Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01078

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/03357 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 466 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “А” ХХК

          Хариуцагч: Д.Ж

          Гуравдагч этгээд “К” ХХК

    Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам, 26/11 тоот орон сууц болон өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч болон гуравдагч этгээд төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, З.Б, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК болон Жи Ди ХХК-ийн захирал У.Баатар нар 2012-10-18-ны өдөр 01/2012 тоот орон сууцны байраар бартерийн солилцоо хийх хэлцлийн гэрээг Тот Ком Сервис ХХК-тай байгуулсан. Уг гэрээгээр Тот Ком Сервис ХХК Изриаль улсын бараа материал, тоног төхөөрөмжийг манай компанийн барьж буй барилгад 2012-11-30-ны өдрийн дотор нийлүүлж, угсарч хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Харин  Жи Ди ХХК нь У.Баатарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн ам /17090/, 26/7 тоот 14 айлын амины орон сууцны цогцолборын 145,28 м.кв талбай бүхий 7 тоот байшинг барилгын бүрэн засалтай нөхцөлөөр,  автомашины 2 гараашийн хамт гэрээний төлбөрт тооцон бартераар солилцох замаар Тот Ком Сервис ХХК-д шилжүүлэх үүрэг хүлээсэн. Жи Ди ХХК нь шилжүүлэх ёстой байсан үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үед эрхийн маргаантай байсан тул үүний оронд А ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй адил хэмжээний эд хөрөнгийг 2013-01-16-ны өдөр  бэлэглэлийн гэрээгээр Тот Ком Сервис ХХК-ийн захирал Д.Жы өмчлөлд шилжүүлсэн. 2013-06-18-ны өдөр талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 01/2012 тоот орон сууцны байраар бартерийн солилцоо хийх хэлцлийн гэрээг цуцлан, шинэ нөхцөлөөр буюу бүх төлбөр тооцоог мөнгөн хэлбэрээр гүйцэтгэхээр 18/2013 тоот Бараа, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг 2013-06-20-ны өдөр шинээр байгуулсан. 2013-01-16-ны өдөр байгуулсан Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг анхнаасаа хариу төлбөргүйгээр бэлэглэх бус, харин дээр дурдсан цуцлагдсан орон сууцны байраар бартерийн солилцоо хийх хэлцлийн гэрээний төлбөр төлөх үүргийг гүйцэтгэх үүднээс дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан. Бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг Д.Ж өнөөг хүртэл буцаан шилжүүлэхгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иймд 2013-01-16-ны өдрийн “аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Д.Ж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй явдлыг  зогсоож, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн  орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 4-р хороо Нүхтийн аманд байрлах 146,94 м.кв бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг А ХХК-ийн нэр дээр буцааж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: Аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн асуудал бол анхны бартераар тохирсон гэрээнд тусгасны дагуу энэ эд хөрөнгө  шилжсэн. Дараа нь Жи ди ХХК бараа тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ болгож өөрчилсөн боловч 2016 он хүртэл төлбөр төлөгдөхгүй байсан учраас Жи ди ХХК-ийн захирал У.Баатарт “...үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанд тавьж алдагдлаа нөхлөө..” гэдгийг утсаар болон албан тоотоор мэдэгдсэн. Үүний  дагуу Кинд барьцаанд тавьсан. Энэ талаар У.Баатар өөрөө сайн мэдэж байх ёстой. 2012 оны гэрээний асуудал шийдэгдэхгүй байсан учир 2016 онд бид нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн гурван шатны шийдвэр гараад шийдвэр гүйцэтгэл дээр өнөөдрийг хүртэл төлбөр нь төлөгдөхгүй явж байгаа. 2013-01-16-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар 2017 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: А ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээ 2012 оны 10 сард байгуулсан гэж байна. Манай банктай 2014 онд гэрээ байгуулагдаж, зээл олгосон. Бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Жы өмчлөлийн хөрөнгийг барьцаалж зээл олгосон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/03357 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар А ХХК, Д.Ж нарын хооронд 2013.01.16-ны өдөр байгуулагдсан аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 26/11 тоот хаягт байрлах аялал жуулчлалыг зориулалттай 146.94 м.кв талбайтай, 000215076 өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Ү-2206021845 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг Д.Жд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 448 560 төгрөг гаргуулж, А ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 466 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/03357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч хяналтын гомдолдоо: Хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан 2018-02-12-ны өдрийн 08:30 цагаас эхэлсэн шүүх хуралдааны 7 дахь хуралдаанаар зарлагдсан байсан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь 09:00 цагт  хүрэлцэн ирэхэд шүүх хуралдаан орсон байсан. Учрыг тодруулахад “...7 дахь шүүх хуралдааны өмнө байсан шүүх хуралдаанаас заримыг нь хойшлуулж, хойно дараалалтай байсан шүүх хуралуудыг оруулсан...” гэсэн тайлбар өгсөн. Хурлаас хоцорсон бухимдалтай бусад хэргийн оролцогчид ч байсан. Миний бие давж заалдах шүүх хуралдаанд бичгээр гаргасан гомдолдоо өмгөөлөгчийн хамт биечлэн оролцож гомдлын үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлах хүсэлтээ илэрхийлсэн. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарыг байлцуулалгүйгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулан шүүх хуралдаан хийсэн нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим алдагдаж шийдвэрлэсэн шүүх хуралдаан болсон гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй. Нэхэмжлэгч 2013-06-20 өдрийн 18/2013 тоот Бараа тоног төхөөрөмж суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчид төлбөрөө зохих ёсоор өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан, Улсын Дээд шүүхийн тогтоолоор тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл, энэхүү хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр хүртэл нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үлдэгдэл 16 сая төгрөг байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл шүүх хөрөнгө шилжүүлсэн этгээд болох “А” ХХК иргэн Д.Жы 100 хувь өмчлөлийн “Тот Ком Сервис” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөө төлөөгүйг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 493.4-т “Гэрээ хүчингүй болсны улмаас уг гэрээгээр олж авсан зүйлээ буцааж өгөх үүрэг бүхий тал нь биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр буцааж өгөх бололцоогүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болсон үндэслэл, түүний үр дагаварт шууд хамааралтайгаас бусад тохиолдолд уг хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүсэхгүй” гэж заасан бөгөөд мөн хуулийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар тусгасан байхад эдгээр зүйл заалтыг хэрэгт хамааралтай талаар тайлбарлаж хэрэглээгүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэжээ. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь  Д.Жы миний нэр шилжсэн  байсан тул хуулийн дагуу бүрмөсөн миний хөрөнгө гэдэг утгаараа зээлийн гэрээний барьцаанд тавьсан. Иймд миний бие нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ёстой байсан төлбөрөө төлөөгүй учраас тухайн үед авсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсний дараа маргаан  эд хөрөнгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн. Гэтэл шүүх хариуцагч миний дээрх тайлбар, түүнийг нотолсон баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас авч үзээгүй, түүнд хэрэглэгдэх Иргэний хуулийн 56.6, 493.5-г хэрэглэж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Энэ нь “К” ХХК энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаатай шууд холбоотой юм. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн эдгээр шүүхийн шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зарчим заалтыг зөрчсөн байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, өмгөөлүүлэх эрхээр минь хангаж анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гуравдагч этгээдийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг хуулийн дагуу дүгнээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр, магадлалд “Гэтэл зохигчдын хооронд байгуулагдсан 2013-01-16-ны өдрийн аялал зуучлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ хариу төлбөртэй буюу 2012-10-18-ны өдрийн орон сууцны байраар бартерын солилцоо хийх гэрээний үүргийн гүйцэтгэл болох талаар, мөн 2012-10-18-ны өдрийн орон сууцны байраар бартерын солилцоо хийх гэрээг талууд цуцалж, 2013-06-20-ны өдөр 18/2013 тоот “Бараа тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан талаар талууд маргаангүй байна.” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх “А” ХХК болон Д.Ж нарын хооронд үүссэн ашиг сонирхол, хүсэл зоригийн илэрхийллийг анхаарахгүйгээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж дүгнэсэн байна. Зохигч  нарын хооронд байгуулагдсан 2012-10-18-ны өдрийн орон сууцны байраар бартерын солилцоо хийх гэрээний үүргийн гүйцэтгэл болох талаар, мөн 2012-10-18-ны өдрийн орон сууцны байраар бартерын солилцоо хийх гэрээг талууд цуцалж, 2013-06-20-ны өдөр 18/2013 тоот “Бараа тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”-үүд нь цаг хугацааны хувьд болон нотлох баримтаар үнэлэгдэх үндэслэлийн талаар маргаантай. Энэ талаар гуравдагч этгээд маргаж байхад шүүх маргаагүй байна гэж дүгнэсэн. Энэ нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд зааснаар дээрх гэрээнүүд болох нотлох баримтыг үнэлэхдээ үндэслэл бүхий эргэлзээгүй талаас нь дүгнэж, шийдвэрлээгүй гэж үзэж байгаа болно. Учир нь хэргийн зохигчид банкны барьцааг чөлөөлүүлэх далд санаа зорилготой. Шүүхийн шийдвэр, магадлалд “Д.Ж нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам /17090/, 26/11 тоот хаягт байрлах аялал жуучлалын зориулалттай 146.94 м.кв талбай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 2014-02-18-ны өдрийн 424/1 барьцааны гэрээгээр Канд барьцаанд тавьсан ба уг эд хөрөнгийг “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь барьцаанаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно” гэж дүгнэсэн байна. Барьцаанаас чөлөөлөх үндэслэлгүй гэж шүүх дүгнэж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт мөн дурдах нь зүйтэй.  Барьцаа хөрөнгийг “А” ХХК-д шилжүүлэх тохиолдолд үүсэн гарах үр дагаврыг Иргэний хуульд зааснаар шийдвэрлэхгүй орхисон нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, нотлох баримтад үндэслэн эргэлзээгүй байх шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг өөрчилж, хяналтын гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        “А” ХХК 2016-12-16-ны өдөр Д.Жд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн ам 26/11 тоот орон сууцыг бэлэглэсэн 2013-01-16-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, эд хөрөнгийг буцааж шилжүүлэхийг шаардсан бөгөөд үндэслэлээ “...бэлэглэл нь хариу төлбөртэй байсан...” гэж тайлбарлажээ. /хх 1-3/

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, уг хугацааны зээлийн хүү, алданги төлсөн тохиолдолд эд хөрөнгийг буцааж өгнө...” гэж маргасан байна. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх  хэвээр үлдээж үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.

        Зохигч 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 01/2012 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “А” ХХК-ийн Хан-уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн ам /17090/, 26/11 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийх замаар Д.Жы өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

       Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээ хариу төлбөртэй талаар, мөн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг талууд цуцалж, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 18/2013 дугаартай гэрээ байгуулсан талаар маргаангүй байна.

        2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бэлэглэлийн гэрээ үүргийн гүйцэтгэлийн хангах зорилготой хийгдсэн нь тогтоогдсон, шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т нийцжээ.

        Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Д.Жы өмчлөлд шилжсэн Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхтийн ам 26/11 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг  нэхэмжлэгч шаардах эрхтэй, энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч  болон гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/03357 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 466 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 448.560 төгрөг, гуравдагч этгээдээс  2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 292.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ