Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 586

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, эмэгтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 16-3 тоотод оршин суух Боржгон овогтой Хорлоогийн Энх-Амгалан /РД:АВ66120901/-ийн  хүсэлттэй,

          Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Энх-Амгалан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х.Энх-Амгалан миний бие нь 1966 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болоод байна. Би 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Надад ажиллаж байснаа нотлох хөдөлмөрийн дэвтэр байсан боловч үрэгдүүлсэн юм. Аймгийн архиваас лавлагаа гаргуулахад ажиллаж байсныг нотлох цалингийн тодорхойлолт гарч ирсэн. Иймд миний дээрх нотлох баримтуудыг үндэслэн Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Энх-Амгалан нь 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж шүүхэд хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг дэмжиж шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х.Энх-Амгалан нь ажиллаж байсан үеийнхээ хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн учраас шүүхэд архивын лавлагаа болон бусад бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Иймд Х.Энх-Амгалангийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч Х.Энх-Амгалан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 475 тоот Хорлоо овогтой Энх-Амгалангийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байх үеийн цалингийн тодорхойлолтод:

  • 1981 оны 1 сараас 2 сар, 8 сараас 9 сар, 11 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1982 оны 1 сараас 3 сар, 6 сар, 8 сар, 10 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1983 оны 3 сараас 4 сар, 9 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1984 оны 1 сараас 2 сар, 4 сараас 6 сар, 9 сар, 11 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1985 оны 1 сараас 2 сар, 4 сараас 6 сар, 9 сараас 10 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1986 оны 4 сар, 9 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1987 оны 1 сараас 6 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1989 оны 1 сараас 3 сар, 6 сараас 8 сар, 10 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,

          2. Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн даргын 1988 оны 9-р сарын 30-ны өдрийн 30 тоот “Ажилд томилох тухай” тушаалд: 1988 онд цэргийн хугацаат алба хааж ирсэн хүмүүсийг хавсралтаар бригадад малчин ажилчнаар томилсугай. Хавсралт 1-ийн Зуслан бригадын 3-рт Хо.Энхтайван гэсэн зэрэг баримтууд болно.

 

            Хүсэлт гаргагч Х.Энх-Амгалант нь Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 475 тоот тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэсэн Х.Энх-Амгалангийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн даргын 1988 оны 9-р сарын 30-ны өдрийн 30 тоот “Ажилд томилох тухай” тушаал нь Хо.Энхтайван гэх өөр хүний тушаал байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. 

          Хүсэлт гаргагч Х.Энх-Амгалангийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

         

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овогтой Хорлоогийн Энх-Амгалан /РД:АВ66120901/-г Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд 1981 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.Энх-Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН