Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2017/0606/З |
Дугаар | 847 |
Огноо | 2017-11-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 847
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.А ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б******* дугаар тушаалын Д.А т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих тэмдэглэгээ хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, Ц.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэгч Д.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн гэх үндэслэлээр тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б******* дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр түүний эрхэлж байсан ажил, албан тушаалыг хассан, ажиллах орон тоо байхгүй гэж ойлгуулсан байдаг.
Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зохион байгуулалтын шинэчилсэн бүтцийг харахад нэхэмжлэгч Д.А ын эрхэлж байсан ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байна.
Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заажээ.
Дээрх хуулийн заалтаас үзвэл эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн байгууллагын бүтцийг өөрчилж болно. Гэхдээ бүтцийн өөрчлөлтөөр тухайн төрийн албан хаагчийн ажиллаж байсан ажлын байрны албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж ойлгогдож байна.
Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдаж байхад нэхэмжлэгч Д.А ыг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй.
Энэхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б******* дугаар тушаал нь нэхэмжлэгч Д.А ын төрийн тусгай албанд 20 гаруй жил хууль сахиулах болон аюулгүй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажиллаж байсан төрийн мэргэшсэн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр болсон гэж үзэж байна.
Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн шинэчлэлээр түүний хариуцан ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь тухайн байгууллагад хэвээр хадгалагдаж байгаа учраас зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б******* дугаар тушаалын Д.А т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих тэмдэглэгээ хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Иргэн Д.А ын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С би гардан авч танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/18 дугаар тушаалыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/95 дугаар тушаалаар Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газрын даргаар томилогдон ажиллаж байгаад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б******* дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүтэц, орон тоо өөрчлөн батлагдсантай холбогдуулан Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.
Дээрх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны Б******* дугаар тушаалын эрх зүйн үндэслэл болох Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/65 дугаар тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн батлах”-д нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт болон газрын чиг үүргээс аюулгүй байдал хасагдаж батлагдсан байна.
Мөн нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад хандан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасныг үндэслэн 18 сарын тэтгэмж олгохыг хүсчээ. Уг хүсэлтийн дагуу нэхэмжлэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/1236 дугаар тушаалаар 18 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгохоор болж, 2016 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд төрийн сангаас түүний дансруу нь шилжүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нэхэмжлэгчид байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн тул ажлаас чөлөөлөгдөх талаар урьдчилж мэдэгдсэн, түүнийг хүлээн зөвшөөрсөн талаар нэхэмжлэлдээ дурдсан, мөн өөрийнх нь хүсэлтийн дагуу 18 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгосон нь нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн батлах”-д нэхэмжлэгчийн ажлын байр өөрчлөгдсөн, энэ талаар мэдэгдсэн, мөн түүнд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тэтгэмж олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Д.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /цаашид ШШГЕГ гэх/ даргын ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өргөдөл гаргаж, хариуг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1396 тоот албан бичгээр хариуг авсан боловч 12 дугаар сарын 19-ний өдөр “ажлаас чөлөөлсөн байдлыг дахин хянаж үзэх,... ажилласан хугацааны сүүлийн 5 жил тасрах гээд байгааг харгалзан үзэж, ШШГЕГ-тай зөвшилцөлд хүрэх боломжийг илэрхийлж”, өмнө нь өөрөөс нь тайлбар авалгүйгээр шийдвэрлэсэн тул маргаж байгаа асуудлаар дахин Төрийн албаны зөвлөлд нэмэлт тайлбар гаргаж, хариуг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр авч, улмаар 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
Нэхэмжлэгч Д.А нь ШШГЕГ-ын даргын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/95 дугаар тушаалаар Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газрын даргаар томилогдон ажиллаж байгаад, ШШГЕГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б******* дугаар тушаалаар Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газрын даргын албан тушаалаас чөлөөлөгджээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/65 дугаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн батлах” тухай тушаал гарсантай холбогдуулан ШШГЕГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б******* дугаар тушаалаар зарим албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/1218 дугаар тушаалаар албан хаагчдыг буцаан томилсон.
Ийнхүү албан хаагчдыг томилохдоо хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан тушаалаар ажлын байрны тодорхойлолт болон нэхэмжлэгчийн ажиллаж байсан газрын чиг үүргээс аюулгүй байдал хасагдаж батлагдсан, өөрөө тэтгэмж авах хүсэлт гаргасан гэх шалтгаанаар Аюулгүй байдал, тусгай ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Д.А ыг буцаан томилоогүй байна.
Хэрэгт авагдсан ерөнхий газрын даргын Б/1218 дугаар тушаалын хавсралтын “Дөрөв. Тусгай ажиллагааны газар”-ын дарга гэх албан тушаалд хэн нэгнийг томилоогүй байдал харагдаж байгаа боловч нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ШШГЕГ-ын даргад хандан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг үндэслэн 18 сарын тэтгэмж олгох хүсэлт гаргасан.
Уг хүсэлтийн дагуу нэхэмжлэгчид ШШГЕГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6/1236 дугаар тушаалаар 18 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгохоор болж, 2016 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд төрийн сангаас түүний дансруу нь шилжүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй болон цэргийн алба хаах нас хэтэрсэн асуудал үүсээгүй тохиолдолд үлдэх “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр халагдвал” 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг захиргааны байгууллагаас олгох боломжийг бий болгосон хуулийн зохицуулалт байна.
Мөн нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж, Аюулгүй байдал, Тусгай ажиллагааны газрыг татан буулгаж байгаа,... нэгэнт ажлыг минь авахаар шийдсэн бол Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан ... 18 сарын тэтгэмжийг олгоно уу гэхэд Ц.А энэ асуудлыг зөвшөөрч зохицуулж өгөхөөр болсон” гэснээс үзэхэд ерөнхий газрын бүтэц, орон тооны өөрчлөлтийг мэдэж байсан, энэ тохиолдолд албан тушаалаас халагдвал 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг авахыг хүсэлтдээ дурдсан гэж үзэхээр байна.
Харин нэхэмжлэгч уг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 36 сарын нэг удаагийн тэтгэмжийн 18 сарын тэтгэмжийг урьдчилж олгохыг хүссэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч, энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш үргэлжлүүлэн алба хааж байгаа офицер, ахлагчид өөрийн нь хүссэнээр цэргийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө урьдчилан олгож болно” гэсэн өндөр насны тэтгэвэрт гарахтай холбоотой олгогдох тэтгэмжийн харилцаанд хамааралтай зохицуулалт бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүсээгүй болох нь өөрийнх нь Төрийн албаны зөвлөлд гаргасан нэмэлт тайлбар, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын лавлагаа зэргээр тогтоогдсноор дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.
Түүнчлэн хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1236 дугаар “Д.А т нэг удаагийн тэтгэмж олгох тухай” тушаалыг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйл “...орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, ... халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19 дүгээр зүйлийн 19.2-т “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, ... халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, ... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэх заалтуудыг үндэслэл болгон гаргасан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/65 дугаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн батлах” тухай тушаалын дагуу ШШГЕГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б******* дугаар тушаалаар зарим албан хаагчийг түүний дотор нэхэмжлэгч Д.А ыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, ... халах”, 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, Цэргийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтална” гэх хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шийдвэр гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалаас халагдсантай холбогдуулан тэтгэмж авах эрх буюу хүсэлтийг хангасан байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн тохиолдолд албан тушаалын ажлын чиг үүрэг хадгалагдаж буй нэгжид томилогдон ажиллах боломжийг эдлэлгүйгээр албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбоотой хуульд заасан тэтгэмжийг авах хүсэлтийг өөрөө гаргасан.
Мөн маргаан бүхий акт боломжит хугацаанд бусад төрийн захиргааны байгууллагад ажиллахаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй, түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/198 дугаар тушаал, үүнтэй холбогдон гарсан ШШГЕГ-ын даргын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/177 дугаар “Тусгай ажиллагаа, аюулгүй байдлын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар Тусгай ажиллагааны газрыг 11 сарын дараа “Тусгай ажиллагаа, аюулгүй байдлын газар” болгон өөрчилсөн буюу дахин бий болгосонтой холбогдуулж, албан тушаалд томилуулах хүсэлтээ гаргаж, хууль журамд заасны дагуу шийдвэрлүүлэх боломжтой байна.
Иймд нэхэмжлэгч Д.А ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А ын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА