Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 156

 

 

 2020       02          14                                   2020/ШЦТ/156 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Я.Мөнхзаяа;  

шүүгдэгч: Ч.Ц /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чойжилсүрэнгийн Цэрэнсүрэнд холбогдох эрүүгийн 2009000300062 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Рино инженеринг” ХХК-тай гэрээ байгуулж барилгын ажил гүйцэтгэдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18/1098 тогтоолоор эдэлж дууссан, Ч.Ц

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ч.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр сургуулийн өргөтгөл дотор хохирогч Д.Ганбаяртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд баруун хацарт няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ц мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Ганбаярын /хх-ийн 4-4/ мэдүүлэг, Ч.Цгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 19-20/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 588 дугаартай дүгнэлт /хх-ийн 9-10/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 30-32/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар /хх-ийн 33/, Ч.Цгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 8, 21, 22-23, 30/, Д.Ганбаярын хүсэлт /хх-ийн 28/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах 1 дүгээр сургуулийн өргөтгөл дотор иргэн Д.Ганбаяртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж,  улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Д.Ганбаярын /хх-ийн 4/: “...би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр сургуулийн барилгын өргөтгөлийн барилга дээр Ч.Цгээс ажил хүлээж авч байгаад “ажил чинь дутуу байна, хүлээж авахгүй” гэж хэлэхэд гэнэт миний нүүр лүү цохисон. ...Тэгээд намайг заамдаж аваад цохих гээд байхаар нь гарыг нь цаашлуулахад арматур аваад дайрсан...” гэх мэдүүлгээр,

 

     Ч.Цгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 23/: “...би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэж байгаа юм. Манайх ажил гүйцэтгээд “Рино” ХХК ажлаа хүлээлгэж өгөх ёстой байдаг. Гэтэл “Рино” ХХК-ийн ерөнхий инженер Д.Ганбаяр гэх залуу манай ажлыг хүлээж авахгүй боогоод байдаг байсан. Би Д.Ганбаяртай тохиролцож 1.500.000 төгрөг өгөхөөр болоод 500.000 төгрөгийг нь өгсөн. Миний хийсэн ажил алдагдалд орж үлдсэн 1.000.000 төгрөгийг өгч чадаагүй. Гэтэл дахин ажил хүлээж аваагүй. ...Д.Ганбаяр надаас мөнгөө нэхээд ирэхээр нь нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

    Д.Ганбаярын биед “баруун хацарт няцарсан шарх” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 588 дугаартай дүгнэлт /хх-ийн 9-10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

     Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ч.Цгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Ч.Цгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Ганбаярын “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ч.Цг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ч.Ц нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ