Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 171

 

  

 2020       02          20                                    2020/ШЦТ/171    

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Солонго;

улсын яллагч: Э.Оюунтунгалаг;

хохирогч: С.Мөнхцацрал;

шүүгдэгч: Н.С, түүний өмгөөлөгч Ц.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектурч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, эгч, дүүгийн хамт, урьд ял шийтгэлгүй, Н.С

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Н.С нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны 174 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч С.Мөнхцацралыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мөнхцацрал мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр манай нөхөр согтуу орж ирээд унтсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед хэрэлдэж муудалцсан. Манай нөхөр Н.С буцаж гарах гээд байхаар нь “гаргахгүй” гэж хэлээд маргалдахад намайг шууд алгадсан. Машины түлхүүр булаацалдаж байхад нуруу руу 2 удаа өшиглөсөн. Мөн харилцан бие биенээ зодсон. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй....” гэв.  

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Мөнхцацралын  мэдүүлэг /хх-ийн 7-8, 9/, гэрч С.Сэнгүмийн мэдүүлэг /хх-ийн 13/, Н.С-ы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7107 дугаартай, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 840 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 16, 20-21/, Н.Сы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-41, 44-47/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Н.С нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах 60 дугаар байрны 174 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч С.Мөнхцацралыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч С.Мөнхцацралын /хх-ийн  7/: “...Н.С 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирсэн. Маргааш өглөө нь босоод 10 өнгөрч байхад намайг “янхан, биеэ үнэлэгч” гээд хэрүүл хийхээр нь “өөр хэлэх үг олдохгүй байна уу, яасан их архи уудаг юм бэ” гэж хэлэхэд миний толгой руу гараа атгаж байгаад 2 удаа цохиод нуруу руу 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,

 

Н.Сы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 31-32/: “...би хамтран амьдрагч С.Мөнхцацралтай мөнгөнөөс болж маргалдаад түүний толгойн тус газар гараараа 2-3 удаа цохисон. ...бид 2 машины түлхүүр булаацалдах үед С.Мөнхцацралын хоолой нь цамцаараа боогдсон. Би машины түлхүүр аваад гарах гэхэд нь хацар луу нь алгадсан. С.Мөнхцацрал гэрээс гараад явчихсан. ...би шинжээч эмчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлгээр,

 

С.Мөнхцацралын биед “тархи доргилт, хүзүүнд зулгаралт, баруун хацар, зүүн бугалга, баруун дал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын ясны хугарал” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7107, 840 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 16, 20-21/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Н.Сы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Н.Сы “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч С.Мөнхцацрал нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Н.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нийт 10 /арван/ хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож буюу 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг эдлэх ялаас хассугай.

 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

                                      

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ