Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 43

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 7-р багт байрлах Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, Баруун-Урт тансаг ХХК-д холбогдох “хугацаандаа төлөөгүй татварын өр 21.849.315,1 / хорин нэгэн сая найман зуун дөчин есөн мянга гурван зуун арван таван төгрөг нэг мөнгө / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 3672344 тоот регистрийн дугаартай “Баруун-Урт тансаг” ХХК нь 2005.08.15-ны өдөр татвар төлөгчөөр бүртгүүлэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт ресторан, хүнсний явуулын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016.11.11-ний байдлаар цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 7.497.319,2 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татварт 2.040.240 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татвар 12.278.703,1 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 33.052,5 төгрөг, татварын хяналт шалгалтын актаар тогтоосон аж ахуй нэгжийн орлогын албан татварын нөхөн төлбөр 0.3 төгрөг, нийт 21.849.315,1 төгрөгийн урьд оны өртэй байна. Иймд Баруун-Урт тансаг ХХК-ны хугацаандаа төлөөгүй татварын өр 21.849.315,1 / хорин нэгэн сая найман зуун дөчин есөн мянга гурван зуун арван таван төгрөг нэг мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баруун-Урт тансаг ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Татварын хэлтсийн нэхэмжилсэн цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 7.497.319,2 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татварт 2.040.240 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татвар 12.278.703,1 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 33.052,5 төгрөг, татварын хяналт шалгалтын актаар тогтоосон аж ахуй нэгжийн орлогын албан татварын нөхөн төлбөр 0.3 төгрөг, нийт 21.849.315,1 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэмэгдсэн өртөгийн албан татвар 11.864.543 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татвар 33.053 төгрөг, ХАОАТ 2.452.404 төгрөг, нийт 14.350.000 төгрөгийг төлсөн болно. Үлдэгдэл 7.499.315,1 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Баруун-Урт тансаг ХХК-д холбогдох “хугацаандаа төлөөгүй татварын өр 21.849.315,1 / хорин нэгэн сая найман зуун дөчин есөн мянга гурван зуун арван таван төгрөг нэг мөнгө / төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баруун-Урт тансаг ХХК нь  14.350.000 төгрөгийг төлсөн болох нь мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байх ба үлдэгдэл 7.499.315,1 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Баруун-Урт тансаг ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 267.197 төгрөгийн 50 хувь болох 133.599 төгрөгийг хариуцагч Баруун-Урт тансаг ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн “хугацаандаа төлөөгүй татварын өр 21.849.315,1 / хорин нэгэн сая найман зуун дөчин есөн мянга гурван зуун арван таван төгрөг нэг мөнгө / төгрөгөөс 14.350.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 7.499.315,1 төгрөгийг хариуцагч Баруун-Урт тансаг ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Баруун-Урт тансаг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 133.599 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэхүү захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


ШҮҮГЧ                            Ш.ОЮУНГЭРЭЛ