Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 581

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 3-48 дугаар байрны 23 тоотод оршин суух Чонос овогт Мөнхбаярын Байгалмаа /РД:АЮ78090663/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Хөгжимт драмын театрт холбогдох

747 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Байгалмаа, хариуцагч байгууллагын төлөөлөгч И.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүрэнтогтох нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Байгалмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хүсэлтээр 450 ширхэг медалийг 2016 оны 5-р сарын 6-ны өдөр театрт хүлээлгэн өгсөн. Гэвч тухайн байгууллага нь медалийн үнэ 747 900 төгрөгийг өдий хүртэл өгөлгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Архангай аймгийн хөгжимт драмын театраас 747 900 төгрөгийг гаргуулан өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч М.Байгалмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 05 сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хөгжимт драмын театрын өмнөх дарга Нямсүрэнд 450 ширхэг медаль нийлүүлсэн. Би тухайн медалиа нягтлан бодогч Шүрэнцэцэгт хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр хүлээж авлаа гэсэн. Би тухайн үед зах зээлийн үнийг судлаагүй байна гэсэн чинь та зах зээлийн үнээ судалчихаад, манайд ирж нэхэмжлэхээ өгөөрэй гэж хэлж байсан бөгөөд би зах зээлийг үнийг нь судлаад нэхэмжлэхээ бичиж өгч байсан. Одоо би 450 ширхэг медаль нийлүүлсэн 750.000 төгрөгөө аймгийн Хөгжимт драмын театраас яаралтай гаргуулж авах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Архангай аймгийн Хөгжимт драмын театр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Амартүвшин нь 2016 оны 8-р сарын 1-ны өдөр шүүхийн шийдвэрээр өмнө эрхэлж байсан ажил болох Хөгжимт драмын театрын даргаар ажиллаж байна. Ажилд орохоос өмнө буюу 2016 оны 5-р сараас хүүхдийн урлагийн наадам зохион байгуулагдах үеэр иргэн Байгалмаагаас 450 ширхэг медаль авсан гэдэг. Тухайн үед Хөгжимт драмын театр иргэн Байгалмаа нарын хооронд ямар ч гэрээ байгуулаагүй, ямар ч өгсөн авсан баримт байхгүй байна. Тухайн үед тус наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр аймгийн Засаг даргын захирамж гарсан ч батлагдсан 1 500 000 төгрөгийг одоо хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна. Энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газарт хандсан боловч санхүүгийн бэрхшээлийн улмаас түр хүлээж бай гэсэн хариу өгсөн. Хэрэв Засаг даргын Тамгын газраас уг мөнгийг шийдвэрлэж өгвөл иргэн Байгалмаагийн өрийг төлөх боломжтой юм. Харин шийдвэрлэж өгөөгүй тохиолдолд Хөгжимт драмын театрын төсвөөс төлөх ямар ч боломжгүй байгаа болно. Тухайн үеийн урлагийн наадмаас нийт 700 орчим хүүхэд хамрагдаж 4 000 000 гаруй төгрөг хуримтлагдсан ч байгууллагын орлогод орсон мөнгөгүй, яаж захиран зарцуулсан зэрэг ямар ч баримтгүй байгаа. Тухайн үеийн орлогоос тус мөнгийг бүрэн барагдуулах боломжтой байсан гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч И.Амартүвшин нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийг ойлгож байгаа. Би тухайн үед театрын даргын албан тушаалыг хашиж байгаагүй бөгөөд 08 сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа томилогдсон. Намайг ажил авснаас хойш иргэн Байгалмаа танай байгууллагатай холбоотой өрийн асуудал байгаа талаар ярьж нэг удаа ирсэн бөгөөд Урлагийн наадам зохион байгуулсан медалийн үнэ 450 000 төгрөгийн асуудал ярьж байсан. Аймгийн Хөгжимт драмын театрт энэ медалийг авахуулах болон ямар нэгэн байгууллагаас нийлүүлэх талаар ямар нэгэн гэрээ байхгүй. Мөн нэхэмжилсэн баримт, хүлээлгэн өгсөн ямар нэгэн баримт байхгүй. Мөн Урлагийн наадмыг зохион байгуулахад Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас 1 500 000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх тухай өмнөх Засаг даргын захирамж гарсан байдаг боловч энэ мөнгө манай байгууллагад олгогдоогүй. Мөн тухайн үеийн театрын даргын ажлыг гүйцэтгэж байсан Нямсүрэнгийн хэлснээр Хүүхдийн урлагийн их наадамд 700-800 хүүхэд оролцож, 4-5 сая төгрөг хуримтлагдсан байх боломжтой байсан бөгөөд энэ мөнгөөр тухайн үеийн медалийн мөнгийг бүрэн барагдуулах хэмжээний хуримтлал үүссэн байсан. Өнөөдрийн хувьд манай байгууллагын санхүү дээр тухайн Хүүхдийн урлагийн их наадмын орлогыг хэрхэн яаж зарцуулсан талаар санхүүгийн ямар ч баримт үлдээгүй байна. Манай байгууллагын үүрэгт орлогын төлөвлөгөөнд орсон ямар ч орлого байхгүй байна. Миний хувьд театрын даргын ажил хашиж байгаа хүний хувьд энэ өрийг барагдуулах талаар аймгийн Засаг даргын тамгын газрын даргатай уулзаж, тухайн үеийн засаг даргын захирамжаар олгогдохоор шийдвэрлэсэн 1 500 000 төгрөгийг гаргуулах гэсэн боловч өмнөх засаг даргын гаргасан захирамжуудыг шинээр томилогдсон засаг дарга үзээд ихэнхийг нь хүчингүй болгосон бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газар дансаа ч нээж чадахгүй битүүмжлэгдэх хэмжээнд байна гэсэн хариу өгсөн. Миний хувьд Театр дээр ийм бодит байдал үүссэн учраас энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газраас авч хэлэлцээд эргээд хариу мэдэгдэнэ гэж хэлсэн. Манай байгууллагын зүгээс иргэн Байгалмаагийн өрийг барагдуулах талаар ямар нэгэн санхүүгийн баримт бичиг байхгүй байна. Албан ёсоор хэлэхэд аймгийн Засаг даргын тамгын газраас тухайн үеийн Засаг даргын захирамжаар олгохоор шийдвэрлэсэн мөнгийг гаргаж өгөх эсэх талаар шүүхийн зүгээс албан ёсоор тодруулах шаардлагатай байх гэж үзэж байна.

Угаасаа манай байгууллагын төсөвт медаль авах талаар тусгагдаагүй байдаг. Хэрэв ямар нэгэн байдлаар уралдаан тэмцээн зохион байгуулах бол тухайн уралдаан тэмцээний мандатаас өөрийгөө санхүүжүүлэх, ашигтай байдлаар ажиллах боломжтой. Мөн бусад байгууллага тэтгэмжээр тухайн уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг. Харин театрын төсөвт уралдаан тэмцээн зохион байгуулах төсөв тусгагдаагүй байдаг.

Төсвийн мөнгөөр тэмцээн уралдаан зохион байгуулах ямар ч хууль эрх зүйн боломж байхгүй шүү дээ. Тухайн үеийн урлагын их наадамд 700-800 хүүхэд оролцоод, мандатын мөнгө 4 сая гаруй төгрөг бэлнээр хуримтлагдсан байсан учраас тэр мөнгөнөөс энэ мөнгийг барагдуулах бүрэн боломжтой байсан. Та бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн юм бол 8 сар хүртэлх хугацаанд энэ мөнгөө барагдуулаад авах боломж байсан. Манай байгууллагын зүгээс хувь иргэн Байгальмааг хохироох гэхээсээ илүү төсвийн мөнгийг зарах ёстой зүйлд зарцуулаагүй гээд би эргээд хэрэгт ормооргүй байна. Миний хувьд төсвийн мөнгийг 5 сард болсон тэмцээний медалийн мөнгөнд зарцуулах ямар ч хууль эрх зүйн боломж байхгүй гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Байгалмаа нь Архангай аймгийн Хөгжимт драмын театрт холбогдуулан 747 900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Архангай аймгийн Хөгжимт драмын театр нь тухайн байгууллагад медаль худалдан авах болон бусад байгууллагаас медаль нийлүүлэх талаар ямар нэгэн гэрээ байхгүй, мөн медалийн төлбөр нэхэмжилсэн баримт болон Архангай аймгийн Хөгжимт драмын театрт 450 ширхэг медаль хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэтгэлцээний байр суурьтай байсан болно.

Нэхэмжлэгч М.Байгалмаа нь 450 ширхэг медалийн нэг бүрийн үнийг 1662 төгрөгөөр тооцон Архангай аймгийн Хөгжимт драмын театрт шилжүүлэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлээс 261 дүгээр зүйлд худалдах худалдан авах гэрээний талаар зохицуулсан байх бөгөөд уг гэрээг байгуулахад хуульд тусгайлан гэрээг бичгээр байгуулах шаардлага тавиагүй болно. Нэг талаас Архангай аймгийн Хөгжимт драмын театр нөгөө талаас иргэн М.Байгалмаа нар нь 450 ширхэг медалийг, нэг бүрийн үнийг 1662 төгрөгөөр тохиролцон, уг медалийг 2016 оны 5-р сарын 6-ны өдөр хариуцагч байгууллага болох Архангай аймгийн Хөгжимт драмын театрт шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, тухайн үеийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Нямсүрэн, нягтлан бодогч Э.Шүрэнцэцэг, нэхэмжлэгч М.Байгалмаа нарын гарын үсэг зурсан зарлагын баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Тодруулбал талууд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцон, гэрээний зүйлийг хариуцагч тал болох Архангай аймгийн Хөгжимт драмын театрт шилжүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь зүйтэй байна.  

Нэгэнт талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх тул худалдагч тал болох нэхэмжлэгч М.Байгалмаа нь худалдан авагч тал болох Архангай аймгийн Хөгжимт драмын театрт биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч болох хариуцагч Архангай аймгийн Хөгжимт драмын теарт нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч болох Архангай аймгийн Хөгжимт драмын театр нь нэхэмжлэгчид 450 ширхэг медалийн нийт төлбөр болох 747 900 төгрөгийг шилжүүлээгүй байна.

            Иймд хариуцагч нь “Худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байх тул түүнээс 747 900 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч М.Байгалмаагийн улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 22 500 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Архангай аймгийн Хөгжимт драмын театраас улсын тэмдэгтийн хураамж 22 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Хөгжимт драмын театраас 747 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Байгалмаад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 500 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Хөгжимт драмын театраас улсын тэмдэгтийн хураамжид 22 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Байгалмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН