| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2016/00639/и |
| Дугаар | 579 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1977 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 5-36 дугаар байрны 22 тоотод оршин суух Боржгон овогт Бараанасангийн Баясгалан /РД:ШЖ77043069/-ийн хүсэлттэй
Г.Галбадрахтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Баясгалан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Баясгалан миний 1977 онд төрсөн. Би өөрийн нөхөр Галдангийн Галбадрахтай 10 жилийн нэг ангийнхан юм. Бид 2010 онд хайр сэтгэлтэй болж улмаар 2011 онд хуримаа хийж, хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд охин Г.Эгшиглэн, ихэр охин Энх-Үжин, Мөнх-Үжин нар төрсөн юм. Гэтэл миний нөхөр Галдангийн Галбадрах 2016 оны 10-р сарын 5-ны өдөр харвалтын улмаас нас барсан. Г.Галбадрах бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Иймд охин Эгшиглэн, Энх-Үжин, Мөнх-Үжин нарын төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Г.Галбадрахтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан тул хүсэлт гаргагч Б.Баясгалан нь Г.Галбадрахтай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. 2016 оны 10-р сарын 27-ны өдрийн “Ар-мөнгөн чагнуур” ӨЭМТөвийн тодорхойлолтод: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн иргэн Галбадрах овогтой Энх-Үжин нь охин 2015 оны 4-р сарын 19-нд 2,4 кг жинтэй төрсөн ба одоо эрүүл өсөн бойжиж, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан болохыг тодорхойлов гэсэн.
2. 2016 оны 10-р сарын 27-ны өдрийн “Ар-мөнгөн чагнуур” ӨЭМТөвийн тодорхойлолтод: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн иргэн Галбадрах овогтой Мөнх-Үжин нь охин 2015 оны 4-р сарын 19-нд 2,6 кг жинтэй төрсөн ба одоо эрүүл өсөн бойжиж, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан болохыг тодорхойлов гэсэн.
3. 2016 оны 10-р сарын 27-ны өдрийн “Ар-мөнгөн чагнуур” ӨЭМТөвийн тодорхойлолтод: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн иргэн Галбадрах овогтой Эгшиглэн нь охин 2012 оны 4-р сарын 17-нд 3.6 кг жинтэй төрсөн ба одоо эрүүл өсөн бойжиж, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан болохыг тодорхойлов гэсэн.
4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн засаг даргын 2016 оны 9-р сарын 20-ны өдрийн 1145 тоот албан тоотод: “Бараанасан овогтой Баясгалан нь тус багийн 5/36 байрны 22 тоотод оршин суудаг. Ам бүл 5. ... Байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов” гэсэн.
5. Галдангийн Галбадрах /РД:АЮ77042577/-ын 0000172393 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6. Жинчин овогт Галбадрахын Эгшиглэн /РД:АЮ12241788/-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
7. Жинчин овогт Галбадрахын Мөнх-Үжин /РД:АЮ15241920/-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
8. Жинчин овогт Галбадрахын Энх-Үжин /РД:АЮ15241943/-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
9. Жинчин овогт Галдангийн Галбадрах /РД:АЮ77042577/-ын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
10. Боржгон овогт Бараанасангийн Баясгалан /РД:ШЖ77043069/-ийн гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа,
11. Б.Баясгалан, Г.Галбадрах нар нь хамтын амьдралтай байсан талаар
гэрч Н.Баднаагаравын өгсөн /Г.Галбадрахын хамаатан/ ... Б.Баясгалан, Г.Галбадрах нар нь Архангай аймгийн Байгаль түүхийн музейд хуримаа хийж байхад нь би гэр бүлийн хамт хуриманд нь оролцож байсан. Одоо оныг нь сайн санахгүй байна. Би Г.Галбадрах нь миний ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Б.Баясгалан, Г.Галбадрах нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг 5-36 дугаар байрны 2-р орц 22 тоотод амьдардаг байсан. Б.Баясгалан, Г.Галбадрах нар нь хамтран амьдарч байх хугацаандаа 3 хүүхэд төрүүлсэн. Бага 2 охин нь ихэр, одоо ой гарантай. Б.Баясгалан, Г.Галбадрах нар нь Г.Галбадрахыг 2016 оны 10-р сарын 5-ны өдөр өвчний улмаас өөд болох хүртэл хугацаанд хамт амьдарч байсан. Би Г.Галбадрахтай ойрын хамаатан учир гэрээр нь байнга очдог байсан. Иймд Б.Баясгалан, Г.Галбадрах нарын хамтын амьдралтай байсныг нь сайн мэднэ ... гэх,
гэрч С.Бараанасангийн өгсөн /Б.Баясгалангийн эцэг/ ... Б.Баясгалан, Г.Галбадрах нар нь 2011 оны 8-р сарын 22-ны өдөр Архангай аймгийн Байгаль түүхийн музейн ёслолын танхимд хуримаа хийж байсан. Гэрлэлтээ албан ёсоор батлуулж байгаагүй. Монгол ёсоороо хурим найраа хийгээд нэг гэрт хамтран амьдарч байсан учир албан ёсоор гэрлэлтээ батлуулах шаардлагагүй гэж үзээд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Б.Баясгалан, Г.Галбадрах нар нь 2011 онд хуримаа хийснээс хойш Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг 5-36 дугаар байрны 22 тоотод талийгаач Г.Галбадрахыг 2016 оны 10-р сард өвчний улмаас өөд болох хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан. Хамтран амьдарч байх хугацаандаа 3 хүүхэдтэй болсон. Эгшиглэн нь 5 настай. Энх-Үжин, Мөнх-Үжин нар нь ой 6 сартай. 3 хүүхэд нь Г.Галбадрахаар овоглосон. Би гэрт нь очдог байсан. Гэр бүл нь халуун дулаан сайхан уур амьсгалтай, сайхан гэр бүл байсан. Би Б.Баясгалангийн төрсөн эцэг учир Б.Баясгалан, Г.Галбадрах нарын 2011 оноос 2016 оны 10-р сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан талаар сайн мэднэ ... гэх мэдүүлгүүд зэрэг болно.
Хүсэлт гаргагч Б.Баясгалан нь Г.Галбадрахтай 2011 оноос 2016 оны 10-р сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болох нь 2016 оны 10-р сарын 27-ны өдрийн “Ар-мөнгөн чагнуур” ӨЭМТөвийн тодорхойлолтууд, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн засаг даргын 2016 оны 9-р сарын 20-ны өдрийн 1145 тоот албан тоот, Боржигон овогт Галдангийн Галбадрах /РД:АЮ77042577/-ын 0000172393 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Жинчин овогт Галбадрахын Эгшиглэн /РД:АЮ12241788/, Жинчин овогт Галбадрахын Мөнх-Үжин /РД:АЮ15241920/, Жинчин овогт Галбадрахын Энх-Үжин /РД:АЮ15241943/ нарын төрсний гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Жинчин овогт Галдангийн Галбадрах /РД:АЮ77042577/-ын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Боржгон овогт Бараанасангийн Баясгалан /РД:ШЖ77043069/-ийн гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, гэрч Н.Баднаагарав, С.Бараанасан нарын мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна. Иймд Г.Галбадрахтай 2011 оноос 2016 оны 10-р сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох гэсэн Б.Баясглалангийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Баясгалангийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Баясгалан нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Жинчин овогт Галдангийн Галбадрах /РД:АЮ77042577/, Боржгон овогт Бараанасангийн Баясгалан /РД:ШЖ77043069/ нарыг 2011 оноос 2016 оны 10-р сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН