| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2016/00584/и |
| Дугаар | 550 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 28-3 оршин суух Боржигон овогт Балмуугийн Нарангэрэл /РД:ХД66061601/-ийн хүсэлттэй,
Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 7-р сарын 18-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг нээлттэй хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Нарангэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1980 оны 7-р сарын 18-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт ажилчнаар тасралтгүй ажиллаж байгаад аймагт шилжин ирж, өөрийн хайхрамжгүй байдлаас хөдөлмөрийн дэвтрээ боловсон хүчнээс авалгүй үрэгдүүлсэн. Архиваас гарсан нотлох баримтаар намайг 1980 оны 7-р сарын 18-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нарангэрэл нь 1966 оны 6-р сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. 1980 оны 7-р сарын 18-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан. Нэгдэл дундын үйлдвэрт эрдэс тэжээлийн болон барилгын зэрэг цех бригадуудад ажилчнаар ажиллаж байсан. Ажиллаж байсан үеийнхээ хөдөлмөрийн дэвтрээ өөрийн хайхрамж болгоомжгүй байдлаасаа болоод нэгдлээсээ авч чадаагүй. Иймд шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн Б.Нарангэрэлийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Нарангэрэл нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 8-р сарын 10-ны өдрийн 401 тоот Балмуу овогтой Нарангэрэлийн Нэгдэл дундын үйлдвэрийн ажилчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,
2. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 7-р сарын 23-ны өдрийн 136 тоот “Ажилчид томилох тухай” тушаалд: Өгийнуурын Цайдамын эрдэс тэжээлийн цехэд ажилчнаар Пүрэвийн Далайцэцэг, Балмуугийн Нарангэрэл ... нарыг 7-р сарын 18-ны өдрөөс эхлэн томилсугай гэсэн.
3. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 9-р сарын 3-ны өдрийн 168 тоот “Аюур ахлагчтай барилгын бригадын ажилчдад амралт олгох тухай” тушаалд: Аюур ахлагчтай барилгын бригадын ажилчдын ээлжийн амралтыг 1983 оны 9-р сарын 1-нээс эхлэн хавсралтад дурьдсанаар олгосугай. 2-р хавсралтын 4-рт: Балмуугийн Нарангэрэл албан тушаал ажилчин, амрах хоног 15, бүгд 15 гэсэн.
4. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 12-р сарын 30-ны өдрийн 89 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: ... Балмуугийн Нарангэрэл нь ар гэрийн гачигдлын улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 1989 оны 12-р сарын 25-ны өдрөөс тасалбар болгон тус тус ажлаас чөлөөлсүгэй гэсэн зэрэг болно.
Хүсэлт гаргагч Б.Нарангэрэл 1980 оны 7-р сарын 18-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 8-р сарын 10-ны өдрийн 401 тоот цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 7-р сарын 23-ны өдрийн 136 тоот “Ажилчид томилох тухай” тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 9-р сарын 3-ны өдрийн 168 тоот “Аюур ахлагчтай барилгын бригадын ажилчдад амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 12-р сарын 30-ны өдрийн 89 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын бригадад 1980 оны 7-р сарын 18-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Б.Нарангэрэлийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Нарангэрэлийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Балмуугийн Нарангэрэл /РД:ХД66061601/-ийн Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын бригадад 1980 оны 7-р сарын 18-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН