Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 158

 

 

 

 

2020        02         17                                     2020/ШЦТ/158

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Б.Мөнгөншагай;

шүүгдэгч: Б.М(өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М-т  холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 752 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19/15 тогтоолоор эдэлж дууссан, Б.М.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

  Яллагдагч Б.Мнь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг 24 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 71 дүгээр сургуулийн автобусны буудлын замд “Зорчигч Тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Daewo” маркийн 17-31 УНБ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас уг автобусанд суух гэж байсан 8 настай У.Энх-Амгаланг автобусанд суух үед урд хаалгаа хаасны улмаас түүний хувцас хаалганд хавчуулагдан, чирэгдэж, газарт унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ммэдүүлэхдээ:  “Цаашид гарах зардлыг төлнө. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн

тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11/, арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч У.Энх-Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 22/, арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч У.Энх-Амгалангийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 16/, иргэний нэхэмжлэгч А.Мөнхбаярын мэдүүлэг /хх-ийн 24-25/, иргэний хариуцагч П.Оногийн мэдүүлэг /хх-ийн 32-33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-46/, хохирлын баримт /хх-ийн 56-57/, тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-95/, Б.М-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 86-87/ мэдүүлэг, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар /хх-ийн 70/, Б.М-нхувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 58-66, 68/, арван дөрвөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мөнхбаярын хүсэлт /хх-ийн 104/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Мнь 2019 оны 12 дугаар сарын 16-ны 17 цаг 24 минутын орчимд “Зорчигч Тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Daewoо” маркийн 1731 УНБ дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 71 дүгээр сургуулийн автобусны буудлын замд 8 настай У.Энх-Амгаланг автобусанд суух үед урд хаалгаа хаасны улмаас түүний хувцас хаалганд хавчуулагдан, чирэгдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

             арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч У.Энх-Амгалангийн /хх-ийн 22/: “...би 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой 17 цагийн орчимд хичээлээ тараад гэртээ харихаар зам дагаад явж байтал автобусны буудлын хурд сааруулагч дээр манай гэр рүү явдаг автобус ирж байгаа харагдсан. Би уг автобусанд суухаар гүйтэл автобус зогсоод дунд хаалга хаагдаж, урд хаалгаар суух гэсэн боловч амжилгүй автобусны хаалга хаагдсан. Тэр үед миний куртикний ханцуй бага зэрэг хавчуулагдаж, автобусны жолооч хөдлөөд яваад өгсөн. Би чирэгдэж зам дээр унасан. Автобусны хойд дугуй миний хөлийг мөргөсөн...” гэх мэдүүлгээр,  

 

          арван дөрвөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мөнхбаярын /хх-ийн 24-25/: “...миний хүүгийн биеийн байдал дунд зэрэг байна, бүрэн эдгэрээгүй. Жолооч эмчилгээний зардлыг төлсөн. Цаашид гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

иргэний хариуцагч П.Ононгийн /хх-ийн 32-33/: “...Б.Мнь тус компанид жолооч ажилтай бөгөөд “Daewoо” маркийн 1731 УНБ дугаартай автобус нь “Зорчигч Тээвэр гурав” ОНӨААТҮГ-н эзэмшлийнх юм. Хохирогчийн зардлыг даатгалаас төлнө” гэх мэдүүлгээр,

 

Б.М-н гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27-28, 86-87/: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны 17 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг 71 дүгээр сургуулийн ертөнцийн зүгээр урдаасаа хойд чиглэлд явж байсан. ...автобусны буудал дээр хүнээ буулгачихаад эцсийн буудал болох Сэлбэ амралтын газар руу хөдлөөд 2 буудал явсны дараа 71 дүгээр сургуулийн автобусны буудал дээрээс нүүрс авч байсан хар өнгийн “Приус” маркийн машинтай эмэгтэй ирээд “чи 71 дүгээр сургуулийн автобусны буудал дээр хүүхэд дайрчихлаа, тэр хүүхэд босож чадахгүй байна” гэж хэлэхээр нь буцаж автобустайгаа очиход замын зүүн талд гараад замын хажуу талд 8 орчим настай эрэгтээ хүүхэд хэвтүүлчихсэн байсан. Тэгээд түргэн, цагдаа руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

У.Энх-Амгалангийн биед “баруун хөлийн 1-р хурууны үзүүрийн шивнүүр ясны хугарал, тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 360 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон  байна.

 

            Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгээр тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

            Шүүгдэгч  Б.Мнь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй,  тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх, хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно гэснийг зөрсний улмаас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг хүндэвтэр гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүгдэгч Б.М-н“автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Арван дөрвөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мөнхбаярын “...миний хүүгчийн эмчилгээний зардалд 600.000 төгрөг, 270.000 төгрөгийн хувцас, бэлэн 1.250.000 төгрөг өгсөн тул ямар нэгэн гомдол саналгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 81 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Арван дөрвөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.

 

Иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.М-г“автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.М-гавтотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Мнь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Арван дөрвөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөртэй шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

6. Иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ