Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 162

 

 

2020         02          18                                     2020/ШЦТ/162

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Д.Агар;

иргэний хариуцагч: Т.Мөнх-Од;             

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-г холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903012810567 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нарийн мужаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт, урьд ял шийтгэлгүй, Б.Б.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 Яллагдагч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны 23 цаг 58 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хийморь” хүнсний дэлгүүрийн хойд замд “Тоёота Аллион” маркийн 64-28 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “....Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна;” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 49 настай, эрэгтэй Н.Батболдыг мөргөж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Би 2018 онд жолооч болсон. Тухайн үед 42-43 км/цагийн хурдтай явж байсан. Амь хохирогч гэнэт гарч ирсэн. Хохиролд нийт 10 сая төгрөг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Т.Мөнх-Од мэдүүлэхдээ: “...6428 СЭҮ дугаартай “Тоёота Аллион” маркийн машин нь миний машин юм. Манай хадам дүү Даваасүрэн нь найз Пүрэвдоржийн кузов засварт өгсөн байсан. Тэгээд ийм асуудал болсон байна. Миний зүгээс гомдол санал байхгүй” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-28/, эд зүйлийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 29/, ослын талаарх камерийн бичлэгийг хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 32/, зам тээврийн осол, хэргийн талаархи CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-34/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранчимэг /хх-ийн 36-37, 38-39/, иргэний хариуцагч Т.Мөнх-Од /хх-ийн 72-73/, гэрч А.Чингүүн /хх-ийн 52-53/, гэрч Т.Пүрэвдорж /хх-ийн 55-56/, гэрч Д.Баясгалан /хх-ийн 61/, гэрч Д.Ганцэцэг /хх-ийн 66/, гэрч Т.Даваасүрэн /хх-ийн 70/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6256, 5490 дугаар дүгнэлт /хх-ийн 80-81, 85-87/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 94-102/, цогцост хийсэн үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2476 дугаард дүгнэлт /хх-ийн 106-114/, Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 561 дугаар дүгнэлт /хх-ийн 118-119/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 148-149, 151-186/, Б.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 128-130/, Б.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 132-139/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранчимэгийн гаргасан хүсэлт 1 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны оройн 23 цаг 58 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Хийморь” хүнсний дэлгүүрийн хойд замд “Тоёота Аллион” маркийн 6428 СЭҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “....Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна;” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 49 настай, эрэгтэй Н.Батболдыг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранчимэгийн /хх-ийн 36-37, 38-39/: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гарсан зам тээврийн осол, хэргийн талаар тодорхой зүйл мэдэхгүй. ...Тухайн үед талийгаач нөхөр Н.Батболдын хамт яваагүй болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна... миний хувьд уг болсон явдалд маш их харамсаж, гомдолтой байгаа. ...Би ажил явдалд зарцуулсан зардал болон явцын дунд цаашид гарах хохирлын зардлыг холбогдох баримтын дагуу гарган өгч нэхэмжлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Чингүүний /хх-ийн  52-53/: “…2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн оройн 23 цагийн орчимд гэртээ харихаар 6 буудал өнгөрөөд зам дагуу алхаад явж байтал манай багын найз Б.Б, Т.Пүрэвдорж хоёр 6428 СЭҮ дугаартай “Тоёото Аллион” маркийн авто машинтай явж байгаад тааралдсан. Намайг дуудахаар нь найз Б.Бын жолоолож явсан 6428 СЭҮ дугаартай “Тоёото Аллион” маркийн авто машины арын суудалд орж суусан. Бид 3 7 буудлын эцсээс Дамбадаржаа руу салаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байтал автомашинаа тоормослож зогсоон авто машинаасаа буусан. Тэр үед би чихэвч зүүчихсэн гар утсаараа юм үзэж явж байсан болохоор юу болсон юм бол гээд авто машины баруун хойд талын хаалганы цонхоор хартал зам дээр хүн хэвтэж байсан. Би буутал манай найз надад хандан гялс түргэн дууд гэж хэлсэн. Би өөрийнхөө гар утсаар 103 тусламж руу залгаж дуудлага өгсөн …” гэх мэдүүлгээр,

 

гэрч  Т.Пүрэвдоржийн /хх-ийн 33/: “....Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох 7 буудлын эцсээс Дамбадаржаа руу салаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчиж явтал өөдөөс машины гэрэл хурц тусаад тэр үед би авто машины хөгжим оролдоод авто машины салон руу хараад явж байтал гэнэт түс хийх чимээ гарч авто машины урд салхины шил баруун урд хзсгээрээ цөмөрч хагаран машинаа зогсоож авто машинаасаа буун туслаарай гэж орилсон, манай найз А.Чингүүн бид 2 ардаас нь буухад засмал зам дээр эрэгтэй хүн ухаангүй хэвтэж байсан” гэх мэдүүлгээр,

 

            Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Toyota Allion” маркийн 6428 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Баясгалан овогтой Баасанжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна;” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            Явган зорчигч Нонзой овогтой Батболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т заасан “Явган зоригчид дараахь зүйлийг хориглоно: а/ “үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах”, гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэх 561 дугаар дүгнэлтээр /хх-ийн 118-119/,

 

    Б.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 128-130/: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 05-ны оройн 17 цаг өнгөрч байхад багын найз Т.Пүрэвдоржийн хамт ...6 буудлын авто машин засварын газар очсон. Тэнд “Тоёота Аллион” маркийн 6428 СЭҮ дугаартай авто машины урд буферийг нь замаск тавьж янзалж байгаад орой 23 цаг 30 минутын орчимд засварын газраас ...Т.Пүрэвдоржийн гэр рүү очихоор явсан. 6 буудлын автобусны буудал өнгөрч явж байгаад найз А.Чингүүнтэй таараад ...бид 3 цааш явсан. ...7 буудлын эцсээс Дамбадаржаа руу салаад ертөнцийн зүгээр баруун зүүн чиглэлтэй доошоо уруудаад явж байтал урдаас ирж явсан автомашины гэрэл гялбаад гэнэт засмал зам дээр явган зорчигч гарч ирсэн. ...Тоормос гишгэж амжилгүй, жолооны хүрдээ зүүн гар тал руу дарж уг явган зорчигчийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөж, урд копудан дээр дээр унаж урд салхины шил хагарч, явган зорчигч засмал зам дээр шидэгдэж унасан...” гэх мэдүүлэг болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-10/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-28/, зам тээврийн осол, хэргийн талаархи CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-34/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

 Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, шинжээчдийн дүгнэлтээр тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогчийн амь нас хохирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, хүний амь насыг хохироосон нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Б-ын автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох бармитуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранчимэг нь амь хохирогчийн оршуулгын зардалд 3.808.859 төгрөг нэхэмжилсэн байна.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранчимэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Б.Баас талийгаачийн оршуулгын бодит зардалд нийт 10 сая төгрөгийг хүлээн авсан. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж дурьдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.

Иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  /гурав/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн тоолохоор тогтов.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд  эд мөрийн баримтаар хураагдсан

CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, Б.Б-ын B ангиллын 1225335 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Б тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.  

 

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагч нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн тоолсугай.

 

7. Хэрэгт хураагдан ирсэн Б.Б-ын B ангиллын 1225335  дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ