Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01058

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/02808 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 532 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Б

          Хариуцагч: Г.Чад холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: 10.000.000 төгрөг гаргуулах тухай,

       Сөрөг нэхэмжлэл: 2016-12-06-ны өдрийн “Баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг

    Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч С.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь 2011 онд Ч.Нямсүрэнтэй гэр бүл болж,  нэг хүүхэд төрүүлсөн. Гэр бүл болсны дараа нэхэмжлэгчийн аав Г.Ч Б.Бийн ээж Т.Занданжавыг дуудан уулзаж, хоёр хүүхдээ тусдаа байртай болгомоор байна, ганц охиноо айлын бөөрөнд амьдруулмааргүй байна гэж хэлсэн байдаг. Т.Занданжав эцгээс нь үлдсэн байрыг тухайн үед 60 сая төгрөгөөр зарж, 30 сая  төгрөгийг хүү Б.Бөд өгсөн. Б.Б уг мөнгөнөөс 20 сая төгрөгийг Г.Чад өгөхөд охин Ч.Нямсүрэнгийн нэр дээр автомашин авч, 10сая төгрөгийг байрны урьдчилгаанд гэж авсан.  Г.Ч нь “...өөрийн ажиллаж байсан компаниас байр захиалж байгаа, урьдчилгаанд 10сая төгрөг өгөөд байр авна, та хоёр ажилгүй болохоор зээл олгохгүй, миний нэр дээр байрыг авна, гэхдээ энэ байр та хоёрын байр болно...” гэж хэлсэн. Байр авснаас хойш гэрлэгчид салах болж шүүхэд маргаан үүсэхэд  талуудад ямар нэг эд хөрөнгийн маргаан байхгүй байсан байна. Шүүхийн шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж, охин Б.Бөртэ-Үжинг эхийн асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн. Иймд байрны урьдчилгаанд өгсөн  10сая төгрөгийг нэхэмжилж байна, нэхэмжлэлийг  хангаж өгнө үү гэжээ.Гэрлэлт цуцлуулснаас хойш нэг удаа Г.Чын дүү Г.Чимэдрэгзэн Б.Бтэй уулзаж, Г.Ч охин Б.Бөртэ-Үжинг үрчлүүлээч гэж байна гэхэд нь зөвшөөрөөгүй. Дараа нь Хан-Уул дүүргийн Бүртгэл мэдээллийн төвөөс та хүүхэд үрчлүүлэх хүсэлт өгсөн байна, өөрөө ирж гарын үсэг зур гэхэд нь гайхаад өргөдөл өгөөгүй гэхэд за ойлголоо гээд утсаа тасалсан гэдэг. Гэтэл хэсэг хугацааны дараа Г.Ч, Г.Чимэдрэгзэн нар Б.Бтэй уулзаж, Г.Ч, охиныг надад үрчлүүлээч, хүүхдийн ирээдүйг бодмоор байна, чиний байрны урьдчилгаанд өгсөн 10 сая төгрөгийг өгье, хүүхдийн тэтгэлэг авахгүй, нотариатаар орж баталгаажуулъя гэж хэлсэн. Баталгаа, батламж гэх бичгийг Г.Ч, Г.Чимэдрэгзэн нар бичиж ирсэн ба Б.Б гарын үсэг зурсан. Тухайн үед Г.Ч бэлэн мөнгө алга, 6 сарын дараа өгнө гэж хэлж, баталгаан дээр бичсэн.  

         Хариуцагч  хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Б.Бийн нэхэмжилж байгаа 10 сая төгрөгийн асуудал нь хүүхдийн тэтгэмжийг авахгүй байх, хүүхэд үрчлүүлсний төлөө хийсэн зүйл юм. Б.Б нь миний охин Ч.Нямсүрэнтэй  5 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд би түүнээс огт мөнгө авч байгаагүй. Урьдчилгаанд 10сая төгрөг өгсөн гээд байгаа орон сууцыг би өөрийн ажиллаж байсан “Марко поло” компаниас авсан. Б.Б, Ч.Нямсүрэн хоёр таарч тохирохгүй гээд  гэрлэлтээ цуцлуулсан. Хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн. Охин Б.Бөртэ-Үжингийн хувьд эцэг нь орхиод явсан, эх нь өвчтэй гээд байнга БНСУ явж эмчлүүлдэг, зээ охины ирээдүйг бодож, хүүхдийг үрчилж авахаар болж, дээрх баталгааг бичсэн. Батламжийг миний дүү Г.Чимэдрэгзэн бичсэн, би бичээгүй. Хүүхдийн тэтгэмж авахгүй гэдгийг зөвшөөрч байна. Харин хүүхэд үрчлүүлэх бичигт гарын үсэг зуруулсны төлөө өг гэж шаардаж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би эхлээд 10 сая төгрөгийг боломжтой үедээ өгье гэж бодож байсан нь үнэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа: Би 10 сая төгрөг авч байгаагүй бөгөөд түүнд төлөх ямар нэг өр төлбөр байхгүй. Харин нэхэмжлэгчийн шаардаж байгаа 10 сая төгрөгийг орон сууцны урьдчилгаанд хэрэглэхээр авсан мэтээр тайлбарлан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.  Ч.Бөртэ-Үжингээ үрчилж авахыг хүссэн хүсэл сонирхлын дагуу хүүхэд үрчилж авахад хуулиар тавигдсан шаардлага болох төрсөн эцгээс нь олгосон зөвшөөрөл хэрэгтэй болсноо хэлэхэд нэхэмжлэгч надад хоёр шаардлага тулгасан. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, хүүхэд үрчлүүлэхэд 10сая төгрөг өг гэсэн. Тухайн үед зээ охиноо асрамждаа авахыг илүүтэй хүсч байсан тул тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Ингээд 2016-12- 06-ны өдрийн баталгаа гаргах нь гэх эх загвар дээр гарын үсгээ зурсан. Уг баталгаа гэх баримт нь анхнаасаа хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Миний бие Марко поло ХХК-иас өөрийн цалин орлогоор байраа худалдаж авсан бөгөөд амьдралдаа хүрэлцэхүйц хангалттай орлоготой байдаг тул нэхэмжлэгчээс байр авахад зориулж 10 сая төгрөг зээлэх шаардлага байхгүй. Иймд 2016-12-06 –ны өдрийн баталгаа гаргах нь гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгчийн  төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд өгсөн  хариу тайлбартаа: 2016-12-06-ны өдрийн батламж гаргах нь гэх бичвэрийг Г.Чын дүү Г.Чимэдрэгзэн бичиж, Б.Бөөр гарын үсэг зуруулж, улмаар Г.Ч, Б.Б нар мөн өдрөө нотариат орж, баталгаа гаргах нь бичгийг үйлдэж гарын үсэг зурсан. Энэ баталгааг нотариат дээр хийсэн бөгөөд нотариат баталсан. Б.Б нь яагаад Г.Чад 10 сая төгрөг өгсөн гэхээр өөрийн компаниас байр захиалж байгаа, орон сууцтай болгож өгнө гэж хэлсэн болохоор өгсөн. Байрны урьдчилгаа төлбөрийг 5 жилийн өмнө өгсөн, яагаад 5 жилийн дараа баталгаа гэх баримтыг үйлдсэн гэхээр тухайн үед хариуцагч нь хадам аав нь байсан бөгөөд гэр бүлийн гишүүд байсан учраас тухайн үедээ ямар нэг баримт үйлдээгүй. Уг баталгаа нь хууль зүйн хүрээнд хийгдсэн. Тиймээс хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/02808 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Чаас 10 000 000 төгрөг гаргуулж Б.Бөд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бөд холбогдуулан “баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Г.Чын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 174.950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлээр улсын тэмдгийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Г.Чаас 174 950 төгрөг гаргуулж Б.Бөд олгож шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 532 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/02808 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 10 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсүгэй гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Г.Чаас 174 950 төгрөг гаргуулж Б.Бөд олгосугай” гэснийг “нэхэмжлэгч Б.Бөөс 174 950 төгрөг гаргуулж хариуцагч Г.Чад олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийн  төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын гомдолдоо: Баттөгс 2011 онд  Чинбатын охин Нямсүрэнтэй гэр бүл болж хамтран амьдарсан болно. Чинбат байр захиалж  өгье гэж  30 сая төгрөгийг Баттөгсийн нэр дээр Хаан банкинд шилжүүлэн өгсөн.  Гэтэл жилийн дараа 2012 онд Баттөгсийн биеийн байдал муудсан үед эхнэр Нямсүрэн байхад салах өргөдөл өгч гэр бүл салсан.  Баттөгс  ходоодны хоргүй хавдар гэсэн онштой байсан юм. Ингээд Чинбат  2016-12-06-ны өдөр охин Бөртэ-Үжинг  үрчилж авъя,  зөвшөөрөл өгөөч гэсэн саналыг Баттөгсөд тавьсан. Баттөгс нь хүүхдээ үрчлүүлэх тухай дараах шалтгааныг тайлбарлаж байна. Үүнд: Охин Бөртэ-үжин миний хүүхэд мөн биш нь анхнаасаа эргэлзээтэй байсан, ...эх нь асрамжиндаа авсан боловч хүүхэд өвөө, эмээ дээрээ өсөж байна. Шүүхийн шийдвэрээр охиныг эхийн асрамжид үлдээсэн. Баттөгс охиноо өөрөө асрамжинд авах амьдралын болон сэтгэлзүйн бэлтгэл байгаагүй. Мөн охиныг шүүхээр салснаас хойш  нэг ч удаа уулзуулаагүй, утсаар яриулаагүй. Уулзах гээд очих бүрт цагдаад дуудлага өгч уулзуулдаггүй байсан. 2016.12.06-ны өдрийн “баталгаа гаргах нь” гэсэн хэлцэл дээр Чинбатын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд голын 33-10 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авахад Б.Б нь 10сая төгрөгийг 2011 онд урьдчилгаанд өгсөн үйл явцыг тодотгож хэлцэл хийсэн. 10 сая төгрөгийг 2017.06.01-ний дотор Б.Бөд төлөөгүй тохиолдолд хуулийн дагуу шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэсэн хэлцлийг хийсэн. Харин энэ хэлцэл дотор охин Бөртэ-Үжинг Г.Ч надад үрчлүүлэн өгсөн тул орон сууцны урьдчилгаанд өгсөн 10сая төгрөгийг 2017-06-01-ний өдрийн дотор Баттөгсөд буцаан төлнө гэдэг ойлголт хэлцэл нь хүүхэд үрчлүүлсний төлөө биш харин Чинбатын хүсэлтийг 1-рт зөвшөөрсөн 2-рт Баттөгс нь өөрийн урьдчилгаанд өгсөн мөнгийг буцаан авах бодит хэлцэл байсан юм. Ийм учраас уг хэлцэл нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Энэхүү хэлцлийг хийхдээ нотариатчийн дэргэд хууль зүйн зөвлөгөө авч бодит үнэнийг гэрчилсэн хэлцэл хийсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх зөвхөн Чинбат нь Марко Поло компанитай орон сууц авах гэрээ хийсэн байна гэж мөн Чинбатад 10сая өгсөн баримт байхгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосонд гомдолтой байна. Чинбат нь өөрийн ажиллаж байсан Марко Поло компаниас 70 хувийн хөнгөлөлттэйгөөр 22,661,100 төгрөгөөр авсан гэх бөгөөд энэ мөнгийг цалин орлогоороо авсан гэх боловч ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй болно. Баттөгсийн хувьд тухайн үед хадам эцэг Чинбатад 30сая төгрөгийг байрны урьдчилгаанд өгөхдөө ямар нэгэн гарын үсэг аваагүй нь үнэн бөгөөд тухайн үед эхнэр нь сална гэж төсөөлөөгүй мөн ийм байдалд хүрнэ гэж бодоогүй.  Анхнаасаа энэ хүмүүс нь худал хуурмаг үйлдлийг зохион байгуулалттай хийж охин Бөртэ-Үжинг Баттөгс миний хүүхэд мөн гэж төөрөгдөлд оруулж гэрлэлтийн баталгаа гэх халхавчин дор намайг залилж хохироосонд хохиролтой байна. Гэтэл охин Бөртэ-Үжин Ганхуягийн хүүхэд бөгөөд одоо түүнтэй маш адилхан.  Ганхуяг нь  Нямсүрэнтэй  өмнө найзалж байсан  залуу юм. Тухайн үед миний хажууд Ганхуяг нь Нямсүрэн рүү залгаад “... наад хүүхдээ авхуул  мөнгө, машин явуулъя..” гэж утсаар ярьж байсан. Би Нямсүрэнгээс энэ юу болоод байгаа юм  бэ гэтэл Нямсүрэн энэ чиний хүүхэд гэж надад итгүүлсэн.  Намайг Бөртэ-Үжинтэй уулзуулдаггүй, утсаар ч яриулдаггүй. Чинбат гуай Баттөгс надад үрчлэх санал учир шалтгаан нь ийм юм. Одоо би Хан-Уул дүүргийн шүүхэд хүүхдийн эцэг тогтоох тухай нэхэмжлэл гаргасан болно.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Б.Б Г.Чад холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 10,000,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ “...хариуцагчийн охин Ч.Нямсүрэнтэй гэр бүл байх үед манай ээж байраа зарж надад 30,000,000 төгрөг өгсөн... уг мөнгөний 10,000,000 төгрөгийг нь байрны урьдчилгаанд өгсөн боловч бид гэрлэлтээ цуцлуулсан...хариуцагч уг 10,000,000 төгрөгийг буцааж өгнө гэж гэрээ байгуулсан боловч төлөхгүй байна...” гэж тайлбарлажээ.

        Хариуагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...охин маань нөхрөөсөө салсан зэрэг байдлыг харгалзан охин Бөртэ-Үжинг өргөж авах талаар судлахад эцэг нь зөвшөөрөл өгөх ёстой гэсний дагуу уулзахад 10,000,000 төгрөг авах тухай ярьсан тул баталгааны бичиг хийж өгсөн...” гэжээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Баталгаа гаргах нь” гэсэн баримтад  “...Г.Ч миний бие Б.Бөд дараах баталгааг гаргаж байна...Г.Ч миний  өмчлөлийн 33-10 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авахад Б.Б нь 10,000,000 төгрөгийг 2011 онд урьдчилгаанд өгч байсан...Ч.Нямсүрэн, Б.Б нар гэрлэлтээ цуцлуулсан, охин Б.Бөртэ-Үжинг Г.Ч надад үрчлүүлэн өгсөн тул орон сууцны урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг 2017-06-01-ний өдрийн дотор Б.Бөд буцааж төлнө...төлбөрийг...тоот дансанд шилжүүлнэ...” гэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх уг баримтыг “...хүүхэд үрчлэн авах зорилгоор хийгдсэн...” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.      

       Нэхэмжлэлийн үндэслэлд заасан уг баримтад Б.Бөртэ-Үжинг үрчлүүлэхийг зөвшөөрсний  хариу төлбөрт  Б.Б  10,000,000 төгрөгийг Г.Чаас  авах тохиролцоо байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

        Г.Ч Б.Бөөс 10,000,000 төгрөгийг байрны урьдчилгаанд авсан боловч  нэхэмжлэгч хариуцагчаас байр аваагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул  мөнгийг буцааж өгөх тохиролцоог хууль бус гэж үзэхгүй, энэ тухай давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

       Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

       Анхан шатны шүүх Г.Чад холбогдох Б.Бийн нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт буй баримтыг тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 532 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/02808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 174.950 төгрөгийг нэхэмжлэгчид захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ