Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 588

 

 

 

 

           

 

 

 

 

 

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг Бор толгойн 12-1 тоотод түр оршин суух Чонос овогт Буянхишигийн Энхтөгс /РД:ГГ83122101/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг Бор толгойн 12-1 тоотод түр оршин суух Бөөдий овогт Дашийн Баттулга /РД:АЮ79013198/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, зээлийн үлдэгдэл болох 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энхтөгс, хариуцагч Д.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

                                                            

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Нэхэмжлэгч Б.Энхтөгс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Энхтөгс миний бие 2002 онд Д.Баттулгатай танилцан үерхэж байгаад 2005 оноос хойш нэг гэрт орон албан ёсоор 2006 онд гэр бүлээ батлуулж өнөөг болтол амьдарч байх хугацаандаа 2006 онд хүү Б.Батзоригийг, 2009 онд охин Б.Сарангоог, 2011 онд хүү Б.Ганзоригийг төрүүлэн 3-н хүүхдийн эцэг, эх болсон. Д.Баттулга нь гэр бүлийн амьдрал зохион амьдарсан 11 жилийн хугацаанд нэг ч удаа ажил хийж амьдралын төлөө, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж байгаагүй, архи маш их хэрэглэдэг,архи уусан согтуу байх үедээ маш догшин ширүүн зантай болдог бөгөөд агсам тавих, хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшлах, хөөж туух, гар хүрэх ч асуудал олон гаргаж байсан. Миний бие 2014 оноос эхлэн өнөөг болтол Архангай аймгийн 9-р цэцэрлэгт багшаар ажилд орон ажиллаж байна. Д.Баттулга ажил гэрийг ялгалгүй байнга ирж дарамталж ажил хийх ч аргагүй хүнд байдалд оруулж байна. Мөн бага насны 3-н хүүхдийн минь хамт үдэш орой, шөнийн цагаар ч хамаагүй гэрээс чирээд хөөж гаргадаг, энэ мэт үйлдэл нь маш олон, тоогоо алдсан. Д.Баттулгын энэ байдлыг би тэвчиж болох ч өсөж яваа үр хүүхдүүдэд их хэцүү байна. Миний бие 3-н хүүхдийнхээ хамт 2006 оноос хойш өнөөг болтол гэр бүлийн хүчирхийлэл дунд амьдарч байна. 2015 оны 11 сард Д.Баттулгын ятгалгаар цалингийнхаа зээлийг 36 сарын хугацаатайгаар 7 сая төгрөг зээлж аван машин авсан, энэ машиныг Д.Баттулга өөрийн эзэмшилд авсан. Зээлийг би төлдөг. Д.Баттулга одоог хүртэл ямар ч орлого байхгүй, урагшаа амьдрах бодол байхгүй, ажил хийх сэтгэл чадвар ч байхгүй, архинаас өөрийг бодох бодолгүй өнөөг хүртэл амьдарч ирлээ. Одоо надад бөөн өр, амьдралын хүнд нөхцөл үлдлээ. Ажлын байран дээр ч зүгээр байлгахгүй, орой оройтлоо гэж дарамтална одоо энэ байдал хүүхдүүдийн  сэтгэл зүйд ч маш их нөлөөлж байна. Хамт амьдарсан бүх хугацаанд би энэ хүнийг тэжээж хийсэн болгоныг нь тэвчин өнгөрүүлж байсандаа маш их харамсаж байна. Би энэ хүнд зодуулж бие эрхтэн болон сэтгэл санаагаараа мөн эд материалаараа одоо бүр хүүхдүүдийнхээ ирээдүйгээр хохирч байгаадаа маш их гомдолтой байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, зээлийн үлдэгдэл болох 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Д.Баттулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Баттулга миний бие Б.Энхтөгсөөс салахгүй. Салахгүй байх шалтгаан нь гурван хүүхдээ өсгөн хүмүүжүүлж эцэг хүний үүргээ ухамсарлан архи дарс уухгүй. Ажил төрөл хийж хүүхдүүдээ хүний дайтай амьдруулахыг хүсэж байна. Тэр үед тэгэх минь яав даа гэсэн бодолд дарагдан нойр хоолгүй амьдын тамд унаж байна. Иймд салах хүсэл алга. Хүү Батзориг, охин Сарангоо, хүү Ганзориг нарыг ээжид нь өгмөөргүй байна. Ажил төрөл олж хийх бодол байдаг ч ажил олддоггүй. Хоёрт хөл маань хугархай хүнд юм өргөж явж боддоггүй учир барилга янз бүрийн ажил хийхэд их хүндрэлтэй байдаг. Гэхдээ үр хүүхэд хань ижилтэйгээ байхын тулд архи уухгүй ямар ч ажил хийхэд бэлэн. Одоо орон нутгийн сонгууль болох гээд ажил хөөцөлдөхөд хүндэвтэр байна. Иймд миний гэмшлийг ойлгож эхнэр хүүхэдтэй минь үлдээж өгч туслана уу. Ажил төрөлгүй ганц ч төгрөгийн орлогогүй нь үнэн. Өөрийн гэсэн өв хөрөнгө хашаа байшин байхгүй надад хүүхдийн тэтгэлэг төлөх ямар ч чадвар алга. Хүүхдүүдээсээ эхнэрээсээ салмааргүй байна. Ажил төрөл хийж эхнэр хүүхдээ хүн шиг амьдруулах бодол маш их төрж байгаагийн хажуугаар архи гэдэг зүйлийг бүр мөсөн зогсоож амьдралаа авармаар байна. Банкны зээлийн талаар би нарийн ширийн зүйл мэдэхгүй. Надад машин авч өгсөн гэж байгааг, миний самарт явсан 1 500 000 төгрөг хаашаа орсон юм бүү мэд. 6 000 000 төгрөгийн зээл аваад юу хийснийг нь мэдэхгүй. Гэрт л лав нэмэгдсэн зүйл байхгүй. Дээр нь хадам ээж болох Тунгалагаас 4 сарын тэтгэврийн зээл 1 100 000 төгрөгийн зээл надаар дамжуулж авсан. Одоог хүртэл өгөөгүй. Надад маш хэцүү дарамттай байна. Би үнэндээ оромжиндоо ч орж чадахгүй байдалд хүрээд байна. Гэхдээ энэ мөнгөний асуудлаас болж миний 3 хүүхэд, миний гэр бүл хэцүүдээд байна. Тийм учраас архи уухгүй, ажил төрөл хийж эхнэр хүүхэдтэйгээ учраа олбол надад архинаас дор амьдрал гэж хаана байхав дээ. Би үнэндээ үр хүүхэддээ гар хүрч байгаагүй. Чаддаг ч үгүй юм. Эхнэртээ гар хүрч байснаа ухаарч яах гэж тэгэж байв гэж бодож юм. Сүүлийн үед гар хүрээгүй. Ер нь гар хүрэх ёстой ч биш. Миний сайхан 3 хүүхдийг төрүүлж өгсөн ханиараа би найзуууддаа бахархдаг. Согтуу үедээ элдвийн авир гаргачихдаг байсан. Тэр болгоныг маань уучилдаг сэтгэлийн тэнхээтэй бүсгүй. Би архинаас гарч амьдралаа сайхан авч явж чадна, бид бүгдийг салахгүй байхад тусална уу. Би засарч чадна. Элэг бүтэн сайхан амьдрахыг л хүсэж байна гэв.

            Нэхэмжлэгч Б.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд бид хоёр Төв аймагт амьдарч байсан. Тэнд амьдарч байхад энэ хүн намайг маш их зодож, дарамталдаг байсан. Тухайн үед би энэ хүнд гомдолтой гээд цагдаад хүртэл өгч байсан. Тэр үед 7 хоног баривчлагдаад гарч ирээд танай цагдаа нар намайг ингэж зодсон, ингэж өвдсөн гээд намайг маш их зодож байсан. Зодуулж, дарамтлуулж байсан цагаасаа хойш би дахин цагдаад өгвөл намайг дахиад маш их зодох юм байна гэсэн ойлголттой болоод цагдаад өгөхөөсөө хүртэл айдаг болсон. Хамтран амьдарч байхдаа бид хоёр нэг удаа жилийн хугацаанд салж, тусдаа амьдарсан. Тэр үед шүүх цагдаагийн байгууллага гэж яваагүй. Тэгэхэд би 3 хүүхдээ аваад аав, ээж хоёр дээрээ хүүхдүүдээ үлдээгээд өөрөө хот руу явж ажил хийсэн. Тусдаа амьдарсан нэг жилийн хугацаанд Д.Баттулга би хүүхдүүдээ тэжээн чадна, чамайг хэзээ ч дахиж зовоохгүй, би өөрчлөгдсөн эргээд нийлж сайхан амьдаръя гээд надаас, манай аав, ээж, ах эгч бүгдээс нь гуйгаад байхаар нь би эргэж нийлсэн. Тэгэхэд хадам аав, ээж хоёр та хоёр Архангай аймагт хүрээд ир. Аав, ээж хоёр нь амьдралыг чинь цэгцлээд, сайхан болгоод та хоёрыг ажил төрөлд оруулаад өгье гэж гуйсан болохоор нь би гурван хүүхдээ аваад Архангай аймагт ирж амьдарсан. Ирээд би хүүхдийн цэцэрлэгт багшаар орсон. Д.Баттулгыг би ажил төрөл хийхгүй гэртээ байгаад байхаар нь хавар барилгын ажил дээр туслах ч гэсэн хийгээд хүүхдүүдээ тэжээж мөнгө ол, гэж хэлсэн чинь чадахгүй дуртай юм бол чи өөрөө барилгынхаа ажлыг хий гэж хэлдэг байсан. Намар нь дунд охин сургуульд сурах болоход охины сургуульд өглөөд хүргэж өгөөд, өдөр авах болсон. Тэгэхээр би ажилтай учраас амжихгүй. Би орой 20 цагаас өмнө гэртээ орох тохиолдолд маш ховор. Цэцэрлэгийн багш бид нар хамгийн сүүлийн хүүхдийг 18 цаг өнгөрөөгөөд эцэг эхэд нь хүлээлгэж өгдөг. Хүүхдүүдээ тарааж дуусаад бичиг цаасны ажил байдаг. Ажлаа дуусаад харихад л 08 цаг өнгөрөөд 09 цаг болж байдаг. Тэгээд би Д.Баттулгыг эцэг хүнийхээ үүргийг хүлээгээд охиноо сургуульд нь хүргэж өгч, ав гэж хэлсэн чинь ажил хайгаад олдохгүй юм чинь хоёулаа нэг машин авъя. Тэр машинаараа би таксинд яваад мөнгө олоод хүүхдүүдээ хүргэж өгч байя гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүнд итгээд 4 000 000 төгрөгийн цалингийн зээл аваад эдний дүүгээс 1 500 000 төгрөгөөр сонатаа 5 авсан. Аваад 7 хоног болоогүй машин нь эвдрээд, хүний машин мөргөөд 500 000 төгрөг, дахиж машин мөргөөд 100 000 төгрөг гээд цагдаа сэргийлэхээр маш их явсан. Түүнээс гарах зардал мөнгийг нь би дандаа төлж барагдуулдаг байсан. Сүүлийн нэг машины төлбөрт 100 000 төгрөг өгөх байсныг би өгч чадахгүй гээд эдний ах дүү нар нь төлж байсан. Машин аваад мөнгө олох нь битгий хэл надаас байнга мөнгө гарах болсон. Журмын хашаанд машинаа хийлгэчихнэ би мөнгө төлж авна, хүний машин мөргөчихнө би хохирлыг нь барагдуулна. Сүүлд цагдаа дээр баригдаад 382 000 төгрөгийн торгуулийн мөнгө тушаагаад, жолоо барих эрхээ хасуулаад, машинаа журмын хашаанд 20 хоног байлгасан. Журмын хашаанд нэг өдрийн 4000 төгрөг гээд 20 хоног, тэрнээс ч их хоносон байх. Тэгээд машинаа авахын тулд 400 000 төгрөг би өөрөө гаргаж төлсөн. Би тухайн үед цэцэрлэгт багш хийгээд 500 000 төгрөгийг цалин аваад, цалингийн зээлэнд 200 000 төгрөг суутгагдаад үлдсэн мөнгөөр нь би 3 хүүхдийнхээ сургууль цэцэрлэгийн мөнгө, ар гэртээ хоол унд авдаг байсан. Энэ хүн намайг гэртээ бүтэн шуудай гурил авахгүй байна. Чи бэлэн будаа, гоймон авч байна. Гэртээ юу ч авахгүй байна гэж дандаа дарамталдаг байсан. Ажлаасаа тараад гэртээ ирнэ. Энэ хүн архи уучихсан хөмсөг нь зангидаастай. Аав, ээж хоёр нь хашаа дотроо байвал би гэртээ орж чадахгүй. Аав, ээж хоёрыг нь байхгүй үед л гэртээ орохгүй бол намайг яасан орой ирдэг юм эртхэн ирээд хоол ундаа хийж болдоггүй юм уу, гэх мэтчилэн дарамталдаг байсан. Гэртээ орохоор энэ хүн урдаас би хоолоо хийлээ, чи энэ гэрт юу хийсэн юм бэ, хаачаад ирж байгаа нь гэж дарамтлаад агсан тавьж, шөнө, орой, үдэш нойргүй хонуулаад, шөнөжин зоддог байсан. Орой гэртээ очоод ажлаа хийх, 3 хүүхдүүд маань хичээлээ хийх гэхээр гэрэл, зурагт унтраагаад юм хийх ямар ч боломж олгодоггүй. Би энэ хүнийг намайг зодож дарамталлаа гэж хэн ч хэлдэггүй, өглөө ажилдаа очоод юу ч болоогүй юм шиг ажлаа хийгээд л явдаг байсан. Ажил дээр ирээд надаас тамхины мөнгө өг, бензиний мөнгө өг гэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй байсан учраас дандаа хүнээс зээлж авч өгдөг байсан. Би сарын цалин бууна хүнээс өмнө нь авсан зээлээ өгөөд л миний цалин хэдэн төгрөг үлдэнэ. Тэрнийгээ би дараа сарын цалин хүртэл 3 хүүхдээ хооллож байсан. Цалин буугаад дуусахаар энэ хүн чи мөнгөө яачихдаг юм. Чамд юуны мөнгө төгрөг хэрэг болдог юм бэ, мөнгөө аваад ир гэж хэлдэг. Би яах юм журмын хашаанаас машинаа авах гэж байгаа гэж хүнд өр тавина, машин мөргүүлсэн хохирол мөнгө гэж хүнээс мөнгө зээлнэ, тэр болгон нь нийлж хуримтлагдаад өр болоод байгаа учраас би цалин буухаар тухай  тухай үед нь энэ хүний л өрөө дардаг. Дээрээс нь чи миний аав, ээж ах эгч нарт юу ч авч өгсөнгүй. Надад юм авсангүй гэж байнга тэгнэ. Энэ хүн орлого байхгүй учраас би хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт шаардлагатай байгаа мөнгө төгрөгийг нь би олж өгдөг байсан. Сүүлдээ миний том хүү, охин хоёр ээжээ хэдүүлээ Төв аймаг руугаа явж амьдаръя. Таныг ийм байдалтай байхыг бид нар харж чадахгүй юм байна. Явъя ээж, гэж дандаа хэлдэг байсан. Тийм ч учраас би шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Дараа нь би дахин цалингийнхаа зээлийг нэмж авсан. Яагаад нэмж авсан бэ, гэхээр тухайн өр зээлүүд хуримтлагдаад 1 000 000 гаран төгрөгийн өртэй болсон учраас би зээлээ бүгдийн даръя гээд дахин зээл авсан. Би өмнө нь бага ангийн багш байсан. Архангай аймагт ирээд надад ажил олдохгүй байсан учраас би цэцэрлэгийн багш болсон. Би цэцэрлэгийн багш мэргэжилгүй учраас удаан ажилд чадахгүй байх гээд Багшийн сургуулийн цэцэрлэгийн багшийн СӨХ-д хөрвөсөн. Тэр үед миний төлбөр мөнгийг манай аав, ээж хоёр өгсөн боловч энэ хүн хүний машин мөргөөд хохирол мөнгө төгрөг нэхэгдээд байсан учраас би тэр өрийг нь төлж байсан. Хавар болоод би төгсөх гэсэн улсын шалгалтад оруулахгүй, төлбөрөө төлөх шаардлагатай байсан учраас цалингийн зээл нэмж аваад дипломынхоо мөнгөнд хэрэглэсэн. Тэр болгоныгоо энэ хүнд хэлэх гэхээр ойлгохгүй. Чамд ямар мөнгө хэрэг болдог юм, чи мөнгөөр яадаг юм бэ, гэдэг байсан. Би эмэгтэй хүн. Нүүрний тос авах гэхээр мөнгө төгрөг хэрэгтэй болно. Эхлээд би нүүрэндээ 2000 төгрөгийг дотоодын тос авч хэрэглэдэг байсан. Сүүлдээ амьтан хүнээс санаа зовоод үнэтэй тос авч чадахгүй юм гэхэд oriflame тос авч хэрэглэдэг болсон. Нэг удаадаа тос авахад 60 000 төгрөг болдог. Тэр зээлсэн мөнгө нь дээрээ би 500 000 төгрөгийг нэмж зээл аваад, өмнөх өрнүүдээ дарж байсан. Зээл авах гол үндэс нь энэ хүн машин авна гэснээс үүссэн. Дараа нь нэмж зээл авсан нь энэ хүн, хүний машин мөргөж хохирлын мөнгө нэхэмжлээгүй байсан бол надад цалингийн зээл нэмж авах шаардлага байхгүй байсан. Одоо зээл 6 000 000 гаран төгрөг үлдсэн. Энэ мөнгийг би энэ хүнээс гаргуулах, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид үлдээлгэх хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэрийн ярьж байгаа бүгд үнэн. Би долоо хоногийн долоо өдөр нь гэртээ байдаг. Тэр болгон архи ууж байгаагүй. Эр хүн болсон хойно ханьтайгаа 10 минут ч болтугай хамт байхыг хүсдэг. Тэгэхээр энэ хүн ажлаасаа орой ирнэ, хүүхдүүдтэй би хоолоо хийгээд гэртээ байдаг. Би гурван хүүхдүүддээ гар хүрч үзээгүй. Том хүүхдээ нэг удаа тэлээгээр ороолгох гэж байхдаа өөрөө уйлж л байсан. Эхнэрээрээ цалингийн зээл гаргуулаад машин авсан нь үнэн. Машинтай болоод амьдрал дээшлэх юм болов уу гэсэн үүднээс авсан боловч хэрэг болоогүй. Тухайн үед манай дүү Швед улс руу гарах гэж байхад нь манай гэр бүлийн зүгээс гадаад явах гэж байгаа хүнд мөнгө өгөхөөс хойш гэж бодоод дүүгийнхээ машиныг худалдаж авсан. Тэр нь ч буруу юм болсон гэж боддог. Хамгийн гол нь тэрнээс болж л хэрүүл гардаг. Машин л юм хойно эвдэрнэ, гэмтэл үүснэ. Тэр болгонд нь сэлбэг авах шаардлагатай болдог.  Тэр машиныг дүү хүнээс худалдаж аваад надад зарсан.  Машин миний нэр дээр байдаггүй, машины эзэн нь солонгос улс руу явсан учраас машины бичиг баримтаа шилжүүлж чадаагүй байгаа. Надад гэр бүлээрээ сууж байгаад оройд хоолоо идэх л хүсэл байсан. Энэ хүн хагас бүтэн сайн өдөргүй ажилладаг байсан. Би ажил төрөл олдохгүй учраас гэртээ байнга байгаад, хүүхдүүдийнхээ хувцсыг угаагаад, хоол ундыг нь хийж өгдөг байсан. Би огт ажилгүй байгаагүй, төрийн байгууллагад ажилладаг байсан. Би барилгын туслах хийх гэхээр жаахан л хүнд юм өргөхөөр хөл өвддөг учраас би барилгад ажиллаж чаддаггүй байсан. Миний зүүн хөл байнгын шажигнаж дугардаг, удаан алхаж явахаар халуун оргиод хэцүү байдаг. Би эр хүний хувьд эцэг хүнийхээ үүргийг биелүүлээгүй, ажил төрөл хийгээгүй миний буруу гэж бодож байна. Сүүлийн 2 сарын хугацаанд маш их юм бодогдсон. Уржигдар найзынхаа машины пүршийг янзалж байгаад пүршний таг нь харваад уруулаа цохиод хавдчихсан байдалтай байна. Одоо бол ажил төрөл олж хийх гээд нэг газраас хүлээлгэж байгаа. Ажилтай болчихвол зээлээ хамт төлөөд, эцэг хүнийхээ үүргийг биелүүлнэ гэж бодож байна гэв.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Энхтөгс, хариуцагч Д.Баттулга нар 2006 оны 1-р сарын 31-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 2-р сарын 9-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж тэдний дундаас хүү Б.Батзориг 2006 оны 12-р сарын 7-ны өдөр, охин Б.Сарангоо 2009 оны 7-р сарын 1-ний өдөр, хүү Б.Ганзориг 2011 оны 9-р сарын 27-ны өдөр тус тус төрсөн болох нь зохигч нарын тайлбар, 0029713 Г-28 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, хүү Баттулгын Батзоригийн 0039827-33 дугаартай, охин Баттулгын Сарангоогийн 0295716-218 дугаартай, хүү Баттулгын Батзоригийн 0000771263 дугаартай төрсний гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.

          Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Баттулга бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэтгэлцээний байр суурьтай байсан болно.  

          l

          Нэхэмжлэгч Б.Энхтөгс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Баттулга хэдийгээр хүлээн зөвшөөрөхгүй байсгаа боловч гэрлэлтийг үргэлжлүүлэх нь гэр бүлийн гишүүдэд сэтгэл санаа бие махьбодийн хувьд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэр бүл цуцлахад хориглох шалтгаан тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Энхтөгс, хариуцагч Д.Баттулга нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

            ll

            Нэхэмжлэгч Б.Энхтөгс, хариуцагч Д.Баттулга нарын хүү Б.Батзориг 2006 оны 12-р сарын 7-ны өдөр, охин Б.Сарангоо 2009 оны 7-р сарын 1-ний өдөр, хүү Б.Ганзориг 2011 оны 9-р сарын 27-ны өдөр тус тус төрж одоо Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгойн 12-1 тоотод амьдарч өрхийн эмнэлгийн хяналтад эрүүл бойжиж байгаа хавтаст хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Хүү Б.Батзориг, Б.Сарангоо, Б.Ганзориг нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхдүүдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан хүү Б.Батзориг, Б.Сарангоо, Б.Ганзориг нарыг эх Б.Энхтөгсийн асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу асрамжийн асуудал шийдвэрлэхэд хүү, Б.Батзориг, охин Б.Сарангоо нараас өмгөөлөгч Б.Ариунбаярыг байлцуулан саналыг авсан болно.

            lll

            2006 оны 12-р сарын 7-ны өдөр төрсөн Б.Батзориг, 2009 оны 7-р сарын 1-ний өдөр төрсөн охин Б.Сарангоо, 2011 оны 9-р сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Ганзориг нарыг нэхэмжлэгч Б.Энхтөгсийн асрамжид  үлдээж шийдвэрлэж байгаа учир хариуцагч Д.Баттулгаас хүү Б.Батзориг, охин Б.Сарангоо, хүү Б.Ганзориг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

            lV

            Б.Энхтөгс нь 2016 оны 6-р сарын 17-ны өдрийн “Хаан банк” ХХК-тай ЗГ201642673232 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, хамтран зээлдэгчээр Д.Баттулга гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл Б.Энхтөгс, Д.Баттулга нарын гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойшхи хугацаанд бий болсон зээлийн гэрээ байх тул уг зээлийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж үзлээ. Иймээс уг зээлийг Б.Энхтөгс, Д.Баттулга нарын хэн үндсэн зээлдэгч эсэхээс үл хамааран гэр бүлийн гишүүд хамтран хариуцах нь зүйтэй гэж үзлээ.

          Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болохоор хуульчилсан байна. Гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн хамтран зээлсэн зээлийн өрийг хуваахад насанд хүрээгүй гэр бүлийн  гишүүдэд хуваах үндэслэлгүй юм. Иймд Б.Энхтөгсийн цалингийн зээлийн зээлсэн өрийн үлдэгдэл 6 823 677,17 төгрөгийн өрийн 50 хувь болох 3 411 838.8 төгрөгийг хариуцагч Д.Баттулгаас гаргуулж нэхэмжлэгчид олгон үлдэх 50 хувийн өрийг нэхэмжлэгч Б.Энхтөгс хариуцах нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 3 411 383.8 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Б.Энхтөгсийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, зээлийн үлдэгдэл болох 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баттулгаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 139 739 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  Б.Энхтөгсөд олгохоор шийдвэрлэлээ.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ нь хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл биш учир хариуцагч Д.Баттулгаас 3 хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөр зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 85 881 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.          

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Бөөдий овогт Дашийн Баттулга, Чонос овогт Буянхишигийн Энхтөгс нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 12-р сарын 7-ны өдөр төрсөн хүү Баттулгын Батзориг, 2009 оны 7-р сарын 1-ний өдөр төрсөн охин Баттулгын Сарангоо, 2011 оны 9-р сарын 15-ны өдөр төрсөн хүү Баттулгын Ганзориг нарыг эх Б.Энхтөгсийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Б.Батзориг, охин Б.Сарангоо, хүү Б.Ганзориг нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Д.Баттулгаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний нэг сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар Б.Энхтөгсийн цалингийн зээлийн зээлсэн өрийн үлдэгдэл 6 823 677,17 төгрөгийн өрийн 50 хувь болох 3 411 838,6 төгрөгийг хариуцагч Д.Баттулгаас гаргуулж нэхэмжлэгч Б.Энхтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 411 838,6 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхтөгсийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баттулгаас улсын тэмдэгтийн хураамжид 139 739 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхтөгсөд олгосугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгч Б.Энхтөгсийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд  хариуцагч Д.Баттулгаас 3 хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох  улсын тэмдэгтийн хураамж 85 881 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Мөнгөнтуяад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН