Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 585

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Хүсэлт гаргагч: 1975 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бор толгойн 30-22 тоотод оршин суух Батцагаан овогт Лувсангончигийн Баяржаргал /РД:АЭ75030611/-ы хүсэлттэй

Ц.Лувсангончиг, С.Доржрагчаа нарын хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         

Хүсэлт гаргагч Л.Баяржаргал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би төрөлхийн тахир дутуу ба хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан юм. Би нийгмийн халамжийн тэтгэвэр 140 000 төгрөг авдаг. Одоо Нийгмийн даатгалын хэлтсээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлттэй байна. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтсээс миний эцэг эхийг хамтын амьдралтай байсан болохыг шүүхээр тогтоолго гэсний дагуу шүүхэд хандаж байна. Миний эцэг Цагааны Лувсангончиг нь 1927 онд төрсөн, эх Санжмятавын Доржрагчаа нь 1932 онд төрсөн байдаг. Би Нийгмийн даатгалын хэлтэст төрөл садангийн тухай лавлагаа мөн нас барсан бүртгэлийн лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч заавал гэрлэлтийн лавлагаа байх шаардлагатай гэсэн. Манай аав, ээж хоёр 1952 онд Архангай аймгийн Чулуут суманд гэрлэж байсан ба тухайн үед гэрлэлтийн баталгааны гэрчилгээ олгогдоогүй байсан байна. Иймд миний эцэг Цагааны Лувсангончиг, эх Санжмятавын Доржрагчаа нарын хамтын амьдралтай байсан болохыг төрөл садангийн тухай лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын тодорхойлолт зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Баяржаргал нь 1975 онд Ц.Лувсангончигийн 8 дахь хүүхэд болж мэндэлсэн. Ц.Лувсангончиг, С.Доржрагчаа нар нь 1952 онд Архангай аймгийн Чулуут суманд гэр бүл болсон. Тухайн үед нь гэрлэгчдийн гэрчилгээ гэх зүйл байгаагүй. Ц.Лувсангончиг, С.Доржрагчаа нар хамтран амьдарснаас хойш 9 хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд гэр бүлийн байдал нь 1955 онд том хүү Л.Гэлэгбалсан, охин Л.Базарсад 1957 онд, 1960 онд Л.Баянжаргал, 1962 онд хүү Л.Батжаргал, 1964 онд хүү Л.Мөнхжаргал, 1965 онд хүү Л.Баасанжаргал, 1970 онд охин Л.Буянжаргал, 1975 онд хүү Л.Буянжаргал, хүү Л.Отгонжаргал нь 1978 онд төрсөн. Эцэг Ц.Лувсангончин нь эцэг эхээсээ гурвуулаа бөгөөд эгч Ц.Махасүрэн, ах Ц.Очиржав хамт өссөн. Эх С.Доржрагчаа нь айлийн том охин бөгөөд дүү С.Арилдий-Рагчаа, С.Батхуяг, С.Батбаатарын хамт эцэг эхээс дөрвүүлээ амьдарч байсан. Л.Баяржаргалын биеийн эрүүл мэндийн байдлын хувьд төрөлхийн тахир дутуу. Хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан нийгмийн халамжийн тэтгэвэр 140 000 төгрөг авдаг. Нийгмийн даатгалын хэлтсээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь 140 000 төгрөгөөсөө хэдэн төгрөгөөр илүү байдаг учраас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах гэж нийгмийн даатгалд хандсан боловч нийгмийн даатгалын хэлтсээс эцэг, эх хоёрынхоо гэрлэлтийн баталгааг авчирч ирээд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох бүрэн боломжтой гэсэн учраас эцэг эхийнхээ хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай болсон учраас шүүхэд хандсан. Иймд шүүхэд гаргаж өгсөн төрөл садангийн лавлагаа, нас барсныг бүртгэсэн лавлагаа, улсын бүртгэлийн тодорхойлолт зэрэг бусад нотлох баримтуудыг үндэслэн Цагааны Лувсангончиг, Санжмятавын Доржрагчаа нарыг хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан тул хүсэлт гаргагч Л.Баяржаргал нь Ц.Лувсангончиг, С.Доржрагчаа нарын хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

            Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Батцагаан овогт Лувсангончигийн Баяржаргалын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

          2. Лувсангончигийн Баяржаргалын 040654 дугаартай нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

          3. Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 6-р сарын 15-ны өдрийн 736 тоот албан бичигт: Цагаан овогтой Лувсангончиг /АЭ27042311/-ийн 1988 онд регистр олгоход бичигдсэн ХААТР-1 маягтад гэр бүлийн талаар эцэг Цагаан /нас барсан/, эх /мэдэхгүй/, эхнэр Санжмятав овогтой Доржрагчаа /АЭ32030708/ Чулуут суманд 1952 онд гэрлэсэн гэж бичигдсэн гэсэн,

          4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн хэлтэс 2016 оны 5-р сарын 10-ны өдрийн 151/002603 тоот Төрөл садангийн тухай лавлагаанд: Монгол улсын иргэн РД АЭ75030611 овог Батцагаан, эцэг /эх/-ийн нэр Лувсангончиг, нэр Баяржаргал, Монгол улсын иргэн РД АЭ3230708 овог Тангууд, эцэг /эх/-ийн нэр Санжмятав, нэр Доржрагчаа-ны хүүхэд мөн болохыг тодорхойлов гэсэн,

          5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн хэлтэс 2016 оны 5-р сарын 10-ны өдрийн 151/002602 тоот Төрөл садангийн тухай лавлагаанд: Монгол улсын иргэн РД АЭ75030611 овог Батцагаан, эцэг /эх/-ийн нэр Лувсангончиг, нэр Баяржаргал, Монгол улсын иргэн РД АЭ27042311 эцэг /эх/-ийн нэр Цагаан, нэр Лувсангончиг-ны хүүхэд мөн болохыг тодорхойлов гэсэн,

          6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн хэлтэс 2016 оны 5-р сарын 10-ны өдрийн 151/002601 тоот Нас барсны бүртгэлийн лавлагаанд Монгол улсын иргэн РД АЭ27042311 Цагааны Лувсангончиг нь 1996/03/26-нд нар барсныг Архангай аймаг Эрдэнэбулган сум 1996/04/09-ны өдрийн 37-рт бүртгүүлсэн нас барсны бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэсэн,

          7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн хэлтэс 2016 оны 5-р сарын 10-ны өдрийн 151/002600 тоот Нас барсны бүртгэлийн лавлагаанд Монгол улсын иргэн РД АЭ32030708 Тангууд овогтой Санжмятавын Доржрагчаа нь 2014/06/04-нд нар барсныг Архангай аймаг Эрдэнэбулган сум 2014/06/06-ны өдрийн 6501000057-рт бүртгүүлсэн нас барсны бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэсэн,

          8. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2013 оны 1-р  сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад: Хувийн хэргийн 3081 актын дугаар тэт.дэвтрийн дугаар 2218. Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс. Овог Лувсангончиг нэр Баяржаргал нас 38 эрэгтэй. Оршин суугаа газрын хаяг Архангай Эрдэнэбулган ... Онош батлагдсан G71 Булчингийн анхдагч эмгэг гэсэн,

          9. Комиссын шийдвэрт Лувсангончиг овогтой Баяржаргалд 2013.01.23 өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар сунгав гэсэн,

          10. Архивын ерөнхий газрын харьяа Үндэсний төв архивын 2016 оны 11-р сарын 4-ний өдрийн 03-2/1191 тоот лавлагаанд: Архангай аймгийн Чулуут сумын 3 дугаар багийн 1956 оны 02 дугаар сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 34 дүгээр хуудсанд: өрхийн тэргүүн Батцагааны Лувсангончог /Лувсангончиг/ эрэгтэй, 29 настай, эхнэр Жанжмятавын /Санжмятав/ Доржрагчаа, 23 настай, хүү Лувсангончигийн Гэлэгбалсан 4 сартай, ач дүү Санжмятавын Банхуяг /Батхуяг/ эрэгтэй, 8 настай гэж бртгэгдсэн байна гэсэн зэрэг болно.

 

            Ц.Лувсангончиг, С.Доржрагчаа нарын 1952 оноос 1996 оныг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болох нь Архангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 6-р сарын 15-ны өдрийн 736 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн хэлтэс 2016 оны 5-р сарын 10-ны өдрийн 151/002603 тоот Төрөл садангийн тухай лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн хэлтэс 2016 оны 5-р сарын 10-ны өдрийн 151/002602 тоот Төрөл садангийн тухай лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн хэлтэс 2016 оны 5-р сарын 10-ны өдрийн 151/002601 тоот Нас барсны бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн хэлтэс 2016 оны 5-р сарын 10-ны өдрийн 151/002600 тоот Нас барсны бүртгэлийн лавлагаа, Архивын ерөнхий газрын харьяа Үндэсний төв архивын 2016 оны 11-р сарын 4-ний өдрийн 03-2/1191 тоот лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд Ц.Лувсангончиг, С.Доржрагчаа нарын 1952 оноос 1996 оныг хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болохыг тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Л.Баяржаргалын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хүсэлт гаргагч Л.Баяржаргалын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

                       

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Цагаан овогт Лувсангончиг /РД:АЭ27042311/, Тангууд овогт Санжмятавын Доржрагчаа /РД:АЭ32030708/ нарыг 1952 оноос 1996 он хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Баяржаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН