Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01057

 

Ж.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхий    

         2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 786 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00013 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ж.Б

          Хариуцагч: Ед холбогдох

     Баян-Өлгий аймгийн Е захирлын 2017 оны 85 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн төлөөлөгч Х.Х хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, нарийн бичгийн дарга  Э.Боролдой нар оролцов.

     Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Б намайг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-02-16-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд иргэний боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогч биелүүлэн 2017-09-28-ны өдөр 81 тоот тушаалаар тус сургуульд Иргэний боловсролын багшийн ажилд томилсон. Гэтэл тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Хайрат нь намайг шүүхээр ялсан явдалд өсөрхөн, ажилд орсноос хойш 3 хоногийн дараа ажил олгогчийн 2017-10- 02-ны өдөр 85 тоот тушаалаар  үндсэн цалинг 2017-10-02-ны өдрөөс гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.  Ямар нэгэн  зөрчил гаргаагүй. Иймд Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 85 тоот тушаалын хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

         Хариуцагч нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Ж.Быг 2017 оны 74 тоот тушаалаар үндсэн мэргэжлийн дагуу аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 212/МА2017/00065 дугаар магадлал, Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1 дэх заалт, Захирлын дэргэдэх зөвлөлийн 2017-08-30-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Англи хэлний цагийн түр багшаар ажиллуулсан. Ер нь өнгөрсөн 2016 оны 109 тоот тушаалаар түр багшаар томилогдсон байсан. Аймгийн Мэргэжлийн Хяналтын газар иргэдээс ирсэн гомдол, өргөдлийн дагуу Ж.Бы бичиг баримтыг шалгуулахад Англи хэлний багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй тул Иргэний боловсролын хичээл зааж байгаа нь зөрчил байна. Иргэний боловсролын хичээлийг түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, багшлах эрхтэй хүн заах болно гэсэн 2017 оны 3/27 албан бичиг ирсэн. 2017-08- 31-ний өдөр Ж.Бд Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, Англи хэлний багшаар түр хугацаагаар томилж байна, цаашид ч ажиллуулах болно гэж мэдэгдэхэд захирал Х.Хайрат  доромжилсон. 2017-09- 01-нээс эхлэн Англи хэлний багшаар ажиллаж хичээлээ зааж эхэлсэн. Мэргэжлийн дагуу ажиллаж байгаад Ж.Б шийдвэр, магадлалаар Иргэний боловсролын хичээл заах ёстой гэж Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар 2017 оны 81 тоот тушаалаар Иргэний боловсролын хичээлийн багшаар томилсон. Иргэн Ж.Б 2017-09-27-ны өдрийн 15:00 цагийн орчимд захирлыг доромжилсон. Ж.Бы талаар Сургуулийн ёс зүйн хороонд өргөдөл бичиж, ёс зүйн асуудлыг авч хэлэлцэж шийдвэр гарсан болно. Сургуулийн ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн багш Ж.Баас Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 дахь заалт, Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 85 тоот тушаалаар 3 сар хүртэл хугацаагаар цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан болно. Иймд багш Ж.Бд авсан 2017-10-02 ны өдрийн 85 тоот тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

        Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 786 шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны “Арга хэмжээ авах тухай” 85 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

        Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00013 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ж.Б ажил олгогчоо  доромжилж зөрчил гаргасан явдлыг сургуулийн багш ажилтнуудын ёс зүйн хороогоор авч хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн билээ. Ж.Бы гаргасан зөрчил тогтоогдсон мөртлөө зөвхөн нэг талын ашиг сонирхлын үүднээс миний тушаал шийдвэрийг хүчингүй болгосон  шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажил олгогчоо доромжилж, ёс бус хэллэгээр доромжилсон явдлыг зөрчилд тооцох боломжгүй гэж шүүхээс үзэж байгаа нь ажил олгогчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан хууль бус үйлдлийг өөгшүүлэн дэмжсэн явдал боллоо. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийн 3.3.6-д зааснаар “Ёс зүйн зөрчилд ногдуулсан хариуцлагыг үндэслэлгүй эсвэл, хүндэдсэн гэж үзвэл тухайн багш 30 хоногийн дотор зөвлөлд бичгээр гомдлоо гаргаж болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, сургуулийн багш ажилтны ёс зүйн хороо буруу дүгнэлт гаргасан гэж үзвэл 30 хоногийн дотор зөвлөлд бичгээр гомдлоо гаргах ёстой байсан. Хэрэв ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд хандах ёстой байсан. Ж.Б нь 30 хоногийн дотор ёс зүйн зөвлөлд бичгээр гомдлоо гаргаагүй нь ёс зүйн зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн явдал болно. Нэгэнт ёс зүйн зөвлөлд бичгээр гомдол гаргаж шалгуулаагүй багшийн ёс зүйтэй холбоотой гомдлыг шүүх шууд хүлээн авч хэрэг үүсгэн шийдвэрлэж байгаа нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг зөрчсөн явдал болсон. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ж.Б 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 4-р бүрэн дунд сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, захирлын 2017 оны 85 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг шаардаж, үндэслэлээ “...шүүхийн шийдвэрээр 2017-09-28-ны өдөр ажилдаа орсон боловч захирал ажилд орсноос хойш 3 хоногийн дараа буюу 2017-10-02-ны өдөр 85 дугаартай тушаал гаргаж, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан...” гэжээ.

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч нь 2017-09-27-ны өдрийн 15.00 цагийн орчим захирлыг доромжилсон...энэ талаар сургуулийн ёс зүйн хороонд өргөдөл бичиж ...ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн арга хэмжээ авсан...” гэсэн тайлбар өгсөн байна.  /хх 17/

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 4-р бүрэн дунд сургуулийн захирал 2017-10-02-ны өдөр 85 дугаартай тушаал гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2, сургуулийн ёс зүйн хорооны хурлын шийдвэр гарсан гэсэн үндэслэлээр Ж.Бы цалинг 2017-10-02-ны өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар 20% бууруулсан байна.  /хх 3, 6/

      Хариуцагч тухайн сургуулийн Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан гэх бөгөөд ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлд /хх 20-23/ тусгаснаар нэхэмжлэгчийг “...ёс зүйн доголдолтой...” гэж үзсэн хэдий ч Ж.Б “Багшийн ёс зүйн дүрэм”-ийн ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй, ёс зүйн хорооны шийдвэр хэрэгт байхгүй тул хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

      Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна.

     Хариуцагчийн тушаал үндэслэлгүй буюу Ж.Б нь ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.

      Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 786 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00013 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ