Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 416

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: Д.Уянга

шүүгдэгч Ч.Б, Н.Д нар өөрийгөө өмгөөлж оролцов:

           шүүгдэгч: Ч.Б, Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Б, Н.Д нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006005380342 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний   өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                    

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Б,

          2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн: Н.Д,

           Холбогдсон хэргийн талаар:

           Ч.Б, Н.Д нар нь бүлэглэж 2019 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Good guys” бааранд Н.Бтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгний зулгаралт,зөөлөн эдийн няцрал,зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна ” гэв.

          Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

          Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2019 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “good guyas” караокед манай эхнэрийн ажлын газрын хүмүүс байгаа гээд эхнэр дээрээ очсон юм. Тэгээд дээрх караокены өрөөнд ороход манай эхнэр Оюунчимэг, ажлын газрын хүмүүс гэх 7-8 хүнтэй хамт байж байсан. Тэгээд би ороод ширээн дээр нь суугаад хэсэг суусан юм. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа манай эхнэрийн ажлын газрын эмэгтэйгийнх нь найз залуу нь 2 найзтайгаа орж ирсэн. Тэгээд би нөгөө найз залуу дээр нь очоод танилцъя гэсэн чинь миний өөдөөс нөгөө залуу уурлаад тэгээд бид хоёр маргалдсан чинь манай эхнэр бид хоёрыг салгасан. Тэгсэн чинь нөгөө залуугийн найз нь гэх хар малгайтай цамцтай цагаан гадуур хувцастай залуу миний нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би нүдээ дарсан чинь манай эхнэр намайг аваад гарсан. Тэгээд эхнэр бид хоёр 1 давхарт зогсож байтал манай эхнэрийн ажлын газрынх нь эмэгтэйгийн найз залуу нь гэх нүдний шилтэй залуу миний нүүр рүү гараараа нэг удаа цохичихсон юм. Тухайн үед миний нүд хөхрөөд, зүүн хөмсөгний орчимд шалбараад хавдчихсан...” гэх мэдүүлэг / хх-н 4-8/,

          Гэрч Б.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 12 дугаар сарын 14-15 нд шилжих шөнө БЗД-н 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүүд гаяс” нэртэй караокед ажлын найзуудтайгаа хамт байсан. Тэр үед манай нөхөр болох Н.Б бид нар дээр ирээд байж байхад гаднаас манай ажлын найз болох У.Золзаяагын нөхөр гэх үл таних залуу хоёр найзын хамт орж ирсэн. Тэр залуучууд орж ирээд бид нар танилцах гэхэд нэрээ хэлэхгүй микрофон булааж авах гээд байсан бөгөөд манай нөхөр лүү Золзаяагийн нөхөр уурлаад нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон бөгөөд би очиж салгаж байхад араас түүнтэй хамт явсан нэг залуу манай нөхрийн хөмсөг хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд бид нар салгаад тус газраас шөнийн 01 цагийн үед гарах гэхэд микрофон эвдсэн гээд явуулахгүй байсан ба үүд хэсэгт байж байхад Золзаяагийн нөхөртэй хамт явсан манай нөхрийн хөмсөг хэсэгт нь цохисон залуу дахин зүүн нүд рүү гараараа цохисон бөгөөд манай нөхөр цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд нөхөр бид хоёрыг авч явсан...” гэх мэдүүлэг / хх-н 9-10/,

          Гэрч Ц.Золзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2019 оны 12 дугаар сарын 14-15 нд шилжих шөнө БЗД-н 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гүүд гаяс нэртэй кароакед шөнийн 01 цагийн үед ажлын хамт олонтойгоо тус газар орсон. Манай ажлын хүүхэд болох Б.Оюунчимэгийн нөхөр болох Н.Б тус газарт бид нарын араас орж ирээд бид нартай хамт суусан. Манай нөхөр болох Ч.Б өөрийн хоёр найзтайгаа намайг авах гээд тус караокед орж ирэхэд Б.Оюунчимэгийн нөхөр болох Н.Б микрофоноор өөрийгөө танилцуулаад дараа нь манай  нөхөр лүү микрофоноо ойртуулахад манай нөхөр микрофоноо өгчих би өөрөө барьж байгаад танилцуулна гэхэд тэр залуу өгөөгүй бөгөөд тэр залууг манай нөхөр нүүрэн хэсэгт нэг удаа мөргөсөн тэгэхэд нь би салгаж тэр залууг цааш түлхсэн. Дараа хохирогч болох залуу цаана сууж байгаад бид нар луу микрофон шидсэн бөгөөд тэр үед би нөхрөө аваад тус өрөөнөөс гарсан. Манай нөхөр болох Ч.Б хохирогч болох Н.Бгийн нүүрэн хэсэгт нь нэг удаа мөргөсөн...”  гэх мэдүүлэг / хх-н 11-12/,

          Гэрч Ч.Элбэгзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2019 оны 12 дугаар сарын 14-15 нд шилжих шөнө БЗД-н 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гүүд гаяс нэртэй кароакед шөнийн 02 цагийн найз Ч.Бат-Эрдэнийн эхнэрийг авах гээд хамт шөнийн 02 цагийн үед хамт очсон. Тэнд очиход Ч.Бат-Эрдэний эхнэрийн ажлынхан байсан бөгөөд тэр дунд нэг залуу босч ирээд өөрийгөө танилцуулсан бөгөөд дараа нь бид нарыг өөрсдийгөө танилцуул гээд микрофон бариад яваад байсан. Тэр хохирогч гэх залуу  бид нарт хандаад та дээрэлхэх гээд байна уу гээд байсан бөгөөд Ч.Бат-Эрдэнийг заамдаж авахаар нь би салгасан. Дараа нь тухайн залуу бид нар луу микрофон, пивоны шил гэх зэргийг шидээд байсан бөгөөд тэр өрөөнөөс Ч.Бат-Эрдэнийг аваад гарахад тус караокений зохион байгуулагч гарч ирээд эвдэлж хэмхэлсэн зүйлээ төлж барагдуулах талаар хэлсэн бөгөөд хохирогч гэх залуу ямар нэгэн мөнгөн өгөхгүй гээд байсан...” гэх мэдүүлэг / хх-н 13-14/,

 Шүүгдэгч Н.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2019 оны 12 дугаар сарын 14-15 нд шилжих шөнө БЗД-н 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гүүд гаяс нэртэй караокед шөнийн 02 цагийн үед найз Ч.Б болон Ч.Элбэгзаяа нартай хамт орсон. Тус газар ороод байж байхад үл таних залуу босч ирээд микрофон бариад Ч.Бат-Эрдэнийн ам руу тулгаад өөрийг танилцуул гэхэд би өөрөө танилцуулмаар байна гэхэд тэр залуу бид нарыг мангар бацаан гэх мэтээр хэл амаар доромжилсон бөгөөд Ч.Б тэр микрофон бариад байсан залуутай мөргөлдсөн түүний эхнэр гэх эмэгтэйг тус арагш татсан. Дараа нь тэр залуу буйдан дээр суучихаад бид нар луу микрофон шидсэн тэр үед Ч.Элбэгзаяа, Ч.Бат-Эрдэнийг өрөөнөөс аваад гарахад би буцаж очоод тэр залуугаас уучлалт гуйх гэхэд миний өөдөөс дайраад байхаар нь нүүрэн хэсэгт нэг удаа алдадсан. Хохирогч болох Н.Бтэй манай хамт ажилладаг ах болох Ч.Бтэй маргалдаж байгаад мөргөлдсөн... гэх мэдүүлэг / хх-н 15-16/,         

         Шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сарын 14-15нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гүүд гаяс нэртэй караокед шинийн 02 цагийн үед эхнэр болох Ц.Золзаяаг авах гээд ажлын газрын залуу болох Ч.Элбэгзаяа, Дэлгэртогтох нартай хамт очсон. Тус караокед ороход манай эхнэр ажлын хамт олонтойгоо хамт байсан бөгөөд нэг үл таних залуу өөрийгөө танилцуулаад дараа нь намайг өөрийгөө танилцуул гээд микрофон бариад ам руу тулгаад байсан. Тэр үед манай эхнэр тэр залуугийн эхнэрт хандаж нөхрөө цааш нь ав гэж хэлсэн бөгөөд тэр залуу цааш суудал дээрээ суусан. Удаагүй би эхнэрээ найзуудтайгаа хамт авч гарах гэтэл тус газрын зөөгч эвдэлсэн микрофоноо төлж барагдуул гэж хэлээд гаргахгүй байсан. Хохирогч Н.Бг манай найз болох тухайн үед саарал цамцтайй байсан Дэлгэртогтох нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон гэж надад өөрөө хэлсэн... гэх мэдүүлэг”  / хх-н 19-20/,

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22/

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 282 тоот шинжээчийн дүгнэлт : 

        1. Н.Бгийн биед зүүн хөмсөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

        5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх  боломжтой. /хх-н 23-24/,

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 25-27/

         Шинжээч Т.Амартүвшин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...  Н.Бгийн биед зүүн хөмсөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэх гэмтэл нь нэг болон хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтлүүд нь нэг биеийн хэсэгт нэг байрлалд учирсан тул тус тусдаа гэмтэл тогтоогдох боломжгүй бөгөөд нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг  / хх-н 28/,

          Н.Дын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 51/, оршин суух хаягийн тодорхойлолт/ хх-н 53/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/ хх-н 46/

         Н.Дод  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 33/, прокурорын тогтоол /хх-н 39-40/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 42-43/

          Н.Дод  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 29-30/

         Ч.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 44/,оршин суух хаягийн тодорхойлолт/ хх-н 49/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/ хх-н 54/

          Ч.Бд  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 33/, прокурорын тогтоол /хх-н 34-35/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-37-38/

          Ч.Бд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 31-32/ зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ч.Б, Н.Д нар нь бүлэглэж 2019 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Good guys  бааранд Н.Бтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгний зулгаралт,зөөлөн эдийн няцрал,зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.       Үүнд:

          Хохирогч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би нөгөө найз залуу дээр нь очоод танилцъя гэсэн чинь миний өөдөөс нөгөө залуу уурлаад тэгээд бид хоёр маргалдсан чинь манай эхнэр бид хоёрыг салгасан. Тэгсэн чинь нөгөө залуугийн найз нь гэх хар малгайтай цамцтай цагаан гадуур хувцастай залуу миний нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би нүдээ дарсан чинь манай эхнэр намайг аваад гарсан. Тэгээд эхнэр бид хоёр 1 давхарт зогсож байтал манай эхнэрийн ажлын газрынх нь эмэгтэйгийн найз залуу нь гэх нүдний шилтэй залуу миний нүүр рүү гараараа нэг удаа цохичихсон юм. Тухайн үед миний нүд хөхрөөд, зүүн хөмсөгний орчимд шалбараад хавдчихсан...” гэх мэдүүлэг,

 Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 282 тоот шинжээчийн дүгнэлтээр Н.Бгийн биед зүүн хөмсөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх  боломжтой гэж тогтоогджээ. 

          Шүүгдэгч Н.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ч.Б тэр микрофон бариад байсан залуутай мөргөлдсөн түүний эхнэр гэх эмэгтэйг тус арагш татсан. Дараа нь тэр залуу буйдан дээр суучихаад бид нар луу микрофон шидсэн тэр үед Ч.Элбэгзаяа, Ч.Бат-Эрдэнийг өрөөнөөс аваад гарахад би буцаж очоод тэр залуугаас уучлалт гуйх гэхэд миний өөдөөс дайраад байхаар нь нүүрэн хэсэгт нэг удаа алгадсан. Хохирогч болох Н.Бтэй манай хамт ажилладаг ах болох Ч.Бтэй маргалдаж байгаад мөргөлдсөн...” гэх мэдүүлэг, 

         Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн “ ... Гүүд гаяс нэртэй караокед шинийн 02 цагийн үед эхнэр болох Ц.Золзаяаг авах гээд ажлын газрын залуу болох Ч.Элбэгзаяа, Дэлгэртогтох нартай хамт очсон. Хохирогч Н.Бг манай найз болох тухайн үед саарал цамцтай байсан Дэлгэртогтох нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон гэж надад өөрөө хэлсэн ..” гэх мэдүүлэг,

         Гэрч Б.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн “...Тэр залуучууд орж ирээд бид нар танилцах гэхэд нэрээ хэлэхгүй микрофон булааж авах гээд байсан бөгөөд манай нөхөр лүү Золзаяагийн нөхөр уурлаад нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон бөгөөд би очиж салгаж байхад араас түүнтэй хамт явсан нэг залуу манай нөхрийн хөмсөг хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд бид нар салгаад тус газраас шөнийн 01 цагийн үед гарах гэхэд микрофон эвдсэн гээд явуулахгүй байсан ба үүд хэсэгт байж байхад Золзаяагийн нөхөртэй хамт явсан манай нөхрийн хөмсөг хэсэгт нь цохисон залуу дахин зүүн нүд рүү гараараа цохисон бөгөөд манай нөхөр цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд нөхөр бид хоёрыг авч явсан...”  гэх мэдүүлэг,

           Гэрч Ц.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манай нөхөр болох Ч.Б өөрийн хоёр найзтайгаа намайг авах гээд тус караокед орж ирэхэд Б.Оюунчимэгийн нөхөр болох Н.Б микрофоноор өөрийгөө танилцуулаад дараа нь манай  нөхөр лүү микрофоноо ойртуулахад манай нөхөр микрофоноо өгчих би өөрөө барьж байгаад танилцуулна гэхэд тэр залуу өгөөгүй бөгөөд тэр залууг манай нөхөр нүүрэн хэсэгт нэг удаа мөргөсөн тэгэхэд нь би салгаж тэр залууг цааш түлхсэн.Манай нөхөр болох Ч.Б хохирогч болох Н.Бгийн нүүрэн хэсэгт нь нэг удаа мөргөсөн..”  гэх мэдүүлэг  зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Ч.Б  нь Good guys  бааранд Н.Бтэй  микрофоноор өөрийгөө танилцуулна гэж микрофоныг авах гэхэд нь өгөөгүйн улмаас түүнийг мөргөсөн, Н.Д нь уучлалт гуйх гэж очоод өөдөөс дайраад байх үед нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд зүүн хөмсөгний зулгаралт,зөөлөн эдийн няцрал,зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

  Тэдний энэ үйлдлийг  прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул Ч.Б, Н.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн гэм буруутайг тогтоож, тэдэнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

 Ч.Б, Н.Д нараас хохирогч нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.      

         Энэ хэргийн улмаас  Ч.Б, Н.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.       

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Ч.Б, Н.Д нарыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус тогтоосугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт  зааснаар Ч.Б, Н.Д нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б, Н.Д нар нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Ч.Б, Н.Д нар нь шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Ч.Б, Н.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Б, Н.Д нар нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Ч.Б, Н.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.