Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 129

 

Б.Тод-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/01003 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Тод-Эрдэнэ,

Хариуцагч “Миг даатгал” ХХК, “Төрийн банк” ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөр 5 428 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа,

Хариуцагч “Миг даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нямаа, Я.Отгондаваа,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март, өмгөөлөгч Д.Золзаяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар татсан “Төрийн банк” ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 5 428 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч “Миг даатгал” ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 428 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.Тод-Эрдэнэ нь 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Төрийн банк” ХХК-ийн лизингийн зээлээр приус-20 маркийн 26-78 УНЯ улсын дугаартай автомашиныг худалдан авсан. Төрийн банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр 12 800 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатайгаар зээлж авсан.

“Төрийн банк” ХХК нь лизингзэр автомашин худалдан авахад заавал даатгуулах шаардлагатай гэсэн учраас “Миг даатгал” ХХК-ийг сонгож даатгалын үйлчилгээнд хамрагдаж, автомашинаа бүрэн даатгуулсан юм. Б.Тод-Эрдэнэ нь лизингээр худалдан авсан автомашинаа нэг жил гаруй хугацаагаар ашиглаж байх явцад 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хулгайд алдаж, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр автомашин нь осолд орсон байдлаар олдсон байдаг. Б.Тод-Эрдэнэ нь энэ тухайгаа цагдаагийн байгууллага болон “Миг даатгал” ХХК-д мэдэгдэж, 3 тал байлцаж, хэргийн газар үзлэг хийсэн.

Б.Тод-Эрдэнэ нь үнэлгээний компаниар автомашины эвдрэлийг үнэлүүлэхэд 5 210 000 төгрөг, бусад зардалд 210 000 төгрөг зарцуулсан. Өнөөдрийн байдлаар Б.Тод-Эрдэнэд 5 428 000 төгрөгийн хохирол учраад байгаа. Банкны ажилтан”Миг Стандарт” нөхцөлөөр даатгал хийж, 0.6 хувийн хураамж авсан, даатгалын гэрээт баталгаа бичихдээ “Миг Макс” нөхцөл дээр тэмдэглэсэн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөрөхгүй байна. Б.Тод-Эрдэнэ “Миг даатгал” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээгээр Тоёота Приус-20 маркийн автомашиныг “Миг Макс” төрлийн даатгалаар даатгуулсан хулгайн эрсдэл нь даатгалын тохиолдолд хамаарч байгаа юм. Иймд хариуцагч “Миг даатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрийн хохиролд 5 428 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Миг даатгал” ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нямаа, Я.Отгондаваа нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миг даатгал” ХХК нь “Төрийн банк” ХХК-тай даатгалын зуулчлалаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байдаг. Б.Тод-Эрдэнэ нь 26-78 УНЯ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн автомашиныг лизингээр худалдан авахдаа тээврийн хэрэгслийн даатгалын жилийн 0.6 хувийн хураамж төлдөг “Миг Стандарт” нөхцөлөөр 2 жилийн хугацаатайгаар даатгалын гэрээ байгуулж, нийт 1.2 хувийн хураамж төлсөн. Талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 0065174 тоот гэрээ байгуулагдсан. Б.Тод-Эрдэнэ нь 2014 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-ны өдөрт шилжих шөнө автомашинаа хулгайд алдсан талаар манай байгууллагад хандсан.

“Миг даатгал” ХХК-ийн зүгээс гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдол мөн эсэхийг газар дээр нь очиж үзэн, тэмдэглэл үйлдсэн байгаа. Б.Тод-Эрдэнэ нь “Миг стандарт” нөхцөлөөр гэрээ байгуулж, зохих хувь хэмжээгээр хураамж төлсөн байдаг. “Миг стандарт” нөхцөлд хулгайн эрсдэл хамаарахгүй гэж албан бичгээр хариуг өгсөн. Дээрх асуудал шийдэгдсэн гэж үзсэн. Гэтэл шүүхэд хандсан байна. Б.Тод-Эрдэнэ нь даатгалын суурь хураамжийг 0.6 хувиар төлсөн. Энэ нь “Миг стандарт” нөхцөлийн хэмжээ.

Хамтран ажиллах гэрээний 4.2.2-т тээврийн хэрэгслийн даатгалын 10 гаруй эрсдэлийг тодорхойлсон. Зөвхөн стандарт нөхцөлөөр даатгал хийх эрхийг “Төрийн банк” ХХК-д олгосон байгаа. Энэ нөхцөлд хулгайн эрсдэл хамаардаггүй болно. Хамтран ажиллах гэрээний 4.2.4-т даатгалын үнэлгээ хураамжийн асуудлыг тусгаж өгсөн.          Даатгалын үнэлгээ нь зах зээлийн үнэ байна. Даатгалын зүйл нь автомашин байна. Даатгалын хураамж нь 1 жилийн 0.6 хувь байна гэх мэт маш тодорхой заасан байгаа. Мөн гэрээний 4.2.2-т даатгалын 10 төрлийн эрсдэлийг заасан бөгөөд үүний дагуу даатгалын гэрээт баталгааг “Төрийн банк” ХХК-ийн ажилтан бичдэг. Хавтаст хэрэгт Б.Тод-Эрдэнэ нь гэрээт баталгааны хуудсыг эх хувиар өгсөн нь авагдсан байх тул гэрээт баталгааны 8.5-т зааснаас даатгалын эрсдэлийг харж болно. Дээрх баримтуудаас үзэхэд Б.Тод-Эрдэнэтэй “Миг Стандарт” нөхцөлөөр гэрээ байгуулсан нь харагдана. Даатгалын гэрээг “Миг даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 72 тоот тушаалаар батласан Даатгалын шинэ бүтээгдэхүүний нөхцөлийг үндэслэсэн. Дээрх тушаалын 1 дүгээр хавсралтаар авто тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгалын шинэ бүтээгдэхүүний нөхцөлөөр даатгахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа. Үүнд: Даатгалын зүйл, даатгалын эрсдэл, даатгалын үнэлгээ хураамж хариуцлагын хязгаар, даатгалын нөхөн төлбөр, нөхөн төлбөр олгох хувь хэмжээ, даатгалын тэрээ байгуулах зэргийг тусгаж өгсөн.          

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэсэн заалтыг үндэслэн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох боломжгүй гэж үзнэ. Банкны ажилтан “Миг стандарт” нөхцөлөөр даатгал хийж, 0.6 хувийн хураамж тооцсон байж, гэрээт баталгаа бичихдээ 3 хувийн хураамж төлдөг “Миг макс” нөхцөл дээр тэмдэглэгээ хийсэн байгааг “Мик макс” нөхцөлөөр даатгуулсан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн Б.Тод-Эрдэнэ нь дээрх тээврийн хэрэгслийг банкны лизингээр худалдан авахдаа манай тээврийн хэрэгслийн даатгалын жилийн 0.6 хувийн хураамж төлдөг “Миг стандарт” нөхцөлөөр 2 жилийн хугацаагаар даатгуулж, 1.2 хувийн хураамж төлж, 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 00655174 тоот гэрээ байгуулсан нь манай мэдээллийн санд “Retail Insuranse System”-д хэрхэн бүртгэгдсэн байдалд үзлэг хийлгэн, тодруулах хүсэлтийг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “Төрийн банк” ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Тод-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Төрийн банк” ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 5 428 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, 437 дугаар зүйлийн 437.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Миг даатгал” ХХК-д холбогдох 5 428 000 төгрөг гаргуулах тухай Б.Тод-Эрдэнийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох 5 428 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Б.Тод-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мартын татгалзлыг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэнии хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тод-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 800 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байна. Шүүх “Миг даатгал” ХХК Б.Тод-Эрдэнэ нарын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсанд талуудын хэн аль нь маргаагүй. “Миг даатгал” ХХК нь Хадгаламж банктай 2012 онд хамтран ажиллах гэрээ байгуулж тус гэрээгээр тухайн банк нь зөвхөн “миг стандарт” ангилалын даатгалын үйлчилгээг зуучлах эрхтэй гэж тайлбарладаг. Гэтэл Даатгалын тухай хууль болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан зуучлал эрхлэх үйл ажиллагаа нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрхтэй ба энэхүү тусгай зөвшөөрлийн үндсэн дээр даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхэлнэ. Иймд тусгай зөвшөөрөлгүй аж ахуй нэгжтэй даатгалын зуучлал хийхийг хориглодог.

Талуудын хооронд байгуулагдсан 0065174 тоот гэрээ нь даатгалын хураамжийн хувь хэмжээ байхгүй ба тухайн иргэн өөрийгөө ямар ангилалд даатгуулсан, тухайн ангилалд ямар эрсдэлүүд хамаарахыг шууд харах боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн даатгалын төрлүүдийн хувь хэмжээ тодорхой бус байснаас даатгалын баталгааны хуудас дээр бичигдсэн бичилтээр даатгалын төрлийг тодорхойлох боломжтой юм. Мөн Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээ нь даатгалын гэрээний хугацаа дуусах дахин сунгахтай холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхад тухайн үйл баримтад огт нийцэхгүй ба мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн гэрээний гол нөхцөл маш тодорхой байхад 198.2 дахь хэсэг буюу “гэрээний аль нэг нөхцөлийн утга ойлгомжгүй бол” гэж тухайн хэргийн үйл баримтад огт нийцэхгүй хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч Б.Тод-Эрдэнэ нь хариуцагч “Миг даатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 5 428 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч даатгуулагчтай  стандарт нөхцөлөөр гэрээ байгуулсан тул хулгайн эрсдэлээс учирсан хохирлыг төлөх үүрэг даатгагчид үүсээгүй гэж, нэхэмжлэгч нь даатгалын гэрээг “Миг макс” нөхцөлөөр байгуулсан тул хулгайн эрсдлээс үүссэн хохирлыг нөхөн төлөх үүрэг гэрээгээр үүссэн, энэ нь “Төрийн банк” ХХК-ийн ажилтны Тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгалын баталгааны хуудсан дахь даатгалын төрөл хэсэгт “Миг макс” гэж тэмдэглэснээр нотлогдоно гэж мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан баримтаар даатгуулагчийн автомашин хулгайд алдагдсаны улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон талаар зохигчид маргаагүй байна.

            Гэвч хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Тод-Эрдэнэ нь 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Төрийн банк” ХХК-ийн лизингийн зээлээр худалдан авсан Приус-20 маркийн 26-78 УНЯ улсын дугаартай автомашинаа “Миг даатгал” ХХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалд 2 жилийн хугацаатай даатгуулж, автомашины үнэ 12 800 000 төгрөгөөс жилийн 0,6 хувиар тооцож 153 600 /76800*2 жил/ төгрөгийн даатгалын хураамж төлсөн. /хх-54, 88-90/ 

Түүнчлэн банк даатгалын компанийн хамтран ажиллах тухай 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14/2-276 дугаар гэрээний “Дөрөв” дэх “Тээврийн хэрэгслийн даатгал” хэсгийн 4.2.2-т заасан даатгалын эрсдлийн төрөлд хулгайн эрсдэл заагдаагүйгээс гадна 4.2.4-т даатгалын хураамжийг автомашины үнийн дүнгийн 0,6 хувь байхаар заасан нь “Миг макс” нөхцөлөөр гэрээ байгуулах талаарх зохицуулалт уг гэрээнд тусгагдаагүй байна. /хх-63-66/

Мөн даатгуулагчид Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт зааснаар гардуулсан Тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгалын баталгааны 8.5-д хулгайн эрсдэлээс үүдсэн хохирлын нөхөн төлбөрийг олгохгүй буюу “0%” болохыг заасан.

            Дээрх баримтуудыг харьцуулан үзвэл баталгааны хуудсанд “Миг макс” нөхцөл гэсэнд тэмдэглэгээ хийснээр даатгуулагч нь уг нөхцөлөөр гэрээ байгуулсан байх боломжгүй, харин жилийн 0,6 хувийн даатгалын хураамжтай “Миг стандарт” нөхцөлөөр тээврийн хэрэгслээ даатгуулж, талууд гэрээний 8.5-д заасан хулгайн эрсдлээс үүдсэн хохирлыг нөхөн төлөхгүй нөхцөлийг харилцан тохиролцсон гэж үзнэ.

Дээрхээс дүгнэвэл Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан хэлэлцэн тохиролцсон даатгалын нөхөн төлбөрийг шаардах үндэслэл нэхэмжлэгчийн хувьд үүсээгүй, мөн даатгагчид нөхөн төлбөр төлөх үүрэг үүсэхгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн дээр дурдсан заалт болон Даатгалын баталгааны 8.5-д заасныг зөрчөөгүй байна. 

Шүүх хэргийн дээрх үйл баримт, нөхцөл байдлын талаарх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Төрийн банк” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх ажиллагаа явуулсан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад банканд холбогдуулсан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/01003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ