Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2017/ДШМ/42

 

 

 

 

 

 

Б.Энхбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Д.Гансүх /Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн/, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                  Ц.Батбямба

Шүүгдэгч                                                                   Б.Энхбаяр

Нарийн бичгийн дарга                                         А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолтой Б.Энхбаярт холбогдох 2017 1900 0281 дугаартай 165 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогч Д.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 13-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймаг, Зуунмод сум, Ланс 2 дугаар баг, Дэнжийн 11-12 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Борнойн Энхбаяр /РД: НЮ78081317/.

Б.Энхбаяр нь Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутагт сайжруулсан шороон зам дээр 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 23-77 УНУ улсын дугаартай “Исузу Вигхорн” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7А “согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.1 “хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч Д.Баярсайханы бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 224 дугаар шүүхийн тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овгийн Борнойн Энхбаярыг согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Борнойн Энхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд 3.453.000 /гурван сая дөрвөн зуун тавин гурав мянга/ төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Борнойн Энхбаяр нь 3.453.000 /гурван сая дөрвөн зуун тавин гурав мянга/ төгрөгийг 3 /гурав/ жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахыг тус тус мэдэгдэж, энэ талаар хяналт тавихыг ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь ШШГАлбанд хариуцуулж,

шүүгдэгч Боржигон овгийн Борнойн Энхбаяр цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хохиролд 270.000 төгрөгийг төлж, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Энхбаярын 331024 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг,

Харин хохирогч Д.Баярсайханы эзэмшлийн “Исузу Бигхорн” маркийн 23-77 УНУ улсын дугаартай 01036436 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч Төв аймаг Баян-Өнжүүл суманд 1978 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Төв аймаг, Зуунмод сум, 3 дугаар баг, Хөтөл 6-3 тоотод оршин суух НЭ78072837 дугаарын регистртэй, Далай ээж овгийн Даваагийн Д.Баярсайханд буцаан олгохыг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж, шүүгдэгч Боржигон овгийн Борнойн Энхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Баярсайхан давж заалдах гомдолдоо: “...1. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт /тогтоох хэсгийн 2-д заасан/ “...мөн хугацаанд 3 453 000 /гурван сая дөрвөн зуун тавин гурван мянга/ төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Учир нь миний өөрийн өмч болох 23-77 УНУ автомашинд хохирол учруулсан шүүгдэгч Б.Энхбаярт 3 жилийн хугацаанд хохирлыг барагдуулахаар шүүхээс тогтоосон нь үндэслэлгүй байна.

Хохирлыг арилгуулах хугацааг багасгуулах хүсэлтэй байна. Миний бие тус машинаар халтвар хийж, өөрийн амь зуулганы мөнгөө олдог, үүнээс олсон мөнгөөрөө амьдардаг. Хохирлыг барагдуулах 3 жилийн хугацааг багасгаж өгөхгүй бол би юугаараа мөнгө олж амьдралаа залгуулах вэ.

  1. Мөн Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт /тогтоох хэсгийн 3-д заасан 3 453, 00 /гурван сая дөрвөн зуун тавин гурван мянга/ төгрөгийг 3 /гурав/ жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ биелүүлээгүй бол энэ талаар хяналт тавихыг ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь ШШГалбанд хариуцуулсугай” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хорих ял оногдуулахгүй байж болох боловч миний бие эрүүл мэндээрээ хохирч үлдсэн, харин эд хөрөнгийн хохирлыг барагдуулах нь зүйн хэрэг. Шүүхээс хохирогчийн эд хөрөнгийн хохирлыг богино хугацаанд арилгуулах арга хэмжээ авч өгөхийг ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь ШШГАлбанд хянуулж, даалгуулж өгнө үү
  1. Миний хань болох бүсгүй маань /гэрлээгүй байгаа/ давхар биетэй, 2017 оны 11 сард төрнө. Бидний амьдралыг бодолцон үзэж хохирол барагдуулах хугацааг багасгаж тусална уу.
  2. Шүүх нь шүүхийн шийдвэртээ хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлын нөхцөл байдлыг бүрэн дүгнээгүй, хэт нэг талын барин өөрийн үзэмжээр дүгнэсэн гэж үзэхээр байна” гэжээ.

            Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Энхбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн нутагт сайжруулсан шороон зам дээр 23-77 УНУ улсын дугаартай “Исузу Вигхорн” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.Жолоочийн үүрэг, 2.7. Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/-д заасан “согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 9.Тээврийн хэрэгслийн хурд гэсэн хэсгийн 9.1-д заасан “хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, замын хажуу руу онхолдож, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Д.Баярсайханы бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл, түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 3 453 000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбаяр, хохирогч Д.Баярсайхан нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, цусан дахь спиртийн агууламжийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 4322 дугаартай дүгнэлт, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоосон Төв аймгийн цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 00000049 дугаар дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Шүүгдэгч Б.Энхбаярын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулан зүйлчилж, түүнд нийцүүлэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасантай нийцсэн байна.

Хохирогч Д.Баярсайханаас шийтгэх тогтоолын “...мөн хугацаанд 3 453 000 /гурван сая дөрвөн зуун тавин гурван мянга/ төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэсэн шийдвэртэй холбогдуулан гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Энхбаяр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Баярсайханд эмчилгээний зардалд 270 000 төгрөгийг төлсөн, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3 453 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хохирогчоос гомдол саналгүй гэсэн бичгийн баталгаажуулсан баримт ирүүлсэн зэргийг харгалзан анхан шатны шүүх эрх хэмжээнийнхээ хүрээнд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд 3 453 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. 

Шүүх оногдуулсан ял дээр нэмж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх эрхтэй, тэнсэнгийн хугацаанд төлбөр төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан хохирогчийн эрхийг хөндөгдөөгүй байна.

Өөрөөр хэлбэл үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хохирол төлбөр барагдуулах тал дээр үр дүнтэй ажиллуулах нөлөөлөх шинжтэй арга хэмжээ бөгөөд гэмт хэргийн хохирол хор уршгийг барагдуулах, хохирогчийн эрхийг хамгаалахтай салшгүй холбоотой.

Шүүхээс хохирогчийн давж заалдах гомдолд дурдсанаар хохирол барагдуулах хугацааг багасгаж шийдвэрлэх боломжгүй, хохирогчоос тэнсэнгийн хугацаанд хохиролоо барагдуулж авах юм байна гэж ойлгож болохгүй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй шинэчлэн найруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн хохирогчийн төлбөрийн талаарх шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар тусгагдсан ба хохирол төлбөр барагдуулах ажиллагааг дээрхи хуульд заасан зохих журмын дагуу явуулж шийдвэрлэх болно. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй ... бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж зааснаар шүүгдэгч Б.Энхбаяр хохирол төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнд ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Харин шүүх шийдвэрлэвэл зохих асуудлыг нэг болох хохирлыг төлүүлэх тухай буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэлийг бүхэлд хангах эсэх, хэнээс хэнд хэдэн төгрөгийн төлбөр гаргуулах талаар Иргэний хуулийн зохих заалтыг баримтлаж, шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний дотор нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг ...хангах...” гэсэн, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана: 1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл ...хангах тухай...” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнийг нөхөн төлүүлэх талаар шийдвэрлээгүй атлаа үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байна.

Түүнчлэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д “худалдан борлуулж орлогыг тусгай дансанд байрлуулах” гэсэн заалтыг баримтлан 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр тэмдэглэл үйлдэж хураан авсан /хх-27/ Б.Энхбаярын 331024 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг устгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ямар ч хамааралгүй хуулийн заалт байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хохирогч Д.Баярсайханы давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 224 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолын

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Борнойн Энхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд 3.453.000 /гурван сая дөрвөн зуун тавин гурав мянга/ төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэснийг “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Борнойн Энхбаярын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй” гэж,  

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...3.453.000 /гурван сая дөрвөн зуун тавин гурав мянга/ төгрөгийг 3 /гурав/ жилийн хугацаанд төлөх” гэснийг “... гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж тус тус өөрчилж,  

 тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан”, “устгуулахаар” гэснийг тус тус хасаж, “зохих байгууллагад” гэснийг “ Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Энхбаяраас 3 453 000 төгрөгийг гаргуулж, Төв аймаг, Зуунмод сум, 3-р баг, Шинэ хөтлийн 6-3 тоотод оршин суух Д.Баярсайханд олгосугай” гэж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоолоор гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус нэмж, 

тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь  давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах  эрхтэй болохыг дурьдсугай .

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Г.БОЛОРМАА

                                               ШҮҮГЧИД                                                  Д.ГАНСҮХ

                                                                                                         Т.ЭНХМАА