Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01055

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02932 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 490 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Н” ХХК

          Хариуцагч: “О” ХХК-д холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 112.320.000 төгрөг гаргуулах тухай,

         Сөрөг нэхэмжлэл: 2013 оны Б-12-24 дугаар  гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

       Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н ХХК болон О ХХК-ийн хооронд 2013-06-10-ны өдөр Б-13-24 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулагдсан. Уг гэрээгээр нэг литр түлшийг 1600 төгрөгөөр тооцон нийт 46 000 литр түлш нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд О ХХК-ийн захирал Д.Амгалан өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 9 дүгээр байр 33 тоот хаягт орших  орон сууцыг барьцаалан ипотекийн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс О ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан менежер ажилтай Д.Батцэрэнгийн утсаар өгсөн захиалгын дагуу, явуулсан автомашинуудад нийт 46.800 литр 74 880 000 төгрөгийн түлш ачуулж, нийлүүлсэн. Гэрээнд бичгээр захиалга өгөхөөр заасан ч тухайн үед бичгээр захиалгыг аваагүй нь нийлүүлсэн бүтээгдэхүүнийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.  Мөн гэрээний 6.3-т бүтээгдэхүүнийг агуулахаас ачилт хийж авснаас хойших эрсдэлийг худалдан авагч тал хариуцахаар тохиролцсон тул худалдан авсан этгээд тухайн түлшийг хэрхэн ашиглах, яаж захиран зарцуулах, гуравдагч этгээдэд шилжүүлсэн эсэх нь худалдан авагчийн эрх хэмжээний асуудал. Гэрээнд хоёр тал төлөөлөх этгээдийг томилохоор тохирсон ч тийм хүнийг томилоогүй тул гэрээнд анхнаасаа гарын үсэг зурсан этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзсэн. Хариуцагч гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөө төлөлгүй. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд ипотекээр баталгаа гаргасан иргэн Д.Амгалангийн барьцааны зүйлээс гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2015 оны 2124-р шийдвэрт Н ХХК нь О ХХК-тай байгуулсан гэрээний маргаан шийдвэрлэсний эцэст баталгаа гаргагчаас шаардах гэж заасан. О ХХК 74 880 000 төгрөгийг барагдуулаагүй. Гэрээний 4.2, 4.4-т  алданги тооцохоор тохиролцсон байгаа.  2013-06- 27-ны өдөр ачуулсан, 2013-07-27-ны өдрөөс 2015-11-24-ний өдөр хүртэлх хугацаанд алданги тооцох ёстой.  Иймд алданги 74 880 000 төгрөгийг  37,440,000 төгрөг нийт 112,320,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулахаар тусгаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талтай гэрээ хийсэн нь үнэн. Гэхдээ уг гэрээ хэрэгжээгүй. О ХХК-д барааг шилжүүлж өгөөгүй, шилжүүлж өгсөнөө нотлоогүй. Д.Батцэрэн гэрээг байгуулсан боловч тэрээр манай компаний ажилтан биш, компаниас  барааг хүлээн авах, утсаар захиалга өгөх эрхийг олгоогүй. Гэрээний 2.1-д зааснаар эзэмшилдээ хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг хүлээх бөгөөд гэрээний 2.2, 2.4-т зааснаар бичгээр захиалсан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байхыг шаардана. Гэвч нэхэмжлэгч хаашаа, хэнд ачуулсан болох нь мэдэгдэхгүй баримтаар манайхаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бараа ачуулсан талаар падаан байгаа боловч падаанд бичигдсэн тээврийн хэрэгслүүд, түүний жолооч нар хариуцагч байгууллагынх биш, жолоочид нь тус компанийн ажилтнууд биш. Энэ тухай нотлох баримтууд хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч нь гэрээний 7.5 дахь заалтыг зөрчиж, өөр хүмүүст бүтээгдэхүүнийг шилжүүлсэн. Бензин ачуулсан хүмүүс Д.Батцэрэнтэй хуйвалдаж манай компаний нэрээр ачуулсан байсныг хожим мэдсэн. Мөн 46 000 литр түлш нийлүүлэхээр тохиролцсон гэсэн атлаа 46 800 литр нийлүүлсэн гэсэн зарлагын падаан байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: №Б-12-24 тоот гэрээний агуулга хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Гэрээнд заавал тусгавал зохих гэрээний гол нөхцөл болох газрын тосны бүтээгдэхүүний үнэ, хэмжээ зэргийг харилцан тохиролцоогүй байх тул худалдан авагчийн ашиг сонирхолд болон шударга ёсны зарчимд харшилсан, гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн, нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг тусгах хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгч тал гэрээний гол нөхцөлийг 2013-06-10-ны өдрийн Б-13-24 тоот нэмэлт гэрээгээр харилцан тохиролцсон хэмээн үндсэн гэрээнд хавсаргасан байх боловч энэхүү гэрээ нь баримт бичгийн шаардлага хангаагүй буюу талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тамга тэмдэг дараагүй, мөн түлшний хэмжээг 46 000 литр гэж тэмдэглэсэн атлаа 46 800 литр түлш нийлүүлсэн гэсэн үнийн дүнгийн зөрүүтэй падааныг шүүхэд гаргаж өгсөн байна.  Гэрээнд зааснаас илүү хэмжээний түлшийг нийлүүлсэн байх боломжгүй учир уг баримт бичиг бодит үйл баримтыг нотолсон гэж үзэх боломжгүй. Нэмэлт гэрээг үндсэн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь заалтын дундуур оруулж хэвлэснээс үзэхэд анхнаасаа нэмэлт гэсэн хэсэг нь энэхүү гэрээнд хавсаргагдаагүй байсныг харуулж байна. Мөн Б-13-24 тоот нэмэлт гэрээг үндсэн гэрээтэй нэг өдөр буюу 2013-06-10-ны өдрөөр огноолсон. Хэрвээ нэмэлтийг үндсэн гэрээнд хавсаргаж талуудад хүргүүлсэн бол талууд үндсэн гэрээтэй хамтад нь баталгаажуулах ёстой. Эдгээр үндэслэлүүдээс үзэхэд Н ХХК болон О ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013-06-10-ны өдрийн №Б-12-24 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах-худалдан авах гэрээний нэмэлт гэрээ огт хийгдээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүйн дээр түүнд хавсаргавал зохих нэмэлт гэрээ хуулийн шаардлага хангаагүй, хуурамчаар хийсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 195.2-т зааснаар гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байхыг шаарджээ. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэрээний гол нөхцөлийг тохироогүй байх тул Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж хийгдсэн гэрээ болно. Дээрх үндэслэлээр Н ХХК болон О ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013-06-10-ны өдрийн №Б-12-24 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Үндсэн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул барьцааны гэрээ мөн адил хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.

         Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Н ХХК болон О ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013-06-10-ны өдрийн дээрх хоёр гэрээ нэг өдөр хийгдэж 2 талын захирал, төлөөлөгч нар гарын үсэг, байгууллагын тамга тэмдгээр баталгаажсаны дээр нотариатаар баталгаажуулсан, хууль ёсны шаардлага хангасан. Хуульд зааснаар гэрээний гол нөхцөл болох үнэ, тоо хэмжээг гэрээнд тусгаагүй гэдэг үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байх боловч гэрээг байгуулахдаа талууд хамгийн түрүүнд тоо хэмжээ, нэг бүрийн үнийг тохиролцдог. Гэрээний 2.3-т хавсралт нь үндсэн гэрээний салшгүй нэг хэсэг болохыг дурдсан бөгөөд мөн үнэ, тоо хэмжээг заан нотариатаар гэрчлүүлсэн байна. Уг хавсралтад гарын үсэг зурагдаагүй ч хариуцагч 2015-12- 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа ... хямд дизел түлш байна... 46 000 литр түлшийг 1 600 төгрөгөөр авах эрхтэй болсон, сарын дараа төлбөрөө төлж болно гэсэн гэж тодорхой дурдсан байгаагаас үзвэл тэрээр манайхтай гэрээг байгуулахдаа талуудын илэрхийлсэн хүсэлт зоригийг мэдэж байсан, нэг литр түлшийг 1 600 төгрөг байхаар, нийт 46 000 литр түлш авах гэж байгаагаа ухамсарлаж ойлгон гэрээг байгуулсан гэдэг нь нотлогдоно. Мөн хариуцагч талаас нэмэлт гэрээ хийгдээгүй, канондсан гэсэн тул манай зүгээс уг гэрээнүүдийг эх хувиар нь хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Хариуцагчийн үндэслэлээ болгосон Иргэний хуулийн 195.2 дахь заалт нь харин ч гэрээний саналыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлийн талаар зохицуулсан зохицуулалт байна. Хариуцагч гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр гэдэгт урьд маргаж байгаагүй, харин гэрээнд заасан журмыг биелүүлээгүй, түлшийг хүлээж авсан эсэхэд маргаж байсан. Гэтэл одоо гэрээ хүчин төгөлдөр бус гэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02932 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан О ХХК-иас 112,320,000 төгрөг гаргуулж, Н ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 719 550 төгрөг, хариуцагчаас төлсөн 532 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 719 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 490 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02932 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй гэж үндсэн болон  сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:   Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хуульд харшлахгүйгээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хэлцэл хийх /ИХ-ийн 40.1/, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд хэн алин нь хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний нөхцөлийг тохиролцон эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно /ИХ-ийн 196.1.1/. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, төлбөрийг төлөхөөр ажиллаж байсан зэрэгтэй бол маргаангүй бөгөөд гэрээний 2.3, 4.5-д нэг бүрийн үнэ, нийлүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээг гэрээний хавсралтаар тогтоохоор тохиролцсон. Мөн уг гэрээг хавсралтын хамт “Нийслэлийн Баянгол дүүргийн тойргийн нотариатч М.Мөнхцас би энэхүү гэрээний үнэн зөвийг гэрчлэв. Үйлчилгээний хөлсөнд 50.000 төгрөг хураав” гэж нотариат баталгаажуулсан нь хавсралт гэрээний салшгүй нэг хэсэг, хүчин төгөлдөр болохыг баталж байна. Үнэ, тоо хэмжээг тохиролцсон гэдгийг хариуцагч баталж 2015-12-23-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбартаа нэг бүрийн үнийг 1.600 төгрөг, нийт тоо хэмжээг 46.000 литрийг авахаар буюу хямд үнэтэй авахаар тохиролцсон гэдгээ нотолдог. Нэхэмжлэгчийн зүгээс шаардлагатай бүх нотлох баримт /зарлагын баримт, гэрчийн мэдүүлэг, эвлэрлийн захирамж/-ыг гаргаж өгсөн байдаг.Мөн шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ тогтоогдсон буюу хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн /Д.Батцэрэн авчихсан байна, аваад өөртөө зарцуулсан байналээ, эвлэрээд төлөх гэж байсан зэрэг/ баримтуудыг огт үнэлэхгүйгээр дээрх дүгнэлтийг хийсэн. Гэрээний 2.2, 2.4-т талууд албан ёсны төлөөлөгчийг томилохоор, бичгээр өгсөн захиалгын дагуу бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр, хоёр талын итгэмжлэгдсэн төлөөлөгчид актаар хүлээлгэн өгч, хүлээн авахаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, хүлээлгэн өгөх арга журмыг тогтоосон байх боловч хэн алин нь тохиролцсон журмыг хэрэгжүүлээгүй, гэрээнд төлөөлж оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томилоогүй, нэхэмжлэгч бичгээр захиалга өгөөгүй байхад амаар өгсөн гэх захиалгаар бүтээгдэхүүнийг нийлүүлсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн. Анх гэрээ байгуулах үнийн судалгаа, гэрээ байгуулах нөхцөл зэргийг хариуцагчийн менежер болох Д.Батцэрэн хийж, нэхэмжлэгчтэй анх ирж уулзсан, гэрээнд төлөөлж менежер гэж гарын үсэг зурсан улмаар ачих машины захиалгыг өгсөн байдаг. Энэ үйл баримт нь Иргэний хуулийн 65.1-д заасан нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд түүнийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгосон бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасныг давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой байсан. Түүнчлэн,давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 167.1.4-г удирдлага болгон тогтоохдоо мөн хуулийн 168 дугаар зүйлийн аль нь болохыг тодорхой заагаагүй, үндэслэл болгоогүй байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой дүгнэлтийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна гэсэн бол уг тогтоох хэсгийн заалтыг хэвээр үлдээж шийдэлгүй давхардуулан хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх ИХШХШтХ-ийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянахаар бол анхан шатны шүүхийн нэгэн адил хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж, нотлох баримтанд үндэслэн магадлах ёстой байтал нотлох баримт, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Мөн хүлээлгэн өгсөн акт, Т.Сэргэлэн, Б.Өлзийсайхан, ачилт хийсэн жолооч Д.Алтансүх, Д.Анхбаяр нар нь бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан үйл баримтыг хангалттай нотолсон байхад энэ талаар огт дүгнэлт хийсэнгүй. Шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хүсэлт зэрэг менежер Д.Батцэрэнгээрээ дамжуулан уг бүтээгдэхүүнийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйл баримтууд мөн нас барсан хүн үг хэлэхгүй гэдгийг далимдуулж гэрээний хариуцлагаас мултрах гэсэн хариуцагчийн санаатай үйлдэл гэдэг нь тодорхой байсаар байхад нотлох баримтанд үндэслэлгүй “бүтээгдэхүүнийг нийлүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн нь ИХШХШтХ-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг давж заалдах шатны шүүх ноцтой зөрчсөн зөрчил нь ИХ-ийн 243, 262-т заасан материаллаг эрх зүйн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэхэд хүргэлээ. Энэ нь үүргээ бүрэн биелүүлсэн худалдагчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Дээрх үндэслэлүүд байхад анхан шатны шүүхийн шүүгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлж, хавтаст хэргийг бүрэн шинжлэн судалж, хуулийн хүрээнд гаргасан шийдвэрийг давж заалдах журмаар хянасан магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Н ХХК 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийлүүлсэн шатахууны үнэ 74,800,000 төгрөг, алданги  37,440,000 төгрөг нийт 112,320,000 төгрөг шаарджээ. /хх 1-н 1/

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... Н ХХК гэрээний дагуу  түлш нийлүүлээгүй атлаа мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбар өгч  /хх 1-н 46, 63/ 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж /хх 1-н 213/ нэхэмжлэлийн үндэслэл болсон 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б-12-24 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн байна. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 1-н 220/ маргасан байна.

      Анхан шатны шүүх  нэхэмжлэлийг бүрэн хангасан  бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...  Д.Батцэрэнгийн утсаар өгсөн захиалгын дагуу бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байна...эд  хөрөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцно... бичгээр байгуулсан гэрээнд  алданги тохирсон байна...” гэжээ. 

      Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгохдоо “... нэхэмжлэгч нь О ХХК-д гэрээний зүйлийг нийлүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байна...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

      Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан гомдолдоо “... шүүх эвлэрээд төлөх гэж байсан талаарх баримтуудыг огт үнэлээгүй... хариуцагчийн менежер Д.Батцэрэн анх ирж уулзаж ачих машины захиалгыг өгсөн... ИХШХШТХ-ийн 167.1.4-г удирдлага болгон тогтоохдоо мөн хуулийн 168 дугаар зүйлийн аль нь болохыг тодорхой заагаагүй... хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй шийдвэр гаргасан... акт, Т.Сэргэлэн, Б.Өлзийсайхан, Д.Алтансүх, Д.Анхбаяр нарын өгсөн мэдүүлгийн талаар дүгнэлт хийгээгүй...”  гэжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       1. Хэрэгт Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015-03-25-ны өдрийн 2124 дугаар шийдвэр /хх 1-н 6-7/ болон 2014 оны 72, 10938/с дугаартай  захирамжууд /хх1-н 59,60-61/,  зохигчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх1-н 8,116/ , “Н” ХХК-с “Овооттэд” ХХК-д 2013 онд нийлүүлсэн дизелийн түлшний товчоо. Н ХХК-ийн санхүү” гэсэн баримт /хх 1-н 10/, ШТМ-ын зарлагын 2013 оны 06 дугаар сарын 19, 20, 21, 24, 25, 27-ны өдрийн №183, 184, 187, 188, 189, 190, 193, 133, 134, 135, 137, 138,  195, 197, 203, 219, 231 дугаартай падаанууд  /хх 1-н 11- 27/, Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах-худалдан авах Б-13-24 дугаартай 2013-06-10-ны өдрийн гэрээ болон нэмэлт мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ  /хх 1-н 28-38, хх 2-н 22-32/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 1-н 39/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх 1-н 62/, Автотээврийн үндэсний төвийн 2017 оны 180 болон 388 дугаар албан бичиг  хавсралтын хамт /хх 1-н 233-224, 196-211/, гэрч Д.Алтансүх, Д.Анхбаяр нарын мэдүүлэг /хх 1-н 247-248, хх 2-н 1-2/ -г үндэслэн шийдвэр гаргажээ.

       Хоёр шатны шүүх шийдвэр гаргахдаа хэлэлцсэн эдгээр баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

 2. Нэхэмжлэгч нь шаардлагадаа 2013-06-10-ны өдөр Б-13-24 дугаартай  “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ”-г үндэслэсэн бөгөөд уг гэрээнд  худалдан авагч  бүтээгдэхүүний  үнийг тодорхой цаг хугацааны дараа  хүүгийн хамт  төлөх үүрэг хүлээгээгүй байна. Иймд хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн буюу талууд түлшийг зээлээр худалдах-худалдан авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

       3. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 1.1-д зааснаар “Н” ХХК газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, “О” ХХК барааг хүлээн авч, гэрээнд заасан нөхцөл журмын дагуу барааны үнийг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд  гэрээг бичгээр хийж, гэрээнд нэхэмжлэгч талаас Т.Сэргэлэн, Г.Амаржаргал, Б.Өлзийсайхан, Б.Отгонтөгс, хариуцагч талаас Д.Амгалан, Д.Батцэрэн нар гарын үсэг зурсан, энэ талаар зохигч маргаагүй.

       2013-06-10-ны өдрийн Б-13-24 дугаар гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд талуудын хооронд газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ. Гэрээ хүчин төгөлдөр байх тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй юм.

        4. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.

       Хэрэгт авагдсан баримтаар “Н” ХХК нь 46.800 литр түлшийг “О” ХХК-д хүлээлгэн өгсөн нь нотлогдоогүй тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь  Иргэний хуулийн 243, 211 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2013-06-10-ны өдрийн Б-13-24 дугаар гэрээний 2.4 дэх хэсэгт “...худалдан авагч нь хүлээн авагчийн албан ёсны төлөөлөгчийн мэдээллийг агуулсан захиалгыг худалдагчид бичгээр хүргэнэ...” гэж зааснаас үзвэл талууд гэрээний зүйлийг хүлээн авах этгээдийг тухайлан тохиролцсон гэж үзнэ.   

      Түлшийг худалдагчийн бичгээр заасан этгээдэд хүлээлгэн өгөх талаар гэрээнд тухайлан тохиролцсон, түлш хүлээн авах этгээдийн талаарх мэдээллийг хариуцагчаас бичгээр хүргүүлсэн баримт хэрэгт байхгүй тул “...түлшийг гэрээнд гарын үсэг зурсан  Б.Батцэрэнгийн утсаар өгсөн захиалгаар хэлсэн машинд нь ачуулсан...”-г үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгсөн гэж үзэхгүй.

      Түүнчлэн, “Н” ХХК нь 46.800 литр түлшийг Б.Батцэрэнгийн заасан этгээдэд хүлээлгэж өгснөөр “О” ХХК  ашиг олсон үйл баримт тогтоогдоогүй байна.

       5. Нэхэмжлэгч 2013-06-19-ний өдөр жолооч Алтансүх, Өлзийт, Энхжаргал, Зоригоо, Амгалан, Түвшинтөгс, Цогтбаяр нараар, 2013-06-20-ны өдөр жолооч Энхболд, Алтансүх, Эрдэнэболд, Ариунболд нараар, 2013-06-21-ний өдөр Алтансүх, Анхбаяр нараар, 2013-06-24, 25-ний өдөр жолооч Энхболдоор, 2013-06-27-ны өдөр жолооч Мөнхжаргалаар  хариуцагчид хүргүүлсэн  гэж  “зарлагын падаан” гэх баримтыг  /хх 1-н 11-27/ шүүхэд ирүүлсэн нь нэхэмжлэлийг нотлохгүй байна.

       Гэрээний 2.2-т зааснаар худалдагч нь бүтээгдэхүүнийг худалдан авагчийн захиалгаар нийлүүлэх, нийлүүлэхдээ акт үйлдэж барааг хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. Худалдан авагч түлш захиалсан болон талууд акт үйлдсэн баримт хэрэгт байхгүй тул 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 27-ны хооронд нийлүүлсэн гэх түлшийг “...хариуцагчийн  захиалгаар нийлүүлсэн...” гэх тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим жолооч нар гэрчийн мэдүүлэг өгсөн  бөгөөд тэдний мэдүүлэгт шатахууныг “О” ХХК-д хүлээлгэн өгсөн тухай мэдээлэл байхгүй байна.

       6. “... давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 167.1.4-г удирдлага болгон тогтоохдоо мөн хуулийн 168 дугаар зүйлийн аль нь болохыг тодорхой заагаагүй...” гэх гомдлоор магадлалыг хүчингүй болгох боломжгүй байна.

       Шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй эсхүл хуулиар олгогдсон эрх нь ноцтой зөрчигдсөн, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн, шийдвэрт шүүгч гарын үсэг зураагүй, шийдвэрт шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүх  нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлд заасан үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжтой юм.

       Хэрэгт авагдсан баримтаар дээр дурдсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул “... давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн аль нь болохыг тодорхой заагаагүй...” гэх агуулга бүхий гомдол магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

       Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт нийцжээ.

       7. “..Нэхэмжлэлд заасан төлбөрийг хариуцагч төлөхийг зөвшөөрч байсан үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийгээгүй...” гэх агуулга бүхий гомдол нь магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй болохгүй.

      “О” ХХК нь шатахууны үнэд 73,600,000 төгрөг, алдангид 14,000,000 төгрөг нийт 87,600,000 төлөх талаар эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар “Н” ХХК-тай эвлэрснийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар захирамжаар баталсан боловч  уг захирамж мөн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10938/с дугаар захирамжаар хүчингүй /хх 1-н 59-61/ болжээ.

      Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үед талуудын гаргасан аливаа тайлбар нь шүүхээр маргааныг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримт болохгүй бөгөөд энэ хэмжээнд үнэлэгдэхгүй. Иймд нэхэмжлэгчийн гомдол Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д нийцээгүй байна.

      8. Хэрэгт авагдсан баримтаар худалдагч нь гэрээний зүйлийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

      Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 490 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 719.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ