Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 384

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: Н.Дуламсүрэн

хохирогч : Б.Б

шүүгдэгчийн  өмгөөлөгч  : Г.Сүхээ

шүүгдэгч: Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Ц.Мд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906061470103 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.М,

           Холбогдсон хэргийн талаар:

           Ц.М нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 01-02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр авто оношлогооны төвийн хажуу талд Б.Бтэй дуудлагын жолоочийн төлбөрөөс болж маргалдан зодож биед нь 3 шүдний булгарал, уруулд цус хуралт,зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

   Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Тухайн орой найзынхаа жолооч дуудлагын компанид оператораар ажилласан. Модны хоёрт дуудлага өгсөн. Жолоочгүй болсон учир намайг явуулсан. Эхлээд замын цагдаа ороод нэлээн удсан. Хүлээж байгаад ботаник руу явсан. Замд бензингүй болсон учир надаас 10.000 төгрөгийг авсан. Гэртээ хариад мөнгөө өгнө гэж хэлсэн. би миний гар утаснаас шилжүүл гэж хэлсэн. Бэлэн мөнгөний машин орохоос өмнө намайг хохирогч “чи ямар арчаагүй банди вэ, би чамайг бодвол Америк улсад сурсан” гэж хэлээд эргэж хараад намайг заамдсан. Би хоёр гарыг мултаж түлхээд цаашаа явж, би дугаараа үлдээгээд машиныг нь түгжээд түлхүүрийг нь аваад явсан. Би машины түлхүүрийг тус компанид өгсөн. Хохирогч миний араас орилоод үлдсэн. Би зам гарч машинд суугаад явсан гэв.  

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хаан банкны гадна очиход ороход бүдэрч унаад карт маань хугарсан. Би жолооч дүүд “карт хугарчихлаа” гэж хэлэхэд “чи ямар тоглоомтой юм бэ” гэж машинаас буугаад намайг шууд цохисон. Би газарт унаад үлдсэн. Машин түгжээд түлхүүр аваад явсан.

Би цагдаа дуудах боломжгүй байсан учир гэртээ харьсан. Миний шүд гэмтсэн гэдгийг мэдээгүй, таксинд суухад шүд унасан. Гэртээ хариад эхнэртээ хэлэхэд эхнэр цагдаа дуудсан. 94949406 дугаараас над руу залгаад 89106419 дугаартай намайг зодоод явсан гэж хэлсэн. Таныг зодсон байна, жолооны үнэмлэхгүй хүн авсан байна уучлаарай, тэр хүнд хариуцлага тооцно гэж хэлсэн. би нэр, хаягийг асуухад нэр болон найзындаа амьдардаг гэсэн мэдүүлэг

 

          Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01 цагийн орчим хүлээн авалтад орж найзуудтайгаа уулзчихаад дуудлагын жолоочийг 80871950 гэсэн дугаар луу залгаж дуудсан. Unegui.mn-ээс харахад “Гялс” дуудлагын жолооч гэсэн нэртэй тухайн утасны дугаар байсан. Хэсэг хугацааны дараа 89101163 гэсэн дугаараас 01 цаг 56 минутад уг дугаараас залгахаар гарч очоод өөрийн 84-42 УНГ улсын дугаартай Ист маркын машины түлхүүрийг 23-25 орчим настай өндөр туранхай залууд өгөөд хамт Замын цагдаагийн хажууд хүнийг хүргэж өгөөд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн эцсийн ус-15 дугаар байр руу хүргүүлэхээр болсон.  Замдаа ботаникийн эцсийн Оргил худалдааны төв руу мөнгө авах гээд очиход АТМ цоожтой байхаар буцаж Баянзүрх оношлогооны төвийн тэнд очиж Хаан банкны АТМ орсон. АТМ орох гэж хаалгаа түлхэж гарахдаа картаа хугалчихсан. Буцаж очоод дуудлагын жолоочид би картаа хугалчихлаа одоо яах уу гэхэд уурлаж юун тоглоом хийгээд байгаа юм гээд машинаас бууж ирээд миний нүүрэн тус газар мөргөж цохиж унагаасан. Унасан байхад өшиглөөд зугатаачихсан. Би араас нь хөөсөн боловч цаашаа зугатаагаад явсан. Би араас хөөе мөнгийг чинь өгнө гээд байхад гэж орилсон. Тэгээд гүйцээгүй цаашаа гүйгээд явсан. Миний машины түлхүүрийг аваад явчихсан байсан. Тэгээд гэртэй хариад эхнэрийн утсаар цагдаа дуудсан. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 15 минутад над руу 94940694 дугаарын утсаар эрэгтэй хүн яриад “Гялс” дуудлагын төвөөс холбогдож байна, таныг хүргэж өгсөн жолооч мөнгөө өгөхгүй болохоор нь зодчихоод түлхүүрийг нь аваад хүрээд ирлээ гэсэн. Та машинаа яасан вэ? гэж асуусан. Би цагдаагийн байгууллагад хандсан байгаа, илүү түлхүүрээрээ машинаа асаасан гэж хэлсэн. Намайг зодсон хүнийг гэдэг хэн вэ гэхэд Мөнхтулга гэдэг залуу байгаа, манайд ажилд орсон, жолооны эрхгүй байсан байна лээ. Одоо ажиллахгүй байгаа утасны дугаар нь 89101163 гэж хэлсэн. Гэрийн хаяг нь олдох уу гэж асуухад мэдэхгүй, найзындаа байдаг юм шиг байна лээ гэж хэлсэн. Миний 3 шүд хугарсан, уруул язарсан, зүүн нүдний орчим язарсан байсан...” гэх мэдүүлэг / хх-н 9-10/,

         Яллагдагч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Гялс” сервис дуудлагын төвд оператороор ажиллаж байсан. Модны хоёрт дуудлага хүлээн авсан. Нямтогтох жолоочгүй болчихлоо. Чи явчих гэж хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэ гэх хүнийг аваад Замын цагдаагийн тэнд очиж нэг эмэгтэй хүнийг буулгаад хамт ороод 2 цагийн дараа гарч ирсэн. Тэгээд тэндээсээ Ботаник руу явсан. Замаасаа бензин авна гээд надаас бэлэн 10.000 төгрөг аваад нийлүүлээд шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгээд нэг байрны гадна очиж зогсоод интернет банкаар шилжүүлнэ гээд утас унтарчихлаа гэсэн. Тэгэхээр нь та одоо юу яриад байгаа юм вэ гээд АТМ рүү хамт орсон. Тэгтэл над руу чи ямар арчаагүй банди вэ? би чамайг бодвол Америк улсад сурсан боловсролтой хүн гээд заамдаж авсан. Тэгээд мөнгөгүй бол яах гэж дуудлагын жолооч дууддаг юм гээд Бат-Эрдэний 2 гарыг энгэрээсээ мулталж түлхсэн. Тэгээд буцаж яваад машиныг нь түгжээд түлхүүрийг аваад маргааш ирж мөнгөө өгөөд түлхүүрээ аваарай гээд өөрийнхөө болон дуудлагын дугаарыг өгөөд явсан. Араас тоосго шиг юм барихаар нь би гүйгээд зам руу гараад машинд суугаад явсан...” гэх мэдүүлэг / хх-н 36/,

          Гэрч Д.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Модны хоёрт хүлээн авалтад оролцсон. Тухайн үед нэг салбарт ажилладаг Бат-Эрдэнэтэй хамт нэг ширээнд суудаг. Арга хэмжээ тараад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 00 цагийн орчим такси барих гэж байхад Бат-Эрдэнэ би машинтайгаа явж байгаа, дуудлагын жолооч дуудсан байгаа гэж хэлсэн. Тэгээд би зам дагуу гээд хамт явсан. Дуудлагын жолооч ирээд машинд суугаад явсан. Дуудлагын жолооч гэж 25 орчим насны туранхай өндөр залуу байсан. Тэгээд би Бат-Эрдэнэтэй хамт яваад Замын цагдаагийн газрын хажууд буусан. Бат-Эрдэнэ цаашаа дуудлагын жолоочтой хамт явсан. Хүлээн авалтын үед Бат-Эрдэнэ хүнтэй маргалдаж биед нь гэмтэл учирсан асуудал байхгүй. Маргааш нь Бат-Эрдэнэтэй ярихад өчигдрийн дуудлагын жолоочид зодуулчихлаа, шүд унасан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг  / хх-н 39/,

          Гэрч Т.Ариунзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би Бат-Эрдэнийн ажил дээр хамт байж байгаад гэр лүүгээ ирсэн. Тухайн өдөр Бат-Эрдэнэ хүлээн авалттай байсан. Өдөр Бат-Эрдэний биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. Шөнө орж ирэхдээ зодуулсан байдалтай хамраас цус гараад хувцас нь цус болсон байдалтай, нүд нь хөхөрсөн, хөмсөгний доод талд нь бага зэрэг сэтэрсэн, уруул хавдсан байсан. Юу болсон талаар асуухад дуудлагын жолоочид зодуулсан гэж байсан. Утсыг нь цэнэглээд залгасан дуудлагын жолоочид зодуулсан гэж байсан. Утсыг нь цэнэглээд залгасан дуудлагын компани руу залгаж хэлээд цагдаад хандсан. Бат-Эрдэнэ дуудлагын жолоочоос өөр хүнтэй маргалдсан асуудал байхгүй. 2-3 хоногийн дараа Бат-Эрдэнэ дуудлагын компаниас яриад Мөнтулга гэх жолооч зодсон байна гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг / хх-н 40/,    

         Эд зүйл,баримт бичиг,гомдол, мэдээлэл,бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/ хх-н 42-45/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 12334 тоот шинжээчийн дүгнэлт :

          1. Б.Бий биед 3 шүдний булгарал, уруулд, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхин шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

         3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна гэх дүгнэлт /хх-н 16/,

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 17-18/, Ц.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 41/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд/ хх-н 24-30, Ц.Мд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 31/, прокурорын тогтоол /хх-н 32-34/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-36/, Ц.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 37-38/, зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

          Ц.М нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 01-02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр авто оношлогооны төвийн хажуу талд Б.Бтэй дуудлагын жолоочийн төлбөрөөс болж маргалдан зодож биед нь 3 шүдний булгарал, уруулд цус хуралт,зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд шарх, цус хуралт,зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

         Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...АТМ орох гэж хаалгаа түлхэж гарахдаа картаа хугалчихсан. Буцаж очоод дуудлагын жолоочид би картаа хугалчихлаа одоо яах уу гэхэд уурлаж юун тоглоом хийгээд байгаа юм гээд машинаас бууж ирээд миний нүүрэн тус газар мөргөж цохиж унагаасан. ...Миний 3 шүд хугарсан, уруул язарсан, зүүн нүдний орчим язарсан байсан...” гэсэн мэдүүлэг,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 12334 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.Бий биед 3 шүдний булгарал, уруулд, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхин шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна гэх дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Гэрч Д.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Хүлээн авалтын үед Бат-Эрдэнэ хүнтэй маргалдаж биед нь гэмтэл учирсан асуудал байхгүй. Маргааш нь Бат-Эрдэнэтэй ярихад өчигдрийн дуудлагын жолоочид зодуулчихлаа, шүд унасан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

          Гэрч Т.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Өдөр Бат-Эрдэний биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. Шөнө орж ирэхдээ зодуулсан байдалтай хамраас цус гараад хувцас нь цус болсон байдалтай, нүд нь хөхөрсөн, хөмсөгний доод талд нь бага зэрэг сэтэрсэн, уруул хавдсан байсан. Юу болсон талаар асуухад дуудлагын жолоочид зодуулсан гэж байсан гэсэн мэдүүлэг,

        Шүүгдэгч Ц.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Замаасаа бензин авна гээд надаас бэлэн 10.000 төгрөг аваад нийлүүлээд шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгээд нэг байрны гадна очиж зогсоод интернет банкаар шилжүүлнэ гээд утас унтарчихлаа гэсэн. Тэгэхээр нь та одоо юу яриад байгаа юм вэ гээд АТМ рүү хамт орсон. Тэгтэл над руу чи ямар арчаагүй банди вэ? би чамайг бодвол Америк улсад сурсан боловсролтой хүн гээд заамдаж авсан. Тэгээд мөнгөгүй бол яах гэж дуудлагын жолооч дууддаг юм гээд Бат-Эрдэний 2 гарыг энгэрээсээ мулталж түлхсэн. Тэгээд буцаж яваад машиныг нь түгжээд түлхүүрийг аваад маргааш ирж мөнгөө өгөөд түлхүүрээ аваарай гээд өөрийнхөө болон дуудлагын дугаарыг өгөөд явсан гэсэн...” мэдүүлэг зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Ц.М нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 01-02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр авто оношлогооны төвийн хажуу талд Б.Бтэй дуудлагын жолоочийн төлбөр төлөх асуудлаас  болж маргалдан түүнийг мөргөж цохиж унагасанаас  биед нь 3 шүдний булгарал, уруулд цус хуралт,зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

         Шүүгдэгч Ц.М нь намайг заамдаад авахаар нь би хоёр гарыг мулталж түлхээд явсан гэж мэдүүлж байгаа боловч энэ хэргийн нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна. Хохирогч Б.Б нь намайг мөргөөд цохисон гэж мэдүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэлтэй шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Б эмчилгээний зардалд өнөөдрийн байдлаар гарсан 168.000 төгрөгийн баримт гаргаж өгсөнийг шүүгдэгч Ц.М нь төлсөн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Цаашид шүд хийлгэхэд гарах зардлаа нэхэмжлэнэ гэсэн тул гарсан тухайн үед нь нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй

        Энэ хэргийн улмаас  Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн,цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухай зүйл хэсэгт заасан торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв:

          Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Ц.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.М  нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Ц.М  нь  торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Ц.М  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.М нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

       8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Мд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.