхээс үзвэл “...газрын кадастрын мэдээллийн санд алдаатай бүртгэгдсэн ... байшингийн сууриар кадастрын зураг хийлгэх ёстой ...“ гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн үйлдэл Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахаар заасантай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Ш” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмших ямар нөхцөлийг зөрчсөн болохыг тодорхой заагаагүй, “Ш” ХХК-ийн шилжүүлэн авч эзэмшиж байгаа газрын эргэлтийн цэг өөрчлөгдөөгүй байхад нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрын хэмжээг багасган, байшингийн сууриар зураг хийлгэх шаардлага тавьсан хариуцагч Нийслэлийн газрын албаны үндэслэл тодорхойгүй бөгөөд хууль бус болжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ш” ХХК-ийн ********* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахыг хүссэн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн В/109 дүгээр хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/1858 дугаар албан бичиг , хариуцагч Нийслэлийн Газрын албанаас ирүүлсэн “Газрын байршлын кадастрын зураг”-аас үзвэл “Ш” ХХК, “Ө******* ******* *******” ХК-иудын эзэмшиж байгаа газар ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.
Хэрэв дээрх компаниуд газар эзэмших эрхтэй холбогдуулан маргаантай бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрхтэй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Ш” ХХК-ийн ********* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахыг хүссэн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн В/109 дүгээр хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын алба тус бүрээс 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН