| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2016/00659/и |
| Дугаар | 583 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:1956 онд төрсөн, эрэгтэй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23-р хороо 3в хэсэг Улиастай гудамжны 758 тоотод оршин суух Эрдэнэ овогт Мижидийн Энхтайван /РД:СЗ56102011/-ы хүсэлттэй,
Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1974 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1975 оны 5-р сарын 20-ны өдрийг хүртэл, 1978 оны 8-р сарын 27-ны өдрөөс 1983 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг нээлттэй хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Энхтайван шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Мижид овогтой Энхтайван 1972 онд аймгийн Ихтамир сумын нэгдэл дундын үйлдвэрийн барилгын ажлын бригад, 1972 оны 5-р сард Хангай суманд барилгачнаар очоод 1973 онд Эрдэнэмандал суманд малын тэжээлийн агуулах барьж байгаад 1975 онд цэрэгт явсан. 1978 онд цэргээс ирээд үйлдвэртээ ажилд ороод 1984 оныг дуустал тасралтгүй ажилласан. Би 1972 оноос 1984 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хүсэлтдээ өөрчлөлт оруулж нотлох баримт байгаа жилүүдээ тогтоолгоё гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Энхтайван нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нотлох баримт байгаа жилүүдээ буюу Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1974 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1975 оны 5-р сарын 20-ны өдрийг хүртэл, 1978 оны 5-р сарын 27-ны өдрөөс 1983 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтдээ өөрчлөлт оруулсан болно.
Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Хүсэлт гаргагч М.Энхтайван нь Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1974 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1975 оны 5-р сарын 20-ны өдрийг хүртэл, 1978 оны 8-р сарын 27-ны өдрөөс 1983 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус барилгачнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1974 оны 9-р сарын 3-ны өдрийн 84 тоот “Барилгын зарим ажилчдад 1974 оны ээлжийн амралт олгох” тухай тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1975 оны 5-р сарын 20-ны өдрийн 115 тоот “Цэргийн албанд явах хүмүүсийн ээлжийн амралтыг олгох ба үүрэгт ажлаас нь чөлөөлөх” тухай тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 9-р сарын 23-ны өдрийн 159 тоот “Барилгачин томилох тухай” тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 6-р сарын 22-ны өдрийн 124 тоот “Тариатын барилгын бригадын ажилчдын ээлжийн амралтыг олгох” тухай тушаал, М.Энхтайваны 1978 оны 10-р сарын 27-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, М.Энхтайваны 1973 оны 4-р сарын 8-ны өдөр нээсэн “Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэл” зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1974 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1975 оны 5-р сарын 20-ны өдрийг хүртэл, 1978 оны 8-р сарын 27-ны өдрөөс 1983 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч М.Энхтайваны хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч М.Энхтайванын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Эрдэнэ овогт Мижидийн Энхтайванг Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1974 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1975 оны 5-р сарын 20-ны өдрийг хүртэл, 1978 оны 5-р сарын 27-ны өдрөөс 1983 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Энхтайваны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН