| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 151/2017/0239/э |
| Дугаар | 2017/ДШМ/44 |
| Огноо | 2017-10-13 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | Ю.Батсүх |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2017/ДШМ/44
|
|
Т.Батсайхан, С.Мөнхжаргал нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Д.Гансүх /Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн/, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ю.Батсүх
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: И.Отгонсүрэн, Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа, Д.Батбаяр
Нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Т.Батсайхан, С.Мөнхжаргал нарт холбогдох 2017 1900 0301 дугаартай 233 хуудас 1 хавтас бүхий хэргийг шүүгдэгч Т.Батсайханы өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг, шүүгдэгч С.Мөнхжаргалын өмгөөлөгч И.Отгонсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Архангай аймгийн Тариат суманд 1964 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгчин мэргэжилтэй, “Цэцэрлэгжилт” компанид цэцэрлэгчин ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 15 хороо, Жаргалантын 2-0035 тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Тэрбишийн Батсайхан, /РД:ХЕ64061015/.
Монгол улсын иргэн, Архангай аймгийн Өгийнуур суманд 1979 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Трийт пикус” ХХК-д ажилладаг байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 18 хороо, 1 дүгээр хороолол, 2 дугаар байр, 29 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чонос овгийн Сайнтогтохын Мөнхжаргал, /РД:АЖ79090312/.
Яллагдагч Т.Батсайхан, С.Мөнхжаргал нар нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Шар жалга” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 448 ширхэг зулзаган гацуур мод бэлтгэж, байгаль экологид 25.050.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овгийн Тэрбишийн Батсайхан, Чонос овгийн Сайнтогтохын Мөнхжаргал нарыг ойн тухай хууль тогтоомж зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсний улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Тэрбишийн Батсайханыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Чонос овгийн Сайнтогтохын Мөнхжаргалыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх
хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Тэрбишийн Батсайхан, Чонос
овгийн Сайнтогтохын Мөнхжаргал нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн
211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн
хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
шүүгдэгч Боржигон овгийн Тэрбишийн Батсайхан, Чонос овгийн
Сайнтогтохын Мөнхжаргал нар цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1,
1.2, 1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан
ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх модон иш бариултай, хуучин 2 ширхэг
хүрзийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг,
бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Батсайханы эзэмшлийн “ТОҮОТА РRОВОХ” маркийн 32-05 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01025608 дугаартай гэрчилгээг,
шүүгдэгч С.Мөнхжаргалын эзэмшлийн “Хьюндай Аванте” маркийн 63-37 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00890406 дугаартай гэрчилгээг тус тус хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг,
мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 12-ны өдөр шүүгдэгч Т.Батсайханы эзэмшлийн 1.250.000 төгрөгийн үнэ бүхий “ТОҮОТО РRОВОХ” маркийн 32-05 УНХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг,
2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч С.Мөнхжаргалын эзэмшлийн 680.000 төгрөгийн үнэ бүхий “Хьюндай Аванте” маркийн 63-37 УНС улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хэвээр үлдээж, тус хоёр тээврийн хэрэгслийг буюу шүүгдэгч Т.Батсайханы эзэмшлийн 1.250.000 төгрөгийн үнэ бүхий "ТОҮОТО РRОВОХ" маркийн 32-05 УНХ улсын дугаартай автомашиныг, шүүгдэгч С.Мөнхжаргалын эзэмшлийн 680.000 төгрөгийн үнэ бүхий “Хьюндай Аванте” маркийн 63-37 УНС улсын дугаартай автомашиныг тус тус худалдан борлуулж, орлогыг гэмт хэргийн хохиролд зарцуулахаар тусгай дансанд хадгалуулахаар шилжүүлэхийг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Төв аймагт дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт заасныг
баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Тэрбишийн Батсайханаас 37.575.000 /гучин
долоон сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг,
Чонос овгийн Сайнтогтохын Мөнхжаргалаас 37.575.000 /гучин долоон сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж,
шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч
Боржигон овгийн Тэрбишийн Батсайхан, Чонос овгийн Сайнтогтохын Мөнхжаргал
нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдний
хорих ял эдлэх хугацааг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж,
шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор
цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,
хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч,
өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй
бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Батсайханы өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг нар давж заалдах гомдолдоо: “Тэрбишийн Батсайханы хууль ёсны эрх ашгийг хамгаалж буй өмгөөлөгчдийн зүгээс 223 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үндэслэл:
Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 06/112 дугаартай албан бичигт 228 ширхэг зулзаган гацуурыг төсөвт байгууллагуудад хуваарилан ногоон бүсэд тарьсан, үлдэгдэл гацуурыг Сум дундын ойн ангид хүлээлгэн өгсөн болохыг тодорхойлж, Аймгийн цагдаагийн хэлтэст албан бичиг хүргүүлсэн байдаг бөгөөд энэ нь хавтаст хэргийн 196 дугаар хуудсанд авагдсан байна.
Дээрх байдлаас үзэхэд хохирогч биет байдлаар нь хүлээн авч хохирол барагдсан гэж үзэж болохоор байна.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шинжээч томилсон тогтоолуудыг сэжигтэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт бүгдэд нь танилцуулаагүй байгаа нь хэргийн оролцогч нарын эрх ашгийг зөрчсөн байна.
Иймд 2017.08.10-ны өдрийн 223 дугаартай Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч С.Мөнхжаргалын өмгөөлөгч И.Отгонсүрэн давж заалдах гомдолдоо: Хууль зүйн туслалцааны төвийн Төв аймаг дахь салбарын өмгөөлөгч И.Отгонсүрэн миний бие нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 223 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Миний үйлчлүүлэгч Г.Батсайхан, С.Мөнхжаргал нар нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Шар жалга” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд 448 ширхэг зулзаган гацуур мод бэлтгэж, байгаль экологид 25 050 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Давж заалдах шатны шүүхэд миний бие нь Сайнтогтохын Мөнхжаргалын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, өмгөөлөгчөөр оролцоно.
Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй.
Шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байгаа боловч тэдэнд оногдуулах ял нь хүндэрч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасныг баримтлан 2002 оны оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан буюу шүүхэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл, хэсгээр нь Т.Батсайхан, С.Мөнхжаргал нарыг ойн тухай хууль тогтоомж зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж тус тус 1 жилийн хорих ялыг оногдуулсан.
Өмгөөлөгч миний зүгээс шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан боловч шүүх асар их хохирол, хор уршиг зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх зүйтэй гэж үзсэн.
Гэвч шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасныг баримтлан Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжтой гэж үзэж байна.
Учир нь шүүгдэгч С.Мөнхжаргал нь гэм буруугаа хүлээн мэдүүлж, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, байгальд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж 1.000. 000 төгрөг төлсөн байгаа.
Иймд ЭХХШТХ-ийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах гэснийг үндэслэн С.Мөнхжаргалыг тэнсэж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Т.Батсайхан, С.Мөнхжаргал нар нь 2017 оны 05 дугаар сарын 06- ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Шар жалга” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 448 ширхэг зулзаган гацуур мод бэлтгэж, байгаль экологид 25 050 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- 3, 4-33/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-34-38/, шүүгдэгч Т.Батсайхан, С.Мөнхжаргал нарын эзэмшлийн 2 автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-39-40, 41-42/, эд мөрийн баримт хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-49/, “Экологи эдийн засгийн үнэлгээ” /хх-67-70/, Байгаль орчин, аялал жуучлалын газрын 01 дугаар шинжээчийн дүгнэлт /хх- 78/, иргэний нэхэмжлэгч П.Түмэнтөр, гэрч Ж.Баттогтох, Б.Оёдоо, Л.Одхүү, шүүгдэгч Т.Батсайхан, С.Мөнхжаргал нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан, тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгасан байна.
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудад үндэслэн ялтан Т.Батсайхан, С.Мөнхжаргал нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 448 ширхэг зулзаган гацуур мод бэлтгэж, байгаль экологид 25 050 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Шүүх шүүгдэгч Т.Батсайхан, С.Мөнхжаргал нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байгаа боловч оногдуулах хорих ял нь хүндэрч байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг баримтлан тэдний үйлдсэн дээрх гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан буюу шүүхэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 /гурван/ жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1-5 /нэг жилээс таван/ жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус заасан байх ба Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул хуулийг буцаан хэрэглэх боломжгүй юм.
Түүнчлэн шүүгдэгч Т.Батсайхан, С.Мөнхжаргал нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт төлбөл зохих 75.150.000 төгрөгөөс Т.Батсайхан 500 000 төгрөг, С.Мөнхжаргал 1 000 000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх, нөхөн төлөхөө илэрхийлсэн нь биелэгдэх боломжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Т.Батсайханы өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа нарын гаргасан “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох”, шүүгдэгч С.Мөнхжаргалын өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан “...тэнсэж, тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧИД Д.ГАНСҮХ
Г.БОЛОРМАА