| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2016/00487/и |
| Дугаар | 561 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1958 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Цэнхэр сумын 6-р баг, Тамир хорооллын 2-26 тоотод оршин суух Манхант халуун усны овогт Самбуугийн Бумандорж /РД:АО58091011/-ийн хүсэлттэй, нас тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Бумандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Бумандорж нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Самбуу овогтой Бумандорж миний бие 1957 оны 9-р сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Халуун усны амны Цагаан хошуу гэдэг газар Дэлгэр овогтой Даадалайгийн хүү болон мэндэлсэн. Миний төрсөн эх Сандаг овогтой Пэлжид нь намайг төрүүлсний дараа бие нь муудаж үүний улмаас Пэлжидийн төрсөн дүү Сандагийн Самбууд 2 сартай өргүүлсэн. Улмаар бие жижигтэй гээд 9 настайдаа сургуульд ороод 8 настай гэж бүртгэгдээд одоогийн цахим үнэмлэх 1958 оноор авсан болно. С.Бумандорж миний бие сахарын хүнд өвчтэй одоо Цэнхэр сумын ахлах сургуульд багш ажилтай. Ажлаа хэвийн хийхэд бэрх болсон. Иймд насаа үнэнээр нь шийдүүлж 2017 онд тэтгэвэрт гарах бодолтой байгаа учир 1958 оныг 1957 онд төрсөн болгож өгнө үү
Хүсэлт гаргагч С.Бумандорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд Д.Даадалайгийн отгон хүү болон мэндэлсэн. Миний төрсөн ээж нуруу, нугасны бэртэл гэмтэлтэй байсан бөгөөд намайг төрүүлсний дараа бие нь муудаж, хэвтэрт орсон учир эцэг маань намайг өсгөж чадахгүй болж С.Пэлжид эхийн төрсөн дүү С.Самбууд өргүүлсэн. Намайг өргөж авсан С.Самбуу нь С.Пэлжид эхийн төрсөн дүү байгаа юм. Намайг өргөж авсан эх н.Жаргал нь төрсөн эцэг Д.Даадалайгийн дүүгийнх нь хүүхэд. Өргөж авсан ээж минь цагаан сарын үеэр намайг өргөж авсан гэж хожим хойно ярьдаг байсан. 1957 он тахиа жил байсан. Самбуу аавынх миний төрсөн эгч Пүрэвсүрэнг мөн манайхаас үрчилж авч байсан. Миний эгч 1954 онд төрсөн, морь жилтэй, Улаанбаатар хотод амьдардаг, одоо бие нь жаахан муу байдаг. Үрчилж авсан эцэг эх маань надтай нийлээд зургаан хүүхэдтэй байсан. Долгор, Балжинням, Палиг, Чогдон, Пүрэвсүрэн гэж байсан. Том эгчийг Юураа гэдэг байгаад сүүлдээ Долгор нэртэй болсон. Долгор, н.Балжинням, н.Палиг нар нь багш байж байгаад бие муудаад нас барсан. н.Чогдон ах цэргийн дарга хийж байгаад бие муудаж нас барсан. Одоо эгч бид хоёр л үлдсэн байна. Надтай нэг онд төрсөн аавын дүүгийн хоёр хүүхэд байсан. Нэг нь 1957 оны хавар төрсөн охин н.Энхтунгалаг, нөгөө нь 1957 оны зун нь төрсөн хүү н.Эрдэнэбат гэж байсан. Би 1957 оны намар төрсөн. Ах дүүгийн хүүхдүүд бид гурав нэг онд төрсөн байдаг. Тухайн үед н.Энхтунгалаг нь бид хоёроос эгч гэж явдаг байсан Аав маань аймгийн төвд арван жилийн багшаар ажиллаж байгаад 1960 оноос 1970 оны хүртэл хугацаанд нийт 10 жил Төвшрүүлэх сумын арван жилийн сургуульд хөдөлмөрийн багшаар шилжиж очиж ажиллаж байсан. Би 1965 онд анх сургуульд орох гэсэн боловч намайг бие жижигтэй, ийм жаахан хүүхэд авахгүй гээд н.Амаржаргал багш аваагүй учир 1966 онд н.Долгор багшийн ангид 9-н настайдаа сургуульд ороод 8-н настай гэж бүртгэгдээд тухайн үед хувийн хэрэг нээхдээ миний төрсөн оныг 1958 он гэж бичсэн мөртлөө насыг 9-н настай гэж бичсэн байсан. Тэмцээн уралдаанд оролцоход хувийн хэргээ авч явдаг, хүүхдүүд намайг чи бид нараас ах нэг ах юм байна шүү дээ гэж хэлдэг байсан. Тухайн үед эрэгтэй хүүхэд юм чинь гээд аав, ээж хоёр миний төрсөн оныг хайхардаггүй байсан. Миний бие 2017 онд тэтгэвэрт гарах бодолтой байгаа учир насаа үнэнээр нь тогтоолгомоор байна. 1958 онд төрсөн гэж буруу бүртгэгдсэнийг 1957 онд төрсөн болгож тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу С.Бумандорж нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу төрсөн оноо тогтоолгох тухай хүсэлтээ шүүхэд гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулах эрхтэй байна.
Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 8-р сарын 9-ний өдрийн 840 тоот албан бичгээр С.Бумандоржийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдэж, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. 2016 оны 5-р сарын 19-ний өдрийн 101/004029 дугаартай, 2016 оны 9-р сарын 15-ны өдрийн 101/012201 дугаартай төрсний бүртгэлийн лавалгаануудад: “Эцгийн эцэг /эх/-ийн нэр Дэлгэр, нэр Даадалай, Эхийн Эцэг /эх/-ийн нэр Сандаг, нэр Пэлжид нарын гэр бүлд 1957/09/01-нд гэртээ төрөхөд Даадалайгийн Бумандоржийг 1957/09/23-нд Архангай аймгийн Цэнхэр сумын 53-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэсэн.
2. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 9-р сарын 15-ны өдрийн 14/19834 тоот албан бичигт: Танай 2016 оны 180 тоот албан бичигт дурдсан Самбуугийн Бумандорж /АО58091011/-ийн иргэний бүртгэлийн баримтыг архивын болон мэдээллийн санд шалгаж, төрсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв гэсэн.
3. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2016 оны 9-р сарын 16-ны өдрийн 03/243 тоот албан бичигт: Таны 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн С.Бумандоржийн хүсэлтийн дагуу лавлагаа гарган хүргүүлэв. Тус архивын сан хөмрөгт 1956, 1989, 2000 оны хүн амын тооллогын бүртгэл хадгалагдаж байгаа болно гэсэн.
4. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 9-р сарын 15-ны өдрийн 03-2/324 дугаартай лавлагаанд: ... Мөн бүртгэлийг шүүж үзэхэд С.Бумандоржид холбогдох баримт байхгүй болно. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1989 оны хүн амын тооллогын бүртгэлийг шүүж үзэхэд Сандагийн Самбуу, Самбуугийн Бумандорж нарт холбогдох баримт байхгүй болно гэсэн.
5. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 10-р сарын 7-ны өдрийн 12/10466 тоот албан бичигт: Танай 2016 оны 180 тоот албан бичигт дурдсан Самбуугийн Бумандорж /АО58091011/-ийн үрчлэлтийн бүртгэлийн баримтыг 1957 оноос 1965 оны Архангай аймгийн бүх сумын үрчлэлтийн бүртгэлд шалгаад гараагүй болно гэсэн зэрэг болно.
Хүсэлт гаргагч С.Бумандорж нь 1957 онд төрсөн болох нь 2016 оны 5-р сарын 19-ний өдрийн 101/004029 дугаартай, 2016 оны 9-р сарын 15-ны өдрийн 101/012201 дугаартай төрсний бүртгэлийн лавалгаануудаар нотлогдож байна. Иймд 1957 онд төрсөн болохоо тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч С.Бумандоржийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Бумандоржийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Манхант халуун усны овогт Самбуугийн Бумандоржийг 1957 онд төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Бумандоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН