| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2016/00538/и |
| Дугаар | 566 |
| Огноо | 2015-10-21 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Хашаат сумын Баян баг, Эрдэнэтолгой хорооллын 6-5 тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвдашийн Янжиндулам /РД:АС83053008/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох бага цалинтай ажил хийж байсан цалингийн зөрүү 7 716 730 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Янжиндулам, хариуцагчийн өмгөөлөгч В.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Янжиндулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие П.Янжиндулам нь Архангай аймгийн ЗДТГ-ын эрх зүйчээр ажиллаж байгаад тус сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалтад тэнцэн Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 6-р сарын 5-ны өдрийн 21-р тогтоолоор тус албанд намайг томилж хариу ирүүлэхийг даалгасан байсан. Гэтэл Д.Лхамсүрэн дарга нь уг тогтоолыг биелүүлэлгүй улмаар шат шатны шүүхэд хандсаар хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхэд хандаж миний нэхэмжлэл хангагдсанаар миний бие 2016 оны 5-р сарын 2-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын ажилд томилогдсон. Энэ хооронд би 3 шүүхийн дуудсан цагт тухай бүр ирж очихоос авахуулаад маш их зардал гаргасан төдийгүй цалингийн зөрүүгээр хохирсон. Би бусад зардлыг нэхэмжлэлгүй орхиод 2014 оны 6-р сарын 5-ны өдрөөс 2016 оны 5-р сарын 2-ны өдөр хүртэл эрх зүйчээр ажиллаж байсан цалингаас ИТХ-ын нарийн бичгийн даргын цалин ахиу байсан тул энэ зөрүүг нэхэмжилж байна. Би эрх зүйчээр сард гарт 484 684 төгрөгийн цалин авч байсан. Харин ИТХ-ын нарийн бичгийн даргаар томилогдсон бол сард 820 194 төгрөг авах байсан. Албан тушаалтны буруугаас 23 сарын алдагдал хүлээсэн. Ингэж алдагдал хүлээхэд 1 сарын цалингийн зөрүү нь 335 510 төгрөг болсон. Үүнийг 23 сараар үржүүлэхэд 23*335 510=7 716 730 төгрөг болсон. Энэ нь надад учирсан бодит хохирол. Иймээс дээрх буруутай этгээдээс 7 716 730 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.Янжиндулам нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие төрийн албаны сонгон шалгаруулалт өгч тэнцэж, 3 шатны шүүхийн шийдвэрээр Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүрэгт ажилд томилогдсон. Хуулийн дагуу томилогдохгүй жил 8 сарын хугацаа өнгөрсөн тул ажилдаа томилогдож ажиллахын тулд шүүхийн байгууллага бусад хуулийн байгууллагуудад хандаж өөрөөсөө маш их зардал гаргасан. Би Архангай аймгийн Засаг даргын тамгын газарт эрх зүйчээр ажиллаж байхдаа шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шүүх хуралтай гэж явах болгондоо цалингаасаа хасуулж, шүүх хуралдаанд ирж очих зардал, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй шалтгаан нөхцөлөөр маш их хохирсон. Тухайн үед хурлын даргад би “Авах ёстой цалингаараа хохироод байгаа учраас та намайг хуулийн дагуу ажилд томилоод өгөөч, байгууллагын үйл ажиллагаанд ч гэсэн хохиролтой байгаа юм биш үү” гэж хэлсэн боловч үл тоосон шинжтэй байсан учраас би шүүхийн байгууллагад хандсаны эцэст дээд шатны шүүхээс намайг ажилд томилсон. Хурлын дарга Д.Лхамсүрэнд би өөрт учирсан хохирол болон цалингийн зөрүү мөнгөө нэхэмжилж шүүхэд хандах талаараа удаа дараа хэлж байсан боловч ямар ч санаа зовж байгаа шинжгүй, намайг үл тоомсорлож байсан. Би нэхэмжлэлийнхээ шаардлагаа буцааж авах гэж байсан боловч Лхамсүрэн дарга намайг чи шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцааж ав авахгүй бол чамайг ажлаас чинь хална гэж хэлээд утсаар хүртэл дарамталж, загнаж, элдэв бусын зүйлүүд ярьж байсан. Иймэрхүү асуудал байгаа учраас би нэхэмжлэлээ буцаан авахаа болиод хуулийн дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Нийгмийн даатгалын шимтгэл, нааш цаашаа явсан зардал мөнгийг нэхэмжлээгүй, зөвхөн гарт олгох цалингийнхаа зөрүүг нэхэмжилсэн. Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн дарга нь хөрөнгө оруулалтын мэдүүлгийн ажлын давхар хавсран гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Тийм учраас ямар ч хурлын нарийн бичгийн дарга заавал хөрөнгө оруулалтын мэдүүлгийн хариуцаж, ажил хавсран гүйцэтгэснийхээ нэмэгдэл авах ёстой талаар хуульд тодорхой заагаад өгсөн байгаа учраас үндсэн цалин дээрээ ажил хавсран гүйцэтгэсэн ажлынхаа бодит хөлс болох нийт гарт олгох цалин 820 000 төгрөг, эрх зүйчээр ажилласан 480 000 төгрөг үүнийгээ зөрүүг тооцож үзээд 7 716 730 төгрөг болсон. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Пүрэвдаш овогтой Янжиндулам нь ЗДТГ-ын эрх зүйчээр 2016 оны 5-р сарын 2-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ИТХ-ын нарийн бичгийн даргаар 2016 оны 5-р сарын 2-ны өдрийн 09 тоот тогтоолоор томилогдсон. Хашаат сумын ИТХ-ын төсөвт нэхэмжилсэн цалингийн зөрүү 7 716 730 төгрөгийг төлөх мөнгө байхгүй, төсөвт зардал суугдаагүй байх тул Хашаат сумын ИТХ-ын байгууллага төлөх боломжгүй юм гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2014 оны 6-р сарын 5-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн нарийн бичгийн даргын ажилд нэр дэвшүүлэхээр тогтоол гаргасан. Тогтоол гарснаас хойш 23 сараар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Энэ нь үндэслэлгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч П.Янжиндулам нь анхан шатны болон дээд шүүхийн шийдвэрүүдийг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байсан. 2015 оны 4-р сарын 18-ны өдрийн Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 16 тоот тогтоолыг хүчингүй болгох асуудал яригдсан. Энэ нь Төрийн албан зөвлөлөөс 2014 оны 6-р сарын 5-ны өдрийн 21 тоот тогтоолоор П.Янжиндуламыг нэр дэвшүүлсэн. Энэ нь Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагыг тухай хуульд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажлын сул орон тооны асуудлыг хурлын дарга буюу хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулан шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл 2015 оны 4-р сарын 8-ны өдрийн 16 тоот тогтоолыг хүчингүй болгож П.Янжиндуламыг Хашаат сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргын ажил албан тушаалд томилох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Томилох эсэх асуудлыг шийдвэрлэсэн асуудал нь өөрөө хууль бус байна, томилох байсан байна гэж үзэж байгаа бол 4-р сарын 8-ны өдрөөс хойш томилогдсон гэж үзэх үндэслэлтэй. Үүнээс хойш Хашаат сумын Засаг даргын эрх зүйчээр ажиллаж байгаа үеийн цалингийн зөрүү яригдах ёстой. Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар Иргэдийн төлөөлөгчийн нарийн бичгийн даргыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээрээ хэлэлцэх үүрэг хүлээж байгаа. Түүнээс шууд төрийн албаны зөвлөлийн тогтоолын дагуу ажилд томилон гэсэн ойлголт биш. Томилох эсэх асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өөрөө шийдвэрлэх ёстой. Шийдвэрлэж байгаа асуудал нь өөрөө 4-р сарын 8-ны өдөр шийдвэрлэгдэж байгаа учраас үүнээс хойш яригдах ёстой. Дараагийн нэхэмжлэлд дурдсан асуудал нь ажил хавсран гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэмэгдэл цалин гэж тооцоод нэхэмжилсэн байна. Ажил хавсран гүйцэтгэх ажиллаж эхэлсэн хугацаа, зэрэг дэвийн тал дээр хурлын дарга Д.Лхамсүрэн нь хамгийн дээд хувь буюу 40 хүртэл хувиар тооцуулж олгосон 2016 оны 5-р сарын 25-ны өдрийн 11 дугаартай тогтоол. Мөн хугацааны хувьд 2016 оны 5-р сарын 25-ны өдрийн 12 дугаартай “Ажил үүрэг хавсран гүйцэтгэх тухай” Хашаат сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарсан үүнийг мөн П.Янжиндулам харах ёстой. Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 4-р сарын 25-ны өдрийн 05 дугаартай тогтоолын 3.1-д нийтийн албаны удирдлага нь тухайн байгууллагын захиргаа, хуулийн асуудал эрхэлсэн төрийн албаны зөвлөлийн эрх бүхий албан тушаалтан нь мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах ажлыг тушаал шийдвэрээр хариуцуулан томилж түүний албан тушаалын цалингийн 40 хүртэл хувьд тэнцэх хэмжээний урамшуулал олгох бөгөөд шаардлагатай тохиолдолд уг асуудлыг эрхэлсэн орон тооны ажилтантай ч байж болно. Энэ нь заавал тухайн хурлын нарийн бичгийн дарга буюу энэ хүнд давхар хариуцуулна гэсэн ойлголт биш. Үүнд орон тооны ажилтан ажиллуулж болж байгаа учраас заавал хурлын нарийн бичгийн дарга хийх ёстой гэсэн ойлголт биш. Захиргааны ерөнхий хуулиар хуулийг яаж хэрэглэх эсэх асуудал нь тухайн эрх мэдэлтний сонгох боломж, сонгох эрх байгаа учраас заавал нарийн бичгийн албан тушаалтан давхар хариуцна гэсэн ойлголт байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжилж байгаа мөнгө нь цалингийн санд байхгүй. Шүүхээс 2015 оны 04 сарын 08-ны өдрөөс хойш 13 сараар П.Янжиндуламын ажиллаж байсан үеийн цалин болон зэрэг дэв, ажилласан жилийн нэмэгдэл зэрэг нийлээд гарт олгохоор 616 896 төгрөгийг нэг сард авах ёстой байсан гэж үзэх үндэслэлтэй. Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын тамгын газарт эрх зүйчээр ажиллаж байхдаа гарт олгох 484 684 төгрөг, энэ хоёр мөнгийг зөрүү 142 212 төгрөгийг 13 сараар тооцож шийдэх боломжтой. Нэхэмжлэгч нотлох баримтаа шүүхэд хангалтай гаргаж өгөөгүй, мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Янжиндулам нь Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан цалингийн зөрүү 7 716 730 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 17-ны өдрийн 27 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 сарын 23-ны өдрийн 01 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 сарын 14-ний өдрийн 83 дугаартай тогтоолоор Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 04 сарын 08-ны өдрийн “Томилох эсэх асуудлыг шийдвэрлэх тухай” 16 дугаартай тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэгч П.Янжиндуламыг Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид даалгажээ. Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 5-р сарын 2-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Пүрэвдаш овогтой Янжиндуламыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд томилж, сарын цалинг ТЗ-7-8-ээр тооцож олгохыг нягтлан бодогчид даалгажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу хариуцагч Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь нэхэмжлэгч П.Янжиндуламын бага цалинтай ажил хийж байсан үеийн зөрүүтэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч П.Янжиндулам 2014 оны 06 сарын 05-ны өдрөөс Хашаат сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар томилогдсон бол авах байсан цалингийн зөрүү 23 сараар тооцон нэхэмжилж байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:
Нэхэмжлэгч П.Янжиндулам сонгон шалгаруулалтад орж тэнцэн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 06 сарын 05-ны өдрийн 21 тоот Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар П.Янжиндуламыг томилуулах тогтоол гарчээ. Уг тогтоолыг хувийн өргөдлийн хамт 2014 оны 07 сарын 05-ны өдөр Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад хүргүүлсэн бөгөөд Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 04 сарын 08-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор томилохоос татгалзжээ. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 17-ны өдрийн 27 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 сарын 23-ны өдрийн 01 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 сарын 14-ний өдрийн 83 дугаартай тогтоолоор Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 04 сарын 08-ны өдрийн “Томилох эсэх асуудлыг шийдвэрлэх тухай” 16 дугаартай тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэгч П.Янжиндуламыг Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид даалгасны дагуу П.Янжиндуламыг 2016 оны 05 сарын 02-ны өдөр Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар томилжээ. Иймд нэхэмжлэгч П.Янжиндуламын цалингийн зөрүү нэхэмжилж байгаа хугацааг 2014 оны 06 сарын 05-ны өдрөөс бус 2015 оны 04 сарын 08-ны өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.
2. Хариуцагч Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь П.Янжиндуламыг 2015 оны 4-р сарын 8-ны өдрөөс 2016 оны 5-р сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын тамгын газарт эрх зүйчээр ажиллаж байсан талаарх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөвт нэхэмжлэгч П.Янжиндуламын нэхэмжилсэн цалингийн зөрүү болох 7 716 730 төгрөгийг төлөх мөнгө байхгүй, төсөвт уг зардал тусгагдаагүй, мөн П.Янжиндулам иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллахдаа “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх хяналт тавих, хадгалах тайлагнах ажлыг” хавсран гүйцэтгэж авч байгаа цалингийн нэмэгдэл нь түүнд олгох цалингийн зөрүүнд хамаарахгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх хяналт тавих, хадгалах тайлагнах ажлыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга П.Янжиндуламд хариуцуулж Хууль зүйн байнгын хорооны баталсан 05 дугаар журмын дагуу П.Янжиндуламд албан тушаалын цалингийн 40 хувийн урамшууллыг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр тооцож олгохыг нябод зөвшөөрсүгэй” гэсэн тогтоол гарчээ. Нэхэмжлэгч П.Янжиндуламд ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэхдээ хувь хүнд нь ажил хариуцуулж бус түүний эрхэлж буй ажил албан тушаалд хавсран гүйцэтгүүлж үндсэн албан тушаалын цалингийн хувиар тооцож урамшуулал олгохоор тушаал гаргасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасны дагуу нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал урамшууллыг цалингийн зөрүүнд тооцож нэхэмжлэх эрхтэй байна.
П.Янжиндулам нь 2015 оны 4-р сарын 8-ны өдрөөс 2016 оны 5-р сарын 2-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын Тамгын газарт эрх зүйчээр ажиллахдаа үндсэн цалин 491 444 төгрөг, зэрэг зэвийн урамшуулал 73 717 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 24 572 төгрөг, үүнээс гарт олгох цалин 484 684 төгрөг авч байсан болох нь, мөн 2016 оны 5-р сарын 2-ны өдрөөс тус сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллахдаа үндсэн цалин 627 465 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 31 373 төгрөг, зэрэг дэвийн урамшуулал 94 119 төгрөг, хавсран ажилласан урамшуулал 250 986 төгрөг, үүнээс гарт олгох цалин 820 195 төгрөг авч байсан болох П.Янжиндуламын 0241582 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ИТХ-ын цалингийн тодорхойлолт, тооцооны хүснэгт, ЗДТГ-ын НЗЭЗ П.Янжиндуламын цалингийн тооцооны хүснэгт зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 2015 оны 4-р сарын 8-ны өдрөөс 2016 оны 5-р сарын 2-ны өдрийг хүртэл /2015 оны 04 сар ажлын 22 хоногтойгоос ажиллах байсан ажлын 17 хоног, 2015 оны 05 сараас 2016 оны 04 сар нийт 12 сар, 2015 оны 05 сарын 01 амралтын өдөр/ Хашаат сумын ЗДТГ-ын эрх зүйчээр ажиллаж байсан үеийн цалингийн зөрүүг буюу нийт 12 сар 17 хоногийн цалин зөрүүг олгох нь зүйтэй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэхэмжлэгч П.Янжиндуламын бага цалинтай ажил хийж байсан 12 сар 17 хоногт ногдох орлогыг түүний авч байсан цалингийн зөрүүгээр тооцож, гарт олгох нэг сарын цалингийн зөрүү 820 195-484 684=335 511 төгрөг, нийт цалингийн зөрүү 335 511*12=4 026 132 төгрөг, үүн дээр 484 684/22*5=110 155 төгрөг нийт гарт олгох цалингийн зөрүү 4 136 287 төгрөг төлүүлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 3 580 443 төгрөг гаргуулах хэсгийг нэхэмжлэгч П.Янжиндулам 2014 оны 06 сарын 05-наас Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллах байсан гэж цалин нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болголоо.
Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэсэгт холбогдох улсын тэмдэгтийн хураамжид 81 131 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагч Архангай аймгийн Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бага цалинтай ажил хийж байсан цалингийн зөрүү 4 136 287 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Янжиндуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 580 443 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Хашаат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас улсын тэмдэгтийн хураамжид 81 131 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН