Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 590

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би,

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг Наранбулагийн 25-10 тоотод оршин суух Боржигон овогт Жамъянсүрэнгийн Бадамгарав /РД:АЮ79030801/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Биеийн тамир спортын газарт  холбогдох

2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Бадамгарав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Ж.Бадамгарав нь 2016 оны 4-р сарын 27-ны өдөр Биеийн тамир спортын газрын нягтлан бодогчийн ажлаас халагдсан. Гэвч би шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 7-р сарын 5-ны өдөр шүүх хурал болж намайг буцаан томилох шийдвэр гарсан. Тухайн үед миний бие өмгөөлөгчөөр Б.Эрдэнэсувдыг авч хөлсөнд 2 000 000 төгрөг төлсөн. Иймд аймгийн Биеийн тамир спортын газраас 2 000 000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир спортын газар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус байгууллагын нягтлан бодогч ажилтай Жамъянсүрэнгийн Бадамгаравт 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаа. Өмгөөлөгчийн хөлс төлсөн баримт, санхүүгийн тооцоо хуулийн дагуу явагдсан бол нэхэмжилсэн төлбөрийг олгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

           Зохигчид 2016 оны 11-р сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Ж.Бадамгарав миний бие Биеийн тамир спортын газарт холбогдуулж өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Биеийн тамир спортын газар нь уг төлбөрийг барагдуулахыг зөвшөөрсөн тул эвлэрч уг гэрээг байгуулав. Тэмдэгтийн хураамжийн 46 950 төгрөг дээр маргаан байхгүй. Хариуцагч байгууллагаас тэмдэгтийн хураамж гаргуулахгүй болно гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Бадамгарав нь хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир спортын газраас 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир спортын газар нь нэхэмжлэгч Ж.Бадамгаравт 2 000 000 төгрөг төлөхөөр, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахгүйгээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхгүй байхаар харилцан тохиролцсон байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 23 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бадамгаравт олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Архангай аймгийн Биеийн тамир спортын газар нь нэхэмжлэгч Боржигон овогт Жамъянсүрэнгийн Бадамгарав /РД:АЮ79030801/-т 2 000 000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бадамгаравын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 23 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бадамгаравт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ч.ЖАРГАЛАН