| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0175/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 181
2020 02 21 2020/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам;
улсын яллагч: Ц.Амгаланбаатар,
хохирогч: Э.Энхцэцэг /өөрийгөө өмгөөлж/,
шүүгдэгч: Д.Р /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Р-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Ла Кантина” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт, урьд ял шийтгэлгүй, Д.Р.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Д.Р нь 2019 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дугаар хорооны нутаг Түмэн төвд үснээс зулгааж хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар Э.Энхцэцэгтэй маргалдан толгой руу нь аягаар цохиж биед нь зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт буюу хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Р мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааг хангалтгүй явуулсан. Хэн нь энэ хэргийг эхлүүлсэн гэдгийг сайн тодруулаагүй. Би ямар нэгэн хэмжээгээр хохирогч болсон. Би анхнаасаа хэргээ хүлээгээд хохирлоо барагдуулна гэж хэлсэн. Хэргийн материалтай танилцахад хохирогч бид хоёрт огт гар хүрээгүй гэсэн байсан. Ингэж худлаа мэдүүлэг өгч болохгүй. Би шалтгаангүй хүн цохих ухамсаргүй хүн биш. Э.Энхцэцэг эхэлж Ж.Өлзийцэцэг бид хоёрыг зодсон. Би зүгээр байхад нь цохиогүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Энхцэцэг мэдүүлэхдээ: “...Тухайн үед эмч надад 3 сарын эмчилгээ бичиж өгсөн ч жирэмсэн болохоор эм ууж болохгүй тул эмчлүүлж чадаагүй. Томографт жирэмсэн гэдгээ мэдэхгүй орж толгойгоо харуулсан. Имрайд жирэмсэн учраас орж чадаагүй. Эхний нэг сар толгой өвдөхгүй байсан сүүлийн хэдэн сар орой болгон толгой их өвдөж байна. Би халуун газар ажилладаг болохоор толгой өвдөж байна гэж бодсон. Томограф ясны хугарал үздэг, имрай зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт үздэг. Одоо харуулах боломжгүй төрсний дараа харуулна. 2019 оны 12 дугаар сарын 13-ны оройн 23 цагт нөхөр лүүгээ залгахад утсаа авахгүй байсан. Хамт ажиладаг хүн рүү залгахад нэг газар байна гэж хэлээд маш согтуу байсан. Би ажлын газрынхан нь ойролцоо ордог газрыг мэдэх тул шууд тийшээ очсон. Тэнд ороход 2 танихгүй хүүхэнтэй сууж байсан. Би тэр 2 эмэгтэйтэй маргалдаад “айлын нөхөр эргүүлж явахаа болиоч хөгшин хүн байж” гэж хэлсэн. Би нөхөртөө “утсаа авахад яадаг юм” гээд ширээн дээр байсан цэвэр усыг аваад нүүр лүү нь шууд асгасан. Тэр үед намайг манай нөхөр аваад гарсан. Ж.Өлзийцэцэг нь манай нөхөртэй, шүүгдэгч нөгөө залуутай хамт сууж байсан. Тэгээд шүүгдэгч Д.Ренценмядаг нь санаатайгаар миний толгойны зүүн тал руу аяганы бөгс хэсгээр шууд цохисон. Миний толгой руу цохисонд гомдолтой байна. Гэмтлийн эмч “3 сар эмчилгээ хийлгэх хэрэгтэй, одоо мэдэгдэхгүй ч хэдэн сар, жилийн дараа унаж татдаг болвол өөрт чинь хэцүү” гэж хэлсэн” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Энхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 5-7/, гэрч Ж.Өлзийцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 283 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14/, Э.Энхцэцэгийн гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 38-44/, Д.Рийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 24-26, 27-29/ мэдүүлэг, Д.Рийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 30-32, 34-35, 36-37/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Р нь 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Түмэн төв”-д иргэн Э.Энхцэцэгтэй “үснээс зулгааж хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Э.Энхцэцэгийн /хх-ийн 6-7/: “...2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө нөхөр Ууганбаярыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Түмэн төв”-өөс авах гэж очсон. Тухайн үед манай нөхөр үл таних 2 эмэгтэй, ажлын газрын нэг залуугийн хамт сууж байсан. Би очиж тухайн эмэгтэйтэй айлын нөхөр эргүүлэхээ боль гээд маргалдаад зогсож байсан чинь нэг нь миний араас аяганы бөгсөөр толгойн зүүн хойд хэсэгт цохисон. Тэгээд миний толгой хагарсан. Миний биед учирсан гэмтлийг намхан махлагдуу биетэй, 40 гаран насны эмэгтэй учруулсан. Би эмчилгээ хийлгэсэн зардлаа баримтаар нэхэмжилнэ. Мөн 8 хоног ажлаа алдсан цалингаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлгээр,
Д.Рийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27-29/: “...Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Түмэн төв” рүү орсон. Тухайн үед Ж.Өлзийцэцэг ажлынхаа газрын 2 эрэгтэйтэй сууж байхаар нь би 1 цаг орчим суугаад архи уусан. Ж.Өлзийцэцэгийн ажлын газрын залуугийн гар утас нь дугараад байхад авахгүй байсан. Тэгтэл гаднаас нэг үл таних эмэгтэй орж ирээд ширээн дээр байсан хамаг юмыг Ж.Өлзийцэцэг бид хоёр руу цацсан. Би уурлаад “чи ямар өвчтэй юм бэ, зүгээр сууж байхад” гэж хэлэхэд намайг үсдээд доош дарсан. Тэнд байсан хүмүүс салгаад тухайн эмэгтэй гарсан. ...Тэр эмэгтэй буцаж орж ирээд дахиад над руу дайраад байхаар нь ууж байсан цайгаа цацаад тухайн аягаараа эмэгтэйн толгойн баруун ар хэсэгт нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Өлзийцэцэгийн /хх-ийн 33/: “...би “Түмэн төв”-д сууж байгаад найз Д.Рийг намайг ирээд аваач гэж дуудсан. ...манай ажлын газрын залуу Ууганаагийн эхнэр нь удаа дараа залгаад байхад утсаа аваагүй. Удалгүй эхнэр нь гаднаас орж ирээд ширээн дээр байсан уух зүйлийг шидээд Д.Р бид хоёр руу дайраад миний үснээс зулгайсан. ...буцаж орж ирээд бид хоёр руу дайрсан. Би доошоо хараад өөрийгөө хамгаалсан. Манай найз Д.Р тухайн эмэгтэйгийн толгой хэсэг рүү юмаар цохисон байсан. Би юугаар цохисныг мэдэхгүй...” гэх мэдүүлгээр,
Э.Энхцэцэгийн биед “зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 283 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Д.Рийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Д.Рийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 219.673 төгрөгийг шүүгдэгч Д.Раас гаргуулж хохирогч Э.Энхцэцэгт олгох нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Э.Энхцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөртэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Д.Рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Рийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Р нь урьд цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Д.Раас нийт 219.673 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Энхцэцэгт олгосугай.
7. Хохирогч Э.Энхцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөртэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Рт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ