| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0150/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 187
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхгэрэл,
улсын яллагч: Н.Дуламсүрэн,
хохирогч: Б.Б,
шүүгдэгч: Б.Б, Б.Э /шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, Б.Э нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906068900012 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э,
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Э, Б.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн 32-855 тоотод иргэн Б.Быг зодож биед нь тархи доргилт, хамрын ясны хугарал,нүүрний цус хуралт, зулгаралт,зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би Батнасан гэдэг найзтайгаа би Ууганбаярын гэрт очсон. Бид 2 шил архи уусан. Тэр үед Батнасан Б.Б руу ярьсан байсан. Орой 8 цаг өнгөрөөд Б.Б согтуу ирсэн. Би Батнасанд чи согтуу хүн дуудчих юм гэж уурлаад Ууганбаяр бид хоёр хэвтсэн. Тэгээд Батнасан уурлаад гарсан. Нэг сэрсэн чинь зодоон болчихсон цус болсон байсан. Би босож салгаад бичлэг хийгээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирсэн. Ууганбаяр, Алтантуяа бүгд сэрүүн байсан. Би Б.Быг цохиж, зодсон, өшиглөсөн зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:” ... 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр над руу 14 цагийн үед Ууганбаяр ахын эхнэр Алтантуяа эгч над руу залгаад эгч нь ажилтай байна. Ууганаа ах чинь уучихсан байна. Миний дүү дүүгээ авчих гэсэн. Би Ууганбаяр ахын гэрт оччихоод хүүхдийг нь аваад 17 цагийн үед ирсэн. Ирчихээд би хүүхдийг нь авч ирээд нөхөр нь согтуу байсан учраас би явахгүй Алтанцэцэг эгч ирэхээр нь би зөрөөд ажил руугаа явсан. Тэгээд ажил дээр байж байгаад би нөхөр рүүгээ залгаад юу болж байна явах уу? гэхэд манай нөхөр чи ажлаа дуусгаад хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд би 19 цагийн үед Ууганбаяр ахын гэрт очиход Насаа, Ууганбаяр, Эрхэмээ 3 уучихсан сууж байсан. Алтанцэцэг эгч надад хоол хийж өгсөн. Би хоол идээд сууж байхад цонхийг нь хүн тогшсон. Тэгээд хаалга онгойлгоход Б.Б согтуу ирсэн. Тэгээд Б.Б Алтанцэцэг эгч хоёр Насаа, Ууганаа, Эрхэмээ гурвын ууж байсан үлдэгдэл архинаас уусан. Би тэр архинаас нь уугаагүй. Тэгээд орж ирээд байж байхдаа Батнасан гэх хүнтэй уулздаг гэж хэлсэн. Б.Б, Батнасан хоёр хоорондоо муудалцаад байсан. Б.Э, Батнасан хоёр хоорондоо тоглоомоор юм ярьж байснаа Батнасанг ажлаас нь дуудаж байна гээд гараад явчихсан. Тэгээд Б.Э, Ууганбаяр хоёр нэг нь буйдан дээр нэг нь орон дээр унтчихсан. Тэгээд Б.Б надтай яриа өрнүүлж бид танилцсан. Бид юм ярьж байсан чинь Б.Б эгч чи үсчин юм чинь чамд мөнгө байгаа шдээ гээд байхаар нь би надад 15.000 төгрөг байна. Би гэр рүүгээ харих таксины мөнгө, очоод түлээгээ авна гэж хэлэхэд эгч нь төрийн албан хаагч эгчийнх нь цалин 1 цагт орчихно тэгэхээр нь эгч өгье, миний сэтгэл санаа тавгүй байна уумаар байна гэж хэлээд ганцаараа архинд гарсан. Дэлгүүр орж ирэхдээ 0.75 мл Хараа нэртэй архи, Эссэ нэртэй тамхи, Фанта ундаа авч орж ирсэн. Авч ирсэн архийг нь Алтанцэцэг, Б.Б бид гурав хувааж уусан. Тэгээд юм яриад сууж байхдаа Батнасан руу байн байн залгаад миний дугаарыг авахгүй байна гээд Б.Эын гар утсаар Батнасан руу залгахад Батнасан чи ямар ядаргаатай юм бэ би очихгүй айлаас яваач гэж уурласан. Тэгээд Б.Б их согтож миний курткийг андуурч өмсөж гарсан. Гарч явчихаад ороод ирэхээр нь би “...та миний курткийг өмсчихөөд хаашаа яваад ирж байгаа юм бэ? гэхэд би яахаар чиний курткийг өмдөг юм гэж хэлчихээд миний курткийг хөлдөөгч рүү шидчихээд өөрийнхөө курткийг өмсчихөөд надаас гар утсаа нэхээд байсан. Би гар утсыг нь хаана байгааг нь мэдээгүй. Бид гурвыг архи уугаад сууж байхад Алтанцэцэг эгчийн хүүхэд нь гар утсаар тоглоод сууж байсан. Тэгээд над руу Б.Б эгч уурлаад чи миний гар утсыг авсан гэж дайраад над руу салаавч гаргаж, намайг муухай үгээр харааж, доромжилж намайг 2 удаа алгадсан. Би зөрүүлээд 2 удаа алгадсан чинь миний мөрнөөс 2 гараараа бариад ноцолдоод угаалтуур, ширээ хоёрын завсраар унахдаа бохир усны сав нь таггүй байсан. Б.Б эгч бид хоёр ноцолдож унахдаа би тэр бохир усны савыг тохойлдож унаад бид хоёр луу бохир ус асгарсан. Тэгээд босоод хувцасаа мушгиад зогсож байсан чинь араас ирж үсдэж том өрөө рүү чирсэн. Том өрөөний зурагтны тавиурны тэр хавьд очоод арагшаа гэдийж байхдаа ёооё гэж орилоод байсан. Би юу болоод байгааг мэдээгүй болохоор Эрхэмээг дуудаж босгоод Эрхэмээ гарыг нь зүгээр тавиулсан. Б.Э гарыг нь тавиулчихаад огт зодож цохиогүй. Нэг харахад Б.Б эгчийн хамар нь хутга шиг зүйлээр зүссэн юм шиг ойролцоогоор 1 см урттай зүсэгдсэн юм шиг цус гараад байсан. Би босч ирээд Б.Эын утсаар цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх хооронд Батнасан орж ирсэн. Б.Б бас цагдаа ирэх хооронд 20-30 минутын хугацаагаар гараад ирсэн. Цагдаа ирэхэд Б.Б би гомдолгүй гэсэн. Цагдаа Б.Б, Батнасан хоёрыг аваад гарсан. Тэгээд би хаашаа авч явах гэж байгаа талаар асуухад Б.Быг биеэ авч явах чадваргүй их хэмжээний согтолттой байх тул гэрт нь хүргэж өгнө гэж хэлсэн. Маргааш өглөө 10 цагийн үед Б.Эын гар утас дугараад байхаар нь авахад Алтанцэцэг эгч Батнасангийн утаснаас ярьсан. Би Ууганбаяр ахын гэрт очоод Б.Бд болсон үйл явдлыг хэлсэн. Б.Б надаас уучлалт гуйсан. Тэгээд бид харих гэтэл Батнасан, Б.Б хоёр дагаж манай гэрт ирсэн. Тэгээд Батнасан 1 шил архи гаргаж ирээд нөгөө гурав уух гээд би шалаа угаагаад, галаа түлчихээд сууж байтал гаднаас цагдаа орж ирээд намайг гавлаад аваад явчихсан. Би их гомдолтой байгаа. Бид харилцан зодолдсон гэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би ажлаасаа тарж ирчихээд гэртээ байж байхад Батнасан залгаад намайг дуудахаар нь би очсон. Би архи уугаагүй би архи уудаггүй. Очсон чинь эд нар архи ууж байсан. Би утсаа ширээн дээр тавьчихсан байсан чинь миний утсыг Б.Б харчихаад та ямар гоё утастай юм бэ гэхээр нь би манай хүргэн авч өгсөн юм гэж хэлсэн. Тэгээд архиа ууж байгаад Б.Э, Б.Б хоёр Батнасантай хэрэлдээд Батнасан уурлаад ажил руугаа явсан. Дараа нь бид нар нэг шил архи авсан. Ууганбаяр, Б.Эрхэмболох хоёр унтчихсан. Алтанцэцэг, Б.Б бид гурав үлдээд гурван эмэгтэй хүн байна жаахан юм ярьж сууя гэтэл Б.Б эгчээ надад 20.000 төгрөг байна гэхээр нь миний цалин маргааш бууна. Би маргааш өгчихье гээд би 0.75 мл архи биш 0.5 мл архи авсан, нэг хайрцаг тамхи, нэг том ундаа авсан. Бид архиа ууж дуусчихаад би гэр рүүгээ явах гэтэл ширээн дээр байсан гар утсаа авах гэтэл миний утас байгаагүй. Би утсаа хайгаад олоогүй. Тэгэхээр нь би Б.Б рүү уурласан. Чи миний гар утсыг сонирхоод байсан чи авчихсан байна. Миний утсыг өгчих гэхэд би аваагүй гэж уурлаад миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Би нүүр рүүгээ цохиулаад их хүнд байдалд орсон. Тэгээд айлын бохир усыг над руу цацсан. Над руу Б.Б дайрсан. Би их айсан. Тэр айлд нүүрээ цохиж гэмтээх зүйл байгаагүй. Би их айгаад нүүрээ дарсан. Тэгээд Б.Б Б.Эыг сэрээгээд намайг утас хулгайлчихлаа гээд байна гэж хэлсэн чинь Б.Э босч ирээд юу яриад байгаа балай авгай вэ гээд намайг үсдээд өшиглөсөн. Би их айгаад Ууганбаярыг сэрээгээд Ууганбаярын араар орсон. Чи яагаад Б.Быг зодож байгаа юм гээд Алтанцэцэг Б.Бг алгадсан. Миний гар утас олдохгүй байхаар нь би цагдаа дуудсан. Цагдаа орж ирсэн, араас нь Батнасан орж ирсэн. Би миний утас алга болчихлоо, би зодуулчихлаа гэж хэлэхэд Б.Б миний утсыг нэг юмны хажууд байна гээд миний утсыг гаргаад ирсэн. Би Б.Бгийг курткийг өмсөөгүй. Би зодуулчихаад гэрээс нь огт гараагүй. Би Батнасангийн ажлын газарт очсон. Миний хамарны цус тогтохгүй байсан. Өглөө нь манай хүү над руу залгасан би хүүдээ хүнд зодуулчихлаа гэж хэлэхэд Б.Б та битгий хүүдээ хэл бөөн асуудал болно манай гэрт очъё гэсэн. Би Б.Бгийн гэрт очиход архи гаргаж ирсэн. Тэр үед Б.Эын аав орж ирсэн. Би тэр үед Б.Эын аавд нь танай хүүхэд намайг зодчихлоо гэж хэлсэн. Би хүнд зодуулаад миний сэтгэл санаа их хямарсан. Б.Эын хашаанд их том хоёр нохой байсан. Би их айгаал зугтаагаад гүйсэн. Миний араас Б.Б араас татаад та яахаараа гүйгээд байгаа юм, таныг би явуулахгүй, чамайг алсан ч болно гэж хэлсэн. Удалгүй манай хүү цагдаа дагуулж орж ирээд би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Намайг хоёулаа зодсон. Би тухайн үед согтуу байгаагүй би архи хэрэглэдэггүй. Манай найзууд намайг бүгд мэднэ. Би энэ хэргээс хойш их салганадаг болсон, нүднээс нулимс урсдаг мөн би олон түмэнтэй ажилладаг миний нүүрний гоо сайхан их алдагдсан. Би их гомдолтой байна. Би хагалгаанд орж эрүүл саруул болох хүсэлтэй байгаа. Би 3 дугаар сард хагалгаанд орно. Гарсан зардлаа бүгдийг нь хэрэгт өгсөн би 5.000.000 төгрөг нэхэмжилнэ эмнэлгийн зардал, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэв.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...2019 оны 11 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойд найз Ууганбаярын гэрт очсон. Гэрт нь очиход Ууганбаяр, эхнэр Алтай, Батнасан, Б.Э, эхнэр Бямбасүрэн нар 0,75 граммтай Хараа архи хувааж уугаад дуусч байсан. Хоол идээд Бямбасүрэн би үсчин хийдэг гээд танилцсан. Би гар утсаа ширээн дээр гаргаж тавихад Бямбасүрэн та яасан гоё утастай юм гэхээр нь би манай хүргэн авч ирж өгсөн гэж хэлж байсан. Тэгээд Б.Э, Батнасан нар маргалдаад Батнасан гараад явчихсан. Ууганбаяр, Б.Э нар унтаад өгсөн. Бямбасүрэн 20.000 төгрөг байна гэхээр нь би маргааш цалин буухаар өгчихье гэж хэлээд архи, ундаа, тамхи өгсөн. Алтай, Бямбасүрэн бид 3 архийг хувааж уусан. Тэгээд би гар утсаа цэнэглэсэн байсан. Би явах гэхэд миний утас байхгүй байсан. Бямбасүрэн миний утсыг харсан уу гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Бямбасүрэнгээс чи сонирхоод байсан чамаас өөр хүн аваагүй гэж хэлсэн. Тэгтэл Бямбасүрэн би таны утсаар яах юм бэ гээд уурлаад нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон. Чи яасан сонин юм бэ гэхэд айлын угаадас аваад над руу цацсан. Алтай чи утсыг нь авсан бол өгчих гэхэд Бямбасүрэн би юу гэж авдаг юм гээд байсан. Алтай газар хэвтэж байхаар нь энэ дүү чинь утас өгөхгүй байна гэж хэлэхэд Бямбасүрэн нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон. Би Бямбасүрэнгийн үснээс зулгаагаад хойшоо болгосон. Б.Э босч ирээд чиний утсыг яахаараа авдаг юм гээд нүүрэн тус газар 1 удаа өшиглөсөн. Б.Э миний үснээс зулгаагаад чиний утсыг хэн авдаг юм гээд байсан. Ууганбаяр болиулсан. Бямбасүрэн цагдаа дуудсан. Батнасан цагдаатай хамт орж ирсэн. Цагдаа ирсний дараа Бямбасүрэн чиний утас чинь энд байна гээд уутны лаазны хажуугаас гаргаж энэ байна гээд надад өгсөн. Алтай босч ирээд чи яасан дээрэлхүү юм гээд Бямбасүрэн 2-3 удаа алгадаж авсан. Цагдаа ирээд Батнасан бид хоёрыг аваад явсан. Ажил дээр нь очиж маргааш нь нүүр битүү хавдар болсон байсан. Ууганбаярын гэрт буцаж очоод Б.Э, Бямбасүрэн нарыг дуудсан. Б.Э, Бямбасүрэн уучлаарай гээд байсан. Б.Э, Бямбасүрэн, Батнасан нарын хамт гэрт нь очсон. Архи гаргаж ирээд ууцгаагаад би уугаагүй. Би айгаад гэрээс нь гараад зугтаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-855 тоотод Ууганбаяр гэрт орж Батнасангийн хамт 2 шил архи хувааж уусан. Тухайн үед Батнасан Баярсайханыг дуудсан байсан. Би Ууганбаярын хамт согтоод унтаад өгсөн байсан. Ууганбаярын эхнэр Алтантуяа, манай эхнэр Бямбасүрэн нар байсан. Нэг сэрэхэд хэрүүл, маргаан болоод орилолдоод байсан. Намайг босч ирэхэд Бямбасүрэн, Баярсайхан нар хоорондоо маргалдаж байсан. Баярсайхан Бямбасүрэнг үсдээд дайраад байсан. Баярсайханы гарыг би татаж тавиулсан. Баярсайхан Бямбасүрэнгийн куртикийг өмсөөд гараад явсан байсан. Миний утас байх ёстой гээд хайгаад байсан. Би манай эхнэрийн куртикийг тайл гээд тайлуулж авсан. Батнасан удалгүй орж ирээд үлдсэн архиа ууцгаасан. Баярсайхан, Бямбасүрэн нар хоорондоо маргалдаад байсан. Яг юу гэж маргалдаад байсныг мэдэхгүй байсан. Би Батнасан, Баярсайхан нар хоорондоо бас маргалдаад байсан. Би буцаад унтаад өгсөн. Удалгүй цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-855 тоотод ахындаа нөхөр Б.Эыг авч уугаад сууж байсан. Баярсайхан эгч цонх тогшоод орж ирсэн. Баярсайхан, Батнасан нар хоорондоо юм ярьж байсан. Баярсайхан эгчтэй тухайн үед танилцсан. Б.Э Батнасан нар хоорондоо маргалдаад Батнасан гараад явсан. Ууганбаяр, Б.Э нар унтаад Баярсайхан эгч надаас мөнгө зээлээд архинд явсан. Алтантуяа Баярсайхан эгч бид 3 нэг шил архи хувааж уусан. Баярсайхан эгч согтоод миний өөдөөс салаавч гаргаад хэл амаар доромжлоод байсан. Баярсайхан эгч намайг 2 удаа гараараа алгадаад байсан. Би босч ирээд зөрүүлээд Баярсайхан эгчийн нүүрэн тус газар 2 удаа гараараа алгадсан. Баярсайхан эгч надтай зууралдаж байгаад угаалтын наад талд хоёулаа унаад угаадас нь бид хоёр руу цацагдсан. Тэгээд би босч ирэхэд Алтантуяа эгч унтаж байгаад сэрээд шалаа арчсан. Би зуухны хажууд угаадас болсон хувцасаа мушгиад зогсож байхад Баярсайхан намайг үсдэж том өрөө чирсэн. Үсдэж байхдаа унаад байсан. Би Б.Эыг хүн аллаа гээд хашгирч дуудсан. Б.Э босч ирээд Баярсайханы эгчийн гарыг татаж салгасан. Тэгээд би Б.Эын утсыг авч цагдаа дуудсан. Баярсайхан эгч гар утсаа нэхэж байгаад миний хувцсыг өмсөөд гарчихаад буцаж орж ирсэн. Утсаа надаас нэхээд байсан. Удалгүй цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,
Гэрч Т.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...21 цагийн орчим Бямбасүрэн нөхөр Б.Эыг авахаар ажлаа тараад ирсэн. Баярсайхан цонх тогшоод би хаалгаа нээгээд оруулсан. Насанбаттай Баярсайхан байр, хашаагаа зарсан уу гэж яриад байсан. Баярсайхан, Насанбаттай жоохон маргалдаад Насанбат гэрээс гараад явчихсан. Баярсайхан гурвуулаа 1 шил архи ууя гэж хэлсэн. Баярсайхан Бямбасүрэнгээс мөнгө зээлээд 0,75 граммтай Хараа архи аваад орж ирсэн. Баярсайхан, Бямбасүрэн бид 3 хувааж ууцгаасан. Баярсайхан Насанбатыг хүүхдийг тээж байгаад зулбасан авахуулсан гэж яриад байсан. Бямбасүрэн та яагаад худлаа яриад байгаа, Насанбатаар тоглоод байгаа юм уу гэж хэлсэн. Тэгээд тэр асуудлаасаа болоод маргалдаад Баярсайхан Бямбасүрэнг үсдэж дарсан. Ноцолдож байгаад унахдаа Бямбасүрэн, Баярсайхан нар угаадас руу унасан. Шалаас асгарахаар нь би уурлаж угаадасыг нь асгачихаад хэвтсэн. Маргалдаад хэрэлдээд байхаар нь та нар больцгоо, айлд ирчихээд гэж хэлээд хэсэг унтсан. Зүүрмэглээд сэрэхэд Баярсайхан намайг ийм болгочихлоо гээд хамраас нь цус гараад байсан. Тэгээд Ууганбаярыг сэрээгээд Баярсайхан цустай гараараа бариад байсан. Намайг ийм болгочихлоо цус тогтохгүй байна гээд хамраас нь цус гараад ирсэн. Тэгээд би босч ирээд юу болсон гэж асуухад намайг зодчихлоо гээд байсан. Бямбасүрэн нэг их согтоогүй Баярсайхан миний куртикийг андуурч өмсөөд гараад ирсэн гэж хэлсэн. Тэгээд энэ хүний чинь цус тогтохгүй байна гээд цагдаа дууд гэж хэлсэн. Бямбасүрэн цагдаа дуудсан. Баярсайхан Насанбатыг дуудаад ирсэн. Цагдаа ирээд Насанбат, Баярсайхан нарыг авч явсан. Насанбатын ажил дээр ирж хоноод Баярсайхан манай гэрт өглөө ирсэн. Намайг зодсон гээд байсан. Тэгэхээр нь Бямбасүрэн, Б.Э нарыг дуудаад манай гэрт ирсэн. Тэгээд эвлэрээд дахиад 1 шил архи хувааж ууцгаасан. Манай гэрээс Бямбасүрэн, Б.Э, Насанбат, Баярсайхан нар гэрээс гараад Б.Эын гэр рүү явсан. 2 цаг орчмын дараа Баярсайханы эхнэр цагдаатай хамт ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
Гэрч П.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Орой 18-19 цагийн орчим Бямбасүрэн ирээд дахиад 1 шил архи аваад ууцгаасан. Цонх тогшоод Баярсайхан ирсэн. Архиа хуваагаад ууж байхад 20-21 цагийн орчим эхнэр Алтантуяа ирээд хоол хийсэн. Ууж дуусаагүй шахуу байж байгаад Б.Э бид 2 унтсан. Хэсэг хугацаанд унтаад сэрэхэд Баярсайхан намайг татаж чангаагаад би зодуулчихлаа гээд байсан. Алтантуяа миний хажууд наадах чинь нил цус болсон байна бос гэж хэлсэн. Тэгээд босоод харахад Баярсайханы хамраас цус гараад нүүр нь нил цус болсон байсан. Юу болсон талаар асуухад Бямбасүрэнтэй маргалдсан гэж хэлсэн. Бямбасүрэн, Баярсайхан нар үлдсэн архиа ууж сууж байгаад маргалдсан байсан. Эхнэр Алтантуяа босч очоод та нар чинь ямар балиар юм бэ, нил угаадас асгасан байна гэж хэлээд арчсан. Бямбасүрэн, Баярсайхан нар маргалдаад байсан. Баярсайхан би гомдолтой гэж хэлсэн. Бямбасүрэн гомдолтой бол цагдаа дууд гээд цагдаа руу залгаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,
Гэрч Г.Батнасан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Би ажил дээрээ очоод 2-3 цаг болж байхад Баярсайхан, Б.Э нар яриад бөөн маргаан зодоон болоод байна гэж хэлсэн. Баярсайхан намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би яваад ороход зодоон болсон байсан. Баярсайханы хамар хэсэгт нь язраад цус гарсан байсан. Тэгээд миний гар утсыг эд нар авчихаад өгөхгүй байна гээд байсан. Би гар утсыг усны савны хажуугаас олж өгсөн. Баярсайхан хэлэхдээ Бямбасүрэнд зодуулсан гэж хэлж байсан. Тэгээд хоорондоо учраа олчих гэхэд цагдаа дуудсан байсан. Баярсайхан, Бямбасүрэн нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 17-р тал/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 14048 тоот шинжээчийн дүгнэлт:
1. Б.Бы биед тархи доргилт, хамрын ясны хугарал, нүүрний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Амартүвшин гэх дүгнэлт /хх-ийн 18-р тал/,
Лазер мед эмнэлэгийн КТГ-н шинжилгээ /хх-ийн 19-р тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 20-22-р тал/,
Эд зүйл,баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 24-31-р тал/,
Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 49/, Б.Бд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 32/, прокурорын тогтоол /хх-н 33-34/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-36/, Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 37-38/,
Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 52/, Б.Эт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 32/, прокурорын тогтоол /хх-н 39-40/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 41-42/, Б.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 43-44/ зэрэг болно.
Б.Э, Б.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн 32-855 тоотод иргэн Б.Быг зодож биед нь тархи доргилт, хамрын ясны хугарал, нүүрний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 14048 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.Бы биед тархи доргилт, хамрын ясны хугарал, нүүрний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоожээ./хх-ийн 18-р тал/,
Хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би гар утсаа цэнэглэсэн байсан. Би явах гэхэд миний утас байхгүй байсан. Бямбасүрэн миний утсыг харсан уу гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Бямбасүрэнгээс чи сонирхоод байсан чамаас өөр хүн аваагүй гэж хэлсэн. Тэгтэл Бямбасүрэн би таны утсаар яах юм бэ гээд уурлаад нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон. Чи яасан сонин юм бэ гэхэд айлын угаадас аваад над руу цацсан. Алтай чи утсыг нь авсан бол өгчих гэхэд Бямбасүрэн би юу гэж авдаг юм гээд байсан. Алтай газар хэвтэж байхаар нь энэ дүү чинь утас өгөхгүй байна гэж хэлэхэд Бямбасүрэн нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон. Би Бямбасүрэнгийн үснээс зулгаагаад хойшоо болгосон. Б.Э босч ирээд чиний утсыг яахаараа авдаг юм гээд нүүрэн тус газар 1 удаа өшиглөсөн. Б.Э миний үснээс зулгаагаад чиний утсыг хэн авдаг юм гээд байсан. Ууганбаяр болиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,
Гэрч Т.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Баярсайхан Насанбатыг хүүхдийг тээж байгаад зулбасан авахуулсан гэж яриад байсан. Бямбасүрэн та яагаад худлаа яриад байгаа, Насанбатаар тоглоод байгаа юм уу гэж хэлсэн. Тэгээд тэр асуудлаасаа болоод маргалдаад Баярсайхан Бямбасүрэнг үсдэж дарсан. Ноцолдож байгаад унахдаа Бямбасүрэн, Баярсайхан нар угаадас руу унасан. Угаадас асгарахаар нь би уурлаж угаадасыг нь асгачихаад хэвтсэн. Маргалдаад хэрэлдээд байхаар нь та нар больцгоо, айлд ирчихээд гэж хэлээд хэсэг унтсан. Зүүрмэглээд сэрэхэд Баярсайхан намайг ийм болгочихлоо гээд хамраас нь цус гараад байсан. Тэгээд Ууганбаярыг сэрээгээд Баярсайхан цустай гараараа бариад байсан. Намайг ийм болгочихлоо цус тогтохгүй байна гээд хамраас нь цус гараад ирсэн. Тэгээд би босч ирээд юу болсон гэж асуухад намайг зодчихлоо гээд байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Намайг босч ирэхэд Бямбасүрэн, Баярсайхан нар хоорондоо маргалдаж байсан. Баярсайхан Бямбасүрэнг үсдээд дайраад байсан. Баярсайханы гарыг би татаж тавиулсан. Баярсайхан Бямбасүрэнгийн куртикийг өмсөөд гараад явсан байсан. Миний утас байх ёстой гээд хайгаад байсан. Би манай эхнэрийн куртикийг тайл гээд тайлуулж авсан. Батнасан удалгүй орж ирээд үлдсэн архиа ууцгаасан. Баярсайхан, Бямбасүрэн нар хоорондоо маргалдаад байсан. Яг юу гэж маргалдаад байсныг мэдэхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Алтантуяа Баярсайхан эгч бид 3 нэг шил архи хувааж уусан. Баярсайхан эгч согтоод миний өөдөөс салаавч гаргаад хэл амаар доромжлоод байсан. Баярсайхан эгч намайг 2 удаа гараараа алгадаад байсан. Би босч ирээд зөрүүлээд Баярсайхан эгчийн нүүрэн тус газар 2 удаа гараараа алгадсан. Баярсайхан эгч надтай зууралдаж байгаад угаалтын наад талд хоёулаа унаад угаадас нь бид хоёр руу цацагдсан. Тэгээд би босч ирэхэд Алтантуяа эгч унтаж байгаад сэрээд шалаа арчсан. Би зуухны хажууд угаадас болсон хувцасаа мушгиад зогсож байхад Баярсайхан намайг үсдэж том өрөө чирсэн. Үсдэж байхдаа унаад байсан. Би Б.Эыг хүн аллаа гээд хашгирч дуудсан. Б.Э босч ирээд Баярсайханы эгчийн гарыг татаж салгасан. Тэгээд би Б.Эын утсыг авч цагдаа дуудсан. Баярсайхан эгч гар утсаа нэхэж байгаад миний хувцсыг өмсөөд гарчихаад буцаж орж ирсэн. Утсаа надаас нэхээд байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Б.Б, Б.Б нар нь хоорондоо маргалдаж үснээсээ зулгаацалдчихсан бие биенийгээ цохиж байх үед Б.Э босож ирээд салгах явцдаа Б.Бы нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.Э, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар бүлэглэн учруулсан тогтоогдож байна гэж үзсэн тул эмчилгээний зардалд 174.000 төгрөг гарсаныг шүүгдэгч тус бүрт тэнцүү хувааж 87.250 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогчид олгоххор шийдвэрлэв. Бусад зардлыг хохирогч нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэргийн улмаас Б.Э, Б.Б нар нь цагдан хоригдсон нэг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Эыг, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Б.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э, Б.Б нарын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нэг хоногийг ял эдлэсэн хугцаанд оруулан тооцож Б.Эыг 435.000 төгрөгөөр торгох ялаар, Б.Бг 485.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э, Б.Б нар нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Э, Б.Б нар нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугцаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Б.Э, Б.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э, Б.Б нараас тус бүр 87.250 төгрөгийг гаргуулж Б.Бд олгох, Б.Б нь цаашид гарах зардлыг нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.