Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 182

 

 2020       02          21                                  2020/ШЦТ/182 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: П.Ганбаатар;  

шүүгдэгч: Ж.П/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.П-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эмэг эх, эцэг, эх, дүү нарын хамт  , урьд ял шийтгэлгүй, Ж.П

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ж.Пнь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Хаан Даатгал" ХХК-ны байранд иргэн З.Хуланг машин мөргөсөн төлбөр төлсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хамар, баруун буглаганд нь цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Пмэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Хулангийн /хх-ийн 6-8, 9/ мэдүүлэг, гэрч Б.Доржгочоогийн мэдүүлэг /хх-ийн 13/, Ж.П-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27-28/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14145 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/, шинжээч С.Одончимэгийн мэдүүлэг /хх-ийн 17/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 44/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45/, хохирогч З.Хулангийн хохирлын баримт /хх-ийн 46/, Ж.П-нхувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29-36, 42/, З.Хулангийн хүсэлт /хх-ийн 52/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Пнь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Хаан Даатгал” ХХК-ний байранд иргэн З.Хулантай “машин мөргөсөн төлбөр төлсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

хохирогч З.Хулангийн /хх-ийн 7-8, 9/: “...би гараад явах гэтэл нөгөө эмэгтэй араас хүрч ирээд “чи машин эвдэлсэн мөнгөө төл” гээд миний баруун бугалганаас татаад баруун бугалга руу нэг удаа цохисон. Дараа нь миний цээж рүү түлхэхээр нь хамгаалагч руу гүйж очсон. Нөгөө эмэгтэй араас ирээд бичиг баримтаа булааж миний хамар руу гараараа нэг удаа алгаараа мангасдсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тархи доргилт гэмтлийг уулнаас халтирч унаад авч байсан. Харин бугалга, хамрын цус хуралт гэмтлийг “Хаан Даатал” дээр маргалдсан эмэгтэй учруулсан. Миний хамар тухайн өдөр хавантай байсан. Цус хуралт гэмтэл байгаагүй. Миний хамар, бугалга хэсэгт учирсан гэмтлийг Ж.Пгэх эмэгтэй учруулсан. Би зураг авахуулсан 120.000 төгрөгөө нэхэмжилж байна. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Доржгочоогийн /хх-ийн 13/: “...Би ажлаа хийж байтал теллэрийн хажууд 2 эмэгтэй маргалдаад байхаар нь холдуулаад теллэрийн өрөөнөөс гаргаад үүд хэсэгт аваачтал бие биенийхээ юмыг булаалцалдаад байсан. ...Нэг нь цагдаа дуудаарай гэж хашгирахаар нь гартал миний суудаг ширээний наана цаана гарчихсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

     Ж.П-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27-28/: “... Би “Хаан даатгал”-н байранд миний машиныг мөргөсөн жолоочтой очсон. З.Хулан миний бичиг баримт болон машины гэрчилгээ, үнэлгээний хуудсыг авчихаад өгөхгүй байсан. Би З.Хулангаас бичиг баримтуудаа татаад нэхсэн. Би З.Хулантай маргалдаад түлхсэн. Тэгээд салцгаасан...” гэх мэдүүлгээр,

 

    З.Хулангийн биед “тархи доргилт, хамар, баруун бугалганд цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14145 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

     Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ж.П-нгэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Ж.П-н“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч З.Хулангийн “...гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ж.П-г“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Пнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ж.П нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.П-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ