Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2018

 

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2016/02018

 

С.Хүдэрээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/06085 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Хүдэрээгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Засаг Чандмань майнз ХХК-д холбогдох

 

Цалин хөлс, ээлжийн амралтын олговор, алдангид 87 981 894 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Зохигчдын өмгөөлөгч нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Хүдэрээ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Мянган

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Цогхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Хүдэрээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "Засаг Чандмань Майнз" ХХК-ийн захирлын 2011 оны 03 дугаар сарьн 17-ны өдрийн 02 тоот тушаалаар Баяжуулалтын инженерийн албан тушаалд томилогдож, мөн өдрөөс "Хөдөлмөрийн гэрээ" байгуулан тус компанийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт орших Чандманийн уурхайд ажиллах болсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш хөдөлмөрийн хүнд нөхцөлтэйгээр сарын 800.000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байгаад "Засаг Чандмань Майнз" ХХК-ийн захирлын 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот тушаалаар 1 200 000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 35 тоот тушаалаар 2 000 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 57 тоот тушаалаар 3 000 000 төгрөг болж цалин нэмэгдэж, ажил албан тушаалаа хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж байсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс 2014 оны 10 дугаар сараас хойш үндсэн болон нэмэгдэл цалин, амралтын хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхгүй хохироох болсон тул аргагүйн эрхэнд Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргаж, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 43 тоот зөвлөмжөөр хариу авсан. Зөвлөмжид заасан хугацаанд ямар ч арга хэмжээ авахгүй байгаа тул харьяаллын дагуу тус шүүхэд хандлаа. Иймд  "Засаг Чандмань майнз" ХХК-иас 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 11 сарын үндсэн болон нэмэгдэл цалин 28 470 200 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1 714 196 төгрөг, нийт 30.184.396 төгрөгийн цалин, 15 092 198 төгрөгийн алданги, нийт 45 276 594 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 11 сарын үндсэн болон нэмэгдэл цалинд 28 470  200 төгрөг, алданги 14 235 100 төгрөг, нийт 42 705 300 төгрөгийг нэмэгдүүлсэн . "Засаг Чандмань майнз" ХХК-аас нийт 87.981.894 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Засаг Чандмань майнз ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг огт зөвшөөрөхгүй байгаа. С.Хүдэрээ нь бусадтай нийлж тухайн компанид ажиллаж байх хугацаандаа залилангийн хэрэг үйлдэж компанийг нэрийг барьж гадны компаниас их хэмжээний мөнгө завшсан тул уг ажилтныг 2015 оны 04 сарын 01-ний өдөр ажлаас халж хэргийг цагдаад өгсөн. А.Батбаяр гэх этгээд тус компанийн нэрийг ашиглаж гадны компаниас их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан эрүүгийн хэрэгт С.Хүдэрээ нь хамтран үйлдсэн сэжигтнээр татагдаж Сүхбаатар дүүргийн  Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа. С.Хүдэрээгийн гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн тогтоох хүртэл уг иргэний нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, мөн хуулийн 117.1-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 56 дугаар зүйлийн 56.1, 141 дүгээр зүйлийн 141.3-т зааснаар хариуцагч "Засаг чандмань майнз" ХХК-аас 17 949 065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Хүдэрээд олгож, илүү нэхэмжилсэн цалин хөлс, алданги 12 432 640 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хариуцагч "Засагчандмань майнз" ХХК-аас 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс, түүнд тооцогдох алданги, мөн ээлжийн амралтын олговор нийт 57.600.189 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Хүдэрээгийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийх, баталгаажуулахыг хариуцагч "Засаг чандмань майнз" ХХК-д даалгаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бичилттэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч "Засаг чандмань майнз" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 247.695 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мянган нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:   С.Хүдэрээгийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж буй эрүүгийн 201525020650 тоот хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж буй асуудал нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэрэг маргааны зүйл болох "...Цалин хөлс, ээлжийн амралтын олговор, алданги нийт 87 981 894 төгрөг гаргуулах тухай..." нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүйгээс гадна түүнийг нэхэмжлэл гаргасны дараа буюу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр тооцон шалгасан бөгөөд түүний гэм буруугийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа юм. Шүүх  нэхэмжлэгч С.Хүдэрээ сэжигтнээр тооцогдсон нь гэм буруутай байж болзошгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д " ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэний ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно..." гэсэн зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн "Засаг чандмань майнз" ХХК-ийн захирлын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаартай тушаалыг хууль бусаар бүрдүүлсэн гэж үзэж нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж байсан бөгөөд энэхүү хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хариуцагч тал уг нотлох баримтыг хуурамчаар, бүрдүүлж хэрэгт хавсаргасан болох нь нотлогдсон гэж нэхэмжлэгчийн талаас үзэж байна. Тухайлбал хавтаст хэргийн 36 дугаар талд буй Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ "...С.Хүдэрээг ажлаас халаагүй байгаа нь үнэн...", "...Ер нь бол Хүдэрээ халагдаагүй, бид зарим инженерүүдээ авч үлдэж байгаа юм..." гэж мэдүүлж байсан мэдүүлэг, хавтаст хэргийн 176 дугаар талд авагдсан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн тодорхойлолтоор "Засаг чандмань майнз" ХХК-ийн зүгээс ажилтан С.Хүдэрээгийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2015 оны 01 дүгээр сараас 08 дугаар cap хүртэл, мөн 2016 оны 01 сард төлж байсан болохыг нотолсон баримт зэргээс үзэхэд нэхэмжлэгч С.Хүдэрээг ажлаас халсан тушаалыг хуурамчаар үйлдэж хэрэгт хавсаргасан байна. Хариуцагч "Засаг чандмань майнз" ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс сул зогсолт зарласан тухай тушаалыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ тушаалыг ажилтнууддаа тухайлбал нэхэмжлэгч С.Хүдэрээд албан ёсоор мэдэгдээгүй байдаг. Тэгээд ч Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасан "Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговорын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй" гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй тушаал нь хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн  шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Хүдэрээгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галмандах давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Засаг чандмань Майнз" ХХК нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд 2014 оны 10 сараас тус компанийн үйл ажиллагаа доголдож, хөрөнгө оруулалт зогсож эхэлсэнтэй холбогдуулан манай компанийн зүгээс сул зогсолт зарлаж эхэлсэн. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Хариуцагч "Засаг чандмань майнз" ХХК нь нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасан хэдий ч 2015/04/01-ний өдрийг хүртэлх хугацааны нэхэмжлэгчийн цалин хөлс, олговрыг олгосноор нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж шимтгэл төлсөн, мөн нэхэмжлэгчид цалин хөлсний өглөгтэй тухай санхүүгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан байх ба С.Хүдэрээг 2015/08/06-ны өдөр сэжигтнээр тооцсон байна.

Шүүх хуралдааны өмнө хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх заавал хурлаараа сэжигтнээр тооцсон тогтоолыг нотлох баримт шинжлэн судлах шатаар хэлэлцүүлж байж шийдвэрлэнэ гэж үзэн хүсэлтийг хангаагүй болно. Ийнхүү шүүх хурал эхэлж хариуцагчийн хувьд тухайн ажилтанг ажиллаж байх хугацаандаа уг гэмт хэргийг хэрэв үйлдсэн байвал бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, харин гэм буруугүй нь шүүхээр тогтоогдвол бид үндсэн нэхэмжлэл болон алданги, сул зогсолтын мөнгө зэргийн хэдийг нь хүлээн зөвшөөрч байгаа, хэдийг нь ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нотлох баримтын хүрээнд тайлбарлаж мэтгэлзэж шүүх хуралд оролцох хүсэлтэй байгаагаа дахин дахин шүүх хуралдааны явцад шүүгчид хэлсэн. Гэвч шүүгч нотлох баримт шинжлэн судалсны дараа талуудаас нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор тавих хүсэлт байна уу гэж талуудаас асуулгүйгээр шууд шүүх хурлыг цааш үргэлжлүүлсэн болно. Хариуцагчийн зүгээс нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор талуудаас хүсэлт тавих гэхэд шүүх хуралдааны дэгээ би өөрөө мэдье гээд хурлыг үргэлжлүүлсэн болно. Ийнхүү талууд бие биеээсээ асуулт асуу гээд, дараа нь шүүгч өөрөө талуудаас асуулт асуусан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд эрүүгийн хэрэгт буруугүй болохоо иргэний шүүх хуралдаан дээр тасралтгүй ярьж шүүх сонссон болно. Хариуцагчийн зүгээс дахин босч, нотлох баримт шинжлэн судалж, С.Хүдэрээг эрүүгийн хэргийн сэжигтнээр татсан тогтоол хэрэгт авагдсан. Гэм буруутай эсэхийг иргэний шүүх биш, эрүүгийн шүүх тогтоох ёстой, тийм учираас эрүүгийн хэргийг ярьж энд мэтгэлзэх нь зохимжгүй, шүүх хурлын бүх шатанд хариуцагчаас хүсэлт гаргаад байхад шүүх авч хэлэлцэхгүй шүүх хурлыг нэхэмжлэгчийн тайлбартайгаар үргэлжлүүлээд байгаа нь хууль зөрчиж байна гэж дахин дахин хэлсэн боловч шүүх одоо шийдвэрээ гаргана гарцгаа гэсэн болно. Хариуцагчийн хувьд манай хүсэлт яах вэ гэхэд шийдвэртэйгээ цуг гаргана гэж бидэнд хэлсэн болно. Үнэндээ шүүхийн шийдвэртэй цуг гардаг ямар хүсэлт байдаг, шүүх шийдвэртээ хүсэлтийг багтааж шийдвэрлэдэг, хүсэлтийг хангасан эсэх шүүхийн захирамжид талуудын гаргах гомдол энэ тэр байгаа эсэхийг ч авч хэлэлцэхгүй процессийн алдаатай ийм шүүх хурал болсон.

 С.Хүдэрээг сэжигтнээр тооцсон огноо 2015 оны 08 сард болохоос бусадтай нийлж үгсэн хуйвалдаж, тухайн гэмт хэргийг үйлдэж эхэлсэн нь 2015 оны 08 сард биш болно. Шүүх сэжигтнээр тооцсон тогтоол гарахаас өмнө С.Хүдэрээг мөн шударгаар ажил хөдөлмөрөө хийж байсан гэдгийг хэрхэн тогтоогоод байгаа болон, ингэж тогтоох эрхтэй эсэх нь мөн эргэлзээтэй болно. Хэрэв эрүүгийн шүүхээр 2014 оны 10 сараас ч өмнө бусадтай нийлж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдох юм  бол мөн тус хугацааны цалин мөнгийг өгөхгүй байх үндэслэл болно. Алдангийг нэхэмжлэх хуулийн хугацаа дууссан гэдгийг, мөн хариуцагч алдангийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай шүүх хурал дээр огт хэлэлцэгдээгүй болохыг шүүх шийдвэрээ гаргахдаа анхаараагүй. Энэ мэт шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарч, хариуцагч шүүх хуралдаан дээр шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаа хэлэлцүүлж, мэтгэлзэж оролцох гэх мэт бүх эрхээ эдэлж чадаагүй болно. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын 17 949 065 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

 

            Нэхэмжлэгч С.Хүдэрээ нь хариуцагч “Засаг чандмань майнз” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговор, алданги 87 981 894 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “...манай компанийн нэрийг ашиглан их хэмжээний мөнгө залилсан хэрэгт шалгагдаж байгаа тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой” гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч С.Хүдэрээ нь “Засаг чандмань майнз” ХХК-тай 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Дорноговь аймгийн Дэлгэрэх сум дахь Чандманийн уурхайд баяжуулалтын инженерээр ажиллаж байсан бөгөөд 2014 оны  10 дугаар сарын 01-нээс хойш цалин хөлс олгогдоогүй үйл баримт тогтоогджээ. Цалин хөлс олгогдоогүй шалтгааныг хариуцагч тал сул зогсолт зарласан, ажилтан С.Хүдэрээ нь бусадтай нийлж тус компанид ажиллаж байх хугацаандаа залилангийн хэрэг үйлдэж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа, 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн түүнийг ажлаас халсан гэсэн 3 үндэслэлээр тайлбарлажээ.  /х.х-ийн 4-6, 7, 141/

 

            Нэхэмжлэгч С.Хүдэрээгийн цалин хөлс гаргуулахаар шаардсан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-д зааснаар шүүхийн харьяаллын маргаан бөгөөд нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам, маргааны талаар гомдол гаргах хугацаа зэргийг зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцжээ.

 

Хариуцагч нь цалин хөлс олгоогүй үйл баримтад маргаагүй боловч уг ажилтантай холбоотой эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа цалин хөлс олгох эсэхийг шийдвэрлэх ёстой, мөн ажлаас халсан гэж тайлбарласан нь хуульд нийцээгүй байна. Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар болон бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгох зарчимтай юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох бөгөөд гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр нотлогдоогүй байхад гэм буруутай нь тогтоогдож болзошгүй гэсэн байдлаар цалин хөлс олгохгүй байх эрх ажил олгогч буюу хариуцагчид байхгүй юм.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл иргэний хэргийг түдгэлзүүлээгүй талаар гомджээ. Өмнө ажилласан хугацааны цалин хөлс л төлөөгүй асуудлаар үүссэн иргэний хэрэг нь эрүүгийн хэрэгтэй шууд холбоогүй бөгөөд түдгэлзүүлэх шаардлагагүй байжээ.

 

Нэхэмжлэгчид 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны цалин, олговор, хугацаа хэтрүүлсний алданги олгох үндэслэлтэй байна.  Учир нь хэргийн 141 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч нь  С.Хүдэрээг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан бөгөөд уг тушаал хүчинтэй байна. Иймд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цалин хөлс, алдангид С.Хүдэрээ нь нийт 21 991 715 төгрөг авах тооцоо гарч байх тул дээрх хэмжээний мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/06085 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “17 949 065” гэснийг “21 991 715” гэж, 4 дэх заалтын “247 695” гэснийг “267 909” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Засаг чандмань майнз ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                            ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                                    Ш.ОЮУНХАНД