Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2021/0233

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ш.Ц, Б.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан “О” ХХК-иас Татварын ерөнхий газрын дэргэхэд Маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүхээс дараах 2 үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Татварын маргаан таслах зөвлөлд 30 хоногийн дотор гомдол гаргах байсан гэсэн тухайд: Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дугаар шийтгэлийн хуудасны холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргаж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зүйн орчин эрс өөрчлөгдөж, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу хянан шийдвэрлэнэ” гэсний дагуу дээрх шийтгэлийн хуудасны эс зөвшөөрч буй хэсгийг хүчингүй болгуулах гомдлыг харьяаллын дагуу урьдчилан шийдвэрлэх журмаар Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл хянан шийдвэрлэхээр болсон.

Ийнхүү эрх зүйн орчин өөрчлөгдсөнтэй холбоотойгоор журмын дагуу маргаж буй шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянуулахаар ТЕГ-ны дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гарган шийдвэрлүүлэх хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргасан.

Шүүхээс тус хүсэлтийг шийдвэрлэхдээ маргаан таслах зөвлөлөөс тодруулга авахаар албан бичиг явуулсан бөгөөд тус албан бичгийн хариуд Маргаан таслах зөвлөлөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаартай бичгийг ирүүлсэн. Энэхүү албан бичгээр тус гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж шийдвэрлэснийг үндэслэн анхан шатны шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчээс дээрх 37 дугаартай албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч нь 2020 оны Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зохицуулалтаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхээд дамжуулан хүсэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй байна...” гэж дүгнэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан. Нэхэмжлэгчээс тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуульд заасан журмаар шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг шууд шүүхэд хандан гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Гэтэл үүнийг харгалзан үзэлгүйгээр хууль дагаж мөрдөгдөж ирсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дээрх хүсэлтээ татварын маргаан таслах зөвлөлд гаргахаар байсан байна гэж дүгнэсэн нь хууль тогтоомжид заагаагүй хязгаарлалтыг бий болгож байна.

Илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна гэсэн тухайд: Шүүхийн шийдвэрт захиргааны актын утга агуулгын илэрхий алдаатай гэдгийг утга агуулгын хувьд илэрхий алдаатай буюу тухайн захиргааны актад дурдагдах боломжгүй зүйлийг дурдсан байхыг ойлгоно гэж тайлбарлажээ. Энэхүү зөвхөн илт хууль бус захиргааны актын нэг л шинжид хамаарах бөгөөд ийнхүү явцууруулж тайлбарлах нь Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй юм. Маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь утга, агуулгын хульд илэрхий алдаатай гарсан.

Маргаан таслах зөвлөлөөс Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргах гомдлыг хүлээн авах, эсэх асуудлыг Татварын ерөнхий хууль /2008 он/ баримтлан тайлбарлаж байгаа нь утга, агуулгын илэрхий алдаатай болохыг тодорхой харуулж байна.

Түүнчлэн маргаан таслах зөвлөлийн шийдвэрт гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаа дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь тогтоосон журмаар гомдол гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тухайд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болохыг харгалзан үзээгүй нь илэрхий алдаатай байна. Маргаан таслах зөвлөлийн 37 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийг шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг тус зөвлөлд гаргах эрх зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэснээр нэхэмжлэгч компанийг тус зөвлөлд хандан гомдлоо гаргах ч боломжгйү байдалд хүргэсэн.

Угтаа нэхэмжлэгч нь шүүхээс шийтгэлийн хуудастай холбоотой гомдлоо урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр буцаасан тохиолдолд маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх байтал гомдлыг зохих журмын дагуу гаргаагүй байхад ийнхүү гомдол гаргах эрхийг хязгаарласан нь хууль тогтоомжид нийцэхгүй буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад шийдвэр гаргасан байна. Маргаан таслах зөвлөл болон шүүх нь хоорондоо албан бичиг явуулах замаар нэхэмжлэгч компанийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах эрхгүй болгож байгаа нь илтэд үндэслэлгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “О” ХХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд холбогдуулан “Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “О” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газар, Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдох зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байх хугацаанд “О” ХХК-иас “...Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж, мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасны дагуу Татварын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дугаар шийтгэлийн хуудсыг урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах эрхтэй байх тул хэргийг Татварын маргаан таслах зөвлөлөөр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэж өгнө үү...” гэх хүсэлтийн хүрээнд анхан шатны шүүхээс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/6835 дугаар албан бичгээр тодруулга гаргуулж, улмаар Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Тодруулга өгөх тухай” 37 дугаар албан бичгийг үйлдсэн байна.

Тус албан бичигт “...Татварын ерөнхий хууль /2008 оны/ 17 дугаар зүйлийн 17.1.6-д “татварын албанаас гаргасан акт,...бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл, танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны журмаар гаргах”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3-т “татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд” гаргана гэж заасан. Татварын ерөнхий газрын дэргэдэх УТОХГ-ын татварын улсын байцаагчдын үйлдсэн татварын улсын байцаагчийн 367201801 дугаартай шийтгэлийн хуудсыг “О” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардан авсан байх бөгөөд түүнийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд татварын улсын байцаагч нарын үйлдсэн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаа дуусгавар болсон байх тул Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн гомдлыг Маргаан таслах зөвлөл хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй байна” гэснээс үзвэл, захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.

Учир нь Захиргааны шүүхийн шийдвэрлэх маргаан нь эрх зүйн маргаан байх бөгөөд шүүх эрх зүйн биш маргааныг, тухайлбал /шүүхээс шаардсан тодруулгын хүрээнд/ захиргааны байгууллагын дотоод чиг үүрэг, зохион байгуулалт зэргийг эрх зүйн хувьд хянах боломжгүй. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заажээ. Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаар албан бичиг шүүхээр хянагдах эрх зүйн маргаанд хамаарахгүй байна. Хэдийгээр татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эсэх асуудал нь холбогдох эрх зүйн акт /Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж, мөрдөх журам/-аар зохицуулагддаг боловч эрх бүхий этгээдээс “татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй, эрхгүй” эсэх нь шүүхийн хяналтын хүрээнд үл хамаарах тул захиргааны бүрэн эрх юм. Нэхэмжлэгчийн маргаж буй албан бичиг нь “дотогш чиглэсэн” нэхэмжлэгч “Оюу толгой” ХХК-ийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгээгүй тул захиргааны шүүхийн хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй байна.

Түүнчлэн Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан шинжийг агуулаагүй байна.

Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “...37 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт байх шинжүүдийг агуулаагүй байна...” гэж зөв дүгнэсэн атлаа хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Төрийн эрх мэдэл хувиарлах зарчмыг Үндсэн хуульд зааж өгсөн бөгөөд энэ хүрээнд “захиргаа нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч буюу хууль тогтоогчийн баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, харин захиргааны шүүх нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй болохыг тодорхой ялган заагласан. Энэ хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “О” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газар, Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдох зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байх хугацаанд нэхэмжлэгч “О” ХХК-ийн гаргасан хүсэлтийн хүрээнд шүүхээс Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/6835 дугаар албан бичгээр тодруулга хүсэж, улмаар Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Тодруулга өгөх тухай” 37 дугаар албан бичгээр хариу өгсөн. Үүнээс үзвэл, шүүх мөрдөн шалгах ажиллагааны үүднээс тодруулгыг хүссэн байх бөгөөд Татварын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дугаар шийтгэлийн хуудсанд урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах эрхтэй эсэхийг энэ албан бичгээр тогтоохгүй боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд тэдгээрийн нэхэмжлэлийг үндэслэн захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэдэг. Маргаж буй албан бичгээр Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тодруулга хүссэний дагуу гаргаж өгсөн тайлбар байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн “Татвар ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаартай албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар “О” ХХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 37 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг тус тус Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

 

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН