Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 565

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бор толгой 23-4 тоотод байнга оршин суух, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг  27-р хорооны Сэлбэ 13-293 тоотод түр оршин суух хаягтай, Дайртан овогт Лхамдэнсмаагийн Мандахнар /РД:АЭ88010911/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1985 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бор толгой 36-02 тоотод оршин суух, Рэнцэн овогт Даваасүрэнгийн Дашмаа /РД:АЭ85081724/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Мандахнар, хариуцагч Д.Дашмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Мандахнар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн эхнэр болох Дашмаатай 2005 оны 11-р сараас дотносон танилцаж улмаар хамтран амьдарч байгаад 2007 оны 2-р сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2007 оны 8-р сарын 11-ний өдөр хүү М.Батнасан, 2011 оны 7-р сарын 10-ны өдөр охин Амин-Эрдэнэ нар төрсөн юм. Энэ хугацаанд өдөр бүр хэрүүл хийж гэр бүлийн байдал маргаантай байсан. Ажлаасаа оройтож ирэх бүрд уурлаж, загнан хэрүүл үүсгэдэг. 2007 оноос 2012 он хүртэл хамтран амьдрах хугацаанд 3 удаа сална гэж гэрээсээ явж байсан. Миний бие удаа дараа уучлал гуйн эвлэрч байсан. Сүүлд 2016 оны 6-р сард намайг эзгүй байхад эхнэр болох Д.Дашмаа нь хүргэн ах Жаргалсайхан, түүний эхнэр Ганаа нарыг дагуулан ирж гэрийнхээ эд хогшлыг аван охин М.Амин-Эрдэнийг дагуулан, хүү М.Батнасанг өвөө олох Сундуйдашид үлдээж орхиж явсан. Үүнээс хойш сураггүй болсон. 2012 оноос хүү М.Батнасангийн хөл нь өвдгөөрөө өвдөж эмнэлгээр явж үзүүлэхэд төрөлхийн өвдөгний мултралтай өвдгөнд хагалгаа хийх шаардлагатай гэсний дагуу 3 удаа хагалгаанд орсон. Эмнэлгээр явж байх хугацаандаа хүүгийнхээ биеийн байдлыг утсаар хэлэхэд надад хамаагүй гээд сүүлдээ холбоо барих боломжгүй болсон сураг сонсоход хүнтэй суусан байна. Гэр бүлээ салгуулаагүйн улмаас хүү М.Батнасан сурч боловсорч чадахгүй байна. Цаашид бид хоёрын дунд хуваалцах эд хөрөнгө байхгүй тул охин М.Амин-Эрдэнийг ээж болох Д.Дашмаа, хүү М.Батнасанг миний бие асран хамгаалахаар хоорондоо тохиролцсон тул дээрх байдлыг харгалзан үзэж гэр бүлийг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Мандахнар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Дашмаа бид хоёр 2006 онд гэр бүл болсон.  2007 онд хүү М.Батнасан, 2011 онд охин М.Амин-Эрдэнэ төрсөн. Хамтран амьдрах хугацаандаа ажил хийж мөнгө олох гэж явж байснаас архи ууж, хүүхэн эргүүлж явж байсан удаа байхгүй. Намайг ажил хийгээд оройтож гэртээ харихаар Д.Дашмаа байнга уурлаж, хэрүүл хийдэг байсан. Би энэ хүнийг гэрээсээ явах болгонд уучлалт гуйж гэртээ авчирдаг байсан. Хүүг эмнэлэгт хэвтэж байхад би утсаар хэлэх гээд утас руу нь залгахад чамтай ярих юм байхгүй гээд утсаа тасалж байсан. Эргээд залгахад утас нь холбогдохгүй, утасныхаа дугаарыг сольсон байсан. Хүүгээ эмнэлэгт хэвтэж байгаа гээд ганц удаа ч эргэж ирээгүй, биеийн байдал нь яаж байна гэж асууж байсан удаа байхгүй. Намайг 2011 онд өөр хүнтэй болсон гэж хариу тайлбар ирүүлсэн байсан. 2011 онд би өөр хүнтэй болоогүй, Д.Дашмаатай хамт амьдарч байсан. Манай найзууд “Танай Д.Дашмаа чинь өөр хүнтэй суусан байна” гэж хэлж байсан. Би Д.Дашмаагаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зөвхөн гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч Д.Дашмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн нхөр болох Л.Мандахнартай 2005 оны 11-р сараас танилцан дотноссон. Улмаар хамтран амьдарч эхэлсэн. 2007 оны 8-р сарын 11-ний өдөр хүү М.Батнасан, 2011 оны 7-р сарын 7-ны өдөр охин Амин-Эрдэнэ төрсөн. Энэ хугацаанд амьдарч байхад өдөр бүр маргалдаж намайг хуурч мэхлэн гадуур ажил хийж байгаа гэсэн шалтаг хэлж найз нөхөдтэйгөө бааранд архи ууж, түүгээр зогсохгүй өөр хүнтэй явалдаж 2-3 хоногоор гэртээ ирэхгүй утсаа салгаж алга, болдог байсан. Энэ байдал нь 4 жилийн турш үргэлжилсэн. Энэ бүгдийг тэвчиж амьдарсан ч огт засрахгүйгээр үл барам архи ууж, гэртээ орж ирэх болгондоо агсам тавьж намайг болон өөрийн үр хүүхдээ айлган сүрдүүлж гэрийнхээ эд зүйлийг эвдэн сүйтгэж, гарт тааралдсан бүгдийгээ авч над руу шиддэг байсан.

2007 оноос 2011 он хүртэл амьдрахад Л.Мандахнар нь үр хүүхдээ огт хайхрахгүй, амьдралаа гэх ямар ч сэтгэлгүй, зөвхөн өөрийн жаргалыг илүүд үзэж 2011 оны 6-р сарын дундуур өөрийн эхнэр 2 хүүхдээ орхиж, аль хэдийн 2 дахь эхнэртэйгээ хамтын амьдрал эхлүүлсэн. Л.Мандахнар нь маш олон хүүхэнтэй явалдаж, намайг болон үр хүүхдүүдээ гутаан доромжилж хаясан. Миний бие аргагүй байдалд орж өөрийн гэрийг орхин явахаас өөр сонголт надад үлдээгүй. 2011 оны 6-р сарын дундуур охин Амин-Эрдэнэ дөнгөж 9 сартай, хүү Батнасан 5 нас хүрч байсан. Би Батнасанг аав болох Л.Мандахнарт өгч, охин М.Амин-Эрдэнийг өөр дээрээ авч өөрийн нутаг болох Архангай аймагт ирж тус тусынхаа амьдралаар амьдрах болсон. Түүнээс хойш 2011 оны 7-р сарын 27-ны өдөр хүү М.Батнасантайгаа ярих гэж утас руу нь залгасан. Л.Мандахнарын хоёрдох эхнэр нь намайг яриулаагүй. Шууд утсаа салгасан. Бидний дунд эд хөрөнгө гэх зүйл байхгүй хожим нь хүнээс сонсоход бидний амьдарч байсан их таван ханатай гэрийг зарж, 2 өдөр архи ууж дуусгасан гэж түүний найз нөхөд нь надад хэлж байсан. Миний бие нь нөхөр болох Л.Мандахнартай ямар ч тохиролцоо хийгээгүй. Аргагүйн эрхэнд охин Амин-Эрдэнийг өөр дээрээ өсгөсөн. 2016 оны 8-р сарын 18-ны өдөр манай гэрийн гадаа архи ууж ирээд намайг дарамталсан. Миний энэ хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж нөхөр болох Л.Мандахнараас гэр бүлийг цуцалж өгнө үү. Л.Мандахнар нь М.Батнасанг асран хамгаалж, М.Амин-Эрдэнийг ээж болох Д.Дашмаа миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Дашмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2005 онд танилцаад хамт амьдраад 2007 онд гэрлэлтээ батлуулсан. 2007 онд хүү М.Батнасан төрсөн. Хамтран амьдарч эхэлснээс хойш эхний гурав, дөрвөн жилийн хугацаанд надад халамжтай гэртээ байдаг байсан. Сүүлийн хоёр, гурван жилд байнга архи ууж, агсам тавьж, дарамталдаг байсан. Гэртээ ирээд гэрийнхээ эд хогшил бүх л зүйлийг сүйтгэдэг байсан. Яагаад тэгээд байдаг байсныг би мэдэхгүй. Нэг гараад явахаараа гэртээ ирэхгүй хоёр, гурван хоногоор алга болчихдог байсан. Тухайн үед би төрчихсөн гэртээ нялх хүүхэдтэй байсан учраас араас нь хөөцөлдөөд явж чаддаггүй байсан. Энэ бүгдийг тэвчээд би хэсэг хамт амьдраад охин М.Амин-Эрдэнийг 2011 онд төрүүлсэн. Охиныг төрснөөс хойш намайг улам л дорд үзэж, ах дүү нартайгаа нийлж дарамталдаг байсан. Намайг дөнгөж төрчихөөд эмнэлэгт хэвтэж байхад ганц удаа эргэж ирээгүй, архи ууссан согтуу хүүхэн эргүүлээд явж байсан. Миний найз хүүхнүүдтэй хүртэл явалдаж надад баригдаж байсан. Энэ бүгдийг нь би хоёр хүүхдийнхээ төлөө гээд тэвчиж байсан. Намайг 9 сартай байхад гэрээс хөөгөөд дарамталж байхад нь миний төрсөн эгч, түүний нөхөр нь ирээд намайг аймагт авч ирж байсан. Тэр үед би охиноо тэврээд өмссөн хувцаснаас өөр юмгүй хөөгдөж байсан. Энэ бүх явдал хийсэн үйлдэл болгоноосоо надаас уучлалт гуйж байгаагүй. Энэ хүнтэй амьдарч байх хугацаанд маш их зовж, дарамтлуулж байсан учраас энэ хүнээс гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин М.Амин-Эрдэнийг өөрийн асрамжидаа авна. Охиндоо энэ хүнээс тэтгэлэг гаргуулахгүй гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Мандахнар нь Д.Дашмаад холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.

            Нэхэмжлэгч Л.Мандахнар, хариуцагч Д.Дашмаа нар 2007 оны 2-р сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж тэдний дундаас хүү М.Батнасан 2007 оны 8-р сарын 11-ний өдөр, охин М.Амин-Эрдэнэ 2011 оны 7-р сарын 7-ны өдөр тус тус төрсөн болох нь зохигч нарын тайлбар, 0030688 Г-203 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, 2534753 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү М.Батнасангийн 0031641 Г-285, охин 0000685323 Г-370 дугаартай төрсний гэрчилгээнүүдээр тогтоогдож байна. 

            Зохигчид нь гэрлэлт цуцлуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, тусдаа амьдрах хугацаанд гэр бүлээ үргэлжүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүйн дээр шүүх хуралдааны явцад хамтран амьдрах боломжгүй, гэдгээ илэрхийлсэн, зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Л.Мандахнар, Д.Дашмаа нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Л.Мандахнар, хариуцагч Д.Дашмаа нар нь хүүхдүүдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар хүү М.Батнасанг эцэг Л.Мандахнарын, охин М.Амин-Эрдэнийг  эх Д.Дашмаагийн асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу асрамжийн асуудал шийдвэрлэхэд хүү М.Батнасангаас өмгөөлөгч В.Удвалыг байлцуулан саналыг авсан болно.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Л.Мандахнарын гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дашмаагаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Мандахнарт олгохоор шийдвэрлэлээ.  

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Дайртан овогт Лхамдэнсмаагийн Мандахнар, Рэнцэн овогт Даваасүрэнгийн Дашмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 8-р сарын 11-ний өдөр төрсөн хүү М.Батнасанг эцэг Л.Мандахнарын асрамжид үлдээж, 2011 оны 7-р сарын 7-ны өдөр төрсөн охин М.Амин-Эрдэнийг эх Д.Дашмаагийн асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Мандахнарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дашмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Мандахнарт олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Мөнгөнтуяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН