Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 551

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1963 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багт оршин суух Боржигон овогтой Мягмаржавын Оюунбилэг /РД:АА63051004/-ийн  хүсэлттэй,

          Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч М.Оюунбилэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд тасралтгүй малчин, саальчнаар ажиллаж ирсэн хугацааг архивын лавлагаа, цалингийн тодорхойлолтыг үндэслэн тогтоож өгнө үү. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн болно гэжээ.  

 

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч М.Оюунбилэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 9-р сарын 2-ны өдрийн 396 тоот Мягмаржав овогтой Оюунбилэгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,

  • 1980 оны 1 сар, 8 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1981 оны 1 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1987 оны 3 сар, 11 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1989 оны 4 сараас 6 сар, 8 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,

          2. Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 2-р сарын 5-ны өдрийн 25 тоот “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоолд: 1983 оны төлчид саальчдын чуулга уулзалтанд оролцсон 358 хүн тус бүрт 4 төгрөг 56 мөнгө бүгд 1632 төгрөг 48 мөнгийг гарын бэлэг болгн олгосугай. /Жагсаалтыг хавсаргав/ Хавсралтанд: Оюунбилэг гэсэн.

          3. Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 2-р сарын 9-ний өдрийн 18 тоот “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоолд: 1984 оны 2-р сард малчид төлчдийн чуулга уулзалтанд оролцсон 238 хүнд гарын бэлэг болгон өгсөн зүйлийг 1-р хавсралтаар баталсугай. 1-р хавсралтын 28-рт: Оюунбилэг гэсэн.

          4. Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 2-р сарын 11-ний өдрийн 27 тоот “Болзол дүгнэх тухай” тогтоолд: 1984 оны сүүлийн төлөвлөгөөгөө 100 ба түүнээс дээш хувиар биелүүлсэн саальчинг 1700 төгрөг 1-р хавсралтаар шагнасугай. 1-р хавсралтад: Оюунбилэг гэсэн.

          5. Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 6-р сарын 10-ны өдрийн 58 тоот “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоолд: Мартын 8-ны 76 жилийн ойн баяраар нэгдлийн үйлдвэрлэлд идэвхитэй ажиллаж байгаа 23 эмэгтэй хүнд 394 төгрөг 50 мөнгөний дурсгалын зүйл олгосугай. /Хавсралт 1/          1-р хавсралтын 22-рт: Оюунбилэг /Баян-уулын цэг/ гэсэн.

          6. Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 3-р сарын 3-ны өдрийн 12 тоот “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоолд: ...ХАА-н нийгмийн даатгалд хамрагдаагүй гишүүдэд олгох ээлжийн амралтыг ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 25-р тогтоолоор батлагдсан заавар, бригадын зөвлөлүүдээс ирүүлсэн санал, сум бригадад байнга зохиогддог ажилтай зохицуулан боловсруулсан жагсаалтыг хэлэлцээд 1-р хавсралтаар баталсугай. Хавсралтад: М.Оюунбилэг ажилласан хоног 330, хүйс эм, ажил саальчин, 1988 оны хэдэн сард амрах 5/lll гэсэн зэрэг баримтууд болно.

 

            Хүсэлт гаргагч М.Оюунбилэг нь Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 9-р сарын 2-ны өдрийн 396 тоот цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 2-р сарын 5-ны өдрийн 25 тоот “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 2-р сарын 9-ний өдрийн 18 тоот “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 2-р сарын 11-ний өдрийн 27 тоот “Болзол дүгнэх тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 6-р сарын 10-ны өдрийн 58 тоот “Хөрөнгө зарлага болгох тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 3-р сарын 3-ны өдрийн 12 тоот “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоол зэргээр нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэсэн М.Оюунбилэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч М.Оюунбилэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч М.Оюунбилэг нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогтой Мягмаржавын Оюунбилэг /РД:АА63051004/-г  Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1980 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1990 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Оюунбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН