Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0748/З |
Дугаар | 221/МА2021/0182 |
Огноо | 2021-04-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2021/0182
Б.У-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, С.М, гуравдагч этгээд Ц.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.У-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т заасныг баримтын Б.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, түүнийг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,
2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид 8.277.387.11 /найман сая хоёр зуун далан долоо мянга, гурван зуун наян найман төгрөг 11 мөнгө/ төгрөгийг олгохыг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг тус тус хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж,
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...“нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий' нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг Захиргааны шүүх хэрэгжүүлдэг болохын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий актын үндэслэлд дурдсан асуудалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардсан боловч “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, байгууллагын үйл ажиллагааг мэргэшлийн удирдлагаар хангаж ажиллаагүй, албан тушаалд тавигдах Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангахгүй байгаа” тухай ямар нэг баримт ирүүлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл Б.У нь 2004 онд Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, ...2006 онд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн ... нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы 2019 оны Б/102 дугаартай захирамжаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Дээрх баримтуудаас үзвэл уг захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж зааснаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон, төрийн албан тушаалыг эрхэлж эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа төрийн албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглох, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй”. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчийг анх томилохдоо тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг томилсон... гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд хууль зөрчиж томилогдсон гэх үндэслэл нь нэхэмжлэгчийг буруутгах, цаашлаад түүнийг төрийн ажил, албан тушаалаас чөлөөлөх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэжээ.
Үүнээс харахад, Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 7 дугаар зүйлийн 7.1.2-т “мэргэшсэн, тогтвортой байх;”, 23 дугаар зүйлийн 23.2.2-т “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;”, 23 дугаар зүйлийн 23.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална”, 23.4-т “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно.” гэж зохицуулсан. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа хариуцагчийн гаргасан “өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчийг анх томилохдоо тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг томилсон... гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд хууль зөрчиж томилогдсон гэх үндэслэл нь нэхэмжлэгчийг буруутгах, цаашлаад түүнийг төрийн ажил, албан тушаалаас чөлөөлөх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна.
Мөн Төрийн албаны зөвлөлийн 05 дугаар сарын 21-ний өдрийн 605 дугаартай Б.Ут хүргүүлсэн “...Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан нийтлэг болон тусгай шаардлага хангасан мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3-т заасны дагуу тусгай шалгалт өгч, зохих журмын дагуу дэвшүүлсэн нөхцөлд мерит болон шатлан дэвшүүлэх зарчмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох зохицуулалттай .” гэх албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/4457 дугаартай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлсэн “... Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан нийтлэг болон тусгай шаардлага хангасан мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3- т заасны дагуу тусгай шалгалтад тэнцсэн этгээдийг дэвшүүлэн томилох нь зүйтэй” гэсэн утга бүхий албан бичиг нь анх Б.У-ыг томилохдоо тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй хүнийг томилсон гэдэг нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.У нь 1999-2003 онд Хөдөө, аж ахуйн их сургуулийн газар зохион байгуулагч, 2008- 2010 онд Удирдлагын академи, 2013-2016 онд Их засаг их сургуулийг эрх зүйч, 2020 оны 04 дүгээр сард Үндэсний их сургуулийг Архитектороор төгссөн нь уг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалын шаардлагыг хангасан гэж шүүх үнэлсэн байна. Гэвч нэхэмжлэгчийг томилсон нийслэлийн Засаг даргын 2019 оны Б/102 дугаар захирамж нь “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр” томилсон.
Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолоор Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын даргын албан тушаал гэж заасан нь тус газраас гарах захиргааны актыг батлах эрх бүхий субъектийг тодорхойлж өгсөн. Үүнээс харахад нэхэмжлэгч Б.У нь уг албан тушаалд томилогдохдоо захиргааны акт гаргах эрхгүйгээр томилогдсон байгаа нь харагдаж байна.
Мөн батлагдсан албан тушаалын тодорхойлолтод уг албан тушаалын зорилгод “Барилга хот байгуулалтын салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, ... тусгай шаардлагаар “архитектор, хот төлөвлөлт, иргэний ба үйлдвэрлэлийн барилга байгууламжийн мэргэжилтэй, мэргэшсэн архитектор байх” гэж тодорхой заажээ.
Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 200 дугаар тушаалаар Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийг баталсан байдаг бөгөөд албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй байсныг анхан шатны шүүх тал бүрээс нь шинжлэн судлаагүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2-т “Маргаан бүхий актын үндэслэлд нэхэмжлэгчийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг удаа дараа гаргаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр буруутгаж байх боловч яг ямар хууль бус шийдвэр гаргасан, түүний улмаас ноцтой үр дагавар үүссэн талаар баримт хэрэгт байхгүй. Энэхүү үйл баримттай холбоотой ямарваа нэг тайлбарыг өгөөгүй болно.”, 1.3-т “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д ”албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”; 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж буруутгажээ. Гэвч нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил, үүргийг хэрхэн биелүүлээгүй, байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаагүй, мэргэжлийн удирдлагаар хангаагүйгээс тухайн байгууллагад ноцтой үр дагавар үүссэн нөхцөл байдал бий болсон, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн талаар хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.” гэж шүүх дүгнэсэн.
Нэхэмжлэгч тухайн албан тушаалыг хашиж байх хугацаандаа хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг удаа дараа гаргаж байсантай холбоотой баримт болох 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Ц-ыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/27 дугаар тушаалыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 227 дугаар тогтоолоор “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 33 дугаар зүйлийн 33.3, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэг, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2.2, 2.4, 2.6 дахь заалтыг тус тус зөрчсөнийг тогтоож, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/26, Б/27 дугаар тушаалуудыг хүчингүй болгосон”, мөн түүний 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Ц-ын албан тушаалыг бууруулж томилох тухай” Б/17 дугаар тушаалыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” тогтоолоор хүчингүй болгосон нь нотлогдож байхад анхан шатны шүүх “...яг ямар хууль бус шийдвэр гаргасан, түүний улмаас ноцтой үр дагавар үүссэн талаар баримт хэрэгт байхгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.7 дахь заалтыг зөрчсөн болохыг харуулж байна.
Мөн “Энэхүү үйл баримттай холбоотой ямарваа нэг тайлбарыг өгөөгүй болно” гэж шийдвэрт нэг талыг барьж тусгасан нь хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн бичгээр гаргаж өгсөн тайлбар болон шүүх хурлын явцад өгсөн тайлбарыг үгүйсгэж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар бичигдсэн бөгөөд эдгээр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т зааснаар нотлох баримтын адил хүчинтэй.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий актын үндэслэлийн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүргээ хэрэгжүүлэх боломжийг гуравдагч этгээдийн, өмгөөлөгч нарт олгосон” гэжээ. Анхан шатны шүүх хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас гаргасан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд болсон хурлын бүх тэмдэглэлийг авах хүсэлтийг ханган, шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгчээс захирамж гаргасан. Гэтэл шүүх хуралдаан эхлэхэд 2020 оны 05 дугаар сард болсон хурлын аудио бичлэгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзээд шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн орсон.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасныг зөрчөөд зогсохгүй мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр /энэ шийдвэрт хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан шүүгчийн захирамж/-ийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж, процессын алдаа гаргасан болно.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасан “шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах” үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь нотлогдохгүй байна. Үүнээс харахад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэг үндэслэлгүй нь нотлогдож байна. Мөн үндэслэх хэсгийн 2 дахь хэсгийн 2.2-т “... Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалыг эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул...” гэж нэхэмжлэгч Б.У-ыг нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/102 дугаар захирамжаар Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байтал шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад хайхрамжгүй хандаж, нотолгооны ач холбогдолгүй, нотлох баримтад тулгуурлаж тайлбарлаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь заалтыг зөрчсөн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дахь заалтад “нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд, Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 343 дугаар тогтоол гарч, тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоол хүргүүлэх тухай” 02/1833 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлсэн ба нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 343 тогтоолыг тус тус үндэслэн “Ц-ыг ажилд томилох тухай” 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамж гарсан.
Ц-ыг уг албан тушаалд томилоход албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлага хангаж байна. Үүнд: 1994 онд Шинжлэх ухаан техникийн их сургуулийг архитектороор, 1999 онд Шинжлэх ухаан техникийн их сургуулийг архитектор /магистрын зэрэг/, 2010 онд мэргэшсэн архитектор, 2019 онд Төрийн албаны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт, 2019 онд Зөвлөх архитектороор суралцжээ.
Мөн Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын даргын 2016 оны Б/02 дугаар тушаалаар тус газрын орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсноос хойш одоог хүртэл энэ салбарт ажиллаж байгаа зэргээс харахад Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж байна.
Гэтэл “Хариуцагчаас Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зарлахдаа үүссэн нөхцөл байдалд үнэлэлт өгөөгүй, нэхэмжлэгч Б.У-т боломж олгож, эрхийг нь эдлүүлээгүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий акт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ажлын байрны сул орон тоо гарсан гэж үзэх боломжгүй, албаны томилгоо хийх зайлшгүй шаардлага гарсан гэх нөхцөл байдал үүсээгүй байхад дараагийн томилгоог хийсэн гэх энэ үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудад нийцэхгүй гэж үзэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;”, 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас;” гэж заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох хуулийн зохицуулалтыг зөв хэрэгжүүлээгүй байх тул уг захиргааны актыг хууль бус гэж үзэн хүчингүй болгосон нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.3.2.3-т “төрийн бодлогын залгамж чанарыг хангах эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлнэ” гэж; 3.3.2.6-д “төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, цалин, хангамжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж; 3.3.2.7-д “төрийн албан хаагчид ...шударгаар өрсөлдөх боломж, нөхцөлийг бүрдүүлж, сонирхлын зөрчлийг хуулиар хязгаарлана” болон төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэх, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халах, чөлөөлөхийг хориглох зэрэг төрийн албанд шударга ёсыг хэрэгжүүлэх, хууль бус томилгоо, хөдөлгөөнийг таслан зогсоож, улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид болгох, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүд хийгдсэн...” гэж заасантай нийцэж байхад нийцэхгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.7-д заасныг зөрчсөн.
Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлөөс уг албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлах саналыг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс уг албан тушаал дээр тусгай шалгалтыг 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийтэд зарласан. Гэвч нэхэмжлэгч Б.Ут уг шалгалтыг өгөх боломж нээлттэй байсан ч өөрөө бүртгүүлээгүй нь шалгалтад орох боломж олгоогүй, эрхийг нь эдлүүлээгүй гэж үзэхээргүй байна. Шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий акт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ажлын сул орон тоо гарсан гэж үзэх боломжгүй, албаны томилгоо хийх зайлшгүй шаардлага гарсан гэх нөхцөл байдал үүсээгүй байхад дараагийн томилгоог хийсэн гэж илт буруу дүгнэсэн. Гуравдагч этгээд Ц нь албан тушаал бууруулсан тушаалтай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй, харин гуравдагч этгээд Ц-ыгалбан тушаал бууруулсан тушаалыг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгож, уг Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч Хот байгуулалт хөгжлийн газрын нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэрэг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд захиргааны хэрэг үүсгэсэн захирамж 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гарсан.
Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12-д тус тус заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.5-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү”,
Гуравдагч этгээд Ц-аас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэлд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо “... Нэхэмжлэгч Б.У-аас нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох урьд эрхэлж байсан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” гэсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1,24.2,24.4, төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т заасныг тус тус баримтын Б.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, түүнийг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоосугай гэж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Б.У нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/102 дугаар захирамжаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөн бөгөөд Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байгаагүй болно.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3 дахь заалтад “нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Б.У-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс 2020 оны 01 сараас хойш Ц-ын ажлыг шалгахад хугацаа алдсан 30 албан бичиг дарсан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан “Нисэх яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг” зөрчиж авто замын төлөвлөлтийн трасс дээр “Интерлаб” ХХК-д аялал жуулчлалын зориулалттай барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан тул албан тушаал бууруулсан. Үүнийг Ц эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаад явсан. Хожим 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоныхоо дараа өөрт холбогдох хэргийн нэхэмжлэлээсээ татгалзсан... гэж маргасан. Хэрэгт авагдсан баримт болон маргааны үйл баримтад дүгнэлт хийж үзвэл дээрх хууль бус захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.У-ыг албан тушаалаас чөлөөлснөөр түүний орлогч Ц-ыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ...” гэжээ.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.У нь 2020 оны 02-р сарын 07-ны өдөр Б/17 дугаартай “Ц-ын албан тушаалыг бууруулж томилох” тухай тушаал гаргасан. Үүнийг эс зөвшөөрч Ц миний бие нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд дээрх шийдвэрийг үндэслэлгүй гаргасан болохыг нотолсон тайлбар, гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах комисс тайлбар, гомдлыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан үзээд гаргасан дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” 160 дугаар тогтоол гарч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 06/827 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг ханган 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.У-т мэдэгдсэн. Гэвч үүнийг Б.У нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 09/1736 дугаартай албан бичгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан байдаг.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газар нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд миний бие Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ирээд Б.У-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан.
Мөн шүүх “Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 343 дугаар тушаалыг үндэслэн нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын даргаар томилох саналыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжаар Ц-ыг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар томилжээ. Гэтэл энэхүү албан тушаалтай холбоотой хэрэг маргаан Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Энэ талаар тус хэрэг маргааны талууд болох хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдэж байсан. Хариуцагчаас Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зарлахдаа үүссэн нөхцөл байдалд үнэлэлт өгөөгүй, нэхэмжлэгч Б.Ут боломж олгож эрхийг нь эдлүүлээгүй....” гэж дүгнэсэн.
Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 14/62 дугаар албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэг “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам’’-ын 2.2-т заасны дагуу нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олон нийтэд нээлттэй зарласан.
Ц миний бие Төрийн албаны тухай хууль, холбогдох журмын дагуу болзол шаардлагыг бүртгүүлж сонгон шалгаруулалтад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр оролцсон бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу:
- Хууль, эрх зүйн мэдлэгийн;
- Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадварын;
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадварыг сорил болон эссе, албан бичиг, шийдвэрийн төсөл боловсруулах даалгаврын;
- Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварыг ярилцлагын шалгалтыг тус тус өгч, ажиллаж байх хугацаан дахь үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг сүүлийн гурван удаагийн үнэлгээгээр үнэлүүлсэн байдлыг үнэлж, нийт 107.2 оноо авч шалгарсан болно. Сонгон шалгаруулалтад 2 оролцогч оролцсон бөгөөд нэхэмжлэгч Б.У оролцох бүрэн боломжтой нээлттэй байсан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч Б.У нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гарган захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гарсан байна. Хариуцагч тал 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан байдаг. Энэ нь нэхэмжлэгч Б.У шүүхэд нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүссэн шүүгчийн захирамж гарахаас өмнө Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлагдан явагдсан нь нотлогдож байна.
Мөн гуравдагч этгээд болох надад 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэж 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж авсан. Гэвч шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт /шийдвэрийн 14 дүгээр хуудас тал/ уг албан тушаалтай холбоотой маргааны талаар гуравдагч этгээд мэдэж байсан гэж илт ташаа дүгнэсэн байна.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий акт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ажлын байрны сул орон тоо гарсан гэж үзэх боломжгүй албаны томилгоо хийх зайлшгүй шаардлага гарсан гэх нөхцөл байдал үүсээгүй байхад дараагийн томилгоог хийжээ. Энэхүү үйлдэл нь шинээр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал болсон Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.3.2.3-т “төрийн бодлогын залгамж чанарыг хангах эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлнэ” гэж; 3.3.2.6-д “төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, цалин, хангамжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж; 3.3.2.7-д “төрийн албан хаагчид ...шударгаар өрсөлдөх боломж, нөхцөлийг бүрдүүлж, сонирхлын зөрчлийг хуулиар хязгаарлана” болон төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэх, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халах, чөлөөлөхийг хориглох зэрэг төрийн албанд шударга ёсыг хэрэгжүүлэх, хууль бус томилгоо, хөдөлгөөнийг таслан зогсоож, улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид болгох, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүд хийгдсэн...” гэж заасантай нийцэхгүй байна...” гэж дүгнэсэн.
Ц миний бие Техникийн Их сургуулийг 1994 онд Архитектор-инженер мэргэжлээр төгсөж 1999 онд “Архитектур” техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан бөгөөд 2010 онд мэргэшсэн архитектор, 2020 онд Монгол Улсын зөвлөх архитектор цол хамгаалсан. Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг өгч тэнцэн 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.
Нийслэлийн Газрын албанд 2007 оноос Газар зохион байгуулалтын хэлтсийн хот байгуулалтын мэргэжилтэн, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, 2009 оноос Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн даргаар 2013 он хүртэл ажилласан. 2013 онд бүтцийн өөрчлөлт хийгдэж улмаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт шилжин Хот байгуулалтын хэлтэст ахлах мэргэжилтэн, Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажилласан бөгөөд 2016 онд Нийслэлийн Хот, төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга, 2018 онд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/203 дугаар захирамжаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Хот, төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан Хот байгуулалт хөгжлийн газарт Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/46 дугаар захирамжаар тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн томилсон бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.У-ыг томилсонтой холбоотойгоор 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс Хот байгуулалт хөгжлийн газрын орлогч даргаар ажилласан. Энэ хугацаанд Төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А/0327 дугаартай сертификат авсан.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/66 дугаар захирамжаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс олон нийтэд нээлттэй зарласан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр оролцож шалгаран Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 343 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 14-ий өдрийн “Тогтоол хүргүүлэх тухай” 02/1833 дугаар албан бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлснээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Ц-ыг ажилд томилох тухай” Б/163 дугаар захирамж гарч Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар томилогдон ажиллаж байна. Миний бие төрийн албанд 14 жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж Төрийн албаны мерит зарчмын дагуу шатлан дэвшиж явсаар өнөөдрийг хүрсэн.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/66 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилох, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.3.2.3-т “төрийн бодлогын залгамж чанарыг хангах эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бүрдүүлнэ” гэж; 3.3.2.6-д “төрийн албан хаагчид тавигдах ёс зүй, мэдлэг, чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, цалин, хангамжийг нэмэгдүүлж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж, 3.3.2.7-д “төрийн албан хаагчид ...шударгаар өрсөлдөх боломж, нөхцөлийг бүрдүүлж, сонирхлын зөрчлийг хуулиар хязгаарлана” гэж заасан болон төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэх, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халах, чөлөөлөхийг хориглох зэрэг төрийн албанд шударга ёсыг хэрэгжүүлэх, хууль бус томилгоо, хөдөлгөөнийг таслан зогсоож, улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид болгох, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүд хийгдсэн...” гэж заасантай нийцэж байхад нийцэхгүй гэж дүгнэсэн.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.7 дахь заалтыг зөрчиж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Б-аас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн бодитой дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн зэрэг нь бичгээр гарсан шүүхийн шийдвэрт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч З.Б миний гаргасан тайлбаруудад дүгнэлт хийгээгүй, үүгээр ч зогсохгүй шүүх хуралдаанд оролцоогүй, ямар ч тайлбар гаргаагүй, мэтгэлцээгүй мэтээр шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт ганц ч үг, өгүүлбэр байхгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана” гэж заасныг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байгаагаас харж болно.
Нэхэмжлэгч Б.У-ыг хуульд заасан журмын дагуу томилсон эсэх талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийн талаар: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.У-ын ажилласан жил, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгуурыг хангаж ажиллаж байсан мэтээр тайлбарлаж, хуульд заасны дагуу томилогдсон нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй хэмээн тайлбарладаг.
Хавтаст хэргийн 10 дугаар талд Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1626 тоот хариу хүргүүлэх тухай албан бичигт Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж томилохдоо Төрийн албаны тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн талаар албан бичгийг шүүхэд ирүүлсэн байдаг. Үүнд: Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1-т “байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч”, 43.3.3-т бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх” гэж заасныг зөрчсөн, Төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгөөгүй, Төрийн албаны зөвлөл /салбар зөвлөлийн/-өөс тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлээгүй байхад түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Иймд Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байх тул таны гомдлыг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх боломжгүй гэсэн албан ёсны хариуг ирүүлсэн байдаг.
Төрийн албаны зөвлөл бол Төрийн албаны төв байгууллага бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах мэргэжлийн байгууллага юм.
Гэтэл шүүх мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг үнэлэхгүйгээр зөвхөн өөрийн дотоод итгэл үнэмшлээр нэхэмжлэгч Б.У-ыг хуулийн дагуу томилогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаас хальж, хууль бус дүгнэлт хийж байна.
Захиргааны хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх хугацаа олгосон, хариуцагч гуравдагч этгээдийн зүгээс ямар нэгэн баримтыг ирүүлээгүй гэх дүгнэлтийн тухайд: Гуравдагч этгээдийн өмгөөлөгчид нотлох баримт бүрдүүлэх хугацаа олгоогүй, мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй, шүүх нотлох зарчим хэрэгжүүлэлгүйгээр яарч шийдвэрлэсэн.
Учир нь, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн Ц.-ын өмгөөлөгчөөр миний бие 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцаж, тухайн өдрөө шүүх хуралдаанд оролцож нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан.
Анхан шатны шүүгчийн зүгээс “Өмнө нь шүүх хуралдаан 2 удаа хойшилсон тул дахин хойшлоод баймааргүй байна... танд ажлын 3 хоногийн дотор нотлох баримтаа бүрдүүлэх боломжийг олгож байна” гээд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдааныг товлосон.
Өмгөөлөгч миний бие үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд ажлын 3 хоногийн дотор өөрийн бүхий л нөөц бололцоонд тулгуурлан “Б.У-ынажлаас халагдах өдрийн Зөвлөлийн хурлын видео бичлэг, Б.У-ынүүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байсан талаарх аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн гомдол” зэргийг олж чадсан ч 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Засаг даргын Зөвлөлийн хурлын протокол, тэмдэглэлийг “Хуулбар үнэн” тэмдэг даруулан нотлох баримтын шаардлага хангаж авчруулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж авалгүйгээр хэргийг цааш үргэлжлүүлсэн.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.4-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” хэмээн заасан мэтгэлцэх зарчим, тэгш эрхийг хангах зарчмууд бүрэн утгаараа хэрэгжээгүй.
Шүүх нотлох баримтыг бүх талаас нь бүрэн бодитой үнэлэлгүйгээр “...албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, байгууллагын үйл ажиллагааг мэргэшлийн удирдлагаар хангаж ажиллаагүй, албан тушаалд тавигдах Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангахгүй байгаа” тухай нэг ч баримтыг ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар Б.У-ыг үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөхдөө дараах 3 зүйлийг үндэслэл болгосон байдаг. Нэгдүгээрт, Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хоёрдугаарт, байгууллагын үйл ажиллагааг мэргэшлийн удирдлагаар хангаж ажиллаагүй, гуравдугаарт, төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангахгүй байгаа гэх үндэслэлүүд бий.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртээ Б.Уыг халсан дээрх 3 үндэслэлийг нотлох нэг ч баримт байхгүй мэтээр дүгнэлт хийсэн нь хууль бус дүгнэлт болсон тул дараах байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар тайлбарлая.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны 1-р үндсэн зорилгын хүрээний 1.4-т Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрт тусгагдсан инженерийн дэд бүтцийн хангамжийн төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хүлээсэн байдаг.
Б.У нь дээрх ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй талаар нийслэлийн засаг дарга С.Амарсайхан 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Зөвлөлийн хуралд хэлсэн үгнээс тодорхой харагдаж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй иргэдээс авилга, шан харамж нэхдэг, ажил үүргээ хангалтгүй биелүүлдэг Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.У гэж цоллон түүний хууль бус шийдвэр гаргалт, түүний мэргэжлийн чадвар чадамжгүй байдлыг хэлж ажлаас чөлөөлөх талаар дурдсан байдаг.
Мөн байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаагүй талаар хэрэгт хэд хэдэн бичгэн нотлох баримт цугларсан байдаг. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар Ц-ыг албан тушаалыг бууруулсныг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тогтоолоор хүчингүй болгож, Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргын ажилд эгүүлэн тогтоосон. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Б.Ц-ыг чөлөөлж, өөр ажилд томилсныг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 227 дугаар тогтоолоор хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон байдаг. Б.У нь төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлдөг, тушаал буруулдаг үйлдлийг удаа дараа гаргаж байсныг Төрийн албаны зөвлөлөөс залруулж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож, ажлын байрны тодорхойлолтод заасан байгууллагыг “...мэргэжлийн удирдлагаар хангах” үүргийг хангалгүй биелүүлж байсан нь хангалттай харагддаг.
Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангахгүй байгаа талаар Б.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид хүлээн зөвшөөрдөг бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс тусгай шалгалт зарлахыг хүлээж байсан гэж тайлбарладаг.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамж гарах үед Б.У нь тухайн албан тушаалын тусгай шалгалтыг өгөөгүй байсан нь нэхэмжлэгчийн болон хариуцагчийн тайлбар, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгүүдээр тус тус нотлогддог.
Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагын хүрээнд анхан шатны шүүх нотлох баримтыг бүх талаас нь бүрэн бодитой үнэлээгүй, хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлтүүдийн талаар: анхан шатны шүүх нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагын хүрээнд мэтгэлцсэн талуудын байр суурьд дүгнэлт хийгээгүй, гуравдагч этгээдийн өмгөөлөгч, төлөөлөгчийн байр суурийг тусгаагүй, Ц-ыг2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн албан тушаалаас бууруулсантай холбоотой асуудлын маргааны зүйл мэтээр тайлбарлаж бичсэн гэхчилэн байж боломгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйлсийг бичиж ноцтой алдаа гаргасан байна.
Учир нь гуравдагч этгээдийн өмгөөлөгчдийн зүгээс Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй зарласан Нийслэлийн Хот байгуулалт, Хөгжлийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр оролцож 107.2 оноогоор тэнцсэн.
Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Нэр дэвшүүлж санал болгох тухай” 343 тогтоолыг нийслэлийн Засаг даргад хүргүүлсний дагуу нийслэлийн засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 27.1.1 үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б/163 захирамжаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар томилсон, нийслэлийн засаг даргын томилгоо хуульд заасан бүх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр томилгоо гэж маргалдсан.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нь Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий шаардлагыг хангаж, тусгай шаардлага (тухай албан тушаалын шалгалт)-г хангаж томилогдсон байхад хууль бусаар томилогдсон этгээдийн хууль бус шаардлагын дагуу төрийн албанаас чөлөөлөгдөх шийдвэр гаргаж байгаа анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм.
Цаашилбал, анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ “хариуцагчаас Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зарлахдаа үүссэн нөхцөл байдалд үнэлэлт өгөөгүй, нэхэмжлэгч Б.У-т боломж олгож, эрхийг нь эдлүүлээгүй” гэх нотлох баримтгүй, хуульд нийцээгүй тайлбарыг хийсэн.
Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д зааснаар төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах нь Төрийн албан зөвлөлийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Төрийн албаны зөвлөл өөрийн цахим хуудсаараа дамжуулан тусгай шалгалтын зарыг оруулсан бөгөөд тус шалгалтад Цтай хамт шаардлага хангасан 1 иргэн шалгалт өгсөн байдаг. Гэтэл Б.У-аас нууж, зөвхөн Ц-д зориулж шалгалт авсан мэтээр дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.
Түүнчлэн шүүх хариуцагч болон гуравдагч этгээд нь маргаан бүхий акт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ажлын байрны сул орон тоо гарсан гэж үзэх боломжгүй, албаны томилгоо заавал гарсан гэх нөхцөл байдал үүсээгүй байхад дараагийн томилгоог хийжээ гэх мэтчилэн дүгнэлт бүр нь хуульд нийцээгүй, хариуцагчийг өөрөө тусгай шалгалтыг зарлаад, өөрөө шалгаруулаад, Ц-ыг томилсон мэтээр нотлох баримтгүй дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй болохыг дахин дахин дурдах нь зүйтэй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын орон тоонд тусгай шалгалт явуулахгүй байх, тухайн орон тоонд аливаа этгээдийг томилохгүй байх хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс гаргаагүй, шүүхийн зүгээс сул орон тоонд бусад этгээдийг томилохгүй байх захирамж шийдвэр гаргаагүй байсан болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагын хүрээнд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлдээ Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал болсон Улсын Их Хурлын 2010 он 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.3.2.3, 3.3.2.6, 3.3.2.7 дахь заалтуудыг удирдлага болгосон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал болсон Улсын Их Хурлын 2010 он 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” Захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Цаашилбал, хэргийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоогоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитоор үнэлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаас хальж дүгнэлтүүдийг хийсэн учир Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь заалтуудыг үндэслэл болгож 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.У-аас “нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх “...хариуцагчаас Б.У-ыг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг удаа дараа гаргаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгаж байх боловч яг ямар хууль бус шийдвэр гаргасан, түүний улмаас ноцтой үр дагавар үүссэн, ямар үүрэг даалгавар биелүүлээгүй талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасантай нийцээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/102 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.У-ыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг тус тус үндэслэн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, байгууллагын үйл ажиллагааг мэргэшлийн удирдлагаар хангаж ажиллаагүй, албан тушаалд тавигдах Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр түүнийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн байна.
Дээрх А/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хандсан байх бөгөөд энэхүү гомдолд Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 09 дугаар сарын 09-ний өдөр 01/1626 дугаар албан бичгээр “...Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байх тул таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгчээ.
Нэхэмжлэгчээс “...хариуцагчаас албаны ямар чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, байгууллагын үйл ажиллагааг хэрхэн мэргэшлийн удирдлагаар хангаагүй, ямар хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг удаа дараа гаргаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллагаагүй вэ гэдгийг тодорхой болгоогүй атлаа үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн нь үндэслэлгүй” хэмээн маргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно”, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.3-д “Энэхүү журмын 3.3-т заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан үүргийг дараах журмаар түр орлон гүйцэтгүүлнэ” 4.3.2-т “дэд дарга, орлогчгүй байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар”, 5.4-д “Эзгүй байгаа албан хаагчийн болон сул орон тоо гарсан албан тушаалын албан үүргийг энэ журамд зааснаас бусад этгээдээр түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн албан үүрэг гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосон маргаан бүхий Б/65 дугаар захирамж нь түүний төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах, хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй, анх үүрэг гүйцэтгэгчээр томилсон нийслэлийн Засаг даргын Б/102 дугаар захирамжид нэхэмжлэгчийг түр хугацаанд томилж буй талаар тусгасан тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар уг захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй. Үүрэг гүйцэтгэгч гэдэг нь тухайн албан тушаалд жинхлэн томилогдсон гэсэн үг биш, харин тухайн албан тушаалд хуульд заасан болзол, журмын дагуу жинхлэн томилогдох хүртэл хугацаанд уг албан тушаалыг түр орлон гүйцэтгэх ойлголт юм.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар зохицуулсан.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.У нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар тус газрын орлогч дарга Ц-ыгалбан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж түүнийг албан тушаал бууруулж, Хот төлөвлөлтийн хэлтэст архитектороор, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн Барилгын хяналтын инженер Б.Цэцэгжаргалыг албан тушаал бууруулж Захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллуулахаар болжээ.
Дээрх тушаалуудыг эс зөвшөөрч гаргасан Ц, Б.Ц нарын гомдлыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалгасан Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн албаны зөвлөл Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн Б/17, Б/27 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, Ц болон Б.Ц нарыг өмнө нь ажиллаж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.У-т үүрэг болгосон байна.
Нэхэмжлэгч Б.У нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс уг албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан байх бөгөөд дээр дурдсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэрүүдийг удаа дараа гаргаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, тухайн гарсан гэх зөрчлүүдтэй холбоотой чөлөөлсөн талаар хариуцагч бичгийн тайлбаруудыг ирүүлсэн байхад дээрх маргаан бүхий актын үндэслэл болсон зөрчил нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Нэгэнт нэхэмжлэгч Б.У нь уг албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хугацаандаа хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг удаа дараа гаргаж, хуулиар хүлээсэн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, байгууллын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаагүй гэсэн зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” 160 дугаар тогтоол, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” 227 дугаар тогтоол болон “Би” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20/046 дугаар гомдол зэрэг баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:”, 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл” гэж заасны дагуу нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн нь хуульд нийцсэн, энэ захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзлээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;”, 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна.” гэж тус тус зааснаар төрийн албаны сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасан төрийн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох зохицуулалттай.
Гэтэл нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан үндэслэлээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байх боловч төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, Төрийн албаны зөвлөлөөс тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлээгүй байхад түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн байна.
Улмаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас тус орон тоог нөхөх хуулийн зохицуулалттай.
Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 14/62 дугаар албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалтыг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олон нийтэд зарлаж, энэхүү сонгон шалгаруулалтад гуравдагч этгээд Ц оролцож шалгарсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 343 дугаар тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргын Б/163 дугаар захирамжаар түүнийг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар томилсон нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байх бөгөөд энэхүү сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Б.У-ын хувьд оролцох эрх нь нээлттэй байсан, энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
Мөн Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцох боломжтой талаар мэдэгдсэн нь түүнийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалд жинхлэн томилсон гэсэн утга биш, нөөцөд байгаа этгээд нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2,33.3-д заасны дагуу тусгай шалгалт өгч, зохих журмын дагуу нэр дэвшүүлж, мерит болон шатлан дэвшүүлэх зарчмын дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан баталгаагаар хангагдах учиртай.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.У-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар захирамж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ