Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 595

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1960 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Булган сумын 2-р баг, Зуун мод, Хөтөл 1-4 тоотод оршин суух Боржигон овогтой Натаашийн Эрдэнэбат /РД:АБ60120510/-ын  хүсэлттэй,

          Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1976 оны 09 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолооч, 1983 оны 06 сарын 17-ны өдрөөс 1984 он хүртэл тракторын жолооч, 1984 оноос 1986 он хүртэл тракторын жолооч, болон түүхий эдийн туслахаар, 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолооч, Бугат эд хэрэглэгчдийн хоршоонд 1991 оны 04 сарын 08-ны өдрөөс 1993 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэл тракторын жолооч, Бугат эд хэрэглэгчдийн хоршоонд 1993 оны 01 сарын 03-ны өдрөөс 1994 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд агентаар тус тус ажиллаж байсан тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Эрдэнэбат нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Натаашийн Эрдэнэбат миний бие Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1976 оны 6-р сарын 23-нд тракторын жолоочоор орж ажилласан бөгөөд 1980 оны зун цэргийн албанд татагдсан. Цэргийн албыг 3 жил хаагаад нутагтаа ирж тус Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 6-р сараас мөн тракторын жолоочоор үргэлжлүүлэн тасралтгүй ажиллаж байгаад 1993 оны 1-р сарын 3-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж 1-р багтаа агентаар ажилласан. Иймд намайг Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1976 оны 6-р сарын 23-ны өдрөөс 1980 оны 6-р сарын 25-ны өдрийг хүртэл, 1983 оны 6-р сарын 15-ны өдрөөс 1993 оны 1-р сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд тракторын жолоочоор, 1993 оны 1-р сарын 3-ны өдрөөс 1994 оны 1-р сарын 25-ны өдөр хүртэл Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1-р багт агентаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Н.Эрдэнэбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1976 онд Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид тракторын жолоочоор ажиллаж эхэлсэн. 1980 онд цэрэгт яваад 1983 онд цэргээс халагдаж ирээд 1983 оны 06 сараас үргэлжлүүлээд Худалдаа бэлтгэлийн ангид орсон. 1993 онд Худалдаа бэлтгэлийн анги татан буугдаад 1-р баг болох Тусгалт ангид агентаар ажиллаж байсан. Би тракторчины мэргэжлийг 3 сарын хугацаатай Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 16 настайдаа эзэмшсэн. Би ЮМЗ-6 гэх тракторын барьж сурсан. Тэр трактораар манай Худалдаа бэлтгэлийн анги бараа, түүхий эд зэрэг бүх л зүйлээ ачиж янзалж, эмхлүүлдэг байсан гэв. Надаас өөр тракторын жолооч байгаагүй. Явуулын худалдааны жолооч гэж байсан гэв.

 

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Н.Эрдэнэбат нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Н.Эрдэнэбатын 1976 оны 10-р сарын 5-ны өдөр нээлгэсэн 185155 дугаартай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт:

  • 1976.06.23 ХБАнгид тракторын жолоочоор авч ажиллуулав. Архангай аймгийн Булган сумын ХБАнгийн даргын 1976.06.23-ны өдрийн 26 тоот тушаалаар,
  • 1993.01.06 Тракторын жолооч ажлаас чөлөөлж 1-р багийн агентаар томилон ажиллуулав. Архангай аймгийн Булган сумын Бугат эд хэрэглэгч хоршооны даргын 1993.01.06-ны өдрийн 03 тоот тушаалаар,
  • 1994.01.25 Агентын ажлаас чөлөөлж сумын Тамгын газрын мэдэлд шилжүүлэв. Архангай аймгийн Булган сумын Бугат эд хэрэглэгч хоршооны даргын 1994.01.25-ны өдрийн 03 тоот тушаалаар гэсэн,

          2. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 9-р сарын 5-ны өдрийн 402 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн материал шилжиж ирээгүй тул Натаашийн Эрдэнэбатад холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн.

          3. Наташийн Эрдэнэбатад 1976 оны 7-р сарын 10-ны өдөр олгосон 10263 тоот тракторч машинчийн үнэмлэх, талон,

          4. Н.Эрдэнэбатын 1978 оны 11-р сарын 2-ны өдөр нээлгэсэн 413507 тоот Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхэд: 1981 оноос 1982 он, 1984 оноос 1990 оныг дуустал хугацааны сарын цалин, татвар, зохих тамга тэмдэг дарагдсан,

          5. Наташийн Эрдэнэбатын 408042 тоот цэргийн батлахын ll Цэргийн албанд татагдсан тухай 1980 оны 6-р сарын 21-ний өдөр цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав. lll. Батлан хамгаалах Яамны сайдын 1983 оны 06 сарын 16-ны өдрийн 516 тоот тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж, Архангай аймагт явуулав гэсэн.

          6. Архангай аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 10-р сарын 5-ны өдрийн 01/1516 тоот албан бичигт: “Бугат” хоршоо 1991 оны 04 дүгээр сарын 08-нд татвар төлөгчөөр бүртгүүлсэн болно гэсэн.

          7. 2 хувь гэрэл зураг, Н.Эрдэнэбатын ажиллаж байсан байдлын талаар

          Гэрч Ж.Батсайханы өгсөн: Би 1976 оны 09 сард цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Булган сумын “Пионерын зам” нэгдэлд тракторын жолоочоор орж ажилласан. Тус нэгдэлд би 1976 оноос 1992 оныг хүртэл хугацаанд ажиллаж байсан. Тракторын жолооч байсан болохоор хнд нөхцөлөөр гээд 55 настай /2010 онд/ тэтгэвэрт гарсан. Намайг Цэргээс халагдаж ирээд /1976 онд/ ажилд ороход Н.Эрдэнэбат ажилд ороод нэг сар болж байсан. Наташагийн Эрдэнэбат нь Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1976 оноос 1980 kон хүртэл тракторын жолоочоор ажиллаж байгаад 1980 онд цэргээс халагдаж, 1983 онд цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангидаа ЮМЗ-6 гэдэг трактор барьж 1992 оныг хүртэл хугацаанд ажилласан. Бид хоёр нэг суманд хамт ажиллаж байсан болохоор Н.Эрдэнэбатыг 1976 оноос 1980 он хүртэл, 1983 оноос 1992 он хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна гэсэн,

          Гэрч Ч.Гантөгсийн өгсөн: Би Архангай аймгийн Булган сумын Пионерын зам нэгдэлд трактрын жолоочоор 1977 оноос 1992 оныг хүртэл хугацаанд ажиллаж байсан. Н.Эрдэнэбат нь Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид ТМЗ-6 гэсэн шар өнгийн трактор барьдаг байсан. Н.Эрдэнэбат нь Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1976 оноос 1980 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байгаад 1980 онд цэрэгт татагдаж, 1983 нд цэргээс халагдаж ирээд хуучин ажиллаж байсан газраа трактрын жолоочоор 1992 оныг хүртэл ажилласан. Бид 2 нэг суманд хамт ажиллаж байсан болохоор Н.Эрдэнэбатын ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна гэсэн,

          Гэрч Ч.Булганчимэгийн өгсөн: Би Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оноос 1991 оныг хүртэл хугацаанд худалдагчаар тасралтгүй ажиллаж байсан. Н.Эрдэнэбат нь намайг анх Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд ороход тракторын жолоочоор ажиллаж байсан. ЮМЗ гэдэг нэртэй цагаан толгойтой, чиргүүлтэй трактор барьдаг байсан, өөр трактор сольж байгаагүй. Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар намайг 1988 онд анх ажилд ороход н.Доржпүрэв гэдэг хүн ажиллаж байсан.  Булган сумын Худалдаа бэлтгэлийн анги нь хүнсний, барааны, түүхий эдийн гэсэн 3 няравтай, хүнсний, барааны, соёлын гэсэн 3 худалдагчтай, түүхий эдийн эрхлэгч 1, түүхий эдийн туслах ажилтан 1, манаач галч нийлсэн 3 ажилтан, 1 дарга, нягтлан бодогч, эдийн засагч 1, тракторын жолооч 1, явуулын худалдааны жолооч 1, цэвэрлэгч 1, баг, бригад тутамд малчдад үйлчилдэг агент 4 гэсэн орон тоотойгоор ажиллаж байсан. Заримыг нь би мартчихсан байна. Н.Эрдэнэбат нь аймгийн төвөөс бараа татна, түүхий эдээ цуглуулна, худалдаа хийнэ, аймгийн төвөөс авчирсан бараагаа агентуудад тарааж өгдөг байсан. Н.Эрдэнэбат нь нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1991 оныг хүртэл Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид тасралтгүй тракторын жолоочоор ажилласан. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байсан. Булган сумын Худалдаа бэлтгэлийн анги нь 1991 оноос “Бугат эд хэрэглэгчдийн хоршоо” нэртэй болсон. Н.Эрдэнбат нь “Бугат эд хэрэглэгчдийн хоршоо”-нд мөн тракторын жолоочоор ажиллаж байсан. Нэгдэл тарсны дараа ЮНЗ трактороо хувьчилж авсан. Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн нягтлангаар нь Алгаа, эдийн засагчаар нь Алтантуяа гэдэг хүн ажилладаг байсан. Одоо манай суманд Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан н.Сүхбаатар гэдэг хүн байдаг. н.Сүхбаатар  намайг Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид анх ажилд орох үеэс тухайн Худалдаа бэлтгэлийн анги тарах хүртэл хугацаанд ажиллаж байсан. Булган сумын Худалдаа бэлтгэлийн анги нь нэгдлийн трактороос тусдаа трактортай байсан. Н.Эрдэнэбатын барьдаг байсан ЮМЗ трактор нь тээврийн зориулалттай трактоор байсан. Н.Эрдэнэбат шагнал урамшуулал авч байсан байх. Би энэ талаар тодорхой санахгүй байна. Алдаа зөрчил гаргаж байгаагүй. Н.Эрдэнэбат нь миний мэдэхээр 1988 оноос 1992 оныг хүртэл хугацаанд тасралтгүй тракторын жолоочоор ажиллаж байсан. Би Н.Эрдэнэбаттай хамт нэг газар ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг мэднэ гэсэн,

          Гэрч М.Тунгалагбаярын өгсөн: Би 1975 оноос 1977 оныг хүртэл хугацаанд Архангай аймгийн Булган сумын “Пионерын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1980 оноос 1995 оныг хүртэл хугацаанд Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярваар тасралтгүй ажилласан. Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн анги нь “Бугат эд хэрэглэгчдийн хоршоо” болж 1991, 1992 оны үед өөрчлөгдөж байсан. Би оныг нь тодорхой санахгүй байна. 1995 оноос хойш 2005 ныг хүртэл хугацаанд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2005 оноос одоог хүртэл Булган сумын ЗДТГазарт багийн даргаар ажиллаж байна. Н.Эрдэнэбатынх Булган сумын Мандал хорооллын 1-4 тоотод, манайх Дэнжийн 1-1 тоотод байдаг байсан. 1976 онд Н.Эрдэнэбат нь ЮМЗ гэсэн гэх шар толгойтой Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн улаан тракторыг барьдаг байсан, тракторчноор ажиллаж байх хугацаандаа трактороо сольж байгаагүй, хувьчлалын хувьд хувьцаагаараа трактороо хувьчилж авч байсан санагдаж байна. Намайг Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид анх ажилд орох үед нягтлангаар н.Доржпүрэв гэдэг хүн ажиллаж байгаад дараа нь Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар ажилласан. Н.Эрдэнэбат нь Аймгийн төвийн бөөний баазаас бараа татаж, агентуудад хүргэж өгдөг, мөн ганзагын бараа зардаг байсан. 1980 оноос хувьчлал явагдах хүртэл тракторын жолоочоор тасралтгүй ажилласан. Би 1977 онд Зүүнбаянгийн 131 дүгээр ангид 3 жилийн цэргийн албанд татагдаж байсан. Цэргийн албанд татагдахаас нэг жилийн өмнө нүүдэл хийх гээд Н.Эрдэнэбатаас тракторыг нь гуйж байсан. Тэр үед Н.Эрдэнэбат нь Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид тракторын жолоочоор ажиллаж байсан. Булган сумын Худалдаа бэлтгэлийн анги нь нэгдлээс тусдаа 1 трактортай, нэг тракторын жолоочтой байсан. Намайг анх Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилд орох үед буюу 1980 онд Н.Эрдэнэбат нь тракторын жолоочоор ажиллаж байсан. Н.Эрдэнэбатын барьдаг байсан трактор нь тээврийн зориулалттай трактор байсан. Н.Эрдэнэбат нь шагнал урамшуулал авч байсан эсэх, мөн алдаа зөрчил гаргаж байсан талаар тодорхой санахгүй байна. Н.Эрдэнэбат нь миний мэдэхээр 1976 оноос 1993 оныг хүртэл хугацаанд Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид тасралтгүй тракторын жолоочоор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа өөр ажил болон өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Н.Эрдэнбаттай нэг нутгийнх мөн хамт нэг газар ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг нь мэднэ гэсэн,

          Гэрч С.Сүхбаатарын өгсөн: Би Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1978 оны 10-р сард анх нярваар ажилд орж 1982 оны 8-р сараас Булган сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд өрхийн төсвийн статистикчаар 1983 оны 11-р сарыг хүртэл ажилласан. Тэгээд 1983 оны 11 сараас Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид бэлтгэлийн эрхлэгчээр 1991 оныг хүртэл тасралтгүй ажилласан. 1991 онд Булган сумын худалдаа бэлтгэлийн анги нь “Бугат эд хэрэглээний хоршоо” болж өөрчлөгдсөн. Би “Бугат эд хэрэглээний хоршоо”-нд 1999 оныг хүртэл бэлтгэлийн эрхлэгчээр тасралтгүй ажилласан. Н.Эрдэнэбат нь намайг 1976 оны 10-р сард анх ажилд орох үед тракторын жолоочоор ажиллаж байсан. Н.Эрдэнэбат нь 1984 онд аймгийн төвөөс бараа зөөж байхдаа техникийн саадлаас болж архи дутаасан учир тракторын жолоочийн ажлаас нь чөлөөлж, 1984 оноос 1986 оныг хүртэл хугацаанд Булган сумын худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн эрхлэгчийн туслахаар ажиллуулж байсан. Тэгээд 1986 оноос 1991 оныг хүртэл хугацаанд Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид тасралтгүй тракторын жолоочоор ажилласан. ЮМЗ гэдэг нэртэй шар толгойтой, чиргүүлтэй трактор барьдаг байсан, өөр трактор сольж байгаагүй. Булган сумын Худалдаа бэлтгэлийн анх нь нэгдлээс тусдаа ЮМЗ гэсэн нэг л трактортай, нэг л тракторын жолоочтой байсан. Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар нь н.Банзрагч, н.Дагва, н.Лэхшидрэнцэн, н.Гэндэн, н.Доржпүрэв зэрэг хүмүүс ажиллаж байсан. Булган сумын Худалдаа бэлтгэлийн анги нь дарга, нягтлан, түүхий эдийн эрхлэгч, туслах нягтлан, эдийн засагч, аж ахуйн, хүнсний, барааны гэсэн 3 няравтай, хүнсний, барааны, соёлын гэсэн 3 худалдагчтай, цэвэрлэгч, 3 манаач, түүхий эдийн туслах 3, тракторын жолооч, явуулын худалдааны жолооч, баг, бригад тутамд малчдад үйлчилдэг агент 4 гэсэн орон тоотойгоор ажиллаж байсан. Н.Эрдэнэбат нь аймгийн төвөөс бараа татна, түүхий эдээ цуглуулна, худалдаа хийнэ, аймгийн төвөөс авчирсан бараагаа агентуудад тарааж өгдөг, тээврийн зориулалттай трактор байсан. Худалдаа бэлтгэлийн анги тарсны дараа ЮМЗ трактороо хувьчилж авсан. Н.Эрдэнэбат шагнал урамшуулал авч байсан байх. Би энэ талаар тодорхой санахгүй байна. Н.Эрдэнэбат нь Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид миний мэдэхээр 1976 оноос 1984 оныг хүртэл, 1986 оноос 1992 оныг хүртэл хугацаанд тасралтгүй тракторын жолоочоор, 1984 оноос 1986 оныг хүртэл түүхий эдийн туслахаар тус тус ажиллаж байсан. Би Н.Эрдэнэбаттай хамт нэг газар ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг мэднэ гэсэн зэрэг болно.

 

            Хүсэлт гаргагч Н.Эрдэнэбат нь  Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1976 оны 09 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолооч, 1983 оны 06 сарын 17-ны өдрөөс 1984 он хүртэл тракторын жолооч, 1984 оноос 1986 он хүртэл тракторын жолооч, болон түүхий эдийн туслахаар, 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолооч, Бугат эд хэрэглэгчдийн хоршоонд 1991 оны 04 сарын 08-ны өдрөөс 1993 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэл тракторын жолооч, Бугат эд хэрэглэгчдийн хоршоонд 1993 оны 01 сарын 03-ны өдрөөс 1994 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд агентаар тус тус ажиллаж байсан болох нь Н.Эрдэнэбатын 1976 оны 10-р сарын 5-ны өдөр нээлгэсэн 185155 дугаартай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 9-р сарын 5-ны өдрийн 402 тоот тодорхойлолт, Наташийн Эрдэнэбатад 1976 оны 7-р сарын 10-ны өдөр олгосон 10263 тоот тракторч машинчийн үнэмлэх, талон, Н.Эрдэнэбатын 1978 оны 11-р сарын 2-ны өдөр нээлгэсэн 413507 тоот Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэх, Наташийн Эрдэнэбатын 408042 тоот цэргийн батлах, Архангай аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 10-р сарын 5-ны өдрийн 01/1516 тоот албан бичиг, гэрч Ж.Батсайхан, Ч.Гантөгс, Ч.Булганчимэг, М.Тунгалагбаяр, С.Сүхбаатар нарийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Хэрэгт нотлох баримтаар авагдсан Н.Эрдэнэбатын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбарыг Н.Эрдэнэбатыг тракторчиноор ажиллаж байсан байдлыг нотолж байгаа баримт гэж шүүх үнэлж байгаа боловч уг дэвтэрт бичигдсэн ажиллаж эхэлсэн огноог засвартай гэж үзэж Н.Эрдэнэбатын тракторын жолоочоор ажиллаж эхэлсэн огноог тооцохдоо хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн огноогоор бус МХЗЭ-ийн бат илэрхийлэхэд бичигдсэн улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн огноо, гэрч С.Сүхбаатарын мэдүүлгийг үндэслэн тогтоосон болно.

           

            Н.Эрдэнэбат цэргээс халагдаж ирснээс хойш буюу 1983 оноос хойш тракторын жолоочоор ажиллаж байсан гэж тогтоолгохоор хүсэлт гаргаж байгаа боловч Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1976 оноос хойш ажилласан гэрч С.Сүхбаатарын “ Н.Эрдэнэбат 1984-1986 онд түүхий эдийн туслахаар ажилласан” гэсэн мэдүүлэг, Н.Эрдэнэбатын шүүх хуралдаанд гаргасан “түүхийн эдийн туслахаар ажиллаж трактороо барьдаг байсан” гэсэн мэдүүлэг зэргээр 1984-1986 онд тракторын жолооч, түүхий эдийн туслахаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн болно.

            Мөн Н.Эрдэнэбат нь 1994 он хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргаж байгаа боловч түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн агентаар томилж, агентаас чөлөөлөгдсөн бичилтийг Архангай аймгийн Булган сумын Бугат эд хэрэглэгчдийн хоршоо бичилт хийж тамга дарсан, Архангай аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 01/1516 дугаартай албан бичигт Бугат хоршоо 1991 оны 04 сарын 08-нд татвар төлөгчөөр бүртгүүлсэн гэж тодорхойлсон байх тул Булган сумын Худалдаа бэлтгэлийн анги 1991 оны 04 сарын 08-ны өдрөөс Бугат эд хэрэглэгчдийн хоршоо нэрээр үйл ажиллагаа явуулах болсон, Н.Эрдэнэбат Худалдаа бэлтгэлийн ангид бус Бугат эд хэрэглэгчдийн хоршоонд 1991 оны 04 сарын 08-ны өдрөөс 1994 оны 01 сарын 25 хүртэл хугацаанд агентаар ажилласан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн болно.

 

Иймд Н.Эрдэнэбатын ажиллаж байсан байдлыг Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид

- 1976 оны 09 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор

-1983 оны 06 сарын 17-ны өдрөөс 1984 он хүртэл тракторын жолоочоор

-1984 оноос 1986 он хүртэл тракторын жолооч болон түүхий эдийн туслахаар

-1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор

 

Бугат эд хэрэглэгчдийн хоршоонд:

-1991 оны 04 сарын 08-ны өдрөөс 1993 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор

-1993 оны 01 сарын 03-ны өдрөөс 1994 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд агентаар тус тус  ажиллаж байсан гэж тогтоож шийдвэрлэлээ.

 

          Хүсэлт гаргагч Н.Эрдэнэбатын хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

         

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогтой Натаашийн Эрдэнэбат /РД:АБ601205101/-ыг Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1976 оны 09 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолооч, 1983 оны 06 сарын 17-ны өдрөөс 1984 он хүртэл тракторын жолооч, 1984 оноос 1986 он хүртэл тракторын жолооч, болон түүхий эдийн туслахаар, 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолооч, Бугат эд хэрэглэгчдийн хоршоонд 1991 оны 04 сарын 08-ны өдрөөс 1993 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэл тракторын жолооч, 1993 оны 01 сарын 03-ны өдрөөс 1994 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд агентаар  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Н.Эрдэнэбатын хүсэлтээс Худалдаа бэлтгэлийн ангид 1991 оны 04 сарын 08-наас 1994 оны 01 сарын 25 хүртэл хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Эрдэнэбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ч.ЖАРГАЛАН