Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 190

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Хулан,

улсын яллагч: Н.Гэрэлмаа,

шүүгдэгч: Б.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906015282287 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Д,

Холбогдсон хэргийн талаар:

           Б.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн  7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мт БНСУ-н виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч мэхлэх аргаар 2.950.000 төгрөгийг залилан авсан,

            2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт П.Тд БНСУ-н виз гаргаж өгнө,виз гарсан гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч мэхлэх аргаар 2.673.000 төгрөгийг залилан авсан,

            2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш.Эт БНСУ-н виз гаргаж өгнө, виз гарсан гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч мэхлэх аргаар 4.000.000 төгрөгийг залилан авч бусдад нийт 9.623.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн танил Зоригоо гэгчээр дамжуулан Долгормаа гэгч эмэгтэйтэй танилцсан юм. Тэр эмэгтэй БНСУ руу явах виз гаргаж өгдөг гэхээр нь холбогдсон. Тэр өдрөө Баянзүрх дүүргийн Сансарын тунел дээр уулзаад 96046949 дугаарын утсаар нь холбогдож 36-20 УБЭ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинд нь сууж байгаад уулзсан. Намайг БНСУ руу гадаад хэргийн яасны сургалтанд явах гэж байгаа группэд оруулаад хамт явуулж өгнө гэхээр нь Хаан банкны 5089028552 тоот Долгормаа гэгчийн данс руу нь 2.950.000 төгрөгийг тэр өдрийн 13 цагийн орчимд шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш худлаа үнэн яриад алга болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/,

Хохирогч П.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Тэгээд би 2018 оны 12 дугаар сарын 10-ны 16 цагийн үед Долгормаа гэдэг хүнтэй холбогдож Солонгос улс руу гаргах уу гэж асуугаад өөрийн чинь дугаарыг Бямбацогт ах өгсөн юм гэсэн чинь Долгормаа гэх хүн надад хэлэхдээ Солонгос гаргаж болно энэ долоо хоногтоо чи надад материалаа өгчих, тэгвэл 2019 оны 01 дүгээр сард материал чинь бэлэн болоод чи Солонгос улс руу явна гэж хэлсэн. Тэгээд би түүнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 15-нд Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо Цамбагарав үйлчилгээний төвийн хажууд байдаг Бургер Кинг гэх түргэн хоолны газар Долгормаа гэм эмэгтэйтэй уулзсан ба тухайн үед би Долгор гэх хүн надад Солонгос гарахад ашиглах материал гэж гадаад пасспорт, иргэний үнэмлэхний хуулбарыг авсан. Тухайн үед Долгормаа гэх хүн надад хэлэхдээ Солонгос улс руу гаргахад 4.000.000 төгрөг болно, урьдчилгаа мөнгө гэж 2.000.000 төгрөг өгчих гэж хэлээд надаас материал аваад салсан юм. Тэр өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 17-нд Долгормаа гэх хүн над руу залгаад бүх бичиг баримт болчихлоо, харин чи мөнгөө надад шилжүүлчих, тэгвэл чиний материалыг Солонгосын элчин сайдын яам руу явуудах гээд байна гэж надад хэлсэн. Тэгээд би Долгормаатай холбогдож ярьсны дараа Бямбацогт ахтай холбогдоод Долгормаагийн хэлсэн зүйлийг хэлсэн ба таны итгэлтэй хүн мөн үү, мөнгө өгвөл яах бол гэсэн чинь Бямбацогт ах Долгормаа итгэлтэй зорьсон зүйлээ бүтээдэг юм гэж хэлэнгүүт би Баянгол дүүрэг баруун 4 зам орчим машинд явж байхдаа У.Баянболор гэдэг хүний 5003374126 гэсэн тоот данснаас 1.500.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд би Долгормаад мөнгө өгөөд удаан холбогдоогүй орхичихсон байсан. Виз гараад надад хэлнэ гэж байсан. Тэгээд би Долгормааг 2019 оны 01 дүгээр сар өнгөртөл хүлээсэн боловч Долгормаа нь заасан хугацаандаа миний виз гаргаж өгөөгүй ба Долгормаагийн надад хэлсэн шалтгаан нь Солонгосын элчин сайдын удирдлагууд нь солигдоод Солонгосын элчин сайдын яаман дээр асуудал гараад чиний виз гарах нь хойшлогдсон юм. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сараас Долгормаа гэх хүнтэй холбогдох гээд утас руу залгахаар утсаа заримдаа авахгүй янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд алга болчихдог байсан. 2019 оны 08 дугаар сарын 20-ны орчим над руу Долгормаа залгаад виз чинь гарахаар боллоо гээд 173.000 төгрөгийг шилжүүл энэ мөнгө нь орчуулга болон бичиг баримт бүрдүүлэлтийн зардал гэж хэлж байсан ба тухайн үед тоолгүй орхичихсон байсан. 2019 оны 09 дүгээр сарын 03-нд Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, Хилчин хотхон 12-33 тоот гэрээсээ өөрийнхөө 5498158779 тоот данснаас Долгормаагийн 5089028552 тоот данс руу 173.000 төгрөгийг шилжүүлж байсан юм. Тэгээд би Долгормаатай 2019 оны 09 дүгээр сарын 14-нд фэйсбүүк чатаар холбогдоход над руу Долгормаа виз дарагдсан зураг явуулсан. Тухайн үед би харахад серийн дугаар болон и-код, регистрийн дугаар бүх юм таарч байхаар нь итгэсэн ба тухайн үед Долгормаа над руу залгаад виз чинь гарчихаад байна, үлдэгдэл мөнгөө яаралтай өг гээд байнга залгаад байхаар нь би эхлээд 1.000.000 төгрөгий өгье гэж хэлсэн ба тухайн үед би Сонгинохайрхан дүүрэг Москва хорооллын хажууд байдаг Дархан төвтэй залгаа байрлах ажлын байрнаас өөрийнхөө 5498158779 тоот данснаасаа Долгормаагийн 5089028552 тоот данс руу 2019 оны 09 дүгээр сарын 16-нд 1.000.000 төгрөгийг шилжүүлж байсан. Тэр үед Долгормаа надад хэлэхдээ 3 хоногийн дараа гадаад пасспортыг чинь өгнө гээд алга болчихсон. Тэгээд би Долгормаа руу мөнгөө шилжүүлсний дараа Долгормаатай холбогдох гэсэн боловч гар утсаа авахгүй алга болчих ба гар утсаа авахаар ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд цаг хугацааг хойшлуулаад одоог хүргэсэн юм. Тэгээд би түүнээс хойш Долгормаатай холбогдсон. Тэр үед виз мэдүүлгийн баримт гэх зүйлийн кодыг аваад Ти И Си Кэй Эм ХХК гэх газар очсон ба тухайн үед тэр газраар Н5042 гэсэн виз мэдүүлгийн кодыг хайлгуулсан чинь уг код нь Билгүүн гэдэг хүний код байсан. Тэгээд би Долгормаа дахин холбогдоод өөрийн чинь өгсөн тэр визний код буруу байна, өөр хүний код байна, мөнгө төгрөгөө буцааж авъя гэсэн чинь Долгормаа надад цагдаад мэдэгдэж болно гэж хэлээд алга болчихсон. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 11-нд над руу оройн 21 цагийн үед залгахад маргааш уулзъя нарийн зүйл ярих юм байна гэж хэлээд утсаа салгасан, дахин холбогдоогүй алга болчихсон...гэх мэдүүлэг /хх-ийн 73-80-р тал/,

Хохирогч Ш.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын сүүлээр Долгормаа надтай утсаар яриад хүрч ирж уулзсан ба тухайн үед Долгормаа нь надад хэлэхдээ манай төрсөн эгч Гадаад хэргийн яаманд ажилладаг юм, сая Хүрэлсүх сайд Солонгос явчихаад ирэхдээ 1 жилийн ажилчин бэлтгэх сургалтанд хүмүүсийг хамруулах гэрээ хийчихээд ирсэн юм, тэр гэрээгээр хүмүүс явуулах гэж байгаа, манай эгч яаманд ажилладаг учир виз гаргаад өгчихнө, тэнд очоод сурч байхдаа ажил хийж болно, өөрийн чинь сонголт, би бас явах гэж байгаа, чи явах уу гэхээр нь би төрсөн эгч чинь юм бол баталгаатай юм байна явна гэхэд Долгормаа нь хэрвээ явахаар болох юм бол гадаад пасспорт, гэрлэсэн эсэх лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт гэх мэт бичиг баримт хэрэг болно, материалаа бүрдүүлээд надад өгчих, өөр явах хүн байвал хэлчих, эгчид дараа нь өгөх мөнгө нь ихсэх юм чинь гаргаад өгье гэж хэлсэн. Ингээд би өөрийн найз Чинзориг руу яриад энэ талаар хэлсэн чинь Чинзориг боломжийн юм байна, юу ч гэсэн тэр хүнтэй чинь уулзъя, хэрвээ болохоор бол би эхнэртэйгээ цуг явна гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би Чинзоригийн хамт Долгормаатай Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны баруун хажуу талд машинд нь орж суугаад уулзахад Долгормаа мөн л надад хэлсэн үгээ хэлж байсан ба Чинзориг мөн эхнэрээ аваад явахаар болсон. Тухайн үед Долгормаа нь хэлэхдээ нэг хүний тийзний мөнгө 1.280.000 төгрөг, дээр нь орчуулганы 80.000 төгрөг гээд нэг хүний нийт 1.360.000 төгрөг болно гэж хэлсэн. Тухайн үед Чинзоригийн гадаад пасспорт нь байхгүй байсан учир Цэнд-Аюушийн гадаад пасспорт, мөн би өөрийн гадаад пасспортыг хэдэн ширхэг лавлагааны хамт өгсөн. Тэгээд би мөнгө олохоор Хан-Уул дүргийн 19-н автобусын буудлын замын урд талд байх Хаан банкны салбар дээр очоод цалингийн зээл авах гэрээ байгуулаад гараад Говь рестораны урд талд явж байтал цалингийн зээл болох 6.000.000 төгрөг миний дансанд орсон. Тэгээд уг Хан-Уул дүүрэг, хуучин цагаан хаалганы хажууд байх Говь рестораны урд талд зогсож байгаад Долгормаагийн 5089028552 данс руу эхлээд 3.480.000 төгрөг шилжүүлсэн, тэгээд дахин уг данс руу 90.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш үлдэгдэл мөнгөө өг гээд байхаар нь 2019.01.10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Амины орон сууцны 3-109-а тоотод байх гэрээсээ 70.000 төгрөгийг Долгормаагийн 5089028552 данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш мөн үлдэгдэл мөнгөө гээд байхаар нь 2019.01.11-ний өдөр өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн хажуугийн Шунхлай шатахуун түгээх станц дээр ажиллаж байхдаа 60.000 төгрөгийг Долгормаагийн 5089028552 данс руу шилжүүлсэн. Гэтэл Долгормаа нь түүнээс хойш визний хугацаа хойшилсон гэх мэтээр худлаа үнэн юм яриад хойшлуулж явсаар байгаад 7 сар хүргэсэн. Тэгэхээр нь би Гадаад хэргийн яаман дээр очоод ийм сургалт болж байгаа эсэхийг асуухад тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Ингээд худлаа гэдгийг нь мэдээд Долгормаад хэлсэн ба түүнээс хойш Долгормаа нь надад 2019.08.12-ны өдөр 300.000 төгрөг, 2019.09.11-ний өдөр 1.000.000 төгрөг өгсөн байна. Би үлдэгдэл мөнгө болон бичиг баримтуудаа уг хүнээс гаргуулж авмаар байна. Мөн би цалингийн зээл авсан ба зээлийн хүүг уг хүнээс нэхэмжилмээр байна. Зээлийн хүү нь уг мөнгийг төлсөн өдрөөр нь тасалбар болгож барагдуулах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-н 133-137-р тал/,

Гэрч П.Түмэндэмбэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, тухайн үед манай төрсөн ах П.Т надад хэлэхдээ Солонгос улс руу зуучилж өгдөг хүн байна тэгээд чи гадаад пасспортоо дүү Хонгорзулаар өгөөд явуулчих гэж байсан ба тэр үед би ажил дээрээ байсан юм. Мөн тэр үед манай ах надад хэлэхдээ Солонгос улс руу гаргахад ашиглах мөнгөний урьдчилгаа гэж 1.500.000 төгрөг юм байна гэж хэлсэн ба тэр үед надад мөнгө байхгүй байхад П.Т ах надад хэлэхдээ Дамдинбазар ахаас зээлээд өгье гэхээр нь би өөрөө Дамдинбазар ах руу залгаад би Солонгос улсын визэнд орох гэсэн юм та 1.500.000 төгрөгийг түр зээлээч 1 сарын дараа буцааж өгье гэж хэлсэн. Дамдинбазар ах надад хэлэхдээ бэр эгчээсээ очоод авчих би ажилтай байна гэхээр нь би өөрийн дүү болох Хонгорзулыг бэр эгч ажил руу явуулаад 1.500.000 төгрөгийг авахуулаад манай дүү надад 1.500.000 төгрөг авч ирээд Баянгол дүүрэг баруун 4 замын хажууд байрлах Хаан банкнаас 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд түүнээс хойш тэр Долгормаа гэдэг хүнийг хүлээгээд виз болохыг хүлээсэн боловч маш их удаад алга болчихсон юм. Тэгээд сүүлд манай ахтай Долгормаа гэдэг хүн холбогдоод виз гарсан үлдэгдэл мөнгө болох 2.000.000 төгрөгийг хийчих гэхээр нь манай ах хаширлаад 1.000.000 төгрөгийг өгье гадаад пасспортоо авахаар үлдсэн 1.000.000 төгрөгийг бэлнээр өгье гэж хэлсэн байсан ба манай Долгормаа гэдэг хүний данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р тал/,

Гэрч Ч.Чинзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Тухайн үед Эрдэнэбаатар бид хоёрт мөнгө байхгүй байсан ба Эрдэнэбаатар нь тухайн үед цалингийн зээл авах гэж байгаа гэсэн учир тэр мөнгөнөөс нь шилжүүлэхээр болсон юм. Тэгээд дараа нь би Эрдэнэбаатарт өгөхөөр тохиролцсон юм. Тэгээд Эрдэнэбаатар бид хоёр Хан-Уул дүүргийн 19-н автобусны буудлын замын урд талд байх Хаан банкны салбар дээр очоод Эрдэнэбаатар нь зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд бид 2 уг банкнаас гараад баруун зүгт алхаад зам хөндлөн гарах гэж байхад Эрдэнэбаатарын дансанд зээлийн мөнгө нь ороод ирсэн. Тэгээд бид 2 зам хөндлөн гараад Говь рестораны урд талд зогсож байгаад Долгормаа руу залгаж дансны дугаарыг нь аваад уг хүний данс руу Эрдэнэбаатар гар утаснаасаа интернет банкаар 4.080.000 төгрөгийг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 141-143-р тал/,

Б.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 35-39/, Б.Дд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 45, 115, 212/, прокурорын тогтоол /хх-н 31-32, 116-117, 213-214/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34, 120-121, 217-218/, Б.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 34-35, 122-123/ зэрэг болно.

Б.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн  7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мт БНСУ-н виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч мэхлэх аргаар 2.950.000 төгрөгийг залилан авсан,

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугцаанд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт П.Тд БНСУ-н виз гаргаж өгнө,виз гарсан гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч мэхлэх аргаар 2.673.000 төгрөгийг залилан авсан,

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш.Эт БНСУ-н виз гаргаж өгнө,виз гарсан гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч мэхлэх аргаар 4.000.000 төгрөгийг залилан авч бусдад нийт 9.623.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоодож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Иймд Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч,зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ хэргийн бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.          

Энэ хэргийн улмаас Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Б.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Д нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

7. Б.Дд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.