Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2021/0019/З |
Дугаар | 221/МА2021/0201 |
Огноо | 2021-04-30 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2021/0201
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, хариуцагч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 136 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн гомдолтой, нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 136 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.6, 14.6.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “М” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, Б.Б нарын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0295645 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 8,381,925.10 төгрөгийн нөхөн татвар, 2,514,577.50 төгрөгийн торгууль, 1,676,385 төгрөгийн алданги нийт 12,572,887.60 төгрөгийг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д давж заалдах гомдолдоо: Манай компани нь автомашины моторт ээлж хийхдээ засвар, сэлбэг хэрэгсэл худалдаж авсан. Гэтэл хариуцагч нар шийтгэл оногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл Аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл үнэн зөв, анхан шатны баримт дээр үндэслэгдэх ёстой гэсэн зүйл, заалтыг зөрчсөн гэж үзсэн.
Бидний хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Энэ хуулийн 12.1.6-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцно” гэж заасны дагуу сэлбэг хэрэгсэл авснаа анхан шатны баримтаар нотолж, автомашины сэлбэг хэрэгслийн үнийн дүнгийн 5 хувь нь урсгал зардалд орж, үлдсэнийг капиталжуулж, ашиглагдах жилдээ ногдуулж, элэгдлийн зардлаар хасаж ирсэн. Энэ үндсэн хөрөнгө бус тухайн автомашины явуулах зорилгоор авсан сэлбэгийн анхан шатны баримтыг шүүх анхаарч үзээгүй байна.
Мөн шүүх Сангийн сайдын 2017 оны 361 дүгээр тушаалыг баримтлан шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагчийн зөрчил ногдуулсан үйл явдал 2016 онд бөгөөд шүүх тухайн үед мөрдөгдөөгүй байсан журмыг баримталсан байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ..
Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийг төсөвт төлөх татвараа бууруулсан” гэх 263,252,868.20 төгрөгийн зөрчилд 19,550,763 төгрөгийн нөхөн татвар, 6,910,216 төгрөгийн торгууль, 4,471,310 төгрөгийн алданги, нийт 30,932,289 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн”-ийг “М” ХХК эс зөвшөөрч “үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсон гэх 83,819,251 төгрөгийн зөрчилд 8,381,925 төгрөгийн нөхөн татвар, 2,514,577.50 төгрөгийн торгууль, 1,676,385 төгрөгийн алданги, нийт 12,572,887.60 төгрөгийн төлбөр оногдуулсныг хүчингүй болгуулах”-аар шүүхэд гомдол гаргасан.
Дээрх гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагч хуулийн этгээдээс “хариуцагч нар шийтгэл оногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл үнэн зөв, анхан шатны баримтад үндэслэгдэх ёстой гэснийг зөрчсөн” гэж давж заалдах гомдлыг гаргаж маргаж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 он/ хуулийн 4 дүгээр зүйлд хуулийн нэр томъёоны тодорхойлолтыг зааж өгсөн бөгөөд 4.1.2-т “бараа”-г мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.2-д “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн” гэж, 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна” гэж 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэж, 14.6.1-д “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг” гэж тус тус зааснаас үзвэл, татвар төлөгчийн төсөвт төлөх албан татвараас хасахгүйгээр маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан нь үндэслэлтэй. Учир нь хууль тогтоомжид албан татварт хасалт хийхийг шууд буюу хоёрдмол утгагүйгээр тодорхой заасан байхад тухайн ойлголтыг бусад хууль тогтоомжтой холбож, тухайлбал гомдол гаргагчийн “...автомашины дугуй бол сэлбэг хэрэгслийн зардал, автомашины мотор худалдаж аваагүй, сэлбэг хэрэгсэл худалдаж авсан..” гэх хувийн эрх зүйтэй холбох шаардлагагүй тул энэ талаар давж заалдах гомдол үндэслэлгүй.
Тиймээс, “...“М” ХХК нь орлого олж байгаа, шатахуун зөөж байгаа автомашиндаа мотор худалдаж авсан, автомашины мотор, сэлбэгийг үндсэн хөрөнгө гэж бүртгэсэн...автомашины мотор нь 12 сараас дээш хугацаагаар ашиглагддаг учраас үндсэн хөрөнгө...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.
Нөгөөтэйгүүр гомдол гаргагч нь гадаад худалдаа, худалдааны зуучлал, автомашины засвар, үйлчилгээ, хот хооронд ачаа тээвэрлэлт буюу шатахууны тээвэрлэлтийн үйлчилгээг эрхэлдэг хуулийн этгээд байх бөгөөд зөрчлийн материалаас үзвэл, 2016-2017 онд автомашины моторын сэлбэг хэрэгсэл худалдан авч, уг худалдан авалтдаа НӨАТ төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс гомдол гаргагч хуулийн этгээдийг “байгууллагын автомашинтай холбоотойгоор бараа, тоног төхөөрөмж худалдан авсан” гэдгийг үгүйсгээгүй, гагцхүү “М” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тухай дүгнэж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн нь хуульд нийцжээ.
Мөн түүнчлэн давж заалдах гомдол дурдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заасны дагуу автомашины сэлбэг хэрэгслийн үнийн дүнгийн 5% нь урсгал зардалд орж, үлдсэнийг капиталжуулж, ашиглагдах жилдээ ногдуулж, элэгдлийн зардлаар хасч ирсэн, энэ нь үндсэн хөрөнгө бус тухайн автомашиныг явуулах зорилгоор авсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах, төсөв төлөхтэй холбогдсон харилцааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар зохицуулах бөгөөд 14 дүгээр зүйлд “хасалт хийх харилцааг” журамлаж өгсөн тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН