Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2017/ДШМ/45

 

 

 

 

 

 

                                                                            

 

Ж.Мөнхбилэгт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Д.Гансүх /Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн/, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                        Б.Ганбулган

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Л.Энхтунгалаг

Шүүгдэгч                                                       Ж.Мөнхбилэг

Нарийн бичгийн дарга                                  А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Мөнхбилэгт холбогдох 2017 1900 0265 дугаартай 163 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, аав, эгчийн хамтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ЦС 3 дугаар байрны 47 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овгийн Жалавдоржийн Мөнхбилэг / РД:УУ90013023 /.

Шүүгдэгч Ж.Мөнхбилэг нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Долоон даваа” гэх газарт Булган-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр “Тоёота Приус-20” маркийн мөнгөлөг саарал өнгийн 87-33 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3.б дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн ослын улмаас зорчигч С.Алтанцэцэгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор: Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас Ж.Мөнхбилэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Олхонууд овгийн Жалавдоржийн Мөнхбилэгийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Мөнхбилэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхбилэгт тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Ж.Мөнхбилэгт хяналт тавихыг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.Мөнхбилэг нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2017 оны 05 сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ж.Мөнхбилэгийн эзэмшлийн "Энтеч" маркийн суурин комюпьтер, процессор, канон принтер зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,

энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Ж.Мөнхбилэгийн 579810 дугаартай жолоочийн үнэмлэхийг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгаж,

энэ хэрэгт Ж.Мөнхбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн О.Анхбаярын 01506124 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид буцаан олгож,

            шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдаж,

            шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Мөнхбилэгт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч Ж.Мөнхбилэг нь 2017 оны 08 сарын 03-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 222 дугаар шийтгэх тогтоолоор “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам” зөрчсний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэгт буруутгагдан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар тэзврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээгээр шийтгүүлсэн.

Энэхүү шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь:

Шүүх хуулийг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1-5 жил хүртэл хугацаагаар тэнсэх тухай заасан байхад 5 жилийн хугацаагаар тэнссэн нь хуулийн хугацааг хэт өндөр тогтоосон гэж үзэж байна. Ер нь шүүх хуулийг хэрэглэхдээ тухайн этгээдийн хувийн байдал, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 1-5 жил хүртэлх хугацааны дотор хугацаа заан шийтгэл оногдуулах эрх нь байхад 5 жил оногдуулсан нь ойлгомжгүй байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн асуудал дээр маргаагүй ба бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа, өөрийнх нь биеийн байдал нь тааруу, өөрийн төрсөн эх С.Алтанцэцэгийн амь насыг хохироосны улмаас сэтгэл зүйн хүнд байдалд байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан тэнсэх арга хэмжээг бага хугацаагаар тооцон хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсч байна.

Иймд ЭХШХШТХ-ийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх 222 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж  хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Мөнхбилэг нь Булган-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай зам дээр Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Долоон даваа” гэх газарт 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр "Тоёота Приус-20" маркийн 87-33 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3.б дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч С.Алтанцэцэгийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь

 мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Мөнхбилэгийн: “...Би 87-33 УНҮ улсын дугаартай, Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад уулын уруу уруудаж явсан ба тойрог эргэлтэн дээр уруудахад өөдөөс машин ирж байгаа юм шиг харагдах шиг болсон тэгээд би тормоз гишгээд зүүн гар талруугаа огцом дарахад замын хойд талруугаа орж онхолдсон”.гэх мэдүүлэг /хх-85-86/,

              гэрч О.Анхбаярын: "...Мөнхбилэг болон бусад хүмүүс бүгд хамгаалах бүс зүүгээгүй явж байсан, гадаа нар жаргаагүй нартай замын үзэгдэх орчин хэвийн байсан ба замын эвдрэл, мал, амьтан, хүн, машин зэрэг бартаа саад байгаагүй уулын уруу замын огцом тойрог дээр рулиэ огцом дараад замын хойд тал руу орж онхолдох шиг болсон” гэх мэдүүлэг /хх-39-40/

Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 63 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “талийгаач С.Алтанцэцэг ... дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ /хх- 47/ гэсэн дүгнэлт,

Замын цагдаагийн 00000046 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “жолооч Ж.Мөнхбилэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн 2 дугаар бүлгийн 2.3 “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалт зөрчсөн... тухайн зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 гэсэн заалт зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна гэсэн /хх-73/ дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-9/, зам тээврийн ослын акт /хх-10/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-11/, тээврийн хэрэгсэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12,14-15/, эд зүйлийн үнэлгээ /хх-22/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Ж.Мөнхбилэгийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Мөнхбилэгт холбогдох эрүүгийн хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчилж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Мөнхбилэгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн байх ба давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхбилэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас төрсөн эхийнх нь амь нас хохирч сэтгэл санааны шаналалд орсон зэргийг ял хөнгөрүүлэх болон онцгой нөхцөл байдалд тооцож, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг багасган 3 жилээр тогтоож, тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалагийн “тэнсэх хугацааг багасгах тухай” давж заалдах гомдлыг хүлээн авав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолын

- тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Олхонууд овгийн Жалавдоржийн Мөнхбилэгийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Олхонууд овгийн Жалавдоржийн Мөнхбилэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

            - тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхбилэгт тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхбилэгт тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАА

                                                 ШҮҮГЧ                                       Д.ГАНСҮХ 

                                                                                                  Г.БОЛОРМАА