Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2019

 

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2016/02019

 

Лаки Лайф ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/00597 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Лаки Лайф ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Глобал Айдийз ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс  104 000 000 төгрөг, алданги 52 000 000 төгрөг, нийт 156 000 000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Энхжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Жанчив

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Мягмарсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Лаки Лайф ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Глобал Айдийз ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Төв аймгийн Архуст сумын Ноёншанд нүүдэлчин фермийн аж ахуйн цогцолбор төслийн хүрээнд үнээний зүчээний байрны барилгыг барих ажилд туслан гүйцэтгэгчээр  ажиллахаар болсон. Гэрээгээр  Глобал Айдийз ХХК-ийн удирдлага дор зөвхөн өөрийн ажиллах хүч, багаж хэрэгсэл, машин механизмаар гэрээт ажлыг гүйцэтгэж, тухайн төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд явцын санхүүжилт төлөвлөсөн хугацаанд хийгдэхгүй, хүлээлт үүсгэх, барилгын зураг төслөөс хамаарч, гүйцэтгэж ажилд өөрчлөлт орох, хийсэн ажлуудыг дахин хийх төдийгүй ажлыг хэрхэн хийх талаарх шийдлүүд гарахгүй байх, барилгын материал хангамж байнгын саатаж байснаас хамаарч удаа дараа сул зогсолт гарах, захиалагч талын зургийн шийдэл, материал хангамжийн саатал, санхүүжилт зэргээс хамаарч гэрээт ажлын хугацаа сунгагдах, улмаар цаг агаар хүйтрэх зэрэг хүндрэлүүд тулгарсан.  Бид 2013 оны 11-р сарын 10-ны өдөр  ажлыг дуусгаж, барилгын талбайгаас буусан бөгөөд 2013 оны 11-р сарын 12-ны өдөр н.Ундрахболд захиралтай Глобал айдийз ХХК-ийн оффис дээр уулзаж, тооцоо нийлсэн акт 1-ийг үйлдсэн ба н.Ундрахболд нь үлдэгдэл төлбөр тооцоог удалгүй хийхээр тохиролцсон. Тооцоо нийлэх акт үйлдэх үеэр Ундрахболд захирал 2013 онд багтаан үлдэгдэл тооцоог бүрэн хийх, бидний зүгээс хүйтнээс хамаарч ханын  амалгаа шавар, гадна хаяавч, пандус гэсэн ажлуудын чанарт асуудал гарвал 2014 оны хавар засахаар тохиролцсон. Бас чигжээс бетоны ажил дутуу хийгдсэн бөгөөд захиалагчаас материалыг авч өгсний үндсэн дээр манай компани гүйцэтгэх тул бид үлдээсэн болно. 2014 оны хавар, зуны саруудад н.Ундрахболд захиралд бид дээрх ажлуудыг хийж өгье гэж удаа дараа хандсан боловч, тус фермийг 100 хувь ашиглалтад авсан, гадны хүмүүс оруулах боломжгүй, үндсэн захиалагч компанитай тохиролцож чадаагүй гэсэн шалтгаан, тайлбарыг өгч хойшлуулж байсан.

Глобал айдийз ХХК нь захиалагч талаас төлбөр авсны дараа манай компанийн төлбөр, тооцоог барагдуулна гэсэн тохиролцоо байхгүй, өөрсдөө хариуцан хийх ёстой болно. Тооцоо нийлсэн акт 01-т үлдэгдэл төлбөр 137 000 000 төгрөг байсан бөгөөд 2015 оны 10-р сарын 22-ны өдөр хүртэл тус тооцооноос 30 000 000 болон 3 000 000 төгрөгөөр нийт 33 000 000 төгрөгийн тооцоог хийж өнөөдрийн байдлаар 104 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2015 оны 06-р сард н.Ундрахболд захиралтай уулзаж, тооцоо нийлсэн акт 2-ийг үйлдэж, үлдэгдэл тооцоог баталгаажуулсан болно.

Иймд гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэлд 104 000 000 төгрөг, алдангид  52 000 000 төгрөг, нийт 156 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Глобал Айдийз ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна. Гэвч ажлын гүйцэтгэл дутуу байгаа. Талуудын хооронд ажил хүлээлцсэн акт байдаггүй. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл ажлыг хэрхэн хүлээлцэх дуусгавар болгох талаар тодорхой заасан бөгөөд бодит байдал дээр уг журмыг баримтлаагүй тул ажлыг хүлээлцсэн ажил гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм. Тооцоо нийлсэн акт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Энэ нь нотариат баримт бичгийн хуулбарыг гэрчлэх хууль болон холбогдох журамд заасныг зөрчиж хийгдсэн,  шаардлага  хангахгүй баримт юм. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шаардлага гаргаж байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон бичгийн баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ хангалтгүй биелүүлсэн. Хавтаст хэрэгт байгаа тооцоо нийлсэн актын эх сурвалжийг зааж өгөх ёстой. Гэвч тус баримт авагдаагүй, ажлыг хүлээлгэж өгөх үүргийг гэрээний дагуу ажил гүйцэтгэгч хүлээж байна. Ажлыг хэрхэн хүлээлцэх талаар гэрээнд тодорхой тохиролцсон байгаа. Гэтэл ажлыг улсын комисс хүлээж авсан талаарх акт хэрэгт алга байна. Түүнчлэн ажлын үлдэгдэл төлбөрийг хэрхэн тооцож байгаа, ажлын хөлсийг ямар журмаар тооцон төлж байсан нь тодорхойгүй, алданги яагаад 52 000 000 төгрөг болж байгаа талаар тодорхой тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч гаргаж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 104 000 000 төгрөгийг хариуцагч Глобал Айдийз ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Лаки лайф ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн төлбөр 52 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 937,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Глобал Айдийз ХХК-иас 677 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Лаки Лайф ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хавтаст хэрэгт тооцоо нийлсэн эсэх нь тодорхойгүй баримт байдаг бөгөөд тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, гэрээнд оролцогч талууд гэрээг дүгнэсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг улсын комисс хүлээж авсан эсэх, тухайн ажлыг гэрээнд заасны дагуу зохих ёсоор, шударгаар хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй энэ талаарх үйл баримтыг нотолсон бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Дээр дурьдсанчлан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон тооцоо нийлсэн гэх хоёр акт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх тухайн баримтуудыг  үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн.  Нотариатч нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хууль болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 тушаалд заасныг баримтлан аливаа үйлдлийг хийх үүрэгтэй. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 тушаалын хавсралт болох Нотариатын үйлдэл хийх зааврын 2.7-д "...баталгааны тэмдгийг баримт бичгийн баруун доод хэсэгт, нотариатчийн тамгыг баталгааны тэмдгийн зүүн дээд хэсэгт тус тус дарж гэрчилнэ..." мөн журмын 2.8-д "баримт бичгийн төгсгөлийн хуудсанд - нотариатчийн тамга, баталгааны тэмдэг дарж гэрчилнэ" гэж тус тус заасны дагуу нотариатч нь нотариатын хийх тодорхой үйлдэлийн нэг болох баримт бичгийн хуулбарыг гэрчилэхдээ тус баримт бичгийн баруун доод хэсэгт баталгааны тэмдэгийг, баталгааны тэмдэгийн зүүн дээд хэсэгт нотариатчийн тамгыг дарж өөрийн хийсэн үйлдэлээ баталгаажуулдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт гэх баримтад зөвхөн нотариатчийн тамга дарагдсан байгаа нь уг баримтыг нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэн нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин  хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Лаки-Лайф” ХХК нь хариуцагч “Глобал Айдийз” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний хөлс, алдангид 156 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ажлын гүйцэтгэл дутуу нь хуульд заасан байгаа бичмэл баримтад тавигдах шаардлага хангаагүй гэсэн үндэслэл заан  маргажээ.

 

            Зохигчид 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Төв аймгийн Ар хуст сумын Ноёншандад үнээний зүчээний байрны барилгын суурь, төмөр хийц, угсралтын иж бүрэн ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэхээр, захиалагч буюу хариуцагч нь  хөлс төлөхөөр тохиролцжээ.

 

Талууд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, харин нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үр дүнг захиалагч буюу хариуцагчид шилжүүлсэн эсэх асуудлаар маргаантай байна. 

 

            Нэхэмжлэгч нь дээрх гэрээгээр ажлаа бүрэн хийж гүйцэтгэж, захиалагч талтай тооцоо нийлсэн акт үйлдсэн гэж тайлбарлаад нотлох баримтаар “тооцоо нийлсэн акт № 1”, “тооцоо нийлсэн акт № 2” гэх хуулбар баримтуудыг гаргажээ. /х.х-ийн 13 дугаар хуудас/

            Нэхэмжлэлийн шаардлагыг нотлож байгаа гол нотлох баримт болох дээрх тооцоо нийлсэн актуудад нотариатчийн бичвэр тэмдэглэгээ байхгүй байхад шүүх эдгээр баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.   

            Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үр дүнг ямар журмаар хэрхэн хүлээлгэн өгсөн зэрэг хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх бөгөөд уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нөхөн гүйцэтгэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/00597 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                            ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                                    Ш.ОЮУНХАНД