Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 928

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Пын О , 

Нэхэмжлэгч: Нийн Г , 

Нэхэмжлэгч: Ч ын А , 

Нэхэмжлэгч: Р ын Г  нарын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох 

Гуравдагч этгээд: “Х” ХХК, 

Гуравдагч этгээд: “Э” ХХК, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол ...с байрны .. тоот орон сууцны өмчлөгчөөр П.О ыг, .. тоот орон сууцны өмчлөгчөөр Ч.А ыг, .. тоот орон сууцны өмчлөгчөөр Р.Г ийг, .. тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Н.Г г тус тус бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: 

ТОДОРХОЙЛОХ нь:

П.О , Н.Г , Ч.А , Р.Г  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэгч П.О  нь 2002 онд “Э” ХХК-д хайгуул, геологийн инженерээр, Н.Г  2003 онд “Э” ХХК-д микроавтобусны жолоочоор, Р.Г  нь 2003 онд “Э” ХХК-д маркшейдер инженерээр, Ч.А  нь “Э” ХХК-д ашиглалтын инженерээр тус тус ажилд орсон юм. 

Ажилд орсон цагаас эхлэн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажил олгогч компанийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт тогтоосон хугацаанд сайн гүйцэтгэж, ажил хөдөлмөртөө үнэнчээр хандаж, шинэ санал, санаачлага дэвшүүлэн идэвхи зүтгэлтэй ажилласныг компанийн удирдлагын зүгээс үнэлж хэрэв компанид тогтвор суурьшилтай, удаан жил ажилласан тохиолдолд компанийн зүгээс орон сууц авч өгнө гэж амласан юм.

Компанийн зүгээс доод тал нь 6 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллахыг санал болгосныг бид зөвшөөрч 2008 оны 8 дугаар сард “Тогтвортой ажлын гэрээ”-г компанитай тус бүр байгуулсан юм. Уг гэрээнд худалдан авахаар сонирхож буй орон сууцыг ажилчид өөрсдөө хайж олохоор, олсон байрны зах зээлийн үнийг компанийн удирдлага зөвшөөрсөн тохиолдолд компани худалдан авч гэрээний хугацаа дуусах хүртэл компанийн нэр дээр орон сууцнуудыг бүртгэхээр гэрээнд заасан юм. 

Бид Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороололд байрлах ...с байрны .. тоотыг П.О , .. тоотыг Ч.А , .. тоотыг Р.Г , .. тоотыг Н.Г  сонгосон юм. Уг байруудыг санал болгоход компанийн зүгээс зөвшөөрч уг байруудыг худалдан авч улмаар бидэнтэй 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус бүр нэмэлт гэрээ байгуулсан юм. 

Бид 2009 оны эхэн үеэс уг байруудад нүүж орсон бөгөөд өнөөдрийг хүртэл амьдарч эзэмшиж, ашиглаж холбогдох ашиглалтын зардал, засвар үйлчилгээг өөрсдийн хөрөнгөөр хийсээр ирсэн.

Компанитай байгуулсан тогтвор суурьшилтай удаан жил ажиллуулах гэрээ нь 6 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд 2014 оны 8 дугаар сард дууссан юм. Бидний зүгээс гэрээний хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр гүйцэтгэж тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажиллах үүргээ биелүүлсэн боловч компани бидэнд орон сууцнуудыг шилжүүлж өгөөгүй. 

Гэрээний хугацаа дуусах үед компаниас орон сууцаа шилжүүлэн өгөхийг шаардсан боловч ямар нэгэн шалтгаан тоочиж, эл асуудал тодорхой бус байдалтай байсан тул бид хамтран иргэний хэргийн шүүхэд хандсан юм. 

Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00412 дугаартай шийдвэрээр дээр дурдсан орон сууцнуудын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, бидний нэр дээр тус бүр шилжүүлж өгөхийг компанид даалгасан. 

Шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр бүртгүүлэхээр Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүргэлийн хэлтэст хандсан боловч 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 8/1327 дугаартай албан бичгээр татгалзсан хариуг бидэнд ирүүлсэн. 

Дүүргийн бүртгэлийн эл хариуг хуульд нийцээгүй гэж үзэн хүчингүй болгуулахаар дээд шатны байгууллагад гомдол гаргахад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 7/6668 дугаартай албан бичгээр таггалзсан хариуг мөн ирүүлээд байна. 

Татгалзаж буй албан бичгийн үндэслэлдээ “Маргаан бүхий орон сууцнууд нь Хны барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус тус захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул бүртгэх боломжгүй” гэж тайлбарлаж, хууль ёсоор өмч хөрөнгөтэй болох, өмчлөх эрх шударгаар олж авах бидний эрхийг зөрчсөн үйлдэл болсон юм.

“Э” ХХК нь өмчлөлийн талаар маргаагүй, иргэний шүүхийн шийдвэрт давж заалдах хугацаагаа хэтрүүлсэн, төлбөр тооцооны болон гэрээгээр хүлээсэн ямар нэг үүрэгтэй. Мөн дээрх банкны барьцаанд тавьсан үйлдэл нь Бидний өмч хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Монгол Улсын Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэпд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” мөн хуулийн 114 дүгээр зүйлд өмчлөх эрхийг шударгаар олж авах гэж тус тус заасан нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, ...с байрны .. тоот орон сууцны өмчлөгчөөр П.О ыг, .. тоот орон сууцны өмчлөгчөөр Ч.А ыг, .. тоот орон сууцны өмчлөгчөөр Р.Г ийг, .. тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Н.Г г тус тус бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг бидний нэр дээр олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгнйн эрхийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч М.У******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“... Эрхийн Улсын бүртгэлийн Ү-220402...., Ү-220402..., Ү-220402...., Ү- 220402.... дугааруудад бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны .., .., .., .. тоот орон сууцны өмчлөгчөөр “Э” ХХК бүртгэлтэй байх бөгөөд “Х”’-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 2/6447, 2010 оны 1/2972, 2/10580, 2012 оны 2/1717, 2013 оны 2/3482, 2016 оны 3/14348 албан тоотоор тус тус захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна. 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Э” XXК өмчлөлд бүртгэхдээ холбогдох нотлох баримтыг үндэслэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”’-ийн дагуу бүртгэсэн байна. 

Тухайн эд хөрөнгүүдийг “Э” ХХК-ийн өмчлөлөөс иргэдийн өмчлөлд шилжүүлэн бүртгэл хийхдээ “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”’-ийн 19, 24 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэлийг хийнэ. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэх үүрэгтэй ...” “Э” ХХК нь тухайн орон сууцуудыг барьцаалан “Х”-аас зээл авсан бөгөөд тухайн барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” хэмээн заасан байдаг.

Тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас удаа дараа түдгэлзүүлсэн байх тул захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд дур мэдэн өөрчлөлт оруулах боломжгүй юм.

Иимд эрх шилжүүлэх бүртгэлийг хийхдээ дээрх холбогдох хуулийн дагуу “Х”-ны холбогдох зөвшөөрөл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас эрх сэргээсэн албан бичиг болон бусад нотлох баримтыг бүрдүүлэн бүртгэлийн байгууллагад хандан бүртгэл хийлгэх боломжтой юм” гэжээ. 

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“... Нэхэмжлэгч нарын өмчлөлдөө бүртгүүлэхээр шаардаж буй улсын бүртгэлийн Ү-224024..., Ү-220402..., Ү-220402...., Ү-220402.... дугааруудад бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ... дугаар хороолол, Намьянжугийн гудамж ... дугаар байрны ....,..., ., ... дугаар орон сууцууд нь “Э” ХХК-ийн манай банкнаас авсан зээлүүдийн барьцаанд удаа дараа барьцаалагдаж байсан. 

Манай банк дээрх орон сууцуудыг зээлийн барьцаанаас чөлөөлж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг зээлдэгчид хүлээлгэн өгсөн болно. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаашид манай банк оролцохгүй болно. 

Жич: Эдгээр орон сууцууд нь удаа дараа манай банкнаас “Э” ХХК-д олгосон зээлүүдэд барьцаалагдаж байсан тул аль нэг зээлийн барьцаанаас чөлөөлөгдөөгүй байх магадлалтай учир бүртгэлтэй гэрээг тодруулан ирүүлбэл зээлдэгчид чөлөөлсөн албан тоотыг гарган өгөхөд татгалзах зүйлгүй” гэжээ. 

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“... Тус шатны шүүхэд иргэн П.О , Н.Г , Р.Г , Ч.А  нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох манай компани дараах тайлбарыг гаргаж байна. 

Манай компани нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хөрөнгө оруулалттай дотоодын аж ахуйн нэгж юм. Нэхэмжлэгч нар нь манай компанийн ажилтан, албан хаагчид бөгөөд олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа компанийн голлох мэргэжилтнүүд юм. Эдгээр ажилчдыг тогтвор суурьшилтай удаан жил ажиллуулах үүднээс нийгэм, ахуй амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор орон сууц худалдан авахад нь дэмжиж тусалсан. 

Эдгээр ажилчдыг тогтвортой ажиллах хугацаанд маргаан бүхий орон сууцнуудыг компани өөрийн нэр дээрээ бүртгэлжүүлж, банкны зээлийн барьцаанд тавьж компанийн үйл ажиллагаанд ашиглаж байсан юм. Ажилчидтай байгуулсан гэрээний хугацаа дуусах үед банкны барьцаатай холбоотойгоор ажилчдын нэр дээр шилжүүлэн өгөх боломжгүй байсан. Орон сууцыг шилжүүлэн өгөх асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Тус шатны шүүхэд хянагдаж байгаа захиргааны хэргийн маргааны үйл баримт нь нэхэмжлэгч нарын нэр дээр орон сууцнуудыг бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын хууль бус үйлдэлтэй холбоотой гэж ойлгож байна. 

Манай компанийн хувьд иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа бөгөөд нэхэмжлэгч нарын орон сууцтай холбоотой бие даасан шаардлага болон татгалзал байхгүй гэдгээ ийнхүү уламжилж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ... дугаар хороолол, Намьянжугийн гудамж ... дугаар байрны ..... .. . , .. тоот орон сууцуудыг өөрсдийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй “Э” ХХК нь 2008 онд нэхэмжлэгч П.О , Н.Г , Р.Г , Ч.А  нартай “Тогтвортой ажлын гэрээ”-г 6 жилийн хугацаагаар байгуулж, тэдний нийгэмийн асуудлыг шийдвэрлэх, ахуй амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор  сонгож авсан орон сууцуудыг худалдан авч, гэрээний хугацаанд компаний нэр дээр бүртгүүлэн, бусдаас авсан зээлийн барьцаанд тавьсан байна. 

“Э” ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 1432 дугаар, 2012 оны 1312 дугаар шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт болон Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс руу 2009 оны 2/6447, 2010 оны 1/2972, 2010 оны 2/10580, 2012 оны 2/1717, 2013 оны 2/3482 тоот албан бичгүүдээр тус компаний үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь, 2016 оны 3/14348 тоот албан бичгээр маргаан бүхий дээрх орон сууцуудыг зээлийн барьцаанд байгаа учир үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байжээ. 

Нэхэмжлэгч нар “Тогтвортой ажлын гэрээ”-ний дагуу орон сууц өмчлөх эрхтэйг тогтоолгох үүднээс иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0412 дугаар шийдвэрээр хариуцагч “Э” ХХК-д Баянзүрх дүүргийн 25  дугаар хороо 13-р хороолол ...с байрны .. тоот орон сууцыг нэхэмжлэгч П.О ын, .. тоот орон сууцыг Ч.А ын, .. тоот орон сууцыг Р.Г ийн, .. тоот орон сууцыг Н.Г гийн өмчлөлд  тус тус шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ. 

Хэдийгээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хнаас дээрх орон сууцуудыг барьцаа хөрөнгөнөөс чөлөөлсөн тухай албан бичиг, иргэний шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэх тодорхойлолт хэрэгт авагдсан ч гэсэн гуравдагч этгээд “Э” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн албан бичиг удаа дараа хүргүүлсэн байхад үл хөдлөх эд хөрөнгийг бүртгээгүй хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нарын нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “Шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан”, 20.5-д “Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу хариуцагчийн маргаан бүхий орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас ирээгүй гэх үндэслэлээр бүртгэлд өөрчлөлт оруулахыг татгалзсан үйлдэл нь хуульд нийцсэн гэж үзлээ. 

Харин “Э” ХХК-иас дээрх орон сууцуудыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэхийг даалгасан Иргэний шүүхийн шийдвэрийн дагуу Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэх явцад тухайн эд хөрөнгийн өмчлэх эрхийг сэргээсэн тохиолдолд эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн хууль журамд заасны дагуу бүртгэлийн байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх эрх нэхэмжлэгч нарт болон “Э” ХХК-д нээлттэй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хамааралгүй болно. 

Иймд нэхэмжлэгч П.О , Р.Г , Ч.А , Н.Г  нарын шүүхэд гаргасан “Баянзүрх дүүргийн .. дугаар хороо 13-р хороолол ...с байрны .. .. ..,.. тоот орон сууцуудын өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлэх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,  106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.5-д тус тус заасныг баримтлан  нэхэмжлэгч П.О , Р.Г , Ч.А , Н.Г  нарын “Баянзүрх дүүргийн .. дугаар хороо 13-р хороолол ...с байрны ... .. ..,.. тоот орон сууцуудын өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлэх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЮУМАА